Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01362

 

 

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01362

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/01778 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 183 080 000 төгрөг, техникүүдийн буцах зардалд 39 000 000 төгрөг, 12 хүний хоолны зардалд 7 200 000 төгрөг, нийт 229 280 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, хохирол 220 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Н нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бхариуцагчийн өмгөөлөгч П.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК, С ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Хьюндай 520 маркийн 4068 УН улсын дугаартай экскаватор, Хьюндай 3000 маркийн 2487 УН улсын дугаартай экскаватор, Сэм 650В маркийн 8960 УН улсын дугаартаа ковш, Хово маркийн 11-35 УНЕ улсын дугаартай ачааны машин /самосвал/, Хово маркийн 6810 УНЕ улсын дугаартай ачааны машин /самосвал/, Хово маркийн 8649 УБЗ улсын дугаартай ачааны машин /самосвал/ мөн Тоёота ланд крузер 80 маркийн 1854 ДАХ улсын дугаартай автомашиныг үйлчилгээний зориулалттай Говь-алтай аймаг, Есөн булаг сумын нутагт байрлах ЭмВи MV021169 дугаар бүхий алтны уурхайд ажиллуулсан. Дээрх техник болон автомашинуудын жолооч /оператор/, засвар үйлчилгээ, түлш, зөөвөрлөх тэдгээртэй холбоотой бүхий л зардлыг өөрөөсөө гаргасан. Анхлан гэрээ байгуулахдаа нэг сарын хугацаатай гэж бичээд цаашид сунгалт хийсээр 2020 оны 11 дүгээр сарыг дуустал ажиллана гэж хэлээд Улаанбаатар хотоос дээрх 7 техник болон автомашин, ажилчдыг явуулсан. Нэг сарын түрээсийн төлбөр 377 580 000 төгрөг боловч өнөөдрийн байдлаар 194 500 000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 183 080 000 төгрөгийг огт төлөөгүй болно. Мөн дээрээс нь гэрээнд зааснаар техникүүдийг буцаах тээврийн зардал 39 000 000 төгрөг, 12 хүний сарын хоолны зардалд 7 200 000 төгрөгийг хариуцагч тал төлөөгүй байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 229 280 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Т ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр №1 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу гүйцэтгэгч тал буюу Т ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий талбайд өөрийн болон түрээсийн тоног төхөөрөмжөөр, өөрийн ажиллах хүчээр олборлолтын үйл ажиллагаа явуулах, захиалагч нь гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр тохирсон. Мөн гүйцэтгэгч тал нь олборлолт явуулахад шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангах, ажиллах хүчийг ажиллуулах байсан. Гэрээний хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 1 сар байх, хэрэв талууд тохиролцвол гэрээний хугацааг сунгахаар гэрээнд заасан. Гүйцэтгэгч буюу Т ХХК нь гэрээний дагуу 1 сард 22 хоног ажиллаж, тус хугацаандаа 22*2000 метр куб буюу 44,000 метр куб металл агуулсан шороог олборлох ёстой байсан. Гэвч маркшейдерийн тайлангаар 5,959 метр куб сийрэгжсэн металл агуулсан элс бэлдсэн. Гэрээнд заасан шаардлага хангаагүй тул бид гэрээний хугацааг дахин сунгахгүй байхаар шийдэж, мэдэгдэл хүргүүлсэн. Гэрээний хавсралтад зааснаар 22 хоногт нийт 44,000 метр куб шороог гаргасан тохиолдолд 377 580 000 төгрөгийн хөлс төлөхөөр тохирсон болно. Бид өнөөдрийн байдлаар гүйцэтгэгч талд 194 500 000 төгрөг төлсөн байна. 1 метр куб шороо гаргах ажлын хөлс нь 8 581.36 төгрөг бөгөөд гүйцэтгэлийг тооцож үзвэл 5,959 метр куб*8,581.36=51 136 324.24 төгрөг болно. