Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2021/02658

 

 

 

 

 

 

 

  2021          09           13

              101/ШШ2021/02658

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                              

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.Н,

 

Нэхэмжлэгч: Б.Б нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ДЭЭИН ХХК холбогдох

 

******* дугаартай код сэргээлгэх, 2020 оны 11 дүгээр сард ажлын гүйцэтгэл бүрэн хийгдсэн учир 2,602,808 төгрөгийн урамшуулалыг гаргуулах, 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр сарын бонус урамшуулал 28,141,533 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаанд Турк улсын аялалын болзол 110Tsip оноог бүрэн хангаж байсан учир 3,390,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Н, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяа /№2515/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч С.Н, Б.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид гэр бүлээрээ 2007 оноос “ДЭЭИЭ” ХХК-д орж, 2020 оны 12 дугаар cap хүртэл тус компанид ажиллаж, маркетинг төлөвлөлт, бүтээгдэхүүн борлуулалт, хувийн менежмент, зохион байгуулалтын үр дүнд cap бүр 2,800,000-3,200,000 төгрөгийн урамшуулал авдаг болсон. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын бонус урамшууллыг хугуцаанд нь өгөхгүй ,12 дугаар сард өгөөд одоогоор 2020 оны 11, 12 дугаар сар, 2021 оны 01-09 дүгээр сарын бонус, урамшуулал тасарсан байгаа болно. Бонус урамшууллын нэхэмжилж буй мөнгөн дүнг 2019 болон 2020 оны тухайн сарын бонус урамшууллыг ундэслэсэн болно. 2020 оны 11 дүгээр сарын 13-нд “ДЭЭИЭ” ХХК-иас ******* дугаартай кодыг цуцлах сануулах хуудас 2 удаа ирсэн боловч би хүлээн авч танилцаад, түүнийг үндэслэлгүй гэдгээ нотолж, холбогдох материалын хамт гарын үсгээ зурж явуулсан. DXN дистрибьюторын дүрэм журмын 3-7 ба 16 дугаар заалтыг бид шууд болон шууд бус нөлөөллөөр зөрчөөгүй болно. Мөн бид 2020 оны 12 дугаар сард захиалга хийгээд Малайз улсын DXN компаниас зарласан 2019.01.01-2020.12.31-ний хооронд нэг жилийн хугацанд Турк улсын аялалын болзол 110 Тsip оноог бүрэн хангаж байсан. Манай гэр бүл өөр компанид ажиллах хүсэл сонирхол байхгүй. Ажилтан Б.Мөнхтулга нь Б.Б надад мэдэгдэл өгөхөд нь би өөрөө ороогүй гээд гарын зураад буцаасан бөгөөд 14 хоногийн дотор бичгээр заавал тайлбар өг гэж хэлээгүй, өөр сүлжээнд ороогүй тул мэдэгдлийн буланд нь оролцоогүй гэдгээ л бичсэн. Зөрчил үүсэх шалтгаан нь ногоон навч компанид ажилласан байна гэсэн. Бид тэр компанид ажиллаагүй, гадаад паспортоо үзүүлээд шалгаад өгнө үү гэж чатаар явуулсан. Хариу өгнө гэсэн боловч “ямар ч асуудал байхгүй, олон мянган дистрибьютер байгаа, та шууд бусаар оролцсон” гэсэн. Би аргаа бараад өөрөө ногоон навч руу холбогдоод ороогүй гэдгээ нотолсон баримтыг авсан. Шууд бусаар оролцсон гэж үзэх шалтгаан нь нөхрийн эгчийнх нь хүүхэд Баянхонгор аймагт ногоон навч компанид гишүүнчлэл хийсэн байсан. Дүү маань намайг “та өндөр цолонд хүрсэн та ирээд байж байгаачээ” гэсэн. Би зүгээр байж байсан. Би нэг удаа ч сургалт хийгээгүй, бүтээгдэхүүн сурталчилаагүй. Би дүүдээ 200,000 төгрөг зээлсэн байсан бөгөөд тэр мөнгөндөө оймс, эрэгтэй, эмэгтэй дотуур хувцас, ариун цэврийн хэрэгсэл авсан боловч тэрийг худалдсан зүйл байхгүй, бусдад бэлэглэсэн. Бусдыг нь би өөрийнхөө хэрэглээнд хэрэглэсэн. Гэтэл энэ үйл баримтаас болж намайг хардсан байх. Тухайн үед компанийн өмгөөлөгч н.Эрдэнэчимэг гэх хүнтэй холбогдоход “би компанийг өмгөөлөх болно, өөрийг чинь өмгөөлөхгүй” гэж утсаар хариулсан. Би Баянхонгор аймаг, Дархан уул аймаг, Дорнод аймагт байх багийг тус тус алдсан. Энэ асуудлаар би өөрийн биеэр очиж 9 удаа хүсэлт өгсөн. Очиж уулзах үед маш их хэцүү байсан. Өмнө бас Дубай улс руу аялах болзлыг бараг хангасан байсан. Жаахан оноо дутсан байхад менежер өөрийн давуу байдлаа ашиглаад өөр хүнийг явуулаад би аялалд явж чадаагүй. Би энэ зөрчлийг засуулах гэж удирдлагад хэлж байсан. Бид тэтгэвэрт гараад энэ бизнесээр амьдарна гэж тооцож орсон, эцэстээ кодгүй, орсон орлогогүй болсон. Б.Мөнхтулга над руу танихгүй дугаараас залгаад “миний ээж н.Энхтуяа гэдэг хүн байдаг. Та ногоон навчид орсон уу” гэж асуухад би гайхсан. Бас манай багийн гишүүнтэй биеэр очиж уулзсан байсан. 2020 оны хавар ногоон навч сүлжээнд орсон гэдэг, гэтэл дүрэм дээр “ДЭЭИЭ” ХХК-д өрсөлдөхүйц бараа борлуулсан гэж заасан. “ДЭЭИЭ” ХХК-д дотуур хувцас байхгүй, хэрэгтэй барааг бид өөр компаниас авна. 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр код цуцалсан гэх боловч бид хоёр тухайн сард бүрэн захиалга авсан. Бид хоёр хөөцөлдөж байж 12 дугаар сард 10 сарын урамшуулал хөлсөө авсан. 11 дүгээр сарын 02-ны өдөр захиалга хийх үед код байсан. 11 дүгээр сард захиалга хийсэн учир тодорхой хэмжээний хөлсөө авах хэрэгтэй гэж үзэж байна. Дүрмийн 3.7, 16.2 дахь заалтыг зөрчсөн гэдэг, гэтэл энэ нь өрсөлдөхүйц бараа борлуулсан гэж заасан байдаг. Ногоон навчинд адилхан бараа байхгүй байх гэж бодож байна.

