Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
Хэргийн индекс | 101/2021/01302/и |
Дугаар | 101/ШШ2021/01531 |
Огноо | 2021-05-21 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2021/01531
2021 05 21 101/ШШ2021/01531
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт оршин суух, М овогт Ц.М,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт оршин суух, Б овогт Л.Л нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр хаягт байрлах, “ПХ” ХХК-д холбогдох,
4,710,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.М, Л.Л нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.М миний бие 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “ПХ” ХХК-ийн нягтлан бодогч Г.Н-тэй орон сууц захиалах гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот, 54,4 м.кв хоёр өрөө 2016 онд ашиглалтанд орсон 108,800,000 төгрөгийн үнэтэй байрыг урьдчилгаа 19,640,000 төгрөг бэлэн өгч 89,160,000 төгрөгийг заасан хуваарийн дагуу жилийн 8 хувийн хүүтэйгээр гэрээний хавсралт 1-т заасны дагуу төлөхөөр тохиролцон гэрээний 8.3-т “Захиалагч энэхүү гэрээний хавсралт 1-т заасан төлбөрийн хуваарийг дараалан 3 /гурав/ удаа бүрэн гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгэгч нь орон сууцанд нэвтрэх эрхийг хязгаарлах, хангамжийг таслах болон гэрээнээс татгалзах орон сууцыг бүр мөсөн өөрийн эзэмшилд буцаан авах” талаар дурьдсан.
Гэтэл миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж орон сууцны ашиглалтын зардал болон бусад төлбөр тооцоог төлж байрны урьдчилгаа 19,740,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын төлбөр 3,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын төлбөр 3,500,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын төлбөр 3,500,000 төгрөгийг хугацаа хэтрүүлэхгүй төлж нийт 32,740,000 төгрөгийг төлж дараагийн гэрээнд шилжсэн боловч сарын 5,000,000 төгрөг төлөх графикийн дагуу cap бүр төлж чадахгүй бол байрыг сулла гэсэн шаардлага тавьсан.
2020 оны 01 дүгээр сард дэлхий нийтээр онц байдал зарласан аюулт тахлын улмаас миний ажил зогссон, төлбөрийг уян хатан болгож өгөөч гэж гуйхад манай Сингапур захирал зөвшөөрөхгүй байна гээд “ПХ” ХХК-ийн санаачилгаар биднийг хөхөө өвлийн хүйтэнд, очих оронгүй байхад минь уйлуулан албадан хөөж гаргаад гэрээг цуцалсан.
Бид нэг удаагийн төлбөрийг хожимдуулсан нь биднээс шалтгаалаагүй гэж үзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 222.2-т зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэдэгтэй нийцээгүй.
Төлбөр хойшлуулсан нөхцөл байдал нь Covid 19 цар тахлаас шалтгаалан 2 сард өгөх төлбөрийг 3 сард өгсөн нь ялимгүй зөрчил бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шинэ байранд орж, найр хийсэн мөртлөө 2020 оны 02 дугаар сард уг байрнаас хөөгдсөндөө маш их гомдолтой байна.
2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр сүүлийн төлбөрөө төлөөд 2 сард багтааж өгөөгүй гэж шалтагласан бөгөөд 54,4 м.кв байр байснаа эргэн төлөлтийн хуваарьт 54,40 м.кв болгож өөрчлөөд, сар бүр 5,000,000 төгрөгөө төлөхгүй бол байрыг чөлөөл, дараагийн айл бэлэн гэдэг шаардлага тавьсан.
Гэрээний эргэн төлөлтийн хуваарьт 2020.04.25-ны өдрөөс 2020.07.25-ны өдөр хүртэл сар бүр 1,000,000 төгрөг, 2020.08.25-ны өдрөөс 2020.12.25-ны өдөр хүртэл сар бүр 5,000,000 төгрөг гэх мэтээр өөрчлөлт оруулсан, үүнийг эс зөвшөөрөхөөр байрыг чөлөөл гэсэн.
Хариуцагч "ПХ” ХХК нь гэрээг өөрийн санаачилгаар цуцалж, надад хохирол учруулсан, гэрээ нь хэтэрхий нэг талын ашиг сонирхлыг дээрдүүлсэн, гэрээний тэгш эрхийн зарчмыг баримтлаагүй, иргэнд чиглэсэн гэрээ биш, урт удаан хугацаагаар хийгдэх байж гэрээнд давагдашгүй хүчин зүйл байгалийн гамшиг, олон нийтийг хамарсан цар тахал, дайн байлдааны үеийн онцгой байдал зарласан нөхцөл байдлыг тусгаагүй хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Мөн 10 дугаар сарын 15-ны өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл айлыг хөөж гаргахгүй байх хууль зөрчсөн.
