Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар   109/ШШ2021/0032

 

 

 

 

 

 

                                         109/ШШ2021/0032

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:Б.Э

Хариуцагч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, улсын байцаагч Д.Т нар

            Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” 59 дугаартай актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, улсын байцаагч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э миний бие 1995 оноос 2010 оны 6 хүртэл Архангай аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газарт байгаль хамгаалагчаар ажиллаж байхад Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ярьж байна та 2 хувь цээж зураг, нийгмийн даатгалын дэвтэртэйгээ хүрээд ир гэж утсаар ярьсан. Тухайн үед ямар хэргээр дуудаж байгаа талаар надад огт хэлээгүй, 2009 онд намайг "Алтангадас” одонд тодорхойлсон байсан учраас нийгмийн даатгалаас миний ажиллаж байсан материалтай холбоотой дуудаж байгаа юм болов уу гэж бодоод, тухайн үед гоёлынхоо дээлийг өмсөж, цээж зургаа авахуулаад аваачин, Нийгмийн даатгалын хэлтсийн 2 дугаар давхарт сууж байсан одоо нэрийг нь мэдэхгүй нэг байцаагчийн хувцастай эмэгтэйд өгсөн. Тэр эмэгтэй маргааш хүрээд ирж гэсэн. Маргааш нь нөгөө миний зураг, нийгмийн даатгалын дэвтрийг авсан нийгмийн даатгалын байцаагч дээр очиход таныг тэтгэвэрт гаргасан, дарга дээр орж гарын үсэг зуруулна гээд, цоо шинэ тэтгэврийн дэвтэр барьчихсан байсан. Тэгэхээр нь би юун тэтгэвэр вэ, би тэтгэвэрт орох болоогүй гэж хэлсэн. Тэгтэл та барилгад ажиллаж байсан юм байгаа биздээ гэж хэлсэн. Тэр байцаагч эмэгтэй надад тэтгэврийн дэвтэр өгөөд, энэ дэвтрээр банкнаас мөнгөө аваарай гэсэн. Тэгэхээр нь би Булган сумынхаа Засаг даргын Тамгын газарт очиж намайг аймагт тэтгэвэрт гаргачихлаа, би тэтгэвэрт гарах болоогүй шүү, би тэтгэвэрт гарахгүй гэж хэлсэн. Ингээд ажлаа хийгээд байсан. Гэтэл надад тэтгэвэр орсон байсан. Би тухайн үед тэтгэвэрт гарахгүй гэж байсан учраас тэтгэврээ эхний 1 сар аваагүй юм.

Тухайн үед надтай адилхан барилга дээр ажиллаж байсан барилгачид наснаасаа эрт тэтгэвэрт гарчихсан байсан, мөн нийгмийн даатгалын байцаагч намайг барилга дээр ажиллаж байсан байсан биздээ гээд байсан болохоор нь барилгад ажиллаж байсан гэсэн үндэслэлээр тэтгэвэрт орчихлоо гэж ойлгоод, мөн нэгэнт тогтоогдсон тэтгэврээ авсан.

Би тэтгэвэрт гарахгүй гэж байсан учраас байгаль хамгаалагчийн ажлаа 1 жил гаран хийсэн. Намайг ажлаас гаргах гэж манай тухайн үеийн дарга шахаж байсан. Намайг миний хүсэлтийн дагуу биш, миний өргөдөл, хүсэлтгүйгээр нийгмийн даатгалын байгууллагад миний материалыг бүрдүүлж, тэтгэвэр тогтоосон нь намайг ажлаас шахаж байсан дарга нартай хуйлвалдаж, миний тэтгэврийг тогтоосон нийгмийн даатгалын байцаагч, шүүхийн хуурамч шийдвэр гаргуулсан шүүгч нарын хууль бус үйлдлийн улмаас иргэн Б.Э миний бие хохирч байна гэж үзэж байна.

