Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2021/01611

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- байрлах, А ХХК /РД-,

нэхэмжлэгч- байрлах, Э ХХК /РД--н нэхэмжлэлтэй,

хариуцагч- Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

гуравдагч этгээд- тоотод байрлах, Э Т ХХК /РД- бие даасан шаардлага гаргаагүй,

харилцах данс битүүмжилж, данснаас хасалт хийсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Э Т” ХХК-ийн захирал Ч.Б, түүний өмгөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар 2020-10-20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий гүйцэтгэгчид гаргасан гомдлыг хүлээн авч хянаад 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 04/2962 дугаартай албан бичгээр хариу өгснийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Э Т XХК-ийн нэхэмжлэлтэй “А” XXК-д холбогдох иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ/2018/01 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 16дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 001/XT2018/01дугaар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2019 оны 6 дугаар сарын 19-ний 101/Ш32019/09 дугаартай захирамж, 101/ГХ2019/00803 дугаартай гүйцэтгэх хуудас олгогдсон.

“А” XXК-иас 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шинээр илэрсэн нөхцлийн улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахаар Улсын дээд шүүхэд хүсэлт гаргасан тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019-09-17-ны өдрийн 1 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Бид нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн нөхцөл байдлыг дахин шинээр илэрсэн нөхцөлийн улмаас дахин хянуулахаар 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улсын дээд шүүхэд хүсэлт гаргаж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 06 сарын 03-ны өдөр дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргахад ...өмнө нь гаргасан хүсэлтээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн эсэхийг уг хэрэг улсын дээд шүүхэд хянагдаж байгаагийн улмаас шалгах боломжгүй байна гэсэн үндэслэлээр 2020 оны 06 сарын 17-ны өдөр 12045 дугаартай шүүгчийн захирамж гарсан.

Шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 06 сарын 17-ны өдөр 12045 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаa ШШГТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2.5-д заасны дагуу төлбөр төлөгчид гүйцэтгэх хуудсанд заасан төлбөрийг төлөх үүрэг хүлээлгэх талаар мэдэгдэл хүргүүлэх ёстой байтал огт мэдэгдээгүй ажиллагаа явуулж, арилжааны банкны харилцах данснаас суутгал хийх мэдэгдлийг банкинд хүргүүлж, үүний улмаас 3 банкин дахь данснаас мөнгө давхардаж татагдан бидний ажилд хүндрэл учруулсан. Бид шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй саад учруулсан зүйл огт байхгүй бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй, хянагдаж байгаа учраас төлбөрийг төлөхгүй байх эрхтэй гэж үзэж байна. Гэтэл огт мэдэгдэлгүйгээр данснаас мөнгө суутган авч байгаа нь хууль, хүчний байгууллага гэж далайлган сүрдүүлж, дарамталснаас өөрцгүй бөгөөд аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулсанд их гомдолтой байна.

ШШГТХ-ийн 93 дугаар зүйлд төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөнөөс төлбөр гаргуулах талаар хуульчилсан бөгөөд 93.5-д “төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хөрөнгөөс суутгал хийхдээ уг хуулийн этгээдэд хөрөнгөө итгэмжлэн хадгалуулсан, өөрийн нэрийн өмнөөс аливаа гүйлгээ, төлбөр, тооцоо гүйцэтгүүлэхээр данс эзэмшиж байгаа бусад этгээдийн хөрөнгөөс суутгал хийхгүй гэж заасан бөгөөд “А” XХК нь сансар супермаркет сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд харилцах дансан дахь мөнгөн хөрөнгө нь 1200 гаруй харилцагч нарын барааны мөнгө буюу А XXK-д итгэмжлэн хадгалуулсан барааны төлбөр учраас харилцах данснаас суутгал хийх нь үндэслэлгүй юм.