Төлсөн мөнгө 32,740,000 төгрөг эргүүлж аваад гаръя гэхэд дараагийн айлаас чинь аваад өгнө гээд байхаар нь гэрээ нүүлгээд өрөөгөө суллаад Л.Л би хөнжил гудастайгаа үлдээд өлсгөлөн зарласан. Ингэсний эцэст 10-аад хоногийн дараа “ПХ” ХХК нь 23,000,000 төгрөг, 6,740,000 төгрөг гэж 2 хувааж өгөхдөө 3,000,000 төгрөгийг өгөлгүй суутгаж авсан.
Ингэж байрнаас нүүхдээ нүүлгэлтийн хоёр хүнд тус бүрт 150,000+150,000 төгрөг, нийт 300,000 төгрөг, Портер машины жолоочид 2 удаагийн зөөлт 170,000 төгрөг, өмгөөлөгч 2 хүнд өмгөөлөгч н.П-д 500,000 төгрөг, өмгөөлөгч н.Т-д 700,000 төгрөг, нотариат болон канон зураг угаалгахад 40,000 төгрөгийн зардал гаргасан. Дээрх зардалтай холбоотой баримтыг тухайн хүмүүсээс авах гэхэд хувиараа ажилладаг тул баримт өгөх боломжгүй гэсэн.
Өмгөөлөгч нартай хийсэн гэрээ байдаг боловч олдохгүй байна, Х.П өмгөөлөгч дүүгийн данс руу төлбөрийг хийчих гэсний дагуу түүний өгсөн дансанд төлбөрийг шилжүүлсэн юм.
Иймд гэрээний үлдэгдэл 3,000,000 төгрөг, нүүлгэлтийн хөлс 300,000 төгрөг, Портер машины жолоочид төлсөн 170,000 төгрөг, 2 өмгөөлөгчийн зардал 1,200,000 төгрөг, нотариат болон канон зураг угаалгахад гарсан зардал 40,000 төгрөг, нийт 4,710,000 төгрөгийг “ПХ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч "ПХ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ПХ” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоот 54,4 метр квадрат 2 өрөө орон сууцыг “Орон сууц захиалгын гэрээ” хийн Ц.М, Л.Л нартай харилцан тохиролцож байгуулсан билээ.
Ц.М, Л.Л нартай харилцан тохиролцоонд орон сууцны нийт үнэ 108,800,000 /Нэг зуун найман сая найман зуун мянга/-н төгрөгөөс урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 30 хувь болох 32,640,000 /Гучин хоёр сая зургаан зуун дөчин мянга/-н төгрөгийг төлсний дараа хуваарьт төлбөрийн дүн хугацааг тохиролцож захиалагчийн орон сууцыг хүлээлцэх байсан боловч захиалагчийн удаа дараа гаргасан хүсэлтийг үндэслэн урдьчилгаа төлбөр 19,640,000 төгрөгийг үндэслэн гэрээ байгуулж эхний 3 сардаа багтаж урдьчилгаа төлбөрийн үлдэгдэлийг барагдуулахаар Орон сууц захиалгын гэрээг байгуулсан болно.
Ц.М, Л.Л нар гэрээний 30 хувь болох 32,640,000 төгрөгийг 5 сар 20 хоногийн хугацаанд төлж дуусгасан байдаг, уг нь бол 30 хувиа төлсөн тохиолдолд байрыг хүлээлгэн өгч, үлдэх 70 хувийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 3 жил буюу 36 сарын хугацаанд төлөхөөр байсан.
Гэтэл захиалагч нар 2019.11.11-ний өдөр 30 хувь 32,640,000 төгрөгөөс 19,640,000 төгрөгийг төлсөн байхад нь аргагүй байдлыг харгалзан үзээд байрыг хүлээлгэн өгсөн.