Иймд Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” 59 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Уг нэхэмжлэлийн үндэслэлээ Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 59 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Үндэслэлээ тэтгэвэрт гарагч Б.Э нь өөрөө хүсэлт холбогдох баримтыг нийгмийн даатгалын байгууллагад бүрдүүлж өгөөгүй. Тухайн шүүхийн шийдвэрийг ч Б.Э гаргуулаагүй байдаг. Б.Э нь анх 2010 онд тэтгэвэрт гаръя гэж хэлж байгаагүй. Ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэн хийх сонирхолтой байсан. Гэтэл Нийгмийн даатгалын байгууллагаас Б.Э-г дуудсан байдаг. Ингээд Б.Э-г өөрийг нь тэтгэвэрт гарсан талаар хэлж тэтгэврийн дэвтрийг нь өгсөн байдаг. Ингээд Б.Э нь шүүхийн шийдвэрийн дагуу түүний тэтгэвэр тогтоогдсон гэдэг асуудлыг мэдээгүй явж байхад Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс түүнд таны тэтгэврийг зогсоох гэж байна гэсэн мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Тэгээд Нийгмийн даатгалын байцаагчтай ирж уулзаж, уг асуудлыг мэдсэн байдаг. Ингэж тэтгэврээ зогсоолгож, тэтгэвэртээ орж чадахгүй байж байгаад холбогдох материалуудаа бүрдүүлж өгч хууль ёсны дагуу 2021 онд тэтгэвэртээ орсон.

Маргаан бүхий 59 тоот актын үндэслэл дээр худал мэдүүлсэн, хуурамч шүүхийн шийдвэр гаргуулсан, хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэсэн байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт дээр байгаа хамгийн анх тэтгэвэрт орохыг хүссэн өргөдөл Б.Э-ы бичсэн өргөдөл биш. Б.Э нь бичиг үсэг сайтай, төрийн албанд ажилладаг хүн байгаа. Бичсэн өргөдөл нь Б.Э-ы бичсэн өргөдөл биш, өөрөө холбогдох материалуудыг бүрдүүлж өгөөгүй, өөрөө шүүхийн шийдвэр гаргуулж өгөөгүй байхад шууд энэ үндэслэлээр илүү авсан гэх үндэслэлээр акт тогтоож байгаа нь хууль бус гэж үзэж байна. Яагаад хууль бус гэж үзэж байгаа вэ гэхээр анх өргөдөл гаргаж, тэтгэвэрт гарч байгаа энэ процессоо өөрөө мэдэхгүй байхад тухайн үеийн хуурамч шүүхийн шийдвэр гаргасан шүүхийн байгууллагад ажиллаж байсан шүүгч, нийгмийн даатгалын байгууллагад ажиллаж байсан нийгмийн даатгалын тэтгэвэрт гаргаж байгаа эрх бүхий субъектүүдийн хууль бус үйл ажиллагааны улмаас Б.Э гэдэг хүн хохирлоо гэж үзэж байгаа. Тухайн үед нь ийм шүүхийн шийдвэр гарсан байна, ийм баримтууд бүрдүүлсэн байна гэдгийг мэдсэн бол Б.Э арай өөрөөр хандах асуудал байсан.

Цагдаагийн байгууллагад Архангай аймгийн Нийгмийн даатгалын байгууллага тухайн тэтгэвэр авсан иргэнээ өгөөд байгаа асуудал байгаад байгаа. Гэтэл бүхэл бүтэн шүүхийн шийдвэрийг Б.Э гэж хүн хуурамчаар гаргаагүй байхгүй юу. Төрийн байгууллагын төрийн ажлыг гүйцэтгэж байгаа албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаа энд байхыг үгүйсгэхгүй. Энэ асуудлаа яагаад Нийгмийн даатгалын байгууллага шалгахгүй байгаа юм бэ гэдгийг би гайхаад байна. Иргэнээ цагдаад өгөөд байдаг. Гэтэл иргэд нь би тэтгэвэрт оръё гэж анх хүсэж өргөдөл бичиж өгөөгүй гэж хэлээд байхад иргэн хүнийг хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн байна, хуурамч шүүхийн шийдвэр гаргуулсан байна гэж хэлээд байдаг. Тэгэхээр энэ асуудлыг шалгахгүй орхигдуулж байгаа нь цаана нь бүхэл бүтэн хууль зөрчсөн хүмүүс сул орхигдож байгаа. Төрийн байгууллагын албан тушаалтан бол иргэддээ үйлчлэх, үнэн зөв мэдээллийг өгөх, иргэдийнхээ эрх ашгийг зөрчихгүй байх үйл ажиллагаа явуулах үүрэгтэй хүмүүс. Гэтэл ийм шийдвэр гаргаад Нийгмийн даатгалын байгууллагын байцаагч өөрөө тэтгэвэр тогтоох шийдвэр гаргаж байгаа. Яагаад энэ болгоныг шалгахгүйгээр зөвхөн хохирч байгаа иргэд рүүгээ чиглэж хуулийн байгууллагад хандаж, акт тавьж байгаа асуудал нь өөрөө буруу байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлээ гаргаж байгаа.

