Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2021/01915

 

 

 

 

 

 

 

 2021           06           21

                           101/ШШ2021/01915

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                  

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: М.А нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Н.Б холбогдох,

 

            Түрээсийн төлбөр 10,180,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч М.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.А би Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сонголон хайрханы ******* байрны 1 дүгээр давхарыг /Когеа мебель дэлгүүртэй/ би эзэмшдэг ба Капитал банк түрээслэж байгаад гараад 120 мкв талбайтай үйлчилгээний байрыг 2018 оны 10 дугаар сард зар өгч 11 дүгээр сард Дархан сумын иргэн Н.Ббайрыг түрээслэхээр тохирсон. Түрээсийн гэрээ хийх үед Н.Бнь Дархан-Уул аймагт амьдарч байсан. Ингээд Н.Б11 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 45 хоногт тус байранд өөрсдийн үйлчилгээндээ тохирсон засвар хийх энэ хугацаанд түрээсийн төлбөр авахгүйгээр тохирсон. Мөн Н.Бийн хүсэлтээр үйлчлүүлэгчээ олох хүртэл хугацаанд буюу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бас түрээс авахгүйгээр тохирсон. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 15-наас эхлэн үйлчилгээний байрыг 3 жилийн хугацаатай сард 2,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохирч гэрээг хүргүүлэхэд зөвшөөрч байна гэж 2018 оны 12 дугаар сарын 15-наас эхлэн “Нархан” салоны үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Харин түрээсийн гэрээнд гарын үсэг зураагүй боловч манай байранд үйл ажиллагаагаа явуулж, түрээсийн төлбөрөө өгч байсан тул гэрээг амаар байгуулсан хүчин төгөлдөр гэж үзэж байна. Гэрээнд цахилгаан, холбоо, цэвэр бохир усны зардал, түрээсийн байранд хийх урсгал засварын ажлын зардлыг түрээслэгч хариуцах, талбайн хөлс, дулааны зардлыг түрээслүүлэгч хариуцахаар гэрээ байгуулсан. Н.Бнь 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш тооцоо хийхээр тохирч 2019 оны 11 дүгээр сарын 20-ныг хүртэл Нархан үсчин гоо сайхны үйлчилгээ явуулж байгаад гарсан. Манай байранд 10 сар 20 хоног ажилласан байна. 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрийг тооцоход 10 сарын төлбөр 20,000,000 төгрөг, 20 хоногийн төлбөр 1,300,000 төгрөг, нийт 21,300,000 төгрөгийн түрээсийн төлбөр, 11 сарын цахилгааны төлбөр 440,000 /40,000 х 11 сар/ төгрөг, бүгд 21,740,000 төгрөг төпөх ёстойгоос 11,559,999 төгрөг төлж, 10,180,001 төгрөг дутуу байна. Түрээсийн төлбөрт үйлчигээгээ эхлэхээс өмнө миний Хаан банкны дансанд 2018 оны 11 дүгээр сарын 19-нд 3,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сард 2,000,000 төгрөг, манай эхнэрийн Хаан банкны дансанд 2019 оны 5 дугаар сарын 08-нд 850,000 төгрөг, миний Хас банкны дансанд 2019 оны 5 дугаар сарын 31-нд 999,999 төгрөг, миний Хаан банкны дансанд 2019 оны 9 дүгээр сарын 23-нд 2,360,000 төгрөг, 9 дүгээр сарын 29-нд 1,000,000 төгрөг, 10 дугаар сарын 12-нд 250,000 төгрөг, 11 дүгээр сарын 27-нд 1,100,000 төгрөг, нийт 11,559,999 төгрөг төлөөд байна. Түрээсийн төлбөрийг сар бүр нэхэж мессеж бичих, уулзаж нэхэмжилж байсан ч төлнө л гэдэг байсан. 2019 оны 8, 9 дүгээр сард төлбөрөө дуусгана гэж надад 6 дугаар сард хэлсэн боловч төлбөр дутуу байсаар байсан. 2019 оны 9 дүгээр сард төлбөр төлөгдөөгүй тул гэрээгээ болих байрнаас гарах шаардлага тавихад 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хүлээчих төлбөрийг дуусгана гэж хүлээлгэсэн. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 20-нд байрнаас гарч байраа хүлээн авсан. Н.Бнь өөрөө бизнесээ явуулж байгаа мөртлөө түрээсийн төлбөрөө төлөхгүй намайг олон сараар хохироосоор байна. Миний бие энэ хугацаанд гэрээнд хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж сарын дулаан, ус, цахилгааны төлбөрийг өөрөө төлж Н.Бийн бизнест хүндрэл учруулахгүй гэрээний үүргээ биелүүлж ирсэн.

