Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2021/01778

 

 

 

 

 

 

 

 

    2021 о      06 с      10ө

Дугаар            101/ШШ2021/01778

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******, 306 тоотод байрлах “Таргилхайрхан” ХХК /РД:2787911/-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч:*******,*******,*******, 10 тоотод байрлах “Севен траст монголиа” ХХК /РД:6375383/-д холбогдох

229,280,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

220,500,000 төгрөг гаргуулах  тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Нэргүй, түүний өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянга, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Таргилхайрхан” ХХК-ийн захирал Ж.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Таргилхайрхан” ХХК болон “Севен Траст Монголиа” ХХК нь 2020 оны 04 сарын 22-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Хьюндай 520 маркийн 4068 УН улсын дугаартай экскаватор, Хьюндай 3000 маркийн 2487 УН улсын дугаартай экскаватор, Сэм 650В маркийн 8960 УН улсын дугаартаа ковш, Хово маркийн 11-35 УНЕ улсын дугаартай ачааны машин /самосвал/, Хово маркийн 6810 УНЕ улсын дугаартай ачааны машин /самосвал/, Хово маркийн 8649 УБЗ улсын дугаартай ачааны машин /самосвал/ мөн Тоёота ланд крузер 80 маркийн 1854 ДАХ улсын дугаартай автомашиныг үйлчилгээний зориулалттай Говь-алтай аймаг, Есөн булаг сумын нутагт байрлах ЭмВи MV021169 дугаар бүхий алтны уурхайд ажиллуулсан. Дээрх техник болон автомашинуудын жолооч /оператор/, засвар үйлчилгээ, түлш, зөөвөрлөх тэдгээртэй холбоотой бүхий л зардлыг өөрөөсөө гаргасан. Анхлан гэрээ байгуулахдаа нэг сарын хугацаатай гэж бичээд цаашид сунгалт хийсээр 2020 оны 11 дүгээр сарыг дуустал ажиллана гэж хэлээд Улаанбаатар хотоос дээрх 7 техник болон автомашин, ажилчдыг явуулсан. Нэг сарын түрээсийн төлбөр 377,580,000 төгрөг боловч өнөөдрийн байдлаар 194,500,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 183,080,000 төгрөгийг огт төлөөгүй болно. Мөн дээрээс гэрээнд зааснаар техникүүдийг буцаах тээврийн зардал 39,000,000 төгрөг, 12 хүний сарын хоолны зардалд 7,200,000 төгрөгийг хариуцагч тал төлөөгүй байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 229,280,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Манай байгууллага уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Говь-Алтай аймагт алтны уурхайд олборлолтын үйл ажиллагаа явуулахаар болсон. Хөрөнгө оруулагч нь Сакура гэдэг хүн байсан. Сар орчим ажиллаад гэрээг цуцлах санал гаргасан. Хариуцагч тал Болд Гянт Болд гэх компанитай ярилцсан байсан. Бид нарын зүгээс өөрсдөө ажлаа зохион байгуулж сар гаруй үйл ажиллагаагаа явуулсан. Баяжуулах тоног төхөөрөмжийг Севен траст Монголиа болон Болд Гянт Болд компанийн 6-8 хүн ажиллуулсан. Гэрээгээр өдөрт 2 мянган куб шороог олборлож, нөхөн сэргээлт хийх гэсэн үйл ажиллагаа багтаж байсан. Олборлох үйл ажиллагаанд нь хөрсийг хуулж шороог ачаад, тээвэрлээд, шороог буулгаж, баяжуулаад, угаасан шороог буцаан зөөж нөхөн сэргээлт хийх ажлууд байсан. Эхний хугацаанд нүүдэл хийж хэд хоног болсон. Үйл ажиллагаа явагдаж эхэлснээс хойш хөндлөнгийн маркшейдерийн компани, харуул хамгаалалтын алба ажиллаж байсан. Сар ажиллаад ажлын гүйцэтгэж тайлан гаргахад ажлыг 97 хувийн гүйцэтгэлтэй хийж гүйцэтгэсэн гэсэн дүгнэлт гарсан. Үлдэгдэл төлбөрөө сар ажиллаад, 5 хоног хүлээгээд төлбөрөө төлөхгүй бол техникээ буцааж авах эрхтэй гэсэн заалттай байсан. Бид өөрсдийн зардлаар техникээ тээвэрлэж авч ирсэн. Бид уулзаж ярилцсан, Сакуратай ярилцаад ажилчдын цалинг өгнө гэж хэлээд цалинг нь өгсөн. Гаднаас 3 ширхэг Хово машин түрээслэн ажиллуулсны төлбөрийг Сакура Япон улсаас мөнгө шилжүүлж дууссан. Миний өөрийн гаргасан техник болон ажилчдын цалинг өгөөгүй. Сакура чамайг ямар ч байсан хохиролгүй болгоно, түр