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч нь 51 136 324.24 төгрөгийн ажил гүйцэтгэсэн бөгөөд бид 194 500 000 төгрөгийг төлсөн байна. Нэхэмжлэлд дурдаж буй техникийг буцаах тээврийн зардал болон ажиллах хүчний хоолны зардлыг бид хариуцахаар тохироогүй бөгөөд гэрээний 2.4.1, 2.4.2-т гүйцэтгэгч дээрх зардлыг өөрөө хариуцахаар тохирсон байгаа. Гэрээний хавсралтад заасан зардлын задаргааны дагуу тээврийн зардал болон ажилчдын хоолны зардал нь багтаад нийт 377 580 000 төгрөг болохоор заасан. Гэрээнд тээврийн хэрэгслийн очих зардлыг төлөхөөр заасан болохоос буцаж ирэх зардлыг төлөх талаар тохиролцоогүй. Техникийг буцаах тээврийн зардал 39 000 000 төгрөг, хоолны зардал 7 200 000 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Гүйцэтгэгч тал техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байснаас гэрээгээр тохиролцсон хэмжээнээс дутуу шороо олборлож биднийг хохироосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу Т ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий талбайд өөрийн болон түрээсийн тоног төхөөрөмжөөр, өөрийн ажиллах хүчээр олборлолтын үйл ажиллагаа явуулах, манайх гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр тохирсон. Гүйцэтгэгч тал нь олборлолт явуулахад шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангах, ажиллах хүчийг ажиллуулах байсан. Гэрээний хугацаа 1 сар байх, хэрэв талууд тохиролцвол гэрээний хугацааг сунгахаар гэрээнд заасан. Т ХХК нь 44 000 метр куб металл агуулсан буюу баяжмал бүхий элсийг олборлох үүрэгтэй, ийнхүү олборлосон тохиолдолд С ХХК нь 377 580 000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохирсон байсан. Гэвч хариуцагч нь 5 958.95 метр куб металл агуулсан элсийг олборлосон, 17 455.44 метр куб хөрс хуулсан байдаг. Энэ нь 2020 оны 5 дугаар сарын Маркшейдерийн ажлын тайланаар нотлогддог, талууд ч хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг. Хариуцагч Т ХХК нь ажлыг тогтоосон хугацаа буюу 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор доголдолгүй буюу 44,000 метр куб металл агуулсан элс гаргаж ажиллаж чадаагүй. Тиймээс ч бид гэрээг цаашид сунгаж ажиллахгүй талаар мэдэгдэл хүргүүлсэн. Нийт зөөвөрлөсөн металл агуулсан элс болон хөрсийг нийлүүлж тооцвол 23 414.39 метр куб болно. Ийнхүү тооцвол гүйцэтгээгүй үүрэг 20 585.61 метр куб болно. Гэрээний үүргээ гүйцэтгээгүй хэдий ч бид хамтран ажиллаж байсан харилцаагаа харгалзан энэ талаар гомдол гаргахгүй, илүү төлсөн хөлсөө нэхэмжлэхгүй. Харин хариуцагч гэрээнд заасан ажил болох 44 000 метр куб шороог бүрэн гаргаж ажилласан бол бид 9,4 кг алт олборлож, 1 412 400 000 төгрөг олох байсан юм. Иймд ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол буюу олох байсан орлогыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Бидний гэрээлж ажилласан уурхай болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт орших Ямаан усны сайр төслийн алтны шороо ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг Г ХХК-иас гаргасан. Тус техник эдийн засгийн үнэлгээний дагуу 1 метр куб элсний дундаж агуулга 214.63 мг байхаар тооцсон байна. Хариуцагч нь гэрээт ажлаа гүйцэтгэсэн буюу 20 585.61 м.куб металл агуулсан элсийг гаргасан байсан бол 4,4 кг алт гарах байсан. Үүнээс алт угаах явцад хорогдох хэмжээг ТЭЗҮ-д 96 хувиар тооцсон бөгөөд 4,2 кг химийн цэвэр бүтээгдэхүүн гарах байжээ. Монгол банкны 2020 оны 5 сарын алтны ханш 1 унц нь 4 808 622.59 төгрөг бөгөөд 1 гр нь 155 116 төгрөг байсан. Үүнийг дунджаар 150 000 төгрөгөөр бодвол 630 000 000 төгрөг олох ёстой байжээ. Хэрэв хариуцагч гэрээний үүргээ гүйцэтгэн үлдэх 20 585.61 метр куб металл агуулсан элсийг гаргасан байсан бол бид 4,2 кг алт гарган авч 630 000 000 төгрөг олох байсан. Бид уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч Болд гянт Болд ХХК-тай байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/01/01 дугаар хамтран ажиллах гэрээний 1.3-т заасны дагуу 70 хувийг авах байсан бөгөөд 441 000 000 төгрөгийн ашигтай ажиллах байсан. Гэхдээ хариуцагч Т ХХК-тай хамтран ажиллах хугацаанд техник эвдэрсэн, хамтын эерэг харилцаатай байсан болон металл бүхий элснээс гаргаж авах алтны хэмжээг харгалзан тал хувийг нь хасч 220 500 000 төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3 жилийн өмнөөс Ж.Н миний бие болон С ХХК-ийн П.Б бид хоёр Япон улсын иргэн Сакурасантай ярьж, судалсаар Япон явж энэ ажлыг эхлүүлэх болсон. Сакурасан бол С ХХК-ийн хөрөнгө оруулагч компанийн эзэн, П.Б бол монгол дахь төлөөлөгч юм. Алтны уурхайг миний бие хайж олоод өөрийн техникээр олборлолт хийнэ гэж Сакуратай тохирсон байсан. Манай компани машин техникүүдтэй. Болд гянт Болд гэдэг компанийг олоод П.