... Н.Бнь үйлчилгээний байр түрээслэхээр анх миний хүү А.*******тай уулзаж, тохироо хийсэн ба “Байрны нэг сарын түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг, мөн нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх баталгаа 2,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сард багтааж төлөх, 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 45 хоногийн хугацаанд өөрийн зардлаар тухайн байрыг үйлчилгээндээ тохируулж засаж тохижуулах, тухайн хугацаанд түрээсийн төлбөр төлөхгүй байх, түрээсийн хугацааг 2018 оны 12 дугаар сарын 15-наас тооцохоор гэрээ байгуулах”-аар тохирсон. Байрны засвар хийсэн зардлын мөнгийг өөрсдөө гаргана гэж анх тохирсон учраас Н.Бнь тухайн үед манай талд засварын зардлын талаар ямар ч асуудал тавиагүй юм. Засварын зардлыг төлөх тухай анх удаа тайлбараас мэдэж гайхаж байна. Энэ зардлыг бид төлөх ямар ч үндэслэл байхгүй. ... Ажлын байр түрээслэх гэрээний 2.4-т “...түрээсийн байранд хийх урсгал засварын ажлын зардлыг түрээслэгч тал хариуцна”, мөн гэрээний 4.3-т “Түрээслэгч нь барилгын хийцэд нөлөөлөхгүйгээр түрээсийн байранд өөрийн үйл ажиллагаанд тохирсон өөрчлөлт, зохион байгуулалт, тохижолтыг хийх эрхтэй ...” гэж заасны дагуу бид байрны засварын зардлыг хариуцах ёсгүй. Н.Бийн байрны засварын зардал болох 7,666,746 төгрөгийг нэхэмжилсэн төлбөрөөс хасч тооцох үндэслэлгүй юм. Ажлын байр түрээслэх гэрээний 5.3-т “Талууд энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нөгөөдөө учирсан хохирол гэм хорыг бүрэн нөхөн төлөх, арилгах үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу Н.Бнь түрээсийн төлбөрийн дутуу 10,180,000 төгрөгийг манай нэхэмжлэлийн дагуу төлөх үүрэгтэй гэж үзэж байна.

Иймд Н.Бээс түрээсийн төлбөрийн дутуу 10,180,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сонголон хайрханы ******* байрны 1 дүгээр давхарын 120 мкв талбайг 2018 оны 11 дүгээр сарын 15,16-ны үед зарын дагуу 99080001 дугаараас лавлан А.******* гэдэг хүнтэй анх уулзаж түрээслэхээр ярилцаж эхэлсэн. А.******* нь М.Аийн хүү болно. Уг түрээсийн байр нь миний явуулах үсчин гоо сайхны үйлчилгээ явуулахад тохиромжгүй байсан тул засвар хийх шаардлагатайг түрээслүүлэгчид хэлж 2018 оны 11 дүгээр сарын 18-наас засвараа эхлүүлсэн. Миний бие үйл ажиллагаа явуулахын тулд Хаан банкнаас 12,400,000 төгрөгийн цалингийн зээл, 5,000,000 төгрөгийн автомашин барьцаалсан зээл 2 удаа авч түрээсийн төлбөрт нийт 11,600,000 төгрөг, мөн тус 120 мкв объектод мэргэжлийн хүмүүсээр засвар хийлгэж, уналттай тааз хийлгэх материалд 1,721,700 төгрөг, хана таазны будаг замаск, эмульсний материалд 758,300 төгрөг, ажлын хөлсөнд 2,100,000 төгрөг, таазны гэрлийг БНХАУ-ын Эрээн хотоос 974,246 төгрөгөөр захиалан авч хийлгэн, хананы разекта унтраалга, уналттай таазны гэрлийн цахилгааны материалд 2,112,500 төгрөг, нийт засварын зардалд 7,666,746 төгрөг зарцуулсан. Иймд засварын зардал болох 7,666,746 төгрөгийг нэхэмжлэгчийн төлбөрөөс хасч тооцуулах саналтай байна. Учир нь 2018 оны 12 дугаар сарын 17-оос хэсэгчилэн үйл ажиллагааг эхлүүлсэнээс хойш хэрэглэгч үйлчлүүлэгч ажилтан татахын тулд олон арга хэмжээ авч сайсан боловч ашиг олоогүй бөгөөд ба салоны ажилчдын түрээсийн орлого /2019 оны 3 дугаар сараас/ болон олсон орлогыг түрээслүүлэгчид шилжүүлж байсан ба түрээслүүлэгчийн хүү А.******* нь салоны цахилгааныг хязгаарлаж /түрээслүүлэгчийн эзэмшлийн когеа мебел тавилгын дэлгүүрт цахилгааны шит байдаг/, ажиллах нөхцөлд саад учруулж ажилтнуудад сэтгэл зүйн дарамт үзүүлж байснаас 2019 оны 11 дүгээр сараас ажилтнууд маань өөр салон руу шилжиж салоноо татан буулгахад хүрсэн. Одоогоор миний бие нялх хүүхэдтэй гэрт сууж байгаа бөгөөд цалингийн зээл 16,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул нэхэмжлэгчийн үлдэгдэл 2,513,254 /засварын зардал хассан дүн/ төгрөгийг барагдуулж дуусгах саналтай байна.