Гэтэл борлуулалтын албатай эргэн төлөлтийн хуваарийн талаар тохиролцоогүй учраас гэрээг цуцлахаар маргаан үүсгэж, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр захиалагч гэх Ц.М, Л.Л нар, өмгөөлөгч Х.П нар нь манай компанид гэрээ цуцлах, орон сууцыг буцааж шилжүүлэх тухай өргөдөл гаргасан.
Захиалагчийн гаргасан хүсэлтийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан гэрээний 8.1, 8.2, 8.3 болон 8.4 тус тус заалтын дагуу төлбөл зохих үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгууль, өөрийн эзэмшилд байлгасан хугацааны төлбөрт сарын 800,000 /найман зуун мянга/-н төгрөгийн түрээсийн төлбөр болон засварын зардлыг тооцож хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байсан.
Манай компаниас төлбөл зохих үнийн дунгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг тооцоогүйн дээр захиалагч орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл нийт 5 cap 20 хоног өөрийн эзэмшилд байлгасан хугацааны түрээсийн төлбөр 4,533,333 төгрөг, орон сууц буцаан шилжүүлэх үеийн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 10 хувийн торгууль нь 7,616,000 төгрөг тооцож үлдэгдэл төлбөрийг буцаах тухай мэдэгдэхэд захиалагч орон сууцыг буцаан шилжүүлэх хүсэлт гаргахдаа ямар ч алданги торгууль төлөхгүй бөгөөд урьдчилгаа төлсөн төлбөрийг 100 хувь буцааж төлөхийг манай компаниас шаардан компанийн байранд гудас хөнжил авчран суулт хийж ажил явуулах боломжгүй байдалд хүргэсэн.
Гэрээ цуцлахын оронд гэрээний хуваарийн дагуу төлбөрөө барагдуулахыг мэдэгдэж утсаар ярьсан манай компанийн тус Баяжих цогцолборт оршин суудаг ажилтанг захиалагч Л.Л нь удаа дараа дарамталж гэрийн хаалгыг өшиглөж агсам тавьсан учир манай компанийн ажилтан цагдаа дуудаж өгсөн байдаг ба Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст тус хэрэг нь бүртгэгдсэн байдаг.
Манай компани ёс зүйгээ хадгалан үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийн цаашид ажиллах нөхцөлөө хадгалахын тулд ямар ч алданги торгууль болон түрээсийн төлбөрийг суутгалгүй зөвхөн орон сууцаа буцаан хэвийн байдалд оруулж засварлах засварын зардалд 2,900,000 /Хоёр сая есөн зуун мянга/-н төгрөгийг суутган захиалагчид 29,740,000 /Хорин есөн сая долоон зуун дөчин мянга/-н төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Л.Л-н .....тоот Хаан банкны дансанд 4 хоногийн хугацаанд төлбөрийн буцаалтыг төлсөн байдаг.
Захиалагчийн хүсэлтээр гэрээг цуцалсан боловч гэрээний 8.1, 8.2, 8.3, 8.4-д тус тус заасныг баримтлаагүй зөвхөн байрны засварт зориулан 2,900,000 төгрөгийг суутгаж авч үлдэхдээ өөрийн компанийн барилгын засварын төсвийг баримталсан боловч засварын төсвийг шүүхэд ирүүлээгүй.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний зохих заалтыг баримталж алданги, торгууль, түрээсийн төлбөрийг тооцоогүй тул энэхүү алдагдлыг бид өөрсдөө хүлээсэн тул нэхэмжлэгчийн бусад зардлыг манайх хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгчээс гэрээний төлбөрт 32,640,000 төгрөг төлсөн болох нь санхүүгийн баримтаар тогтоогддог, үүнээс 29,740,000 төгрөгийг буцаан өгсөн, 2,900,000 төгрөгийг засварт суутган тооцсон бөгөөд 100,000 төгрөг нь баримтаар орж ирээгүй байна.
Манай компани захиалагчийн нэхэмжлэлд бичсэнчлэн байраа суллахыг шаардаагүй, албадан хөөж гаргаагүй, дараагийн айл орохоор төлбөрийг буцаан олгоно гэсэн зүйл манай компаниас мэдэгдээгүй бөгөөд захиалагчийн хүсэлтээр орон сууцыг буцаан шилжүүлэн авахдаа манай компани орон сууцны засварт 2,900,000 /хоёр сая есөн зуун мянга/-н төгрөгийг суутган бусад төлбөрийг бүрэн төлсөн болно.