Анх тэтгэвэр орох хүсэлтийг Нийгмийн даатгалын байгууллага өөрсдөө бүртгэж авах хэрэгтэй байсан гэж харагдаж байгаа. Гэтэл ийм бүртгэл хэрэгт байхгүй. Очиж үзлэг хийхэд нэг өргөдөл, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр зэргийг канондож аваад тэтгэврийг нь тогтоосон нөхцөл байдал байдаг. Хэрвээ үнэхээр тухайн хүн өөрөө бүрдүүлээд гарсан шүүхийн шийдвэрийг ашиглаад Нийгмийн даатгалын байгууллагад аваачиж өгсөн бол өөр асуудал. Гэтэл хууль бус сүлжээний асуудал байхыг үгүйсгэхгүй ийм нөхцөл байдлын улмаас иргэн хүн яавч хохирч болохгүй. Төрийн байгууллага чинь өөрөө иргэддээ мэдээлэлдэг, мэдээлэл авах эрхээр нь хангадаг байх ёстой. Та ийм шүүхийн шийдвэр, холбогдох баримтуудад үндэслэн тэтгэвэрт орсон байна шүү гэж 2013 онд энэ асуудал яригдсан бол Б.Э арай өөр юм ярих байсан байх. Гэтэл удаа дараагийн шалгалтууд нийгмийн даатгалын байгууллага дээр ирж байсан. н.О гэдэг шүүгч байна уу, ял эдлээд гарч ирсэн нь хүн болгонд илэрхий тодорхой болчихсон. Мөн хуурамч шүүхийн шийдвэр, гарын үсэг хуурамч гэдэг асуудлууд яригдаад байхад нийгмийн даатгалын байгууллагад тухайн үед ажиллаж байсан хүмүүсийг энэ тэтгэвэр тогтоолттой холбоотой асуудал хууль бус нөхцөл байдал байсан юм байна. Үүнийг Нийгмийн даатгалын байгууллага өөрөө шалгаагүй, нийгмийн даатгалын байцаагч өөрөө хууль бус үйл ажиллагаанд оролцсон, хууль бусаар тогтоосон энэ асуудал яригдах юм бол Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээх, өөрөө энэ илүү олгосон мөнгө төлбөрийг нь төлөх хүртэл хуулийн зохицуулалттай. Тэгэхээр зөвхөн иргэнд холбогдуулж, зөвхөн иргэний эрх ашиг хөндөгдөх хэмжээнд байж болохгүй.

Маргаан бүхий 59 тоот актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Хариуцагч талаас та ирж уулзана уу гэж мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Мэдэгдлээ хүргүүлэхдээ ямар үндэслэлээр хүргүүлсэн бэ? гэхээр таны тэтгэврийг түр зогсоохыг мэдэгдэж байна гэж мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Энэ нь хавтаст хэргийн 1 дүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаартай мэдэгдэл байгаа. Тухайн хүн тэтгэвэр тогтоосон тухай асуудлаар ирж уулзаж байгаа болохоос Нийгмийн даатгалын тухай хуульд заасан журмын дагуу 59 тоот акт өөрт нь тавигдаж, ийм хэмжээний төлбөр төлөх хэмжээнд очиж байгаа юм байна, сонсох ажиллагаа хийгдэж байгаа юм байна гэдгийг Б.Э мэдээгүй. Харин тэмдэглэл дээр танд илүү олгосон тэтгэврийн тооцоолол гарна, акт тавигдах болно гэдэг агуулгыг хэлсэн байдаг. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хууль журмын дагуу хийсэн гэдэг байдал харагдахгүй байна. Аль ч талаараа харагдсан үндэслэл болгож байгаа актын үндэслэл нь өөрөө нотлогдохгүй, үгүйсгэгдэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, улсын байцаагч Д.Т нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Б овогтой Э гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хариу тайлбарыг хүргүүлж байна. Учир нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан 2020 он 11 дүгээр сарын 6-ны өдрийн удирдамжийн дагуу тус газрын Хяналт шалгалтын газраас төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэж байна. Хяналт шалгалт хийгдэж байх хугацаанд Б.Э нь 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 312 дугаартай шүүхийн шийдвэрт 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Ихтамир сумын нэгдэл дундын үйлдвэрт арматурчинаар ажиллаж байснаар тогтоолгож, 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна. Архангай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/512 тоот албан бичгээр нэр бүхий хүмүүсийн шүүхийн шийдвэрүүдийг хавсралтаар хүргүүлж тулган шалгуулсан. Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын архивт байх шүүхийн шийдвэрийн эх хувьтай тулган шалгахад 2021 оны 1 дүгээр сарын 12-ны 11 тоот албан бичгээр таарч байгаа болон зөрүүтэй шийдвэрүүдийг хавсралтаар ирүүлсэн.