Н.Бминий бие М.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* байрны 1 дүгээр давхарын үйлчилгээний зориулалтай 120мкв үл хөдпөх эд хөрөнгийг түрээслэнэ гэх зарын дагуу 99080001 тоот утсаар холбогдож А.******* гэх хүнтэй уулзсан. Ингээд миний бие А.*******тай уулзаж түрээслэнэ гэсэн 120 мкв эд хөрөнгийг очиж үзхэд урд өмнө нь өчнөөн жил банкны байгууллага, мебелийн дэлгүүр гэх мэт олон чиглэлээр түрээслүүлж байсан засвар хийхээс өөр аргагүй маш бохир заваан газар байсан. Ингээд А.*******тай харилцан тохиролцоод миний бие Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* байрны 1 дүгээр давхарын үйлчилгээний зориулалтай 120мкв үл хөдлөх эд хөрөнгийг үсчин гоо сайхны чиглэлээр түрээслэж ашиг олох зорилгоор түрээслэхээр болж засвар хийсэн нийт зардалаа гэрээ байгуулах үедээ түрээсийн төлбөрөөс хасаж тооцуулахаар тохирсон болно. Миний бие тухайн объектод засвар хийх зорилгоор банкнаас зээл авч 2018 оны 11 дүгээр сарын 18-наас засварын ажлыг хийж нийт 7,666,746 төгрөгийн зардал гаргаж засвар хийсэн. Засвараа хийж дууссаны дараа гэрээгээ байгуулах гэтэл А.******* гэх хүний эцэг М.А гэх хүн энэ үйлчилгээний газар миний нэр дээр байдаг чамд түрээслэхгүй өөр хүмүүс оруулна гэсэн. Ингээд миний бие А.******* болон түүний төрсөн эцэг М.А нараас түрээсийн гэрээгээ байгуулмаар байна гэхэд түрээсийн төлбөрөөсөө засварын зардалаа суутгуулахгүй гэвэл гэрээгээ байгуул гэсэн шаардпагыг тавьсан. Барьцаа мөнгө болон түрээсийн төлбөрөө урьдчилж өг гэсний дагуу нийт 11,559,999 төгрөгийг М.Аэд өгсөн. Гэвч М.А нь засварын мөнгийг хасаж тооцохгүй гэсний улмаас тус түрээсийн гэрээн дээр хоёр тал харилцан тохироцож чадалгүй өнөөдрийг хүртэл түрээсийн гэрээ байгуулагдаагүй байна. Засвар хийсний дараа үсчин суулгуулж ажиллуулах гэж оролдсон боловч А.******* болон М.А нар нь тог цахилгааныг тасалдуулж ажиллах боломжгүй болгосон. Иймд миний бие бичгээр байгуулаагүй, хэрэгжээгүй хүчин төгөлдөр бус гэрээний үүргийн гүйцэтгэлийг надаас шаардах эрхгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Н.Бт холбогдуулан түрээсийн төлбөрт 10,180,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч нь өөрийн үйл ажиллагаа явуулах үсчин гоо сайханы чиглэлээр түрээсэлж буй байранд засвар үйлчилгээ хийхээр нэхэмжлэгчтэй тохирсон, түрээсийн төлбөрөөс засварын зардал 7,666,746 төгрөгийг хасч тооцуулах, мөн нэхэмжлэгч М.Атэй анх тохиролцоогүй, түүний хүү А.*******тай тохирсон тул тэрээр нэхэмжлэгч биш буюу шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, ******* байрны 1 давхарт байрлах, 406,8 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А.*******, М.А нар 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр бүртгэгдсэн болох нь ******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа А.*******ыг гэрчээр оролцуулж, түүнд Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлд заасан үүргийг сануулсаны үндсэн дээр 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гэрчийн мэдүүлэг авсан.

