Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2021/01829

 

 

 

 

 

                        2021       06          15

     101/ШШ2021/01829

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.Т-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т газарт холбогдох,

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 417 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Геологийн төв лабораторын ТӨҮГ-ын захирлаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 

Миний бие Э овогтой Т ******* ТӨҮГ-т 15 дахь жилдээ ажиллаж байгаад захирал Ө.О ажлаас гарах өргөдлөө өгсөн үндэслэлээр зохих хууль тогтоомжийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын 2019 оны 11 сарын 19-ний өдрийн 467 тоот тогтоолоор ******* ТӨҮГ-ын захирлаар томилогдон ажиллаж байна. Гэтэл Э.Т надыг ээлжийн амралттай, жирэмсэн үед надад мэдэгдэлгүйгээр ТӨБЗГ-ын 2020 оны 09 сарын 08-ны өдрийн 417 тоот тогтоолоор *******йн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн ба *******ын Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн *******ыг захирлаар томилсон. Э.Т намайг Геологийн Төв лабораторийн захирлаар ажиллах 10 сарын хугацаанд ТӨБЗГ-аас Ө.О шүүхээр маргаан үүсгэсэн талаар, мөн намайг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахаасаа өмнө албан ёсоор мэдэгдээгүй болно. Эдгээр үйлдлүүд нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.2, 40.5 болон 100.1 дэх заалтууд, ТӨБЗГ-ын захирал томилж, чөлөөлөх болон захирлын ажил дүгнэх дотоод журмуудыг зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд ТӨБЗГ-ын гаргасан “Э.Тыг ажлаас чөлөөлөх тухай“ 2020 оны 09 сарын 08-ны өдрийн 417 тоот тогтоолыг хүчингүй болгох, ******* ТӨҮГ-ын захирлаар эргүүлэн томилуулах, ажилгүй байх хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            “*******” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Ө.О-ыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 466 дугаар тогтоолоор ажлаас нь чөлөөлж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 467 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Э.Тыг “*******” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар томилон ажиллуулсан. Үүний дараагаар өмнөх захирал ******* нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 101/ШШ2020/00883 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1284 дүгээр магадлалаар Ө.О-ыг “*******” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4-164/31523 тоот албан бичгээр дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас шаардсаны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 417 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Э.Тыг “*******” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, 418 дугаар тогтоолоор Ө.О-ыг ажилд нь эгүүлэн томилсон. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн 162 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.З нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр *******” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын ажпыг хүлээлцүүлж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 417, 418 дугаар тогтоолуудыг уншиж танилцуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй:

            ...” 36.1.2. ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон; мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 05/2019/21/к дугаартай контрактын 5 дугаар зүйлийн 5.2.4-т “ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Э.Ттай байгуулсан контрактын гэрээг дуусгавар болгож, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.     Ийнхүү үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 417 дугаар тогтоолын 3 дахь заалтад “Захирлын ажлаас чөлөөлөгдөж буй Э.Тд бололцооны дагуу өөр ажил санал болгохыг “*******” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралд даалгасан. Э.Ттай байгуулсан контрактын гэрээг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр бий болсон тул цуцалсан бөгөөд шүүхийн шийдвэрийг иргэн, байгууллага заавал биелүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэлд Ө.О шүүхээр маргаан үүсгэсэн болон ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахаасаа өмнө надад албан ёсоор мэдэгдээгүй гэжээ. Ө.О-ын нэхэмжпэлтэй иргэний хэрэг шүүхээр хянагдах явцад нэхэмжпэгчийн эрх, ашиг нь хөндөгдөж буй талаар шүүхэд дурдаж байсан боловч, түүнд албан ёсоор мэдэгдэх шаардлагагүй энэ нь хувь хүний нууцтай холбоотой асуудал гэж үзсэн бөгөөд харин Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 466 дугаар тогтоол хуульд нийцсэн гэж үзэж шүүхэд мэтгэлцсэн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалт бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай зохицуулалт бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т дахь заалт нь нарийвчлан зохицуулсан зохицуулалт бөгөөд энэ заалтыг хэрэгжүүлэхэд ээлжийн амралттай байсан, жирэмсэн эмэгтэй, ажлаас чөлөөлөгдөхийг мэдэгдэх гэсэн ойлголт хамаарахгүй бөгөөд дээрх заалтад өөрт нь шууд тусгагдснаар “...хөдөлмөрийн гэрээг цуцалж, өөр ажил санал болох гэж тодорхой зохицуулсан. Харин Хөдөлмөрийн туай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтад бусад заалтууд хамааралтай болохыг хууль тогтоогч нар тогтоосон гэж үзэж байна. Мөн *******йн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/221 тушаалаар Э овогтой Т-ыг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн Стандартчилсан загвар ур чадварын сорилтын тасаг /СЗУЧСТ/-т Стандарт загвар боловсруулалтын инженерээр томилсон.”гэв.

