Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2021/01782

 

 

 

 

 

 

 

 

 

    2021       06         11                                     101/ШШ2021/01782         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух,  Б овогт Л.Ц-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт оршин суух, Б овогт М.М-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 14,605,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Ц миний бие 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр М.М-д 11,500,000 төгрөгийг 5 сар 26 хоногийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж бэлнээр өгсөн. Гэтэл М.М нь гэрээнд заасан хугацаандаа үндсэн зээлийг төлөөгүй өнөөг хүрч байгаа тул миний бие тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Анх 2019 онд 20,000,000 төгрөгийг М.М зээлж авсан, үүнээсээ увуулж цувуулж төлсөөр байгаад 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үлдэгдэл нь 11,500,000 төгрөг болохыг тооцоо хийгээд, уг үлдэгдэл дээрээ зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээ наториатаар батлуулсан юм.

Дээрх мөнгөө төлөхийн тулд М.М нь вакум цонхны тоног төхөөрөмж зарах гэсэн юм авах хүн мэдэж байгаарай, зарчихвал тэр мөнгөнөөс зээлийн өрөндөө суутгаж аваарай гэсэн. Уг тоног төхөөрөмжөө М.М өөрөө л 35,000,000 төгрөгийн үнэтэй, чамаас авсан өрөө дарах гээд 6,000,000 төгрөгөөр зарж байна гэсэн. Гэхдээ тэр тоног төхөөрөмжийг яг 35,000,000 төгрөгийн үнэтэй гэдгийг би сайн мэдэхгүй байна.

Тэгээд М.М, Б.Р нарын хооронд тэр тоног төхөөрөмжийг 6,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах тохиролцоо хийгдсэн. Үүнийхээ дагуу Б.Р нь 2019.03.18-ны өдөр миний ХААН банкны ..... дугаарын данс руу тоног төхөөрөмжийн үнэ гээд 5,000,000 төгрөг шилжүүлж, үлдэх 1,000,000 төгрөгийг 14 хоногийн дараа өгнө гэсэн. Гэтэл М.М ахад нь хэрэглээний мөнгө хэрэгтэй гээд байхаар нь Б.Р-н шилжүүлсэн 5,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг тэр өдөрт нь түүний ..... дугаарын данс руу нь шилжүүлсэн.  

Энэ байдлыг нь гэрчлүүлэхээр Б.Р-г гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч тэрээр ойрын хавьтал болсноо мэдэгдсэн тул хүсэлтээсээ татгалзсан юм.

Иймд хариуцагч М.М-с үндсэн зээл 11,500,000 төгрөг, зээлийн гэрээний 3.7-д зааснаар хугацаа хэтрүүлсэн алданги болох нэг өдрийн 11,500 төгрөгийг 9 сар буюу 270 хоногт үржүүлж 3,105,000 төгрөг, нийт 14,605,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

 

Хариуцагч М.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Тус шүүхэд нэхэмжлэл гаргасан Л.Ц-т иргэн М.М би ямар ч өргүй ба түүнд 2019 онд вакум цонхны шинэ иж бүрэн тоног төхөөрөмж өгсөн ба бид хоёрын хооронд одоо өр ширний асуудал байхгүй болно. Тус тоног төхөөрөмж нь одоогийн ханшаар 35,000,000 төгрөгийн үнэтэй болно.

Иймд ямар ч үндэслэлгүй гомдол гаргасан тул энэ гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

/хх-ийн 18 тал/

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч М.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,605,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.  

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Л.Ц нь 11,500,000 төгрөгийг, 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл буюу 5 сар 26 хоногийн хугацаатай, хүүгүй зээлдүүлэх,

М.М нь зээлийг хугацаанд нь эргүүлэн төлөх, 

зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцсон зээлийн гэрээ байгуулагджээ.

 

/хх-ийн 3 тал/

 

Дээрх зээлийн гэрээний зээлдүүлэгч талд Л.Ц, зээлдэгч талд М.М нар гарын үсэг зурсан байх ба гэрээний 3.4-т “2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бэлнээр зээлдэгчид хүлээлгэн өгсөн. Мөнгө хүлээн авсан зээлдэгч М.М“ гэж гарын үсэг зурсан байна.  

 

Нэхэмжлэгч Л.Ц нь талуудын хооронд 2019 онд байгуулагдсан 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дүгнэсэн, ийнхүү дүгнэхэд зээлийн гэрэний үлдэгдэл 11,500,000 төгрөг болох талаар талууд тохиролцож, зээлийн гэрээ байгуулж, уг гэрээг нотариатаар гэрчлүүлсэн гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч М.М нь дээрх зээлийн гэрээний талаар шаардлага гаргаагүй бөгөөд уг гэрээнээс үзэхэд зээлийн гэрээг талууд хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон гэж үзэх үндэстэй.

 

Хариуцагч М.М нь 2019 онд одоогийн ханшаар 35,000,000 төгрөгийн үнэ бүхий вакум цонхны шинэ иж бүрэн тоног төхөөрөмжийг Л.Ц-т хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Тэрээр ийнхүү маргасан байдлаа буюу тодруулбал зээлийн гэрээний үүрэгт одоогийн ханшаар 35,000,000 төгрөгийн үнэ бүхий вакум цонхны иж бүрэн тоног төхөөрөмжийг Л.Ц-т шилжүүлэн өгснөөр үүрэг дуусгавар болсон гэх тайлбараа баримтаар нотолсонгүй.  

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д: “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,

282 дугаар зүйлийн 282.4-т: “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

 

Үүнээс үзэхэд талуудын  хооронд 2019 онд 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дүгнэсэн, ийнхүү дүгнэсний үндсэн дээр хариуцагч М.М нь 11,500,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Л.Ц-т эргүүлэн төлөх, хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. 

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т: “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д: “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд талуудын хооронд анзын гэрээ бичгээр хийгдсэн, үүргээ хугацаандаа биелүүлэхгүй бол анз төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Хариуцагч М.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа татгалзлынхаа үндэслэлийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

Нэхэмжлэгч нь үндсэн зээл 11,500,000 төгрөгийн алдангид тооцон 3,105,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т: “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасантай нийцжээ.

 

Иймд хариуцагч М.М-с зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11,500,000 төгрөг, алданги 3,105,000 төгрөг, нийт 14,605,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ц-т олгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагч М.М нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй гэх байдлыг нотолсон баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд түүний шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д заасны дагуу шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурьдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч М.М-с зээлийн гэрээний үүрэгт 14,605,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ц-т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч М.М-с улсын тэмдэгтийн хураамжид 230,975 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ц-т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