Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2021/00907

 

                                         

 

 

 

 

 

 

   2021          03          23

                101/ШШ2021/00907

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.О холбогдох,

 

Гэрээний үүрэгт 8,126,822.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн, хариуцагч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч “Г” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г нь А.Отой 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/КР/161215041 дугаартай гэрээгээр 3,000,000 төгрөгийн эрхтэй кредит картыг жилд бэлэн гүйлгээнд 42 хувь, бэлэн бус 24 хувь, хугацаа хэтрүүлсний 12 хувь, эрх хэтрүүлсний 24 хувийн тус тус хүүтэйгээр, 24 сарын хугацаатай олгосон. Гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дууссан боловч төлбөрөө төлөлгүй, картын төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:

 

 

Олгосон/бодогдсон

Төлсөн

Үлдэгдэл

Үндсэн төлбөр

3,870,497

890,000

2,980,497

Бэлэн гүйлгээний хүү

1,729,264.27

0

 

2,557,759.61

Бэлэн бус гүйлгээний хүү

828,495.34

Хугацаа хэтрүүлсний хүү

1,281,708.74

0

1,281,708.74

Эрх хэтрүүлсний хүү

1,235,857.48

0

1,235,857.48

Шимтгэл

71,000

0

71,000

Нийт

9,016,822.83

890,000

8,126,822.83

Иймд хариуцагч А.Огоос ЗГ/КР/161215041 дугаартай гэрээний үүрэгт 8,126,822.23 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Гнаас 3,000,000 төгрөгийн эрхтэй кредит картыг авсан бөгөөд гэрээний хугацаа дууссан боловч эрхэлж байсан бизнес зогссоноос өнөөдрийг хүртэл төлж чадаагүй юм. Одоо бизнес аажмаар сэргэж байгаа тул би Гинд 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийт 5,500,000 төгрөгийг төлж барагдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч А.Од холбогдуулан кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт нийт 8,126,822.23 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үүнд: 

  • Үндсэн төлбөрийн үлдэгдэл 2,980,497 төгрөг, бэлэн гүйлгээний хүү болон бэлэн бус гүйлгээний хүүд 2,557,759.61 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүүд 1,281,708.74 төгрөг, эрх хэтрүүлсний хүүд 1,235,857.48 төгрөг, шимтгэл 71,000 төгрөг.

 

Хариуцагч нь гэрээ байгуулсаны хувьд маргахгүй, нэхэмжлэлээс 5,500,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

“Г” ХХК нь А.Отой 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ЗГ/КР/161215041 дугаартай “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ”-г байгуулж, кредит картын зээлийн эрхийн хэмжээ 3,000,000 төгрөг, нэг жилийн хураамж 35,000 төгрөг, 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн мөнгө авсаны хүү 3,5 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, зээлийн эргэн төлөх доод хувь нь 10 хувь байхаар талууд харилцан тохирсон, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээ байгуулагджээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д “Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно” гэж тус тус заасан байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ”-ний  2.1-д “бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн мөнгө авсны хүү 3,5 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь” байхаар талууд тохирч, нэхэмжлэгч нь бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү, хугацаа хэтрүүлсний хүүг нэхэмжилсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэж байна.

 

Харин “эрх хэтрүүлсний хүү” гэж нэхэмжилсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй, хуулиар зохицуулаагүй асуудлаар харилцан тохирч зээлдүүлэгч нь зээлдэгчтэй гэрээ байгуулж буй нь үндэслэлгүй байх тул эрх хэтрүүлсний хүүд 1,235,857.48 төгрөг гаргуулах нэхэмжилснийг хангах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч А.О нь нийт 3,870,497 төгрөгийн бэлэн болон бэлэн бус гүйлгээ хийж, уг төлбөрөөс 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 440,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 450,000 төгрөг, нийт 890,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, өөр төлөлт хийгээгүй, нэхэмжлэгч нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү, хугацаа хэтрүүлсний хүү, шимтгэлд 6,890,965.35 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж буй нь үндэслэлтэй байна.

 

“Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ”-г зохигчид 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2 жилийн хугацаатай байгуулсан ба нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийг тус шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж зааснаар хөөн хэлэлцэх дууссан гэж үзэхээр байх боловч 2018 онд тухайн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч А.Огийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрэн сурвалжлуулж байсан болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2018/11434 дугаартай захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/02507 дугаартай шийдвэр, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 27з-2/990 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна.

 

Энэхүү нөхцөл байдал нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж зааснаар “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ”-ний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үндэслэлтэй юм.

             

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 5,500,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч А.Огоос “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ”-ний үүрэгт нийт 6,890,965.35 /зургаан сая найман зуун ерэн мянга есөн зуун жаран таван төгрөг гучин таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 1,235,857.48 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Огоос улсын тэмдэгтийн хураамжид 125,205.4 /нэг зуун хорин таван мянга хоёр зуун таван төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХКолгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