Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/01186

 

 

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/01186

 

 

АЖТ ХХК, ЭЮТ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 101Ш2021/01611 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч АЖТ ХХК, ЭЮТ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Төлбөр төлөгчийн харилцах данс битүүмжилж, данснаас хасалт хийсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч ЭЮТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий гүйцэтгэгчид гаргасан гомдлыг хүлээн авч хянаад 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/2962 дугаартай албан бичгээр хариу өгснийг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна. Электрон техник XХК-ийн нэхэмжлэлтэй Алтан жолоо трейд XXК-д холбогдох иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ/2018/01765 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1683 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 001/XT2018/01924 дугaар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2019 оны 6 дугаар сарын 19-ний 101/Ш32019/09987 дугаартай захирамж, 101/ГХ2019/00803 дугаар гүйцэтгэх хуудас олгогдсон. Алтан жолоо трейд XXК-аас 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шинээр илэрсэн нөхцөлийн улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахаар Улсын дээд шүүхэд хүсэлт гаргасан тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 14288 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн нөхцөл байдлыг шинээр илэрсэн нөхцөлийн улмаас дахин хянуулах хүсэлтийг 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Улсын дээд шүүхэд гаргаж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргахад өмнө нь гаргасан хүсэлтээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн эсэх, уг хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байгаа тул шалгах боломжгүй байна гэх үндэслэлээр 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 12045 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 12045 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаa Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.5-д заасны дагуу төлбөр төлөгчид гүйцэтгэх хуудсанд заасан төлбөрийг төлөх үүрэг хүлээлгэх талаар мэдэгдэл хүргүүлэхгүйгээр ажиллагаа явуулж, арилжааны банкин дахь харилцах данснаас суутгал хийх мэдэгдлийг банкинд хүргүүлж, үүний улмаас гурван банкин дахь данснаас мөнгөн хөрөнгө давхар татсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй саад учруулсан зүйл байхгүй. Хэргийг эцэслэн шийдвэрлэгдээгүй, хянагдаж байгаа учраас төлбөрийг төлөхгүй байх эрхтэй. Гэтэл огт мэдэгдэлгүйгээр данснаас мөнгөн хөрөнгө суутган авсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлд төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөнөөс төлбөр гаргуулах талаар хуульчилсан бөгөөд мөн хуулийн 93.5 дахь хэсэгт төлбөр төлөгч, хуулийн этгээдийн хөрөнгөөс суутгал хийхдээ уг хуулийн этгээдэд хөрөнгө хадгалуулсан, өөрийн нэрийн өмнөөс аливаа гүйлгээ, төлбөр, тооцоо гүйцэтгүүлэхээр данс эзэмшиж байгаа бусад этгээдийн хөрөнгөөс суутгал хийхгүй гэж заасан бөгөөд Алтан жолоо трейд XХК нь Сансар супер маркет сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд харилцах дансан дахь мөнгөн хөрөнгө нь 1 200 гаруй харилцагч нарын барааны үнэ буюу Алтан жолоо трейд XXK-д хадгалуулсан барааны төлбөр учраас харилцах данснаас суутгал хийсэн нь үндэслэлгүй.

Эй юу трейд XXК болон Алтан жолоо трейд XXК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу Сансар супер маркет сүлжээ дэлгүүрт бараа бүтээгдэхүүн нийлүүлж, худалдан борлогдсоны дараа төлбөр тооцоог хийж хамтран ажилладаг. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь хамтын ажиллагааны гэрээгээр нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг манайд мэдэгдэлгүй Алтан жолоо трейд XXК-ийн өр төлбөрт суутган авсан нь манай хэвийн үйл ажиллагaаг алдагдуулж санхүүгийн хүнд байдалд оруулж байна. 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар худалдан борлуулагдсан барааны төлбөр 235 426 214 төгрөгийг авахаар тооцоо нийлэн нэхэмжлэлийг Алтан жолоо трейд XXК-ийн санхүүд хүргүүлсэн боловч Алтан жолоо трейд XXК-ийн Электрон техник XXК-д төлөх шүүхийн шийдвэрийн өр төлбөрт харилцагч нарын барааны үнийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилж, суутгал хийсэн тул шилжүүлэх боломжгүй байгаа талаар албан бичиг ирүүлсэн. Талуудын төлбөр тооцоог баталгаажуулсан актыг хавсаргасан.