“Э” XXК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. А XXК-тай олон жил хамтран ажиллаж ирсэн А  XXК-ийн сансар супермаркет сүлжээ дэлгүүрт бараа бүтээгдэхүүн нийлүүлж, худалдан борлогдсоны дараа төлбөр тооцоог хийх хамтран ажиллах гэрээтэй ажилладаг. Худалдан борлуулагдсан барааны төлбөрөөр бид ажилчдын цалин хөлс тавих, хангамжийн хэрэгслээ худалдан авах зэрэг компанийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь хамтын ажиллагааны гэрээгээр нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг манайд мэдэгдэлгүй А XXК-ийн өр төлбөрт суутган авсан нь манай хэвийн үйл ажиллагaаг алдагдуулж санхүүгийн хүнд байдалд оруулаад байна. Бид үүнд их гомдолтой байна. 2020 оны 8 дугаар сарын 30-ны байдлаар худалдан борлуулагдсан барааны төлбөр 235.426.214 төгрөгийг авахаар тооцоо нийлэн нэхэмжлэлийг “А” XXК-ийн санхүүд хүргүүлсэн боловч “А” XXК-ийн “Э” XXК-д төлөх шүүхийн шийдвэрийн өр төлбөрт харилцагч нарын барааны мөнгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилж, суутгал хийсэн тул шилжүүлэх боломжгүй байгаа талаар албан бичиг ирүүлсэн. Талуудын төлбөр тооцоог баталгаажуулсан актыг хавсаргав. Э XХК-ийн зүгээс тодорхой хугацаанд хүлээцтэй хандсан боловч асуудал шийдвэрлэгдэхгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдийн хувиар төлбөрт хураагдсан бэлэн мөнгөнөөс өөрийн барааны төлбөр мөнгийг гаргуулах шаардлагатай байх тул харилцах данснаас хасалт хийсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах гомдлын шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М.Б-гийн төлбөр төлөгчийн харилцах данснаас суутгал хийх мэдэгдэл хүргүүлж, харилцах данс битүүмжилж, данснаас хасалт хийсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар 2020 оны 09 сарын 09-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид, 2020 оны 09 сарын 25-ны өдөр ерөнхий гүйцэтгэгчид тус тус гомдол гаргасан боловч хангагдаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д “ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-1-3/.

 

Нэхэмжлэгч “Э” XХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Сансар дэлгүүрээр худалдан борлуулалт хийлгэснээр 235.426.214 төгрөгийн өртэй байсан тул нэхэмжлэгч А ХХК-д мэдэгдсэн. Гэтэл Э Т ХХК-тай холбоотой данс битүүмжилсэн талаар мэдэгдсэн. Тиймээс хариуцагч байгууллага нь А ХХК-д мэдэгдэл өгөлгүй данснаас нь хасалт хийсэн тул хариуцагч байгууллагаас мөнгө гаргуулах хүсэлттэй байгаа. Манай компани А ХХК-тай байгуулсан худалдааны хамтын ажиллагааны гэрээний дагуу сар бүр мөнгө авах байсан. Гэтэл энэ 51 сая төгрөгийг шийдвэр гүйцэтгэх байгууллага мэдэгдэлгүйгээр битүүмжилсэн. Худалдааны хамтын ажиллагааны гэрээний дагуу тооцоо нийлсний дараа 2020-09-11-нд А ХХК-ийн дансыг битүүмжилсэн байсан. Э ХХК-ийн данс битүүмжилсэн зүйл байхгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь А ХХК-ийн данснаас хасалт хийсэн, тухайн мөнгөн дүн нь манай компаний авах ёстой төлбөр учраас нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-05-21-ний өдрийн 101/ШШ2021/01765 дугаар шийдвэрээр А ХХК-иас 61.600.885 төгрөгийг гаргуулж Э ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч А ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэхийг 2019-08-20-ны өдөр 4/18161 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019-09-17-ны өдрийн 14288 дугаар захирамжаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлж, Монгол Улсын дээд шүүхийн 2020-05-21-ний өдрийн 001/ШТ2020/000 дугаар тогтоолооор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай төлбөр төлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8 дахь хэсэгт зааснаар 2020-09-09-ний өдрийн 19261393/02- дүгээр тогтоолоор төлбөр төлөгчийн дансыг битүүмжилж, хасалт хийж төлбөрийн үнийн дүн 51.750.885 төгрөгийг төлбөр төлөгчийн харилцах данснаас татан байгууллагын дансанд төвлөрүүлсэн ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан. А ХХК-ийн дансан дахь мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх мэдэгдлийг арилжааны банкуудад явуулснаар хэд хэдэн банкны данснаас давхар битүүмжлэл хийгдсэн байсан тул 2020-09-11-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93-р зүйлд заасан нэхэмжлэлийн үнийн дүнгээр татаж, байгууллагын дансанд төвлөрүүлсэн талаар нэхэмжлэгч нар маргаж байгаа. Харин илүү татсан төлбөрийг 2020-09-11-ний өдөр А ХХК-ийн дансанд буцаан шилжүүлж, битүүмжилсэн дансыг нээсэн байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани А ХХК-тай 2013 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлаа гүйцэтгэснээр төлбөрөө авч чадахгүй байсан тул шүүхэд хандснаар 2018 оны 5-р сард шүүхийн шийдвэр гарсан ч төлбөрөө авч чадахгүй өнөөдрийг хүртэл явж байна. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсны дараа тэр байгууллага Алтан жолоо трейд  ХХК-ийн данснаас нэхэмжилсэн мөнгийг татсан байхад шүүхэд хандснаар өнөөдрийг хүрч байна. Нэхэмжлэл гаргаад байгаа А ХХК, Э ХХК нар нь нэг компани байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсан Э, О нар нь Э захиралын хүүхдүүд байгаа юм. Шүүхийн шийдвэрээр гарсан мөнгийг манай компанид өгөхгүй гэж ийм ажил хийж байгаа тул хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компаниуд нэг эзэнтэй компани байгаа. Мэдээж сүлжээ дэлгүүр учраас олон компаний барааг дэлгүүрт өгч авалцдаг байх, гэхдээ төлбөр төлөгчийн дансанд байгаа мөнгө нь нэхэмжлэгч Э  ХХК-ийн мөнгө гэдэг нь нотлогдохгүй байна. Шийдвэр гүйцэтгэх байгуулага шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх А ХХК-ийн данснаас мөнгө татсан. Ингэж татсан мөнгө нь гуравдагч этгээдийнх гэж үзэх боломжгүй. Э  гэдэг хүний хоёр охин нэхэмжлэгч компаниудын захиралаар ажиллаж байгаа. Мөн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаарлагад хариуцагч шийдвэр гүйцэтгэх газраас мөнгө гаргуулах тухай шаардлага байхгүй. Харин төлбөр төлөгчийн данснаас хасалт хийсэн нь шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа ажиллагаа юм. Төлбөр төлөгч А ХХК нь шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг төлөхгүй 2 жил 6 сар саатуулж, энэ компанитай үүссэн асуудал 7 жил явж байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж байгаа тул энэ талаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК, Э ХХК нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан харилцах данс битүүмжилж, данснаас хасалт хийсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага /хх-1-3/ гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзсан тайлбар гаргасан.