Иймд “ПХ” ХХК-иас 4,710,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.М, Л.Л нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.М, Л.Л нар нь хариуцагч “ПХ” ХХК-д холбогдуулан 4,710,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ц.М, Л.Л болон хариуцагч “ПХ” ХХК-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр №ЗГ-104 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр захиалагч нь Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот, 2 өрөө, 54,4 м.кв, орон сууцны үнэ 108,800,000 төгрөг төлөх, гүйцэтгэгч нь гэрээнд заасан урьдчилгаа төлбөрийг төлмөгц орон сууцыг хүлээлцэхээр тохиролцжээ.
Уг гэрээгээр талууд орон сууцны урьдчилгаа төлбөр 19,640,000 төгрөгийг гэрээ байгуулагдмагц, үлдэгдэл төлбөр 89,160,000 төгрөгийг гэрээний хавсралт №1-д заасан хуваарийн дагуу төлөх, гэрээнд заасан урьдчилгаа төлбөрийг төлж, орон сууцаа хүлээж авснаас хойш энэхүү гэрээний 3.2.2-т зааснаар үлдэгдэл төлбөрийг жилийн 8 хувийн хүүтэй төлөх, 5.1-д зааснаар гэрээний үнийг, хүүгийн хамт бүрэн төлсний дараа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээг хүлээн авахаар тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, тэдний хооронд байгуулагдсан гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна.
/хх-ийн 75-77 тал/
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д: “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна”, 198.2-т: “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж заасны дагуу талууд гэрээг “Орон сууц захиалгын гэрээ” гэж нэрлэсэн боловч тэдний тайлбар, гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот, 54,4 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг худалдах, нэхэмжлэгч нь үнийг гэрээний хавсралтаар тохиролцсон тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцжээ.
Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д: “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Талууд гэрээг бичгээр хийсэн байх ба гэрээгээр бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнийг тодорхойлсон байгаа нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2-т заасантай нийцжээ.
Нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд дээрх орон сууцыг өөрсдийн эзэмшил, ашиглалтад байлгасан, гэрээний үүрэгт 32,640,000 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь тогтоогдож байна.
Хариуцагч “ПХ” ХХК нь гэрээний дагуу урьдчилгаа 30 хувь 32,640,000 төгрөгийг төлсөн тохиолдолд байрыг хүлээлгэн өгч, үлдэх 70 хувийг жилийн 8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаанд төлөхөөр байсан боловч нэхэмжлэгч нарын хүсэлтээр 2019.11.11-ний өдөр 19,640,000 төгрөг төлсөн байхад байрыг хүлээлгэн өгч, мөн өдрөөс 2020.04.02-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нар эзэмшиж, ашигласан, гэрээний төлбөрт 32,640,000 төгрөг төлсөн, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах саналыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрээг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.1-д: “Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тал нь тухайн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй”,
8.2-т: “Захиалагч нь гэрээний төлбөр, хүүг Хавсралт №1-т заасан хуваарийн дагуу гүйцэтгээгүй эсхүл энэхүү гэрээний 3.3-т заасан хугацаанд нөхөн төлөх төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө”,
8.3-т: “Захиалагч энэхүү гэрээний Хавсралт №1-т заасан төлбөрийн хуваарийг дараалан 3 удаа бүрэн гүйцэтгээгүй тохиолдолд Гүйцэтгэгч нь орон сууцанд нэвтрэх эрхийг хязгаарлах, хангамжийг таслах болон гэрээнээс татгалзаж орон сууцыг бүрмөсөн өөрийн эзэмшилд буцаан авах эрхтэй”,
8.4-т: “Захиалагчийн буруугаас Гүйцэтгэгч гэрээнээс татгалзсан тохиолдолд Захиалагч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгуулийг төлөхөөс гадна, орон сууцыг өөрийн эзэмшилд байлгасан хугацааны төлбөрт сарын 800,000 төгрөгийг түрээсийн төлбөр болон засварын зардлыг тооцож хохирлыг нөхөн төлнө” гэж хариуцлагын талаар тохиролцжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд гэрээний хавсралтаар үлдэгдэл төлбөр болох 89,160,000 төгрөгийг 2019.11.25-ны өдрөөс 2022.07.25-ны өдөр хүртэл буюу 36 сарын хугацаанд тэнцүү байдлаар буюу сар бүрийн 25-ны өдөр үндсэн төлбөр, хүүгийн хамт 2,800,000 төгрөг байхаар тохиролцсон байх ба хариуцагчийн 2020.04.25-ны өдрөөс 2020.07.25-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн төлбөр, хүүгийн хамт сар бүр 1,000,000 төгрөг, 2020.08.25-ны өдрөөс 2020.12.25-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн төлбөр, хүүгийн хамт сар бүр 5,000,000 төгрөг төлж байхаар өөрчлөлт оруулах саналыг нэхэмжлэгч эс зөвшөөрч, гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д: “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцаж буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан байх ба ийнхүү татгалзсантай хариуцагч маргаагүй, гэрээний зүйл болох орон сууцыг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр буцаан хүлээн авч, энэ талаарх баримт үйлджээ.