Иргэн Б.Э-гийн 312 тоот шүүхийн шийдвэр Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын архивт байхгүй шийдвэрийн жагсаалтанд байгаа тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 32/01 тоот актаар, 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаартай мэдэгдлээр, 2021 оны 2 дугаар 1-ний өдрөөс тэтгэврийг түр зогсоосон. Мөн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр тэтгэвэр авагчтай уулзалтын тэмдэглэл хөтөлсөн. Тэмдэглэлд “Та өөрөө материалаа өгсөн үү гэхэд би өөрөө шүүхэд хандсан би очиж шүүх хурлаар орсон”, “та өөрийн хаана ямар ажил хийж байсан хөдөлмөрийн дэвтэр, лавлагаа, цэргийн алба хаасан батлах, ажлаас чөлөөлсөн, томилсон тушаал холбогдох бусад материалаа авчирч тэтгэврээ тогтоолгох зөвлөгөөг өгсөн. Тус хэлтсээс зөвлөгөө өгсний дагуу Б.Э нь Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл, ажлаас чөлөөлсөн, томилсон тушаал холбогдох материалаа бүрдүүлэн ирж 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын дагуу өндөр насны бүрэн тэтгэврийг дахин тогтоолгон тэтгэврээ үргэлжлүүлэн авч байгаа болно.

Б.Э нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3 дахь заалтыг зөрчиж тэтгэвэр тогтоолгон авч байсан тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газраас зөрчилтэй тэтгэвэр авагч нарт улсын байцаагчийн акт бичих тухай 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 6/301 тоот албан бичиг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн хуурамч баримт бүрдүүлэн үндэслэлгүйгээр тэтгэвэр тогтоолгон авсан нийт 5,7 сая төгрөгийг буцаан төлүүлэх улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 59 тоот актыг тогтоосон бөгөөд энэ акт нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 354 тоот тогтоолын 2 дугаар хавсралтын 3 дах хэсгийн “Нийгмийн даатгалын байцаагчийн үйлдэх баримт бичиг”-ийн 3.5 дах заалтын хүрээнд бичигдсэн хүчин төгөлдөр акт болно. Энэхүү актын 5,7 сая төгрөг нь 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс  2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацааны буюу 60 нас хүртэл авсан мөнгөн дүн болно. Хамгийн гол нь 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдөр гарсан шүүхийн шийдвэрээр Б.Э-г ажлын хүнд нөхцөлд хамааруулж барилгад ажиллаж байсан гэсэн хөдөлмөрийн дэвтрийг нь ашиглаад арматурчин хийж байсан гэж хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжил рүү оруулж шүүхийн шийдвэр гаргуулан 60 нас хүрээгүй буюу тэтгэвэрт гарах наснаас 3 жил гарангийн өмнө тэтгэвэрт оруулсан байдаг. Хэдэн жилээр ажиллаад, ямар нөхцөлөөр тэтгэвэрт орсон гэдгээ мэдээгүй гэж хэлж байгаа. Мэдээж тэтгэвэр тогтоогоод өгч байгаа өндөр настан болон ямар нэгэн иргэнд тэтгэврийн дэвтрийг олгодог. Тэтгэврийн дэвтэр дээр хэдэн жил ажилласан, ямар цалин сонгосон, сард олгох тэтгэврийн хэмжээ хэдэн төгрөг, та хүнд нөхцөл юм уу, хэвийн нөхцөл, хувь тэнцсэн юм уу, ийм нөхцөлөөр орсон гэдгийг нь тавьж өгдөг. Тийм учраас мэдсэн байх учиртай гэж бодож байна гэв.

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.Э-аас Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, улсын байцаагч Д.Т нарт холбогдуулан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” 59 дугаартай актыг хүчингүй болгуулах”шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Б.Э-ы нэхэмжлэлий бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь:

Нэг. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд:

Анх иргэн Б.Э нь Архангай аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 312 дугаартай шийдвэрээр 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Архангай аймгийн Ихтамир сумын нэгдэл дундын үйлдвэрт арматурчинаар ажиллаж байснаар тогтоолгож, 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна.[1]

Гэтэл Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 59 дүгээр актаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 6/301 дүгээр тушаалыг үндэслэн Б.Эаар илүү тогтоолгон авсан 5.745.149 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоожээ.[2]

Улмаар иргэн Б.Э нь 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэсэн байна.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 312 дугаартай шийдвэр нь бодит байдал дээр гараагүй “жинхэнэ бодитой биш, дуураймал, хуурамч” бичиг баримт болох нь хэрэгт авагдсан дараах баримтаар тогтоогдож байна.