 

Дээрх нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан бөгөөд тэдгээрт төлөөлөн нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-10-09-ний өдрийн 763 дугаар итгэмжлэлээр А ХХК-ийг төлөөлөх эрхийг Л.Э-д гурван жилийн хугацаатай /хх-6/, 2020-10-08-ны өдрийн 01/253 дугаар итгэмжлэлээр Э ХХК-ийг төлөөлөх эрхийг В.Ц-д гурван жилийн хугацаатай /хх-7/,

хариуцагч байгууллагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-11-03-ны өдрийн 1-229/512 тоот итгэмжлэлээр М.Б-д жилийн хугацаатай /хх-38/ тус тус олгосон байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Э Т ” ХХК-иас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаснаар /хх-91/ тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШЗ2021/00973 дугаар захирамжаар тус компанийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан /хх-94-95/ бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг.

 

Иймд шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/01 дугаар шийдвэрээр А ХХК-иас 62.192.207,01 төгрөгийг гаргуулж, Э Т ХХК-д олгохоор шийдвэрлэсэн /хх-45-52/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20ы өдрийн 1 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хүчингүй болгож буцаасан /хх-53-56/, Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2018/0 дүгээр тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан А” ХХК-иас 51.187.000 төгрөг гаргуулж, Э Т ХХК-д олгохоор шийдвэрлэсэн /хх-57-61/ байна.

 

Дээрх шүүхийн шийдвэрт 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 101/ГХ2019/00 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр /хх-44/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гарч /хх-64/ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож нэхэмжлэгч тал маргаагүй.

 

Нэхэмжлэгч А ХХК нь Э Т ХХК-нд төлбөр төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан байх тул шүүгчийн захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхэлсэн талаар хариуцагч тал тайлбарлаж, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байна /хх-43-83/.

 

Төлбөр төлөгч А ХХК нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй, хэрэв сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасан.

 

Тиймээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зарлан дуудах мэдэгдлийг 2019-08-08-ны өдөр төлбөр төлөгчийн хуулийн зөвлөх О.М-т гардуулж, тэмдэглэл үйлдсэн /хх-65/, 2019-08-20-ны өдрийн 4/18161 дугаар албан бичгээр төлбөр төлөгчид шийдвэрийн дагуу гарсан төлбөр, ажиллагааны зардлын төлбөрийг шилжүүлэхийг мэдэгдсэн /хх-66/ шийдвэр гүйцэтгэгчийн 2019-09-10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд төлбөр төлөгчийн төлөөлөгчөөс шинээр илэрсэн нөхцөл байдлаар шүүхийн шийдвэрийг хянуулахаар Улсын дээд шүүхэд хандсан талаар дурдсан /хх-67/ байх бөгөөд төлбөр төлөгчийн төлөөлөгч рүү утсаар залгахад аваагүй талаар тэмдэглэсэн 2020-08-11, 22-ны өдрийн тэмдэглэл /хх-68/ хэрэгт авагдсан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Э Т ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг хэлэлцсэн Монгол Улсын дээд шүүхийн 001/ШТ2020/0 дугаар тогтоол 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гарсан /хх-73-75/ байх боловч дахин шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй, Э Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, А ХХК-д холбогдох иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс хойш Улсын дээд шүүх хянасан эсэх талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

 

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хүссэн А ХХК-ийн төлөөлөгчийн хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2020-06-17-ны өдрийн 101/ШЗ2020/, 2020-10-05-ны өдрийн 101/ШЗ2020/ дугаар захирамжуудаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн /хх-76,79/ байна.