Бд хэлж Сакуратай гэрээ хийлгэсэн. Манай компани бол төлөөлөгч П.Бтай гэрээ хийсэн. Ажил эхлээд нэг сарын дараа гэнэт Сакура /Япон улсын иргэн/ гэрээгээ цуцалсан. Болд гянт Болд ХХК-тай П.Б үгсэн хуйвалдаж анхнаасаа зохион байгуулалттай нэг сар ажиллуулаад болиулах төлөвлөгөөтэй байсан байна. Би урт удаан хугацаанд тогтвортой том усан буугаар угаана гэж тохирсон боловч гэнэт Болд гянт Болд ХХК-тай уулзсаны дараа 10 аад хоноод П.Б, туршилтаар нэг сар бэлэн байгаа Скрубер /алт угаах машин/ дээр ажиллаад үзье тэр нь өдөрт 2000 метр куб угаадаг гэнээ гээд 1 сарын гэрээ байгуулсан. Тэр болтол том усан буу /алт угаах машин/ хийгдэнэ гэсэн. П.Бд итгээд зөвшөөрсөн. Бид нийт 377 800 000 төгрөг нэг сарын гэрээ хийсэн бөгөөд урьдчилгаа 150 000 000 төгрөгийг авсан боловч түлш 49 000 000 төгрөг, нүүх тээврийн зардал 40 000 000 төгрөг, хово-гурван ширхэг машины түрээсийн урьдчилгаа 15 000 000 төгрөг, Ланд 80 машин худалдаж авсан 15 000 000 төгрөг, хоол хүнсний зардал 22 500 000 төгрөг, цалингийн урьдчилгаа 7 800 000 төгрөг, түлэх нүүрс худалдаж авсан мөнгө 500 000 төгрөг, ажилчдын ирж буцах унааны зардал, сэлбэг зэрэгт зарцуулж дуусгасан. Нэхэмжлэгч компани энэ ажлаа сэтгэлээсээ хийсэн, 3 техникийн гэрээ хийсэн боловч 5 техник тээвэрлэж аваачсан .Эвдэрсэн тохиолдолд нөөцөд байсан 2 техникээрээ ажлаа жигд явуулж байсан. Уурхайд байх ажилчдын тоог 25 тооцсон боловч байнга 35-45 хүнийг хооллож ундалж зөөсөөр ирсэн. Гэрээ хийсэн скрубер /алт угаах машин/ өдөржин 2000 метр куб угаадаг гэсэн боловч бодит байдалд 1000 метр куб угаасан. Гэрээнд тэр хуучин скруберийг бид нараар ажиллуулахаар тохирсон боловч бид нарыг ерөөсөө ойртуулаагүй. Болд гянт Болд ХХК-ийн ажилчид, С ХХК-ийн ажилчид мөн харуул хамгаалалтын 9 ажилтнаар ээлжээр ажиллуулж манай компани нэг ч ажилтанг ойртуулахгүй байсан. Гагцхүү өөрсдийн ажилчдаар л ажиллуулж байсан. Скруберийг эвдэрсэн үед манай механикийн ажилтан н.Чулуунбаатар очдог засдаг байсан. Скруберт ахиухан шороо хийгээд ажиллуулъя гэхээр эвдэрчихнэ хахна гээд чулууг нь ялгаж бага багаар хийж, хугацаа их алддаг байсан. Хэдэн килограмм алт олборлосныг бид нар мэдэхгүй, мэдэх ч эрхгүй, боломжийн төлөвлөснөөр гарсан гэж хэлдэг байсан. Сар дуусах үед ноён Сакура сан руу ярьж гэрээг цуцлуулсан. Сарын дараа маркшейдерийн тайлан гаргахад 97 хувийн гүйцэтгэлтэй гарсан байсан. Иймээс бид ажлаа сайн хийсэн гэж үзэж байна. Дараа нь ноён Сакура сантай Япон хэлтэй хүнээр яриулсан Ж.Н ийм юм болсонд уучлаарай чамайг хохиролгүй болгоно гэсэн мөнгө шилжүүлээд манай компанийн ажилчдын цалин, түрээсийн машинуудын төлбөрийг өгсөн. Мөнгийг чинь өгнө гэж хэлсэн ковид гээд ирж чадахгүй байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 183 080 000 /нэг зуун наян гурван сая наян мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс 46 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 220 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1 304 350 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 1 260 450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 073 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь талуудын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд шүүхээс үүнийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэжээ. Дээрх гэрээний гол нөхцөл нь гүйцэтгэгч тал буюу Т ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий талбайд өөрийн болон түрээсийн тоног төхөөрөмжөөр, өөрийн ажиллах хүчээр олборлолтын үйл ажиллагааг явуулах, захиалагч буюу С ХХК нь гэрээнд заасан төлбөрийг төлөх байсан. Уг гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ юм. Талуудын хооронд байгуулсан гэрээний тохиролцоо ёсоор Т ХХК-ийн гүйцэтгэх ажил нь дээрх талбайд хоногт 2000 метр куб шороог тээвэрлэж, угаах талбайд буулгах, баяжуулах ажлыг хийж гүйцэтгэх байсан. Өөрөөр хэлбэл зөвхөн ажил, үйлчилгээ үзүүлэх бус түүний гүйцэтгэх ажлын үр дүн нь тодорхой байгаа.