Иймд ******* дугаартай кодыг сэргээж, 2020 оны 11 дүгээр сард ажлын гүйцэтгэл бүрэн хийгдсэн учир 2,602,808 төгрөгийн урамшуулалыг гаргуулах, 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр сарын бонус урамшуулал 28,141,533 төгрөг гаргуулах, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаанд Турк улсын аялалын болзол 110Tsip оноог бүрэн хангаж байсан учир 3,390,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “ДЭЭИЭ” ХХК, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нар манай байгууллагад дистрибьюторын гэрээний дагуу шууд худалдааны борлуулалт хийж байсан. Бид хамтран ажиллахдаа “ДЭЭИЭ” ХХК-ийн дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг байсан. Б.Б, С.Н нар нь гэр бүлийн гишүүд бөгөөд “ДЭЭИЭ” ХХК-ийн дүрэм журмыг зөрчиж ажилласан ба бид энэ талаар дүрэм журамд заасны дагуу 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр албан сануулга өгсөн боловч албан сануулгад журмын дагуу тайлбар ирүүлээгүй. Мөн компанийн зүгээс Б.Бийг өөр шууд худалдааны компанид ажиллаж байгааг мэдсэний дараа нотлох зорилгоор компанийн менежер Б.Бтой утсаар ярихад Green Life гэх байгууллагад ажиллаж байгаа салбар газар нь ирж уулзаж болох тухай ярьсан. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж компанийн зүгээс Б.Б, С.Н нартай 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дистрибьютерийн эрхийг DXN Дистрибьюторын Дүрэм журмын 3.7 болон 16 дугаар хэсэгт зааснаар цуцалсан. Мөн дүрэм журмын 9-д зааснаар бонусын урамшуулал болон ашгийг зогсоож хязгаарласан. Б.Бид та мэдэгдэл аваад 14 хоногийн дотор бичгээр хариу тайлбар өгнө, өгөхгүй бол байгууллага дангаар шийдвэр гарна шүү гэж хэлсэн. Уг шийдвэрийг би өөрийн биеэр Дархан-Уул аймагт очиж, гардуулсан. Сүүлд нэхэмжлэгч нар нь надтай холбогдох үед аль хэдийн шийдвэр гарсан, код цуцлагдсан байсан. Код цуцлах шийдвэр 2020 оны 10 дугаар сарын 26-нд шийдвэр гарсан тул энэ  хүртэлх захиалга авсан учир зөөлөн хандаад  урамшууллын өгнө үү гэх хүсэлтийг Малайз улс руу бичээд 26 хоног ажилласан учир 12 дугаар сард урамшуулал хөлсийг олгосон. Кодыг Монгол улсад устгадаггүй, Малайз улсад устгагдаг байгаа. Ингээд 10 дугаар сарын 26-нд шийдвэр гараад гардуулаад цааш нь мэдэгдэх ажиллагаа явуулсаар байгаад 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүрсэн ба энэ өдрийн худалдан авалтыг цуцлаад, мөнгийг нь буцааж өгөөрэй гэж Дархан-Уул аймгийн үйлчилгээний төвд хэлсэн. Тухайн мөнгийг олгосон байх гэж бодож байна. “ДЭЭИЭ” ХХК-ийн өрсөлдөгч компанийн үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцсон бол гэдгээрээ код цуцлах үндэслэл болсон. Нэхэмжлэгч нарын код цуцлагдсан тул ажилаагүй үеийн бонус, урамшуулал, аялалын болзолтой холбоотой шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргаж байгаа шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч С.Н, Б.Б нар нь хариуцагч “ДЭЭИЭ” ХХК-д холбогдуулан ******* дугаартай код сэргээлгэх, 2020 оны 11 дүгээр сард ажлын гүйцэтгэл бүрэн хийгдсэн учир 2,602,808 төгрөгийн урамшуулалыг гаргуулах, 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 01, 02, 03 дугаар сарын бонус урамшуулал 13,612,685 төгрөг гаргуулах, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаанд Турк улсын аялалын болзол 110Tsip оноог бүрэн хангаж байсан учир 3,390,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр сарын бонус урамшуулал 14,528,848 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлжээ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэгч нар “ДЭЭИЭ” ХХК-ийн дүрэм, журмын заалтуудыг зөрчсөн тул манай компанийн зүгээс мэдэгдэл өгсөн, ийнхүү мэдэгдэл өгсөнөөс хойш хариу тайлбар ирүүлээгүй тул нэг талын шийдвэрээр кодыг цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            “DXN дистрибьюторын дүрэм журам”-ын 2.1 дэх заалтын (а)-д “Эхнэр, нөхөр хоёрын нэг дистрибьюторын кодтой буюу хамтарсан дистрибьютор гэж шууд бүртгэнэ...” гэж зааснаар нэхэмжлэгч С.Н, Б.Б нар нь нэг гэр бүлийн гишүүд ба тэд 2007 оноос эхлэн “ДЭЭИЭ” ХХК-д элсэж, Б.Бийн нэр дээр  ******* дугаартай кодыг эзэмшдэг болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