Сансар супер маркет дэлгүүрээр худалдан борлуулалт хийлгэснээр 235 426 214 төгрөгийн өртэй байсан тул нэхэмжлэгч АЖТ ХХК-д мэдэгдсэн. Гэтэл Электрон техник ХХК-тай холбоотой данс битүүмжилсэн талаар мэдэгдсэн. Тиймээс хариуцагч байгууллага нь АЖТ ХХК-д мэдэгдэл өгөлгүй данснаас нь хасалт хийсэн тул хариуцагч байгууллагаас мөнгө гаргуулах хүсэлттэй байгаа. Манай компани АЖТ ХХК-тай байгуулсан худалдааны хамтын ажиллагааны гэрээний дагуу сар бүр мөнгө авах байсан. Гэтэл энэ 51 000 000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх байгууллага мэдэгдэлгүйгээр битүүмжилсэн. Худалдааны хамтын ажиллагааны гэрээний дагуу тооцоо нийлсний дараа 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр АЖТ ХХК-ийн дансыг битүүмжилсэн байсан. ЭЮТ ХХК-ийн данс битүүмжилсэн зүйл байхгүй. НШШГГ- нь АЖТ ХХК-ийн данснаас хасалт хийсэн, тухайн мөнгөн дүн нь манай компанийн авах ёстой төлбөр учраас нэхэмжлэл гаргасан. ЭЮТ ХХК-ийн зүгээс тодорхой хугацаанд хүлээцтэй хандсан боловч асуудал шийдвэрлэгдэхгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдийн хувиар төлбөрт хураагдсан бэлэн мөнгөнөөс өөрийн барааны төлбөр мөнгийг гаргуулах шаардлагатай байх тул харилцах данснаас хасалт хийсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/01765 дугаар шийдвэрээр АЖТ ХХК-аас 61 600 885 төгрөгийг гаргуулж Электрон техник ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч АЖТ ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэхийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 4/18161 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өдрийн 14288 дугаар захирамжаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлж, Улсын дээд шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 001/ШТ2020/00057 дугаар тогтоолооор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай төлбөр төлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-т зааснаар 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 19261393/02-229 дүгээр тогтоолоор төлбөр төлөгчийн дансыг битүүмжилж, хасалт хийж төлбөрийн үнийн дүн 51 750 885 төгрөгийг төлбөр төлөгчийн харилцах данснаас байгууллагын дансанд төвлөрүүлсэн ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан. АЖТ ХХК-ийн дансан дахь мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх мэдэгдлийг арилжааны банкуудад явуулснаар хэд хэдэн банкны данснаас давхар битүүмжлэл хийгдсэн байсан тул мөн оны 9 дүгээр сарын 11-ний өдөр илүү татсан төлбөрийг АЖТ ХХК-ийн дансанд буцаан шилжүүлж, битүүмжилсэн дансыг нээсэн байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани АЖТ ХХК-тай 2013 онд ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэсэн ажлын төлбөрөө авч чадахгүй байсан тул шүүхэд хандснаар 2018 оны 5 дугаар сард шүүхийн шийдвэр гарсан ч төлбөрөө авч чадахгүй өнөөдрийг хүртэл явж байна. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсны дараа АЖТ ХХК-ийн данснаас нэхэмжилсэн мөнгийг татсан байхад шүүхэд хандсан. АЖТ ХХК, ЭЮТ ХХК нь нэг компани юм. Улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсан н.Энхдарь, н.Оюундарь нар н.Энхбаатар захирлын хүүхдүүд. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан харилцах данс битүүмжилж, данснаас хасалт хийсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч АЖТ ХХК, Эй юу трей ХХК нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2020/22560 дугаартай /хх-85-87/ захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч АЖТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг эс гомдол гаргаж байна. Алтан жолоо трейд" ХХК болон Эй юу трейд" ХХК-ийн хооронд худалдааны хамтын ажиллагааны гэрээний дагуу үйл ажиллагаа явуулдаг. АЖТ ХХК-ийн Сансар супер маркет сүлжээ дэлгүүрт бараа бүтээгдэхүүн нийлүүлж, худалдан борлуулсны дараа төлбөр тооцоог хийх нөхцөлтэй ажилладаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 12045 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.5-д зааснаар төлбөр төлөгчид гүйцэтгэх хуудсанд заасан төлбөрийг төлөх үүрэг хүлээх талаар мэдэгдэл хүргүүлээгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.5 дахь хэсэгт Төлбөр төлөгч, хуулийн этгээдийн хөрөнгөнөөс суутгал хийхдээ уг хуулийн этгээдэд хөрөнгөө итгэмжлэн хадгалуулсан, өөрийн нэрийн өмнөөс аливаа гүйлгээ, төлбөр тооцоо гүйцэтгүүлэхээр данс эзэмшиж бусад этгээдийн хөрөнгөнөөс суутгал хийхгүй гэж заасныг зөрчсөн атал шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцэж явагдсан гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг тодорхойлсон хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч АЖТ ХХК, ЭЮТ ХХК-иуд нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан төлбөр төлөгчийн харилцах данс битүүмжилж, данснаас хасалт хийсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 20-ны 001/ХТ2018/01924 дугаартай тогтоолоор АЖТ ХХК-аас 51 187 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 413 885 төгрөг тус тус гаргуулж Электрон техник ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. /хх57-61/