хугацаанд хүлээж бай гэж хэлсэн. Хавар хүртэл мессэжээр харилцдаг байсан. Ажлаа 97 хувийн гүйцэтгэлтэй хийсэн тул үлдэгдэл төлбөрөө авъя гэж Баярсайханд хэлэхэд би мэдэхгүй чи Сакуратай учраа ол гэж хэлсэн. Ажлаа хийж гүйцэтгэсэн учраас үлдэгдэл төлбөрөө авах хүсэлттэй байна. Би анх техникээ түрээслүүлье гэхэд үгүй чи бүгдийг нь зохион байгуулчих гээд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 194,500,000 төгрөг авсан. Дамжуулах үйлдвэр өдөрт 2 мянган куб шороо угаах гэрээтэй очсон. Анх 4,000 куб шороо угаах том усан буу хийнэ гэж хэлсэн. Тэр нь удаашралтай байгаа тул жижиг скруберээр шороогоо угаах болсон. Хамгийн ихдээ өдөрт 1,100 куб шороо угаасан. Өдөрт 2 мянган куб шороо угаах боломжгүй бага багаар хийдэг, ихээр хийх боломжгүй байсан. Хамгийн их хүчин чадлаараа ажиллахад 1,100 куб угаах болсон. Өдөрт 1,100 куб шороог 22 хоног угаана гэсэн. 1,100 г 22 хоногоор үржүүлээд сарын боломжит төлөвлөгөөг гаргаад хийсэн ажилтайгаа харьцуулахаар 97 хувьтай ажилласан. Тухайн үед техникийн саатал гарч байсан. 2 техник запастай байсан. Скрубер 3 удаа эвдэрсэн. Скрубер төмрөөр хийгдсэн, хугарсан учраас Улаанбаатар хот уруу ачиж авч ирээд гагнуулаад буцаад авч явж байсан. Нийт сарын хугацаанд дизель мотор 3 удаа эвдэрсэн. Ийм шалтгаанаар дутуу ажилласан. Өдөрт 2 мянган куб шороо угаана гэвэл 50 хувийн гүйцэтгэлтэй ажиллах боломжтой байсан. Хиймэл нуур хийх нуурын шороог өөр газар дэвсэх зэрэг гэрээнд заагаагүй өөр олон ажил хийгдэж байсан. Гэрээний үлдэгдэл төлбөр 183,080,000, 12 хүний хоолны зардал 7,200,000, тээврийн зардал 39,000,000 төгрөг нийт 229,280,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч “Севен траст монголиа” ХХК-ийн захирал П.Баярсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: “Манай компани “Таргилхайрхан” ХХК-тай 2020 оны 04 сарын 22-ны өдөр №1 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Гэрээний дагуу гүйцэтгэгч тал буюу “Таргилхайрхан” ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий талбайд өөрийн болон түрээсийн тоног төхөөрөмжөөр, өөрийн ажиллах хүчээр олборлолтын үйл ажиллагаа явуулах, захиалагч нь гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр тохирсон. Мөн гүйцэтгэгч тал нь олборлолт явуулахад шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангах, ажиллах хүчийг ажиллуулах байсан. Гэрээний хугацаа 2020 оны 04 сарын 20-ноос 05 сарын 20 хүртэл 1 сар байх, хэрэв талууд тохиролцвол гэрээний хугацааг сунгахаар гэрээнд заасан. Гэрээний 3.9-д “Гүйцэтгэгч тал нь хоногт 2000 метр куб шороог тээвэрлэж, буулгах, баяжуулах ажлыг гүйцэтгэнэ. Сарын ажлын хоногийг 22 хоногоор тооцно”, 4.2-т “Захиалагч тал нэг өдөрт 2000 метр куб агуулсан элс олборлох нөхцөлтэйгөөр хавсралтын дагуу төлбөрийг тооцож гүйцэтгэгч талд шилжүүлнэ гэж заасан. Гүйцэтгэгч буюу “Таргилхайрхан” ХХК нь гэрээний дагуу 1 сард 22 хоног ажиллаж, тус хугацаандаа 22*2000 метр куб буюу 44,000 метр куб металл агуулсан шороог олборлох ёстой байсан. Гэвч маркшейдерийн тайлангаар 5,959 метр куб сийрэгжсэн металл агуулсан элс бэлдсэн. Гэрээнд заасан шаардлага хангаагүй тул бид гэрээний хугацааг дахин сунгахгүй байхаар шийдэж, мэдэгдэл хүргүүлсэн юм. Гэрээний хавсралтад зааснаар 22 хоногт нийт 44,000 метр куб шороог гаргасан тохиолдолд 377,580,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохирсон болно. Бид өнөөдрийн байдлаар гүйцэтгэгч талд 194,500,000 төгрөг төлсөн байна. 1 метр куб шороо гаргах ажлын хөлс нь 8,581.36 төгрөг бөгөөд гүйцэтгэлийг тооцож үзвэл 5,959 метр куб*8,581.36=51,136,324.24 төгрөг болно. