Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/01257

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/01257

 

 

 

 

 

                                         Л.Цын нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/01782 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Цын хариуцагч М.Мд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 14 605 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Ц, хариуцагч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцсон.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л.Ц 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр М.Мд 11 500 000 төгрөг 5 сар 26 хоногийн хугацаатай зээлдүүлж, мөнгийг бэлнээр өгсөн. Гэтэл М.М гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн.  М.М 2019 онд 20 000 000 төгрөг зээлж авч, цувуулж төлсөөр байгаад 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр үлдэгдэл 11 500 000 төгрөгт зээлийн гэрээ байгуулсан.  Зээлээ төлөхийн тулд М.М вакум цонхны тоног төхөөрөмжөө зарчихвал уг мөнгөнөөс зээлийн өрөндөө суутгуулна гэдэг. Хариуцагч уг тоног төхөөрөмжөө 35 000 000 төгрөгийн үнэтэй, өрөө төлөхийн тулд 6 000 000 төгрөгөөр худалдсан гэдэг боловч 35 000 000 төгрөгийн үнэтэй гэдгийг нэхэмжлэгч сайн мэдэхгүй. М.М, Б.Р нарын хооронд вакум цонхны тоног төхөөрөмж 6 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах тохиролцоо хийгдэж, Б.Р 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн ХААН банкны 5041010243 тоот данс руу тоног төхөөрөмжийн үнэ 5 000 000 төгрөг шилжүүлж, үлдэх  1 000 00 төгрөгийг 14 хоногийн дараа өгнө гэдэг. М.М хэрэглээний мөнгө хэрэгтэй гэж Б.Ргийн шилжүүлсэн 5 000 000 төгрөгийн 1 000 000 төгрөгийг авсан. Б.Рг гэрчээр асуулгах гэсэн боловч ойрын хавьтал болсон байсан тул хүсэлтээсээ татгалзсан. Иймд хариуцагч М.Мэс үндсэн зээл 11 500 000 төгрөг, алданги 3 105 000 төгрөг /11 500*9 сар 270 хоног/, нийт 14 605 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн тайлбарт: М.М нь нэхэмжлэгчид ямар ч өргүй. 2019 онд вакум цонхны шинэ иж бүрэн тоног төхөөрөмж өгч, өргүй болсон. Тус тоног төхөөрөмж нь одоогийн ханшаар 35 000 000 төгрөгийн үнэтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч М.Мэс зээлийн гэрээний үүрэгт 14 605 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Цт олгож, хариуцагч М.Мэс улсын тэмдэгтийн хураамжид 230 975 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Цт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230 975 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагч М.Мөнх-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгчид ямар нэгэн өр төлбөргүй гэдгээ анхан шатны шүүхэд тайлбарласаар байхад шүүх 14 605 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Л.Ц бид хоёрын хоорондын өр зээлийн асуудал дууссан бөгөөд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой бичсэн байдаг. Нэхэмжлэгч 35 000 000 төгрөгийн вакум цонхны тоног төхөөрөмж авсан гэдгээ маш сайн мэдэж байсан бөгөөд тоног төхөөрөмжийг авах үедээ үнэлгээний талаар огт маргаагүй атлаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ямар үнэтэй болохыг нь мэдэхгүй гэж илт худал хэлдэг. Хямд үнэтэй тоног төхөөрөмж байсан бол тухайн үед нь хэлээгүй. Уг тоног төхөөрөмжийг Б.Р гэх хүнд зарж мөнгийг нь Л.Ц нь авсан гэдгээ нэхэмжлэлдээ тодорхой бичсэн байхад анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй. Ажил орлогогүй хүнд хэцүү цаг үед их хэмжээний мөнгө төлүүлэх шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Л.Ц хариуцагч М.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 500 000 төгрөг, алдангид 3 105 000 төгрөг, нийт 14 605 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн 3 дугаар талд 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ авагдсан байх ба уг гэрээгээр хариуцагч М.М нэхэмжлэгч Л.Цаас 11 500 000 төгрөгийг 5 сар 26 хоногийн хугацаатай зээлдэн авах, гэрээний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. Нэхэмжлэгч нь уг гэрээний талаар “2019 онд М.Мд 20 000 000 төгрөг зээлдүүлсэн боловч төлбөрөө бүрэн төлөөгүй тул 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр үлдэгдэл 11 500 000 төгрөгт зээлийн гэрээ байгуулсан” гэж тайлбарласан бол хариуцагч “нэхэмжлэгчид өр төлбөргүй, 2019 онд вакум цонхны шинэ иж бүрэн тоног төхөөрөмжөө өгч бидний хоорондын тооцоо дууссан” гэж татгалзаж байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан. Нэхэмжлэгч нь 2019 онд 20 000 000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлж, 11 500 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байжээ. Улмаар зохигчид 11 500 000 төгрөгийг буцаан төлөх хугацаа, хугацаа хэтэрсэн тохиолдолд хүлээх хариуцлагын талаар 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр бичгээр гэрээ байгуулан, буцаан төлөх хугацааг 5 сар 26 хоногоор тогтоон, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлвэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасантай нийцсэн. Уг гэрээгээр нэхэмжлэгчид Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүснэ.

Хариуцагч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “20 000 000 төгрөгийн үлдэгдэл 11 500 000 төгрөгт гэрээ байгуулсан” гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчид 2019 онд 35 000 000 төгрөгийн үнэтэй вакум цонхны иж бүрэн тоног төхөөрөмжөө өгч, 20 000 000 төгрөгийн төлбөр тооцоо дууссан гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Мөн нэхэмжлэгчийн “вакум цонхны тоног төхөөрөмжийг М.Мтэй хамт явж худалдсан, 1 000 000 төгрөгийг М.Мөнх-Эрдэнийн дансанд шилжүүлж, 5 000 000 төгрөгийг авсан нь үнэн, хариуцагч тоног төхөөрөмжөө өөрөө үнэ хэлээд зарсан. Төхөөрөмж 35 000 000 төгрөгийн үнэтэй байсныг мэдэхгүй” гэх тайлбарыг хариуцагч баримтаар няцааж чадаагүй. /хх71-72/ Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Анхан шатны шүүхийн “хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт одоогийн ханшаар 35 000 000 төгрөгийн үнэ бүхий вакум цонхны иж бүрэн тоног төхөөрөмжийг Л.Цт шилжүүлэн өгснөөр үүрэг дуусгавар болсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй” гэх дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Талуудын гэрээний 3.7-д “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлнө” гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт заасантай нийцсэн байна. Иймд хариуцагчаас төлбөрийн үлдэгдэл 11 500 000 төгрөг, алданги 3 105 000 төгрөг, нийт 14 605 000 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

Харин талуудын хооронд өмнө нь өөр асуудлаар төлбөр тооцооны маргаан байсан бол тухайн этгээдэд нь холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэхүү магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй. 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/01782 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ... 281 дүгээр зүйлийн 281.1 ...” гэснийг “... 186 дугаар зүйлийн 186.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 975 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

                                                    ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

                                                                                                       А.МӨНХЗУЛ