 

            Гэрч А.******* шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “... иргэн Н.Б2018 оны 10 дугаар сарын дундаар анх ирж объектыг үзсэн, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс тус объектод засвар үйлчилгээг 1 сарын хугацаатай хийхээр /засварт тааз янзалж уналттай болгосон, зарим нэг ханыг эмульсдэж, залгуур шинээр гаргасан/, засвар хийсэн 1 сарын хугацаанд Н.Бт дэмжлэг үзүүлэх зорилгоор түрээсийн төлбөр авахгүйгээр чөлөөлөхөөр амаар тохирсон боловч засвараа 1 сарын хугацаанд дуусгаж чадаагүй тул Н.Бнь 15 хоног буюу 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааг сунгахыг гуйсан ба энэ хугацаанд төлбөрөөс чөлөөлсөн, түүний дараа 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаа жигдэртэл түрээс авахгүй байхыг мөн дахин гуйсан, бидний зүгээс Н.Бт 2 сарын хугацаанд 1 ч төгрөгийн түрээсийн төлбөр авалгүй, үйл ажиллагааг дэмжсэн, ... Н.Бтэй амаар болон бичгээр засварын зардлыг түрээсийн төлбөрөөс хасч тооцно гэж тохироогүй, учир нь бид 2 сарын хугацаанд түрээсийн гэрээний төлбөрөөр тооцвол 4,000,000 төгрөгийн алдагдалтай байхад ингэж тохиролцох үндэслэл байхгүй. М.А, А.******* нар нь тус объектыг хамтаар өмчилдөг, түрээсийн орлогыг М.А авдаг учраас М.Атэй гэрээ хийнэ гэж хэлсэн, түрээсийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын дундуур бичгээр үйлдэж Н.Бт өөрт нь хүлээлгэн өгсөн, тэрээр гэрээнд гарын үсэг зураагүй, гэхдээ гэрээг зөвшөөрч байна гэж хэлсэн, учир нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр амаар тохиролцсоны үндсэн дээр Н.Бнь 3,000,000 төгрөгийг, мөн 2019 оны 02 дугаар сард 2,000,000 төгрөгийг тус тус өгсөн, ... Н.Бминий эзэмшлийн данс руу 1 ч төгрөгийг шилжүүлж байгаагүй болно ...” гэж мэдүүлжээ.

 

            Дээрх гэрчийн мэдүүлэг болон зохигчдын тайлбараас үзэхэд түрээсийн гэрээг талууд бичгээр үйлдээгүй боловч М.Аийн хүү А.*******тай Н.Бнь анх 120 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхээр, ийнхүү түрээслэхдээ 1 сарын түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг, объектод өөрийн явуулах үйл ажиллагаанд тохирсон засварыг Н.Бнь хийхээр, ийнхүү засвар хийхийг түрээслүүлэгч тал хүлээн зөвшөөрч, түрээсийн төлбөрийн хувьд эхний саруудад хөнгөлөлт үзүүлсэн, цахилгааны төлбөрийг Н.Бхариуцахаар, түрээсийн төлбөрийг М.Аийн дансанд Н.Бнь шилжүүлж байсан ба бичгээр хийх гэрээг аав М.Атэй хийнэ гэдгийг хэлж, гэрээг хүргүүлсэн боловч гэрээнд Н.Бгарын үсэг зураагүй, амаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна.        

 

            Хариуцагч Н.Бнь нэхэмжлэгч М.Аийн Хаан банкны ******* тоот дансанд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 23-ны өдөр 2,360,000 төгрөг, 9 дүгээр сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 10 дугаар сарын 12-ны өдөр 250,000 төгрөг, 11 дүгээр сарын 27-ны өдөр 1,100,000 төгрөг, Хас банкны 5000061496 тоот дансанд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 999,999 төгрөг, М.Аийн эхнэр Ш.*******ийн Хаан банкны ******* тоот дансанд 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 850,000 төгрөг, нийт 11,559,999 төгрөгийг тус тус “Нархан салоны түрээс” гэсэн утгаар шилжүүлсэн болох нь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч М.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2019/01 дугаартай “Ажлын байр түрээслэх” гэрээг хавсарган ирүүлсэн боловч уг гэрээнд М.А гарын үсэг зурж, харин Н.Бгарын үсэг зураагүй тул зохигчдын хооронд түрээсийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж үзэхгүй юм.