            Хариуцагч “ДЭЭИЭ” ХХК-иас 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 060/0571/280109-00/SCN1724082020 дугаартай “DXN дистрибьюторын дүрэм журмын 3.7 болон 16.1-д заасны дагуу үйл ажиллагааны сануулга /SCN/”-ийг Б.Бид хүлээлгэн өгөхөд тэрээр уг сануулгын доод талд “ороогүй учраас сануулга хүлээн авахгүй” гэж өөрийн гараар бичсэн байна. 

 

            Дээрх сануулгад “Байгууллага таныг Ногоон навч гэж нэрлэгддэг шууд худалдааны байгууллагад үйл ажиллагаа явуулдаг тухай гомдолд таны туслалцаа болон шуурхай хариу тайлбарыг хүсэж байна. DXN дистрибьюторын хувьд таныг DXN өрсөлдөгч шууд худалдааны бусад компанийн аливаа үйл ажиллагаанд болон DXN-д сөргөөр нөлөөлөх бусад үйл ажиллагаанд шууд буюу шууд бусаар оролцохыг хориглоно...” гээд “Анхааралдаа авна уу: танд дээр дурдсан DXN дистрибьюторын дүрэм, журмын заалтууд таны эсрэг үйлчилж болохгүй байх тухай бичгэн тайлбарыг тус өдрөөс хойш 14 хоногийн дотор өгөх үүрэгтэй. Хэрэв тус хугацаанд таны тайлбарыг хүлээж аваагүй тохиолдолд байгууллага өөрт байгаа баримтын дагуу шийдвэрийг дангаар гаргах болно” гэжээ.

 

            Эдгээрийг дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үүрэг үүссэн, мөн хуулийн 415 дугаар зүйлийн 415.1, 415.3-т зааснаар нэхэмжлэгч нар нь худалдааны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан байна.  