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч нь 51,136,324.24 төгрөгийн ажил гүйцэтгэсэн бөгөөд бид 194,500,000 төгрөгийг төлсөн байна. Нэхэмжлэлд дурдаж буй техникийг буцаах тээврийн зардал болон ажиллах хүчний хоолны зардлыг бид хариуцахаар тохироогүй бөгөөд гэрээний 2.4.1, 2.4.2-т гүйцэтгэгч дээрх зардлыг өөрөө хариуцахаар тохирсон байгаа. Гэрээний хавсралтад заасан зардлын задаргааны дагуу тээврийн зардал болон ажилчдын хоолны зардал нь багтаад нийт 377,580,000 төгрөг болохоор заасан. Гэрээнд тээврийн хэрэгслийн очих зардлыг төлөхөөр заасан болохоос буцаж ирэх зардлыг төлөх талаар тохиролцоогүй. Өөрөөр хэлбэл техникийг буцаах тээврийн зардал 39,000,000 төгрөг, хоолны зардал 7,200,000 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Гүйцэтгэгч тал техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байснаас гэрээгээр тохиролцсон хэмжээнээс дутуу шороо олборлож биднийг хохироосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Севен траст монголиа компани болон Таргил хайрхан ХХК нарын хооронд 2020 оны 04 сарын 22-ны өдөр 01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу Таргил хайрхан компани өөрийн ажилчид болон тоног төхөөрөмжөөр ажил гүйцэтгэх 1 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Хэрвээ талууд тохиролцвол гэрээг сунгах байсан. Манай компанийн зүгээс 5 сарын 22-ны өдөр гэрээг цаашид сунгахгүй талаараа Таргил хайрхан компанид мэдэгдсэн. Гэрээний 3.9 дэх хэсэгт гүйцэтгэгч 2,000 м.куб шороог тээвэрлэх, өөрөөр хэлбэл 1 сард 22 хоног ажиллахдаа 44,000 куб металл агуулсан шороог олборлох гэрээ байгуулсан. Хөрс болоод баяжмал 5,958.95 м.куб ажлыг гүйцэтгэсэн. Иймд гэрээг цаашид сунгаагүй. Нэхэмжлэгчийн гаргасан 97 хувийн ажил гэдэг нь зөвхөн өөрийнхөө дүнтэй харьцуулсан. Гэрээтэй холбоогүй. Нийтдээ 44,000 м.куб баяжмал олборлох ажлын хөлс нь 377.588.000 төгрөгийн хөлс төлөхөөр гэрээ байгуулснаас 194,500,000 төгрөгийг төлсөн. Захирал П.Баярсайханы шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хариуцагч “Севен траст монголиа” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу “Таргилхайрхан” ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий талбайд өөрийн болон түрээсийн тоног төхөөрөмжөөр, өөрийн ажиллах хүчээр олборлолтын үйл ажиллагаа явуулах, манайх гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр тохирсон. Гүйцэтгэгч тал нь олборлолт явуулахад шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангах, ажиллах хүчийг ажиллуулах байсан. Гэрээний хугацаа 1 сар байх, хэрэв талууд тохиролцвол гэрээний хугацааг сунгахаар гэрээнд заасан. Гэрээний 3.9-д “Гүйцэтгэгч тал нь хоногт 2000 метр куб шороог тээвэрлэж. угаах талбайд буулгах. баяжуулах ажлыг гүйцэтгэнэ. Сарын ажлын хоногийг 22 хоногоор тооцно”, 4.2-т “Захиалагч тал нэг өдөрт 2000 метр куб металл агуулсан элс олборлох нөхцөлтэйгээр хавсралтын дагуу төлбөрийг тооцож гүйцэтгэгч талд шилжүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл “Таргилхайрхан” ХХК нь 44,000 метр куб металл агуулсан буюу баяжмал бүхий элсийг олборлох үүрэгтэй, ийнхүү олборлосон тохиолдолд “Севен траст монголиа” ХХК нь 377,580,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохирсон байсан. Гэвч хариуцагч нь 5,958.95 метр куб металл агуулсан элсийг олборлосон, 17,455.44 метр куб хөрс хуулсан байдаг. Энэ нь 2020 оны 05 сарын “Маркшейдерийн ажлын тайлан”-аар нотлогддог, талууд ч хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх”, 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” үүрэгтэй гэж заасан. Гэтэл хариуцагч “Таргилхайрхан” ХХК нь ажлыг тогтоосон хугацаа буюу 2020 оны 05 сарын 20-ны өдрийн дотор доголдолгүй буюу 44,000 метр куб металл агуулсан элс гаргаж ажиллаж чадаагүй. Тиймээс ч бид гэрээг цаашид сунгаж ажиллахгүй талаар мэдэгдэл хүргүүлсэн. Нийт зөөвөрлөсөн металл агуулсан элс болон хөрсийг нийлүүлж тооцвол 23,414.39 метр куб болно. Ийнхүү тооцвол гүйцэтгээгүй үүрэг 20,585.61 метр куб болно. Гэрээний үүргээ гүйцэтгээгүй хэдий ч бид хамтран ажиллаж байсан харилцаагаа харгалзан энэ талаар гомдол гаргахгүй, илүү төлсөн хөлсөө нэхэмжлэхгүй.