/хх-ийн 81 тал/
Нэгэнт талууд хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээнээс татгалзаж, гэрээ цааш үргэлжлэх боломжгүй болсон тул нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 байр, 0 тоот, 54,4 м.кв орон сууцыг хариуцагчид буцаан хүлээлгэн өгсөн, хариуцагч “ПХ” ХХК нь гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс төлсөн 32.640.000 төгрөгөөс 2020.04.06-ны өдөр 6,740,000 төгрөг, 23,000,000 төгрөг, нийт 29,740,000 төгрөгийг буцааж нэхэмжлэгчид буцаан өгсөн, үлдэх 2,900,000 төгрөгийг өгөөгүй болох нь тогтоогдож байна.
/хх-ийн 79-81 тал/
Хариуцагч нь дээрх орон сууцыг засварлахад өөрийн компанийн тогтоосон засварын төсвийг үндэслэн 2,900,000 төгрөгийг суутгаж авч үлдсэн нь үндэслэлтэй гэж тайлбарласан боловч энэ нь дээр дурдсан хуульд нийцэхгүй байхаас гадна уг орон сууцанд засвар зайлшгүй хийгдэх шаардлагатайг болон засвар хийгдсэн гэх байдлаа баримтаар нотлоогүй болно.
Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбогдуулан нүүлгэлтийн зардалд төлсөн 300,000 төгрөг, Портер машины жолоочид төлсөн 170,000 төгрөг, өмгөөлөгч н.П-д төлсөн 500,000 төгрөг, өмгөөлөгч н.Т-д төлсөн 700,000 төгрөг, нотариат, канон зураг угаалгахад гарсан зардал 40,000 төгрөг, нийт 1,710,000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтаар эдгээр зардал нь нотлогдсонгүй.
Хариуцагч “ПХ” ХХК-д 2020.04.02-ны өдөр гаргасан хүсэлт, байр хүлээлцсэн баримт зэргээс үзэхэд нэхэмжлэгч нарын хуульчаар Х.П ажиллаж өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлсэн гэж үзэхээр байх боловч нэхэмжлэгчээс ирүүлсэн 2020.04.06-ны өдрийн “өмгөөлөлийн хөлс утгаар” Х.Б-н данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн баримтаар өмгөөлөгч Х.П-д хөлс төлсөн гэж үзэх боломжгүй байхаас гадна өмгөөлөгч Ц.Т-д ямар гэрээний үндсэн дээр хөлс төлсөн нь ойлгомжгүй байна.
/хх-ийн 63,81 тал/
Түүнчлэн нэхэмжлэгч нар гэрээний төлбөрт 32,740,000 төгрөг төлсөн талаарх санхүүгийн баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс гадна түүний 2020.04.02-ны өдөр гэрээний төлбөрт төлсөн 32,640,000 төгрөгийг буцаан авах хүсэлт зэргээс тэднийг гэрээний төлбөрт 32,640,000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй.
/хх-ийн 8,78 тал/
Дээр дурдсан байдлаас үзэхэд нэхэмжлэгч нарын гэрээний үүрэгт 32,640,000 төгрөг бус 32,740,000 төгрөг төлсөн, гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 1,710,000 төгрөг зарцуулсан гэх, хариуцагч нь уг орон сууцанд засвар хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг болон засварын зардалд 2,900,000 төгрөг зарцуулсан гэх байдлаа тус тус баримтаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.
Иймд хариуцагч “ПХ” ХХК-иас 2,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,810,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 262 дугаар зүйлийн 262.1-д тус тус зааснаар хариуцагч “ПХ” ХХК-иас 2,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.М, Л.Л нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,810,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “ПХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 61,350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