1. Архангай аймгийн шүүхийн Тамгын газрын 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дугаартай албан бичгийн 2 дугаар хавсралт Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын архивт байхгүй шийдвэрийн жагсаалтын 28-д тэмдэглэсэн, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 312 дугаартай шийдвэр болон хэргийн материал гэж байхгүй талаарх баримтыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хүргүүлсэн байна.[3]

2.  Архангай аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 312 дугаартай шийдвэр гэх баримтад иргэн Б.Э-ыг 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Архангай аймгийн Ихтамир сумын нэгдэл дундын үйлдвэрт арматурчинаар ажиллаж байсан гэх боловч дээр дурдсан хугацаанд өөр ажил хийж байсан болох нь нэхэмжлэгч Б.Э-ы аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс өгсөн баримт /Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1975 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №75 дугаар тушаал, 1977 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн №161 дүгээр тушаал, 1978 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн №169 дүгээр тушаал, 1979 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №134  дүгээр тушаал, 1980 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №53 дугаар тушаал, 1986 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаар тушаал, 1987 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 119 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт, 1988 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 110 дугаар тушаалын хавсралт, 1989 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тушаалын хавсрал, 1990 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар тушаалын хавсралт г.м/-аар  тус тус нотлогдож байна.[4]

3.Нэхэмжлэгч Б.Э-ы №123555 дугаартай тэтгэврийн хувийн хэрэгт хадгалагдаж буй Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан өргөдөлд[5] “...миний бие нь шүүхийн шийдвэрээр тэтгэвэрт гарсан гэвч буруу тогтоолгосон гэж, одоо жилийг минь зөв тогтоож өгнө үү.” гэх тайлбар зэргээс үзэхэд иргэн дээрх шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд уг ажлыг хийж байгаагүй болох нь тогтоогдож байна.[6]

Архангай аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 312 дугаартай шийдвэр гэх баримтаар нэхэмжлэгч Б.Э-г 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Архангай аймгийн Ихтамир сумын нэгдэл дундын үйлдвэрт арматурчинаар ажиллаж байснаар тогтоож, улмаар Б.Э нь 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нь өөр бусад баримтаар бодит байдалд шүүхийн шийдвэр гэх баримтад дурдагдсан нөхцөл байдал тогтоогдохгүй, нэхэмжлэгч ч үүнийг үгүйсгээгүй, ийм шүүхийн шийдвэр байхгүй болох нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байгаа нөхцөлд шүүх нотлох баримтад үнэлэлт өгч маргаан бүхий актын үндэслэлийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1. дэх хэсгийн 1/-т зааснаар тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол суутгал хийж болно гэж заажээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1. дэх хэсгийн 1/-т заасныг үндэслэн гаргасан илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлтэй Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан хууль дээдлэх зарчмыг хангаж гарсан хууль ёсны, үндэслэл бүхий захиргааны акт байна гэж үзлээ.

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс захиргааны актын улмаас эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээд болох иргэн Б.Э-д 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаартай мэдэгдэл, мөн өдрийн тэтгэвэр авагчтай биечлэн уулзсан байдал, уулзалтын тэмдэглэлээс үзэхэд хариуцагч нар нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлын талаар урьдчилан мэдэгдэж иргэнд санал, тайлбараа гаргах боломжийг олгосон байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.6. дахь хэсэгт “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.” гэж зааснаар сонсох ажиллагааг явуулж, санал, тайлбарыг авсан байх бөгөөд хуульд заасан эдгээр нөхцөл, шаардлагыг захиргааны байгууллагаас хангасан байна.

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 59 дугаартай актыг гаргахаас өмнө Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/512 дугаартай албан бичгээр нэр бүхий иргэдийн ажилласан жил тогтоосон шүүхийн шийдвэрийг хавсралтаар хүргүүлж эх хувьтай нь тулган шалгуулсан байх бөгөөд Архангай аймгийн шүүхийн Тамгын газрын 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дугаартай албан бичгээр иргэн Б.Э-д хамааралтай шүүхийн шийдвэр байхгүй талаарх баримтыг цуглуулж нөхцөл байдлыг тогтоосон, иргэнд хамааралтай шүүхийн шийдвэр болон хэрэг шүүхийн архивт байхгүй, бодит байдалд ийм шийдвэр гараагүй, хуурамч бичиг баримтыг бүрдүүлсэн болохыг тогтоосон байна. Энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д заасан урьдчилсан нөхцөлийг хангаж Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 59 дугаартай актыг гаргасан байна гэж үзэх үндэслэлтэй.