Харин хариуцагч гэрээнд заасан ажил болох 44,000 метр куб шороог бүрэн гаргаж ажилласан бол бид 9,4 кг алт олборлож, 1,412,400,000 төгрөг олох байсан юм. Иймд ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол буюу олох байсан орлогыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Бидний гэрээлж ажилласан уурхай болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт орших “Ямаан усны сайр” төслийн алтны шороо ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг “Газар илч” ХХК-иас гаргасан. Тус техник эдийн засгийн үнэлгээний дагуу 1 м3 элсний дундаж агуулга 214.63 мг байхаар тооцсон байна. /ТЭЗҮндэслэлийн 33 дугаар хуудас/

Өөрөөр хэлбэл хариуцагч нь гэрээт ажлаа гүйцэтгэсэн буюу 20,585.61 м.куб металл агуулсан элсийг гаргасан байсан бол 4,4 кг алт гарах байсан. Үүнээс алт угаах явцад хорогдох хэмжээг ТЭЗҮ-д 96%-р тооцсон бөгөөд 4,2 кг химийн цэвэр бүтээгдэхүүн гарах байжээ. Монгол банкны 2020 оны 5 сарын алтны ханш 1 унц нь 4,808,622.59 төгрөг бөгөөд 1 гр нь 155,116 төгрөг байсан. Үүнийг дунджаар 150,000 төгрөгөөр бодвол 630,000,000 төгрөг олох ёстой байжээ.