Т ХХК-ийн хувьд гэрээгээр тохирсоны дагуу ажлын үр дүнг нийлүүлэх үүрэгтэй, өөрийн техник хэрэгслээр ажлыг гүйцэтгэхээр тохирсон болох нь тодорхой байна. Иймд шүүхээс талуудын хооронд үүссэн харилцааг хэт нэг талыг барьж, зөвхөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар мэдүүлэгт үндэслэж тогтоосон гэж үзэж байна. Уг нь бичгийн нотлох баримт болох гэрээнд заасны дагуу талуудын хооронд үүссэн харилцааг тогтоох учиртай. Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгч нь үйл баримтыг гуйвуулан шүүхийг төөрөгдүүлсэн гэж үзэж байна. Гэрээний дагуу Т ХХК нь ажлыг бүрэн гүйцэтгэснээр С ХХК нь хөлс төлөх үүрэг үүснэ. Гэтэл тэд гэрээгээр тохирсон үүргээ бүрэн гүйцэтгээгүй. Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал тайлбартаа ч ганц л өдөр бүрэн ажилласан гэж хэлж байсан. Түүнчлэн гэрч Шаравжамцын мэдүүлсэн болон Маркшейдерийн тайланд дурдсанаар ажил гүйцэтгэгч Т ХХК нь гэрээгээр тохиролцсон металл агуулсан элс буюу баяжмалыг 5 958.95 метр куб олборлосон болох нь тогтоогддог.