 

Төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай шийдвэр гүйцэтгэгчийн 19261393/02-229 дугаартай тогтоол 2020-09-08-ны өдөр гарснаар /хх-69/ төлбөр төлөгч А ХХК 2020-09-09-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлд /хх-10-11/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2020-09-25-ны өдөр /хх-12-13/ тус тус гомдол гаргаснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх алба 2020-10-07-ны өдрийн 04/2962 дугаар албан бичгээр А ХХК-д хариу мэдэгдсэнээр /хх-14/ нэхэмжлэгч нар 2020-10-20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан /хх-3-р хуудас ар тал/ байх бөгөөд хэргийн оролцогчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааны талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагын үндэслэлээ “...Манай хоёр компани худалдааны хамтын ажиллагааны гэрээний дагуу сар бүр тооцоо нийлж, сар бүрийн 25-нд А ХХК нь манай компани төлбөр мөнгө шилжүүлэх байсан, тус компани 235.426.214 төгрөгийн өр төлбөртэй байсан тул манай компаниас А ХХК-д мэдэгдэл хүргүүлэхэд Э Т компанитай холбоотой банкин дахь данс битүүмжилсэн талаар мэдэгдсэн, хариуцагчийн битүүмжилсэн 51.750.885 төгрөг нь манай компаний авах ёстой төлбөр байсан тул А ХХК-ийн банкин дахь дансыг битүүмжилж, хасалт хийж байгаа ажиллагааг үндэслэлгүй...” гэж тайлбарласан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно” гэж, хуулийн 44.2-т “энэ хуулийн 44.1-д заасан арга хэмжээнд дараахь үйл ажиллагаа хамаарна” гээд 44.2.13-т “төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх мөнгөн хадгаламж, харилцах дансан дахь хөрөнгөөс суутгал хийх, дансны зарлагын гүйлгээг хаах, ...эсхүл эзэмшиж байгаа дансны орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавих” гэж заасан.

 

Тиймээс төлбөр төлөгч А ХХК-ийн банк дахь дансыг битүүмжилж, хасалт хийх тухай 19261393/02- дугаартай тогтоол 2020-09-08-ний өдөр гарсан байх боловч 2020-09-11-ний өдрийн 19261393/03-229 дугаар тогтоолоор банк дахь дансыг битүүмжлэлээс чөлөөлсөн /хх-70/ шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасантай нийцсэн байна.

 

Харин нэхэмжлэгч Э ХХК-ийн банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх ажиллагаа хийгдээгүй байх бөгөөд дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас нэхэмжлэгч Э ХХК-ийн эрх ашиг зөрчигдөн, хөндөгдсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүйн зэрэгцээ төлбөр төлөгч А ХХК-ийн данснаас хасалт хийж, татан авч хариуцагч байгууллагын дансанд байршуулсан 51.750.885 төгрөг нь нэхэмжлэгч Э ХХК-ийн мөнгөн хөрөнгө болох нь, нэхэмжлэгч нарын хооронд 2020-01-10-ны өдөр байгуулагдсан худалдааны хамтын ажиллагааны гэрээний дагуу сар бүр тооцоо нийлсэн болох нь, нэхэмжлэгч А ХХК нь нэхэмжлэгч Э ХХК-д сар бүр нийлсэн тооцооны дагуу төлбөр мөнгө шилжүүлж байсан зэрэг нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй буюу харилцах данс битүүмжилж, данснаас хасалт хийсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Төлбөр төлөгч А ХХК нь шүүхийн шийдвэрээр баталгаажсан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжилж, хасалт хийсэн дээрх ажиллагааг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Тиймээс нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлагын үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Мөн нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товтой танилцаж, 2021-05-20-ны өдөр “шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтад гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хэлэлцүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгч А ХХК-иас 2020-10-20-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан харилцах данс битүүмжилж, данснаас хасалт хийсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч А ХХК, Э ХХК нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгүүлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2020/22560 дугаартай /хх-85-87/ захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЯНЖИНДУЛАМ