Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01043

 

Г Б ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                             иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00907 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г Б ХХК-ийн хариуцагч А.Од холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 8 126 822.83 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нариййн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

            Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г Б” ХХК нь А.Отой 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/КР/161215041 дугаартай гэрээгээр 3 000 000 төгрөгийн эрхтэй кредит картыг жилд бэлэн гүйлгээнд 42 хувь, бэлэн бус 24 хувь, хугацаа хэтрүүлсний 12 хувь, эрх хэтрүүлсний 24 хувийн тус тус хүүтэйгээр, 24 сарын хугацаатай олгосон. Гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дууссан боловч үндсэн зээл              2 980 497 төгрөг, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү 2 557 759.61 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 1 281 708.74 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 1 235 857.48 төгрөг, шимтгэл             71 000 төгрөг, нийт 8 126 822.83 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч А.Огоос ЗГ/КР/161215041 дугаартай гэрээний үүрэгт 8 126 822.23 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Г Б” ХХК-аас 3 000 000 төгрөгийн эрхтэй кредит картыг авсан бөгөөд гэрээний хугацаа дууссан боловч эрхэлж байсан бизнес зогссоноос өнөөдрийг хүртэл төлж чадаагүй юм. Одоо бизнес аажмаар сэргэж байгаа тул “Г Б” ХХК-д 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийт 5 500 000 төгрөгийг төлж барагдуулах саналтай байна гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дүгээр зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Огоос Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт нийт 6 890 965.35 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г Б” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 1 235 857.48 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144 980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Огоос улсын тэмдэгтийн хураамжид 125 205.4 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие “Г Б” ХХК-аас 3 000 000 төгрөгийг эрхтэй кредит карт авахаар харилцан тохиролцож, гэрээ байгуулж авсан гэтэл зээлийн хэмжээ 870 497 төгрөгөөр хэтэрсэн хугацаанд хүү тооцож,  1 235 857 төгрөгийн хэтрүүлсэн хүү нэхэмжилсэн нь талуудын гэрээний хүсэл зоригийн илэрхийлэлтэй зөрчилдөж байна. Мөн зээлийн гэрээний шимтгэл 71 000 төгрөг бодсон нь ямар үйлчилгээ, төлбөрт бодогдсон нь тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхээс гэрээг буруу дүгнэсэн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас эрх хэтрүүлсний хүү 1 235 857 төгрөг, шимтгэл 71 000 төгрөг хасч тооцон 5 484 108 төгрөгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ

            Нэхэмжлэгч Г Б ХХК нь хариуцагч А.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 126 822.23 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч 5 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

            Талууд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ЗГ/КР/161215041 дугаартай Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ”-г 2 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр 3 000 000 төгрөгийн хязгаар бүхий зээлийн картыг бэлэн бус гүйлгээнд сарын 2 хувь, бэлэн мөнгөний гүйлгээнд сарын 3.5 хувийн хүүтэй, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар тус тус харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 6 дугаар тал/

            Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

            Хариуцагч А.О нэхэмжлэлийн шаардлагаас 5 500 000 төгрөг төлөх үүрэгтэй, бусад хэсгийг нь төлөхгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Тодруулбал, хэрэгт авагдсан зээлийн картны тооцооллоос үзэхэд нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс кредит карт ашиглан зээл авч, бэлэн гүйлгээгээр 2 475 500 төгрөг, бэлэн бус гүйлгээгээр 1 394 997 төгрөг авч, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 440 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 450 000 төгрөг, нийт 890 000 төгрөгийг тус тус төлсөн байх ба 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 2 980 497 төгрөг, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү 2 557 759.61 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 1 281 708.74 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 1 235 857.48 төгрөг, шимтгэл 71 000 төгрөг, нийт 8 126 822.83 төгрөг төлөгдөөгүй болох нь тогтоогдож байна. /хэргийн 7 дугаар тал/ Иймд хариуцагч А.Ог зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан гэж үзнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

            Харин нэхэмжлэгч зээлийн эрх хэтрүүлсний хүү 1 235 857.48 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Хариуцагчаас дээрх хэрэгсэхгүй болгосон хэсэгт холбогдуулан давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй.

            Түүнчлэн, анхан шатны шүүхээс хугацаа хэтрүүлсний хүү 1 281 708.74 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын тэгш эрхийн зарчмын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулаагүй болно.

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-д нэг жилийн хураамж 35 000 төгрөг, АТМ-ээс бэлэн мөнгө авсны шимтгэл 100-500 төгрөг байхаар харилцан тохиролцсон байх ба анхан шатны шүүх шимтгэл 71 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгахгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

            Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл             2 980 497 төгрөг, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү 2 557 759.61 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 1 281 708.74 төгрөг, шимтгэл 71 000 төгрөг, нийт 6 890 965.35 төгрөгийн шаардлагыг хангаж, 1 235 857.48 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Өөрөөр хэлбэл, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, талаас нь үнэлсэн гэж үзнэ.

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00907 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 35 860 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

 

     ШҮҮГЧИД                     Ч.ЦЭНД

 

                                                                С.ЭНХТӨР