Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/01256

 

 

 

 

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/01256

 

 

                                         М.Аийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/01915 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч  М.Аийн хариуцагч Н.Бт холбогдуулан гаргасан түрээсийн төлбөрт 10 180 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцсон.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь ...талбайтай үйлчилгээний байрыг /Когеа мебель дэлгүүртэй/ эзэмшдэг бөгөөд 2018 оны 11 дүгээр сард Дархан сумын иргэн Н.Б байрыг түрээслэхээр тохирсон. Түрээсийн гэрээ байгуулах үед Н.Б түрээсийн байранд 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 45 хоногт өөрсдийн үйлчилгээндээ тохирсон засвар хийж, энэ хугацаанд түрээсийн төлбөр авахгүйгээр тохирсон. Мөн хариуцагчийн хүсэлтээр үйлчлүүлэгчээ олох хүртэл 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түрээс авахгүй гэж тохиролцсон. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай сард 2 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс Нархан салоны үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Түрээсийн гэрээнд гарын үсэг зураагүй боловч үйл ажиллагаагаа явуулж, түрээсийн төлбөрөө өгч байсан тул гэрээг амаар байгуулсан хүчин төгөлдөр гэж үзэж байна. Гэрээгээр цахилгаан, холбоо, цэвэр бохир усны зардал, түрээсийн байранд хийх урсгал засварын ажлын зардлыг түрээслэгч хариуцах, талбайн хөлс, дулааны зардлыг түрээслүүлэгч хариуцахаар заасан. Н.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тооцоо хийхээр тохирч 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад түрээсийн объектод 10 сар 20 хоног ажиллаад гарсан. Энэ хугацааны түрээсийн төлбөр 10 сарын төлбөр 20 000 000 төгрөг, 20 хоногийн төлбөр  1 300 000 төгрөг, нийт 21 300 000 төгрөг. 11 сарын цахилгааны төлбөр 440 000 /40 000 х 11 сар/ төгрөг, нийт 21 740 000 төгрөг төпөх ёстойгоос 11 559 999 төгрөг төлж, 10 180 001 төгрөг дутуу байна. Хариуцагч нь түрээсийн үйлчилгээ эхлэхээс өмнө нийт 11 559 999 төгрөг төлсөн.  2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байраа хүлээн авсан. Н.Б тухайн үед засварын зардлын талаар хэлж байгаагүй. Уг зардлыг төлөх ямар ч үндэслэлгүй. Гэрээний 2.4-т ...түрээсийн байранд хийх урсгал засварын ажлын зардлыг түрээслэгч тал хариуцна, мөн гэрээний 4.3-т Түрээслэгч нь барилгын хийцэд нөлөөлөхгүйгээр түрээсийн байранд өөрийн үйл ажиллагаанд тохирсон өөрчлөлт, зохион байгуулалт, тохижилтыг хийх эрхтэй ... гэж заасны дагуу засварын зардлыг хариуцах ёсгүй. Иймд Н.Бээс түрээсийн төлбөрийн дутуу 10 180 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн тайлбарт: ...талбайг 2018 оны 11 дүгээр сарын 15, 16-ны үед зарын дагуу лавлаж А.Ггэдэг хүнтэй уулзаж түрээслэхээр ярилцаж эхэлсэн. А.Гнь  М.Аийн хүү юм.  Уг түрээсийн байр нь хариуцагчийн үсчин гоо сайхны үйлчилгээ явуулахад тохиромжгүй байсан тул засвар хийх шаардлагатай талаар түрээслүүлэгчид хэлж 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс засварын ажлыг эхлүүлсэн. Хариуцагч нь үйл ажиллагаа явуулахын тулд Хаан банкнаас 12 400 000 төгрөгийн цалингийн зээл, автомашин барьцаалж 5 000 000 төгрөгийн зээлийг 2 удаа авч түрээсийн төлбөрт нийт 11 600 000 төгрөг, мөн түрээсийн байранд засвар хийлгэж, уналттай тааз хийлгэх материалд 1 721 700 төгрөг, хана таазны будаг замаск, эмульсний материалд 758 300 төгрөг, ажлын хөлсөнд 2 100 000 төгрөг, БНХАУ-ын Эрээн хотоос таазны гэрэл 974 246 төгрөгөөр захиалан авч хийлгэн, хананы разекта унтраалга, уналттай таазны гэрлийн цахилгааны материалд 2 112 500 төгрөг, нийт засварын зардалд 7 666 746 төгрөг зарцуулсан. Иймд уг үнийн дүнг нэхэмжлэгчийн төлбөрөөс хасч тооцуулна. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хэсэгчлэн үйл ажиллагааг эхлүүлснээс хойш хэрэглэгч үйлчлүүлэгч татахын тулд олон арга хэмжээ авсан боловч ашиг олоогүй бөгөөд салоны ажилчдын түрээсийн орлого болон олсон орлогыг түрээслүүлэгчид шилжүүлж байсан. А.Гнь салоны цахилгааныг хязгаарлаж ажилд саад учруулж ажилтнуудад сэтгэл зүйн дарамт үзүүлэн 2019 оны 11 дүгээр сараас ажилтнууд өөр салон руу шилжсэнээр салоноо татан буулгахад хүрсэн. Одоогоор хариуцагч нь нялх хүүхэдтэй гэрт сууж байгаа бөгөөд 2 513 254 /засварын зардал хассан дүн/ төгрөгийг төлөх саналтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Бээс 7 567 500 /долоон сая таван зуун жаран долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  М.Аэд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2 612 500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177 830 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 136 030 /нэг зуун гучин зургаан мянга гуч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  М.Аэд олгож шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч болон түүний төрсөн хүү А.Гнар нь ... 1 дүгээр давхарын 406.8 м.кв үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2003018291 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогддог. Мөн түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байдаг. Талууд түрээсийн гэрээг амаар байгуулсан талаар маргаагүй. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2019 /01 дугаартай “Ажлын байр түрээслэх” гэрээг хавсаргаж, гэрээнд  М.А гарын үсэг зурж, харин Н.Б гарын үсэг зураагүй тул зохигчдын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Гэтэл шүүх түрээсийн гэрээ байгуулах хуульд заасан журмыг зөрчсөн боловч үр дагаврыг тодорхойлохдоо уг гэрээг эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж үзэж, эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг хэрэглэж хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан. Иргзний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг хэрэглэх үндсэн нөхцөл нь түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байх явдал юм. Шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй. Хүчин төгөлдөр бус түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг хэрэглэх нь түрээсийн гэрээний холбогдох зохицуулалтыг үгүйсгэсэн, хууль хэрэглээгүй гэж үзэх үндзслэл болно. Түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр, хуульд заасан шаардлагыг хангасан үед эд хөрөнгө хөлслөх гэрээний журам үйлчлэх хуулийн зохицуулалттай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч  М.Аийн түрээсийн төлбөрт 10 180 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Н.Б 2 513 254 төгрөгийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