 

            Хариуцагч нь нэхэмжлэгчид дүрэм, журам зөрчсөн үндэслэлээр код цуцлах сануулга буюу гэрээг цуцлахыг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдсэн боловч нэхэмжлэгч нь сануулгад заасан 14 хоногийн дотор ямар нэгэн хариу өгөөгүй тул “ДЭЭИЭ” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “DXN дистрибьюторын дүрэм журмын дагуу дистрибьюторын эрх цуцлах тухай” мэдэгдлээр дүрэм журмын 3.7 болон 16 дахь заалтуудыг зөрчсөн үндэслэлээр дүрэм журмын 9-д зааснаар гишүүнчлэл болон дистрибьютор байх эрхийг нэн даруй цуцалж байгааг мэдэгдсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан зохицуулалтад нийцэж байна.

 

            Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгч нарын гишүүнчлэл болон дистрибьютор байх эрх буюу ******* дугаартай кодыг цуцалсан нь үндэслэлтэй байна.

 

            Ийнхүү DXN дистрибьюторын гишүүнчлэл болон дистрибьютор байх эрхийг цуцалсанаас хойш нэхэмжлэгч Б.Б, С.Н нар нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр  “Грийн лийф биотех” ХХК-д хандаж, тус компани нь 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “гишүүнчлэл хийгээгүй болохыг тодорхойлсон” тодорхойлолтыг өгсөн болох нь нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдож байна.

 

            “ДЭЭИЭ” ХХК-иас 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч нарын гишүүнчлэл болон дистрибьютор байх эрхийг цуцлах мэдэгдлийг өгсөн боловч 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд ******* дугаартай кодыг бүрэн цуцлагдаагүй байсан тул нэхэмжлэгч Б.Б нь 138,900 төгрөгийг барааны захиалга хийж, уг бараа бүтээгдэхүүнээ авсан буюу 2020 оны 11 дүгээр сард ажлын гүйцэтгэл бүрэн хийгдсэнтэй холбоотойгоор 2,602,808 төгрөгийн урамшуулалыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар шаардах эрхтэй байна.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч нарын гишүүнчлэл болон дистрибьютор байх эрхийг цуцалсантай холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сард хийгдсэн бараа захиалгын мөнгийг бүрэн буцаахыг Дархан-Уул аймгийн үйлчилгээний төвд мэдэгдсэн гэх боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

             Нэхэмжлэгч нар нь ******* дугаартай кодыг цуцлагдаагүй, бид ажиллаж байсан бол 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр сарын бонус урамшуулал 28,141,533 төгрөгийг авах байсан буюу уг урамшууллыг 2019 болон 2020 онд авч байсан урамшуулалттай харьцуулан гаргажээ.

 

            “DXN дистрибьюторын дүрэм журам”-ын 7.1-д “Дистрибьютор нь бонусын мэргэшсэн эрх авч, цаашид үйл ажиллагаа явуулахын тулд ямар нэг улсад сар тутам хувийн онооны дүн /PPV/-г хийсэн байх шаардлагатай. Бонусыг DXN-ийн маркетинг төлөвлөгөөний дагуу тухайн дистрибьютор хэзээ, хаана, сар тутмын хувийн онооны дүнг /PPV/ хийснээс шалтгаалж олгоно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нарын гишүүнчлэл болон дистрибьютор байх эрх дээр дурдсанчилан цуцлагдсан, ийнхүү цуцлагдсан нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэх үндэслэлгүй байх тул урамшуулал авах байсан гэж нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна.

 

            2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаанд Турк улсын аялалын болзол 110Tsip оноог бүрэн хангаж байсан учир 3,390,000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь аялалын болзол хангаж байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас 2020 оны 11 дүгээр сард ажлын гүйцэтгэл бүрэн хийгдсэнтэй холбоотойгоор 2,602,808 төгрөгийн урамшуулалыг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч нарын бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

      

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                              

ТОГТООХ нь:

    

            1. Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 415.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “ДЭЭИЭ” ХХК-иас урамшуулал 2,602,808 /хоёр сая зургаан зуун хоёр мянга найман зуун найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Н, Б.Б нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс ******* дугаартай код сэргээлгэх, 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр сарын бонус урамшуулал 28,141,533 төгрөг гаргуулах, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаанд Турк улсын аялалын болзол 110Tsip оноог бүрэн хангаж байсан учир 3,390,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 473,558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ДЭЭИЭ” ХХК-иас нэхэмжлэлийн хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 56,595 /тавин зургаан мянга таван зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Н, Б.Б нарт олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