 

            Зохигчдын тохиролцооноос үзэхэд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээ байгуулагдсанд тооцох бөгөөд мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар М.А болон Н.Бнарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч М.А нь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд хариуцагч Н.Бнь түүний дансанд түрээсийн төлбөрийг шилжүүлж байсан зэргээс үзэхэд М.Аийг нэхэмжлэгч биш этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй байна.

 

            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан ба М.А нь Н.Бийн эзэмшилд өөрийн өмчлөлийн хөрөнгийг шилжүүлэн өгсөн, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т “эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх” үүргийг хөлслөгч буюу Н.Бхүлээсэн, нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр болон цахилгааны төлбөрийг тооцсон байх бөгөөд 11 дүгээр сарын 20-ны өдөр түрээсэлсэн үл хөдлөх эд хөрөнгийг Н.Бнь хүлээлгэн өгсөн байна.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Н.Бийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл түрээсэлсэн, сарын түрээсийн төлбөрийг 1,500,000 төгрөгөөр тохирсон гэх тайлбарыг гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргийг хэрэгжүүлээгүй байна.

 

            Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар хөлслөгч буюу Н.Бнь “талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах” эрхтэй байх ба нэхэмжлэгч нь засвар хийхийг зөвшөөрсөн болох нь дээр дурдсанаар тогтоогдож байна.

 

            Хариуцагч нь засварын зардалд 7,666,746 төгрөгийг түрээсийн төлбөрөөс хасч тооцуулахыг хүссэн тайлбарыг гаргаж байх бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд завсарын зардалыг түрээсийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

            2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх 10 сарын төлбөр 20,000,000 төгрөг, 20 хоногийн төлбөрт 1,333,332 төгрөг, нийт 21,333,332 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөхөөр, мөн цахилгааны төлбөрт 440,000 төгрөг /цахилгааны төлбөрийн хувьд хариуцагч маргаагүй/-ийг тус тус хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхөөр байна.

 

            Хариуцагч нь 120 мкв объектод мэргэжлийн хүмүүсээр засвар хийлгэж, уналттай тааз хийлгэх материалд 1,721,700 төгрөг, хана таазны будаг замаск, эмульсний материалд 758,300 төгрөг, ажлын хөлсөнд 2,100,000 төгрөг, таазны гэрлийг БНХАУ-ын Эрээн хотоос 974,246 төгрөгөөр захиалан авч хийлгэн, хананы разекта унтраалга, уналттай таазны гэрлийн цахилгааны материалд 2,112,500 төгрөг, нийт засварын зардалд 7,666,746 төгрөг зарцуулсан гэжээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөхөөр зохицуулсан ба Н.Бийн Худалдаа хөгжлийн банкны 476002289 дугаартай дансны хуулгаас үзэхэд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 500,000 төгрөгийг “засвар урьдчилгаа Уранэрдэнэ” гэсэн утгаар шилжүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Барилгын 30 дугаар павилоноос Нархан салон “хананы разекта унтраалга, уналттай таазны гэрлийн цахилгааны материалд 2,112,500 төгрөг”-ийн бараа материал авсан зарлагын баримт зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаж байх ба эдгээр нь Н.Бийн түрээсэлсэн үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийсэн цаг хугацаатай тохирч байх тул нийт 2,612,500 төгрөгийг түрээсийн төлбөрөөс хасах нь зүйтэй байна.

 

            Хариуцагч Н.Бийн засвар хийсэнтэй холбоотой ирүүлсэн бусад баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

 

            Түрээсийн төлбөр 21,300,000 төгрөг, цахилгааны төлбөр 440,000 төгрөг, нийт 21,740,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 11,559,999 төгрөгийг хасч, 10,180,000 төгрөг ба үүнээс 2,612,500 төгрөгийг хасч 7,567,500 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх нь зүйтэй байна.

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар тайлбарласныг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага өөрчлөгдсөн гэж үзэхгүй, шүүх энэ үндэслэлээр тус хэрэг, маргааныг шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 7,567,500 төгрөгт холбогдох шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Бээс 7,567,500 /долоон сая таван зуун жаран долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Аэд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2,612,500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 136,030 /нэг зуун гучин зургаан мянга гуч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Аэд олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