Хэрэв хариуцагч гэрээний үүргээ гүйцэтгэн үлдэх 20,585.61 метр куб металл агуулсан элсийг гаргасан байсан бол бид 4,2 кг алт гарган авч 630,000,000 төгрөг олох байсан. Бид уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч “Болд гянт болд” ХХК-тай байгуулсан 2020 оны 02 сарын 21-ний өдрийн 01/01/01 дугаар Хамтран ажиллах гэрээний 1.3-т заасны дагуу 70%-ийг авах байсан бөгөөд 441,000,000 төгрөгийн ашигтай ажиллах байсан. Гэхдээ хариуцагч “Таргилхайрхан” ХХК-тай хамтран ажиллах хугацаанд техник эвдэрсэн, хамтын эерэг харилцаатай байсан болон металл бүхий элснээс гаргаж авах алтны хэмжээг харгалзан тал хувийг нь хасаж 220,500,000 төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч “Таргилхайрхан” ХХК-ийн захирал Ж.Нэргүй сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “3 жилийн өмнөөс Ж.Нэргүй миний бие болон “Севен траст Монголиа” ХХК-ийн П.Баярсайхан бид хоёр Япон улсын иргэн Сакурасантай ярьж, судалсаар Япон явж энэ ажлыг эхлүүлэх болсон. Сакурасан бол “Севен Траст Монголиа” ХХК-ийн хөрөнгө оруулагч компанийн эзэн, П.Баярсайхан бол монгол дахь төлөөлөгч юм. Алтны уурхайг миний бие хайж олоод өөрийн техникээр олборлолт хийнэ гэж Сакуратай тохирсон байсан. Манай компани машин техникүүдтэй. “Болд гянт Болд” гэдэг компанийг олоод П.Баярсайханд хэлж Сакуратай гэрээ хийлгэсэн. Манай компани бол төлөөлөгч П.Баярсайхантай гэрээ хийсэн. Ажил эхлээд нэг сарын дараа гэнэт Сакура /Япон улсын иргэн/ гэрээгээ цуцалсан. Багын найз П.Баярсайхан даа итгэж явсан нь миний буруу байж. “Болд гянт Болд” ХХК П.Баярсайхан үгсэн хуйвалдаж анхнаасаа зохион байгуулалттай нэг сар ажиллуулаад болиулах төлөвлөгөөтэй байсан байна. Тэр нь олон зүйлээр батлагдаж байгаа юм . Би урт удаан хугацаанд тогтвортой том усан буугаар угаана гэж тохирсон боловч гэнэт “Болд гянт болд” ХХК-тай уулзсаны дараа 10 аад хоноод П.Баярсайхан, туршилтаар нэг сар бэлэн байгаа Скрубер /алт угаах машин/ дээр ажиллаад үзье тэр нь өдөрт 2000 метр куб угаадаг гэнээ гээд 1 сарын гэрээ байгуулсан. Тэр болтол том усан буу /алт угаах машин/ хийгдэнэ гэсэн. Багын найз П.Баярсайханд итгээд зөвшөөрсөн. Түрээсийн гэрээгээр ажиллая гэсэн чинь үгүй бүгдийг нь чи хариуцаад ажилла гэсэн. Бид нийт 377.800.000 төгрөг нэг сарын гэрээ хийсэн бөгөөд урьдчилгаа 150,000,000 төгрөгийг авсан боловч түлш 49,000,000 төгрөг, нүүх тээврийн зардал 40,000,000 төгрөг, хово-гурван ширхэг машины түрээсийн урьдчилгаа 15,000,000 төгрөг, Ланд 80 машин худалдаж авсан 15,000,000 төгрөг, хоол хүнсний зардал 22,500,000 төгрөг, цалингийн урьдчилгаа 7,800,000 төгрөг, түлэх нүүрс худалдаж авсан мөнгө 500,000 төгрөг, ажилчдын ирж буцах унааны зардал, сэлбэг зэрэгт зарцуулж дуусгасан. Нэхэмжлэгч компани энэ ажлаа сэтгэлээсээ хийсэн, 3 техникийн гэрээ хийсэн боловч 5 техник тээвэрлэж аваачсан .