Хариуцагч Н.Б нь 2018 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч  М.Аийн өмчлөлийн ... 7 дугаар байрны 1 дүгээр давхарын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 120 м.кв талбайг сард 2 000 000 төгрөгөөр түрээслэхээр тус хөрөнгийн хамтран өмчлөгч А.Г-тай амаар харилцан тохиролцож, 2019 оны 11 дүгээр сар хүртэл объектыг эзэмшиж ашиглан, 11 559 999 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ.

Маргаан бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч  М.А, иргэн А.Гнар 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. /хх99/

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэг “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан.

Хэргийн 9-10 дугаар талд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Н.Бт 3 жилийн хугацаатай, сарын 2 000 000 төгрөгөөр түрээслэх тухай түрээсийн гэрээ авагдсан байх боловч уг гэрээнд хариуцагч Н.Б гарын үсэг зураагүй, хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй, зохих байгууллагад бүртгүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар талуудын байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хуульд заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл байх боловч хариуцагч нь бусдын эд хөрөнгийг тодорхой хугацаанд эзэмшиж, ашиглаж байсан тул нэхэмжлэгчийн “энэ хугацаанд уг үл хөдлөх эд хөрөнгийг бусдад хөлслүүлэх, түрээслүүлэх зэргээр орлого  олох боломжтой байсан гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон нь буруу биш. 

Тухайн объект нь хариуцагчийн эзэмшил, ашиглалтад 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл байсан талаар зохигчид маргаагүй. Иймд нэгэнт ашигласан ашиглалтыг буцаах боломжгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчаас олох ёстой байсан орлогод 10 180 000 төгрөгийг нэхэмжлэгч шаардсан нь үндэслэлтэй.  

Хариуцагчийн зүгээс тухайн үл хөдлөх хөрөнгөд засан сайжруулалт хийж, нийт 7 666 746 төгрөгийн зардал гаргасан гэж тайлбарлан хэрэгт засварын ажилд зарцуулсан төлбөрийн баримтууд, гэрэл зураг зэргийг ирүүлсэн байна. /хх27-41/ Хэргийн 28, 38, 43-45 дугаар талд “бараа, материал, засвар, урьдчилгаа” гэсэн гүйлгээний утга бүхий  дансны хуулга, бараа материал худалдан авсан зарлагын баримт, засварын ажлын гэрэл зураг зэрэг баримтууд авагдсан байна. Хариуцагчийн засвар хийсэн цаг хугацаа нь нэхэмжлэгчийн “хариуцагч 2018.11.01-2018.12.15 хүртэл 45 хоногт байранд өөрсдийн үйлчилгээндээ тохирсон засвар хийсэн” гэх тайлбартай тохирч байна. Иймд хариуцагчийг маргаан бүхий объектод засан сайжруулалт, засвар хийж, зардал гаргасан гэж үзнэ. 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дах хэсэгт “Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагчийн засварын ажилд зарцуулсан 7 666 746 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх 10 180 000 төгрөгөөс хасч хариуцагчаас 2 513 254 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/01915 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Бээс 2 513 254 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч  М.Аэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 666 746 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын “136, 030 /нэг зуун гучин зургаан мянга гуч/” гэснийг “55 162” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ш.ОЮУНХАНД

                                                    ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

                                                                                                       А.МӨНХЗУЛ