 

Төлбөр төлөгч АЖТ ХХК нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс төлбөр авагч Электрон техник ХХК-ийн хүсэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2019/09987 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, мөн өдрийн 101/ГХ2019/00803 тоот гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн хариуцагч байгууллага 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 19261393 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч АЖТ ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх-44, 62-64/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчид 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр зарлан дуудах мэдэгдэл, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаа тогтоосон мэдэгдэл тус тус хүргүүлж, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төлбөр төлөгчийн хаягаар очиж шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг хянуулах хүсэлт гаргасан эсэх талаар төлбөр төлөгчийн хуулийн зөвлөх О.Мөнгөнчимэгээс тайлбар авч тэмдэглэл үйлдсэн байна. /хх-ийн 65-68/

 

Төлбөр төлөгч АЖТ ХХК нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны 001/ХТ2018/01924 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргасан гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШЗ2019/14288 дугаар захирамжаар уг хүсэлтийг хангаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ. /хх-72/

 

Улсын дээд шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 001/ШТ2020/00057 дугаар тогтоолоор тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 20-ны 001/ХТ2018/01924 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай АЖТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнгөнчимэгийн хүсэлтийг хангахаас татгалзсан. /хх-73-75/

 

Төлбөр төлөгч АЖТ ХХК нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2018/01924 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр дахин гаргасан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2020/12045 дугаар захирамжаар хангахаас татгалзсан. /хх76/

 

Мөн төлбөр төлөгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШЗ2020/17308 дугаар захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн боловч уг захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож шийдвэрлэснийг тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 00505 дугаартай тогтоолоор хэвээр үлдээсэн. /хх77-81/

 

Дээрх байдлаас үзэхэд хариуцагч байгууллагын 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 19261393/02-229 дугаар тогтоолоор банкин дахь төлбөр төлөгч АЖТ ХХК-ийн эзэмшлийн данснаас шүүхийн шийдвэрт заасан төлбөр 51 187 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 413 885 төгрөг, ажиллагааны зардал 150 000 төгрөг, нийт 51 750 885 төгрөгийн үнийн хэмжээгээр битүүмжлэхийг даалгасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13-т заасантай нийцсэн.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу түдгэлзүүлсэн хугацаанд ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн харилцах дансыг битүүмжилж хасалт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч байгууллагын явуулсан ажиллагаа хууль зөрчөөгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 192613393/03-229 дугаар тогтоолоор банкин дахь төлбөр төлөгч АЖТ ХХК-ийн эзэмшлийн дансыг битүүмжилсэн шийдвэрийг цуцалж, мөнгөн хөрөнгийн зарлагын гүйлгээг сэргээсэн байна. /хх70-71/

 

Түүнчлэн, хариуцагч НШШГГ- АЖТ ХХК-ийн дансыг битүүмжилж хасалт хийх ажиллагааг явуулахдаа нэхэмжлэгч ЭЮТ ХХК-ийн эрх ашгийг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, ЭЮТ ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах болсон үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

 

Мөн ЭЮТ ХХК нь АЖТ ХХК-тай байгуулсан худалдааны хамтын ажиллагааны гэрээний улмаас учирсан гэх хохирол нь энэ хэргийн маргааны зүйл биш болно.

Иймд анхан шатны шүүх хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан харилцах данс битүүмжилж, хасалт хийсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч АЖТ ХХК, ЭЮТ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж зааснаар нэхэмжлэгч нарын гомдол гаргах эрхийг тодорхойлсон байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэг тус тус заасныг баримталсан нь оновчгүй болжээ.

 

Иймд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

Хариуцагч байгууллага төлбөр төлөгч АЖТ ХХК-ийн хуулийн зөвлөх О.Мөнгөнчимэгт мэдэгдэл хүргүүлж тэмдэглэл үйлдэж байсан баримт хэрэгт авагдсан, О.Мөнгөнчимэг нь АЖТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаа тогтоосон мэдэгдэл хүргүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.5-д зааснаар төлбөр төлөгчид гүйцэтгэх хуудсанд заасан төлбөрийг төлөх үүрэг хүлээх талаар мэдэгдэл хүргүүлээгүй гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

Мөн нэхэмжлэгч , ЭЮТ ХХК нь төлбөр төлөгч АЖТ ХХК-д хөрөнгөө итгэмжлэн хадгалуулсан, ЭЮТ ХХК-ийн нэрийн өмнөөс аливаа гүйлгээ, төлбөр тооцоо гүйцэтгүүлэхээр АЖТ ХХК-ийн данс эзэмшиж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2021/01611 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан харилцах данс битүүмжилж, данснаас хасалт хийсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч АЖТ ХХК, Эй юу трей ХХК нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