Эвдэрсэн тохиолдолд нөөцөд байсан 2 техникээрээ ажлаа жигд явуулж байсан. Уурхайд байх ажилчдын тоог 25 тооцсон боловч байнга 35-45 хүнийг хооллож ундалж зөөсөөр ирсэн. Гэрээ хийсэн скрубер /алт угаах машин/ өдөржин 2000 куб угаадаг гэсэн боловч байдал дээрээ 1000 куб угаасан. Гэрээнд тэр хуучин скруберийг бид нараар ажиллуулахаар тохирсон боловч бид нарыг ерөөсөө ойртуулаагүй. “Болд гянт болд” ХХК-ийн ажилчид, “Севен траст монголиа” ХХК-ний ажилчид мөн харуул хамгаалалтын 9 ажилтнаар ээлжээр ажиллуулж манай компани нэг ч ажилтанг ойртуулахгүй байсан. Гагцхүү өөрсдийн ажилчдаар л ажиллуулж байсан. Скруберийг эвдэрсэн үед манай механикийн ажилтан Чулуунбаатар очдог засдаг байсан. Скруберт ахиухан шороо хийгээд ажиллуулъя гэхээр эвдэрчихнэ хахна гээд чулууг нь ялгаж бага багаар хийж, хугацаа их алддаг байсан. Хэдэн килограмм алт олборлосныг бид нар мэдэхгүй, мэдэх ч эрхгүй, боломжийн төлөвлөснөөр гарсан гэж хэлдэг байсан. Хэрэв алт угаадаг машин нь бүрэн хүчин чадлаараа эсхүл багтаамж нь илүү байсан, манай компанийн ажилтан нараар угаалгасан бол манай компани шүүхэд яах гэж нэхэмжлэл гаргах билээ. Япончуудад 4 дүгээр сарын 20-ний өдөр ажил эхэлсэн мэтээр ойлгуулсан байсан гэтэл техникээ 10 хоног зөөсөн хугацааг ажилласнаар ойлгуулсан байсан. Сар дуусах үед эд нар ноён Сакура сан руу ярьж гэрээг цуцлуулсан. Сарын дараа маркшейдерийн тайлан гаргахад 97 хувийн гүйцэтгэлтэй гарсан байсан. Иймээс бид ажлаа сайн хийсэн гэж үзэж байна. Дараа нь ноён Сакура сантай япон хэлтэй хүнээр яриулсан Нэргүй ийм юм болсонд уучлаарай чамайг хохиролгүй болгоно гэсэн мөнгө шилжүүлээд манай компанийн ажилчдын цалин, түрээсийн машинуудын төлбөрийг өгсөн. Мөнгийг чинь өгнө гэж хэлсэн ковид гээд ирж чадахгүй байгаа.  Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэв. 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Таргилхайрхан” ХХК хариуцагч “Севен траст монголиа” ХХК-д холбогдуулан “ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 183,080,000 төгрөг, техникүүдийн буцах зардалд 39,000,000 төгрөг, 12 хүний хоолны зардалд 7,200,000 төгрөг, нийт 229,280,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал “тохиролцсон ажлаа бүрэн хийгээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Зохигчдын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч тал гэх “Таргилхайрхан” ХХК Болд гянт Болд ХХК-ийн эзэмшлийн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Дугуй хэмээх газарт орших ЭмВи /MV/ 021169 дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэй талбайд олборлолт явуулах, ажиллуулагч гэх “Севен траст монголиа” ХХК 377,580,000 төгрөгийн хөлс төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна.