Гүйцэтгэгч буюу Т ХХК нь гэрээний дагуу 1 сард 22 хоног ажиллаж, тус хугацаандаа 22*2000 метр куб буюу 44,000 метр куб метал агуулсан шороог олборлох ёстой байсан. Өөрөөр хэлбэл гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй. Мөн гүйцэтгэгч тал нь олборлолт явуулахад шаардлагатай техник тоног төхөөрөмж, ажиллах хүчийг өөрөө гаргах ёстой байсан бөгөөд үүний хэвийн, бүрэн бүтэн ажиллагааг өөрсдөө хариуцах ёстой. Гэтэл ажиллах хугацаанд удаа дараа техник нь эвдэрч, ажиллаж чадаагүй. Гэрээний хавсралтад зааснаар 22 хоногт нийт 44 000 метр куб шороог гаргасан тохиолдолд 377 580 000 төгрөгийн хөлс төлөхөөр тохирсон болно. Гэтэл дээрх ажил гүйцэтгэгдээгүй тул хариуцагч үлдсэн ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээхгүй.

Гэрээг анх байгуулахдаа 2 тал гэрээний гол нөхцөл болох өдөрт 2000 метр куб металл агуулсан элс олборлох, хөлс төлөх талаар харилцан тохиролцсон байсан. Манай компанийн зүгээс өөрсдийн саналыг хангалттай тодорхой илэрхийлсэн бөгөөд Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Н нь тийм хэмжээний ажил гүйцэтгэхэд шаардлагатай техник тоног төхөөрөмж, ажиллах хүч, хоол хүнс, шатахуун зэрэг бүхий л зардлын тооцооллыг гаргаж, ашгаа шингээсэн дүнг санал болгосон. Бид түүнд нь үндэслэн харилцан тохиролцож дээрх ажил гүйцэтгэх гэрээний хавсралтыг баталсан. Бид үнэхээр энэ хэмжээгээр ажиллахад 2000 метр куб металл агуулсан элс олборлож чадах юм байна гэж тэдэнд итгэсэн тул зах зээлийн ханшаас өндөр дүн байсан ч хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж буйгаа аль аль нь сайн мэдэж, түүнд тохирсон ажил гүйцэтгэх, хөлс төлөхөөр тохирсон юм. Т ХХК нь дээрх хэмжээний ажил гүйцэтгэхэд шаардагдах бүхий л ажлыг хийж гүйцэтгэж, хоол хүнс, орон байр зэргийг хангах ёстой байсан. Тиймээс Т ХХК болон С ХХК нар нь зөвхөн шороо ухахаар тохиролцоогүй, харин талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан юм. Шүүхээс үзсэнчлэн хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байлаа ч ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа ажлын хөлсийг төлөх учиртай. Гэтэл Т ХХК нь өөрсдийн техникийн эвдрэлийн улмаас ажил үйлчилгээг бүрэн гүйцэтгээгүй. Тиймээс аль ч тохиолдолд ажлын хөлсийг төлөх үүрэг үүсэхгүй юм. Түүнчлэн шүүхээс ...хариуцагч тал нэхэмжлэгч талаас ажлын үр дүн шаардах эрхгүй... гэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Гэтэл дээр дурдсанчлан талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан тул дээрх шаардах эрх ч мөн үүссэн байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 183 000 000 төгрөг, техник буцаасан зардалд 39 000 000 төгрөг, хоолны зардал 7 200 000 төгрөг нийт 229 280 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд олох ёстой байсан орлого 220 500 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Талуудын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр тусгай зөвшөөрөл бүхий талбайд гүйцэтгэгч тал нь өөрийн болон түрээсийн тоног төхөөрөмжөөр, өөрийн ажиллах хүчээр олборлолтын үйл ажиллагаа явуулахаар, захиалагч тал нь гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Дээрх гэрээгээр зохигчдын хүлээсэн эрх үүрэг, гүйцэтгэсэн ажлын шинж зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж гэрээний харилцааг буруу тодорхойлсныг залруулна.

 

Уг гэрээнд төлбөр төлөх нөхцлийг хавсралтанд нэг хоногт 20 цаг ажиллаж 2000 м.куб шороо угаана. Ажлын нийт зардлыг 377 580 000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохирчээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний 3.9-т заасан 2000 м.куб шороог тээвэрлэж, угаах талбайд буулгах, баяжуулах ажлыг гүйцэтгэхээр тохирсон гэж, хариуцагч нь гэрээний 4.2-т заасан өдөрт 2000 м.куб металл агуулсан элс олборлохоор тохирсон гэж тус тус зөрүүтэй тайлбар гарган маргажээ.

 

Талууд ажлын хөлсөнд 194 500 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар хэн аль нь маргахгүй, харин гэрээгээр 2000 м.куб шороог тээвэрлэж, угаах талбайд буулгах, баяжуулах ажлыг гүйцэтгэхээр тохирсон уу эсхүл өдөрт 2000 м.куб металл агуулсан элс олборлохоор тохирсон эсэх талаар зохигчид маргаж байна.

 

Талууд гэрээгээр хийж гүйцэтгэх ажлыг олборлолтын үйл ажиллагаа явуулах гэсэн байх бөгөөд гэрээний 1.2-т олборлолт гэж хөрс хуулалт, металл агуулсан элсийг ачиж тээвэрлэх, баяжуулах, нөхөн сэргээлт хийх үйл явцыг хамааруулжээ.