Ийнхүү хариуцагч 59  дугаартай актыг гаргахаас өмнө дээрх байдлаар нэхэмжлэгч нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгон авсан болох нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулж, үнэлэх ажиллагааг хийсэн байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасантай нийцэж байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтэст 2011, 2013, 2015 онуудад зохих шалгалтыг хийсэн байх боловч тухайн үед шалгалтаар уг зөрчлийг илрүүлж таслан зогсоогоогүй гэх үндэслэлээр өнөөдрийн маргаан бүхий актыг буруутгах, нэгэнт авах ёсгүй байсан тэтгэврийг авсан нэхэмжлэгчийг зөвтгөж Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 59 дугаартай актыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй. 

Нэхэмжлэгч нь хэдийгээр “би худал мэдүүлээгүй, шүүхийн шийдвэр гаргуулаагүй, би өөрөө тэтгэвэр тогтоолгож аваагүй, өргөдөл хүсэлт бичээгүй” гэж тайлбарлаж буй боловч 2010 оны 6 дугаар сараас эхлэн /өндөр насны тэтгэвэр анх тогтоосон хугацаа/ өндөр насны тэтгэврийн мөнгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны ********** дугаартай дансаар авч, маргаан бүхий актаар тогтоосон хугацаа буюу 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл тэтгэврийн мөнгийг авсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Э-ы тэтгэврийн дэвтрийн хуулбар[7], Архангай аймаг дахь ХААН банкны 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5135/187 дугаартай албан бичиг “Б овогтой Э нь 2010.06.21-ний өдрөөс эхлэн өндөр настны тэтгэвэр авч эхэлсэн” гэсэн, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.[8]

Түүнчлэн маргаан бүхий 59 дугаартай актаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3/-т заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй байх хугацаандаа буюу 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сар хүртлэх хугацаанд хуулиар авах ёсгүй байсан хугацаанд авсан тэтгэврийн мөнгийг буцаан нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 59 дугаартай актаар нэхэмжлэгч Б.Э-д ямар нэгэн нэмэлт хариуцлага хүлээлгээгүй, хуулийн дагуу авах ёстой байсан тэтгэвэр олголтыг зогсоогоогүй, илүү дүнгээр төлбөр тогтоогоогүй, нөхөн төлбөрийн хэмжээ, бодолтын асуудлаар хэргийн оролцогч, өмгөөлөгч маргаагүй болно.

Нэхэмжлэгч Б.Э-ы өндөр насны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан хугацаанаас буюу 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тооцож өндөр насны бүрэн тэтгэврийг дахин тогтоож, энэ хугацаанаас хойшхи тэтгэврийг зохих журмын дагуу бүрэн олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Түүнчлэн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 59 дугаартай актыг гаргахаас өмнө Архангай аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 312 дугаартай шийдвэр гэх баримтыг хуурамч эсэхийг шалган тогтоолгоогүй, эл ажиллагааг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас цагдаагийн байгууллагад хандаж шалгуулан Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 127 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол[9] гарчээ.

Тус прокурорын тогтоолд: “...шүүгч асан А.О нь Архангай аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 312 дугаартай шийдвэрийг хуурамчаар үйлдэж, улмаар иргэн Б.Э нь уг хуурамч шүүхийн шийдвэрийг ашиглан 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нөхцөл байдал тогтоогдож байна.” гэх дүгнэлт хийсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Э-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5/., Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Э-ы “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 59 дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ТҮВШИНТУЛГА

 

 

[1] Хавтаст хэргийн 19, 22 дахь тал

[2] Хавтаст хэргийн 5 дахь тал

[3] Хавтаст хэргийн 40-42 дахь тал

[4] 123555 дугаартай тэтгэврийн хувийн хэргийн 6-20 дахь тал

[5] Хавтаст хэргийн 101 дэх тал

[6] 123555 дугаартай тэтгэврийн хувийн хэрэг 4 дэх тал

[7] Хавтаст хэргийн 148 дахь тал

[8] Хавтаст хэргийн 57-67 дахь тал

[9] Хавтаст хэргийн 191 дэх тал