 

Талуудын хооронд ажил гүйцэтгэх нэртэй гэрээ байгуулагдсан байх боловч зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан гэрээний нөхцөлд тохирсон, хуульд нийцсэн хөлсөөр ажиллах гэрээ байна.

 

Талууд гэрээний зүйлийг “Болд гянт Болд” ХХК-ийн эзэмшлийн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Дугуй хэмээх газарт орших ЭмВи /MV/ 021169 дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэй талбайд олборлолт явуулах гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 359 дүгээр зүйлийн 359.2-т заасан “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэсэнд нийцжээ.

 

Ажиллагч тал “Таргилхайрхан” ХХК нь “Болд гянт Болд” ХХК-ийн эзэмшлийн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Дугуй хэмээх газарт орших ЭмВи /MV/ 021169 дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэй талбайд Хьюндай 520 маркийн 40-68 УН улсын дугаартай экскаватор, Хьюндай 3000 маркийн 24-87 УН улсын дугаартай экскаватор, Сэм 650В маркийн 89-60 УН улсын дугаартаа ковш, Хово маркийн 11-35 УНЕ улсын дугаартай ачааны машин /самосвал/, Хово маркийн 68-10 УНЕ улсын дугаартай ачааны машин /самосвал/, Хово маркийн 86-49 УБЗ улсын дугаартай ачааны машин /самосвал/, Тоёота ланд крузер 80 маркийн 18-54 ДАХ улсын дугаартай автомашиныг 2020 оны 5 сарын 3-ны өдрөөс 2020 оны 5 сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллуулж, 23,414.39 м.куб хэмжээтэй олборлолтын ажил хийсэн болох нь зохигчдын тайлбар, 2020 оны 5 сарын маркейдерийн ажлын тайлан, гэрчийн мэдүүлэг, хэргийн үйл баримт зэргээр тогтоогдож байх ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “гэрээгээр хоногт 2,000 м.куб, нийт 44,000 м.куб алт агуулсан элс олборлохоор тохиролцсон, 20,585.61 м.куб металл агуулсан элсийг дутуу олборлосон” гэж тайлбарлаж байх боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.9-д “гүйцэтгэгч тал нь хоногт 2,000 м.куб шороог тээвэрлэж, угаах талбайд буулгах, баяжуулах ажлыг гүйцэтгэнэ. Сарын ажлын хоногийг 22 хоногоор тооцно”, 4.2-т “захиалагч тал нэг өдөрт 2,000 м.куб металл агуулсан элс олборлох нөхцөлтэйгээр хавсралтын дагуу төлбөрийг тооцож гүйцэтгэгч талд шилжүүлнэ” гэх заалтуудаар ажиллагч талын хүлээсэн үүргийг тодорхойлох боломжгүй, уг заалтууд хоорондоо зөрчилтэй байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрээ, хавсралт, гэрч Д.Шаравжамцын “...Болд гянт Болд ХХК-ийн эзэмшдэг талбайд олборлолт явуулахад уулын инженерээр 2020 оны 5 сарын 3-ны өдрөөс 2020 оны 5 сарын 24-ний өдрийг дуустал ажилласан. Болд гянт Болд ХХК-ийн ажилчид удирдаж, толгойлж ажилласан. Олборлолт хийх төлөвлөгөө байгаагүй, “Тарилхайрхан” ХХК-ийн экскаватор, техникүүдийн хийсэн ажлуудыг тооцож маркшейдерийн тайланг бичсэн....” гэх мэдүүлэг, хэргийн үйл баримт зэргээр “Таргилхайрхан” ХХК хоногт 2,000 м.куб металл агуулсан баяжмал олборлох үүрэг хүлээсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Гэрээний 1.2-т “Олборлолт” гэж: хөрс хуулалт, металл агуулсан элсийг ачиж тээвэрлэх, баяжуулах, нөхөн сэргээлт хийх үйл явцыг хамааруулан ойлгоно гэж заажээ.

Талууд ....хөрс хуулах, металл агуулсан элсийг ачих, тээвэрлэх, баяжуулах, нөхөн сэргээлт хийх.... зэрэг ажлуудын хэмжээ, нэг бүрийн үнэ, нийт үнийг тохиролцсон нь гэрээ, хавсралт, гэрчийн мэдүүлэг, маркшейдерийн ажлын тайлан зэргээр тогтоогдохгүй байх тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч тал нэхэмжлэгч талаас ажлын үр дүн шаардах эрхгүй.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ... тоног төхөөрөмжөө түрээсээр ажиллуулах зорилготой байсан, хариуцагч компанийн захирал П.Баярсайхантай багын найз учраас түүний хэлснээр ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурсан, хөрс хуулах, ачих, баяжмалаа ачих, усан бууны аман дээр буулгах, угаах скруберийн ам уруу хийж өгөх, ухсан нүхээ ковшоор түрж бөглөх, устай холилдсон шаврыг ачиж нүх үрүү хийх, ковшоор түрж тэгшлэх зэрэг ажлуудыг хийхээр тохиролцсон. Баяжмал угааж, алт авах ажлыг “Болд гянт болд” ХХК болон “Севен траст монголиа” ХХК-ийн ажилчид хариуцаж ажилласан, биднийг алт угаах ажил уруу ойртуулаагүй” гэх тайлбар нь үндэслэлтэй, хэргийн үйл баримттай нийцэж байна.

 

Гэрээгээр талууд хөлсөөр ажиллах хугацааг 2020 оны 4 сарын 22-ны өдрөөс эхлэн 2020 оны 5 сарын 22-ны өдөр дуусахаар тохиролцсон байх ба гэрээний хугацаа дууссанаар ажиллуулагч болох  “Севен траст монголиа” ХХК үргэлжлүүлж ажиллуулахгүй талаар мэдэгдэж гэрээг дуусгавар болгосон болох нь зохигчийн тайлбар, “Севен траст монголиа” ХХК-ийн 2020 оны 5 сарын 25-ны өдрийн 20/09 дугаартай мэдэгдэл зэргээр тогтоогдож байх ба Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д заасан “Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно” гэсэнд нийцсэн байна.