 

Гэрч Д.Шаравжамц шүүхэд баяжмал нь алт агуулсан шороо, хөрс гэдэг нь алттай шорооны дээд талд байгаа хаягдал шороо, уулын цул гэдэг баяжмал, хөрс хоёрыг хэлдэг... металл агуулсан бол баяжмал гэдэг... 4 965.79 м.куб баяжмал олборлосон ... төлөвлөсөн нь 24 200 м.куб, 23 414.39 м.куб уулын цул гэсэн нь сийрэгжсэн баяжмал хөрс хоёрын нийлбэр тоо ... гүйцэтгэл нь 97 хувь юм ... техникийн хүчин чадлаар тооцсон... төлөвлөгөөг ажил эхлэхээс өмнө гаргах ёстой байдаг боловч энэ төлөвлөгөөг ажил хийгдсний дараа гаргасан гэх агуулга бүхий мэдүүлэг өгчээ.

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлд Вертекс ХХК нь Маркшейдерийн ажлын тайлан гаргасан, уг тайланд 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар металл агуулсан элс 5 958.95 м.куб олборлож, 17 455.44 м.куб хөрсийг хуулсан нийт уулын цул 23 414.39 м.куб, төлөвлөгөө 24 200 м.куб, гүйцэтгэл 97 хувь гэжээ. Энэхүү тайланг талуудын хэн аль нь зөвшөөрсөн маргахгүй байна.

 

Талуудын тайлбар, гэрээ, гэрээний хавсралт болон маркшейдерийн ажлын тайлан, гэрч Д.Шаравжамцын мэдүүлэг зэрэг баримтыг харьцуулан үнэлбэл зохигчид хоногт 2000 м.куб шороог тээвэрлэж, угаах талбайд буулгах, баяжуулах ажлыг хийж гүйцэтгэх, сарын ажлыг 22 хоногоор тооцож, 377 580 000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байгааг дараах байдлаар зөвтгөх боломжтой.

 

Нэхэмжлэгч нь 23 414.39 м.куб шороог тээвэрлэж, угаах талбайд буулгах, баяжуулах ажил гүйцэтгэсэнийг гэрээгээр хүлээсэн 44 000 м.куб шороог олборлох ажлын 53,21 хувь буюу 200 910 318 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн 200 910 318 төгрөгийн ажлын хөлснөөс хариуцагчийн төлсөн 194 500 000 төгрөгийг хасч тооцон 6 410 318 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Түүнчлэн талууд гэрээгээр техник, тоног төхөөрөмжийн буцах зардлыг төлөх үүрэг хүлээгээгүй тул 39 000 000 төгрөг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэж, мөн гэрээгээр 25 хүний хоол хүнсэд 15 000 000 төгрөг төлөхөөр тохирсон тул нэмж 12 хүний хоол хүнсний зардалд 7 200 000 төгрөг төлөхөөр үүрэг хүлэээсэн гэх байдал нотлогдоогүй гэж дүгнэж тус тус анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг 44 000 м.куб металл агуулсан элс олборлох үүрэг хүлээсэн ийнхүү үүргээ биелүүлээгүйгээс ирээдүйд олох байсан алтны хэмжээг харгалзан тал хувь болох 220 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах үндэслэлгүй болно.

 

Учир нь талууд гэрээгээр ажлын 22 хоногт 44 000 м.куб шороог тээвэрлэж, угаах талбайд буулгах, баяжуулахаар тохиролцсон нь тогтоогдсон тул зөвхөн 44 000 м.куб металл агуулсан элс олборлохоор тохиролцсон гэж үзэхгүй.

 

Иймд нэхэмжлэгчийг 44 000 м.куб металл агуулсан элс олборлох үүрэг зөрчсөн гэж буруутгах боломжгүй тул ирээдүйд олох байсан орлого болох 220 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/01778 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 359 дүгээр зүйлийн 359.1 гэснийг 343 дугаар зүйлийн 343.1, 183 080 000 /нэг зуун наян гурван сая наян мянга/ гэснийг 6 410 318 гэж, 46 200 000 гэснийг 222 869 682 гэж тус тус өөрчлөн,

тогтоох хэсгийн 3 дах заалтын 1 073 350 гэснийг 117 516 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 073 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