 

Ажиллуулагч болох  “Севен траст монголиа” ХХК-иас ажиллагч тал “Таргилхайрхан” ХХК-д 2020.04.17-нд 80,000,000 төгрөг, 2020.04.22-нд 70,000,000 төгрөг, 2020.07.01-нд 20,000,000 төгрөг, 2020.07.01-нд 20,500,000 төгрөг, 2020.07.01-нд 100,000 төгрөг, 2020.07.08-нд 3,900,000 төгрөг, нийт 194,500,000 төгрөг төлсөн болох нь Голомт банкны төлбөрийн баримтууд, “Севен траст монголиа” ХХК-ийн санхүүгийн тамга бүхий дансны хуулга зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

Гэрээний дагуу ажиллуулагч тал 377,580,000 төгрөг төлөх үүрэгтэй байснаас төлсөн 194,500,000 төгрөгийг хасахад хөлсөөр ажиллах гэрээний үлдэгдэл төлбөрт 183,080,000 төгрөг нэхэмжилж байгааг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

Гэрээний хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болсон байх ба гэрээгээр техникүүдийн Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот уруу ирэх зардал 39,000,000 төгрөгийг “Севен траст монголиа” ХХК хариуцах үүрэг хүлээгээгүй байх тул гаргуулах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч тал Болд гянт Болд ХХК болон Севен траст монголиа ХХК-ийн 12 ажилчдыг хооллосон зардалд хоногт 20,000 төгрөгөөр тооцож, 30 хоногт 7,200,000 төгрөг нэхэмжилж байна.

 

Талууд гэрээгээр 25 хүн хоногт 20,000 төгрөгөөр тооцож, 30 хоногт 15,000,000 төгрөгөөр тохиролцсон байх ба нэмж 7,200,000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэх баримтгүй, хариуцагч тал 7,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Севен траст монголиа ХХК-д 12 ажилчдын 30 хоногийн хоолны зардалд 7,200,000 төгрөгийг хариуцуулах үндэслэлгүй.

 

Дээр дурдсанаас дүгнэж, хариуцагч “Севен траст монголиа” ХХК-иас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 183,080,000  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Таргилхайрхан” ХХК-д олгож, нэхэмжлэлээс техникүүдийг буцаах тээврийн зардал 39,000,000 төгрөг, 12 ажилчдын хоолны зардал 7,200,000 төгрөг, нийт 46,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар

 

Хариуцагч “Севен траст монголиа” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Таргилхайрхан” ХХК-д холбогдуулан “гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болох олох ёстой байсан орлогод 220,500,000 төгрөгийг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч тал “алт угаах ажлыг хариуцаагүй” гэх  үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ... 20,585.61 м.куб металл агуулсан элс олборлох үүргээ бүрэн биелүүлсэн бол 4.2 кг алт гарган авч 630,000,000 төгрөг олох байсан. Хамтын ажиллагаагаа бодолцож 220,500,000 төгрөгийг гаргуулна... гэж тайлбарлаж байна.

 

“Таргилхайрхан” ХХК хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэргийн үйл баримтаар тогтоогдсон.

 

Ажиллагч тал болох “Таргалхайрхан” хоногт 2,000 м.куб алт агуулсан элс олборлох үүрэг хүлээсэн нь тогтоогдоогүй тул хариуцагч тал ажлын үр дүн шаардах эрхгүй, “Таргилхайрхан” ХХК-иас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болох олох ёстой байсан орлого гаргуулах үндэслэл гэрээ болон хуульд зааснаар үүсээгүй гэж үзэв.

 

Иймд хариуцагч “Таргилхайрхан” ХХК-иас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болох олох ёстой байсан орлогод 220,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Севен траст монголиа” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Севен траст монголиа” ХХК-иас 183,080,000 /нэг зуун наян гурван сая наян мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Таргилхайрхан” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 46,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан  хариуцагч “Таргилхайрхан” ХХК-иас 220,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Севен траст монголиа” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,304,350 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 1,260,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Севен траст монголиа” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,073,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Таргилхайрхан” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Д.БАТЦЭЦЭГ