             

             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Т нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 417 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, ******* ТӨҮГ-ын захирлаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 417 дугаар тогтоолын 3 дахь заалтад “Захирлын ажлаас чөлөөлөгдөж буй Э.Тд бололцооны дагуу өөр ажил санал болгохыг “*******” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралд даалгасан, тогтоол хууль зөрчөөгүй гэж маргажээ.

           

            Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 467 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Э.Тыг ******* төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс томилж, мөн өдрийн 05/2019/21/к дугаартай контрактын гэрээ байгуулжээ. /хх-148-155 тал/

 

            Нэхэмжлэгч Э.Т нь ийнхүү ажил үүргээ гүйцэтгэж байгаад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 417 дугаар тогтоолоор дээрх албан тушаалаас чөлөөлөгдөж, контрактын гэрээ дуусгавар болсон ба тогтоолын үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1-т заасныг үндэслэж, шүүхийн шийдвэр, магадлал гарсантай холбогдуулан ажлаас чөлөөлсөн байна. /хх-15 тал/ 

            Тодруулбал, ******* төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар өмнө ажиллаж байсан *******ыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/00883 дугаар шийдвэрээр ******* төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн томилсон ба уг шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1284 дүгээр магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-31-43 тал/

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 101/ШЗ2020/15678 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэж, мөн өдрийн 101/ГХ2020/01235 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх-28-30 тал/

            Шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20260805 дугаартай тогтоол гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, шүүхийн шийдвэр биелүүлэх талаарх мэдэгдэх хуудсыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн байна. /хх-44 тал/

            Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Э.Тыг ******* төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрийн 418 дугаар тогтоолоор *******ыг ******* төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн эгүүлэн томилсон байна.

 

            Нэхэмжлэгч Э.Т, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хооронд байгуулсан контрактын гэрээний 5.2.4-т ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол контрактын гэрээ дуусгавар болохоор, мөн гэрээний 5.3.11-т хуульд заасан бусад үндэслэл байвал контрактын гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт байхаар тус тус заажээ.

    

            Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж тус тус заасан дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Э.Ттай байгуулсан контрактын гэрээг дуусгавар болгож, түүнийг захирлын ажлаас чөлөөлж, бололцооны дагуу өөр ажил санал болгохыг ******* төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэж байна. 

 

            Нэхэмжлэгч Э.Т нь намайг ээлжийн амралттай, жирэмсэн байхад ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг зөрчсөн, өөр ажилд томилохдоо надтай зөвшилцөөгүй гэж маргаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан зохицуулалтаар түүний тайлбар үгүйсгэгдэх ба нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу *******йн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/221 тушаалаар Э.Тыг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн Стандартчилсан загвар, ур чадварын сорилтын тасаг /СЗУЧСТ/-т Стандарт загвар боловсруулалтын инженерээр томилж, Э.Тыг жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажлын байрыг хэвээр хадгалахыг Захиргаа, хүний нөөцийн хэлтэст үүрэг болгосон байна.

 

Иймд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 417 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Геологийн төв лабораторын ТӨҮГ-ын захирлаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох Э.Тыг ажлаас чөлөөлөх тухай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 417 тоот тогтоолыг хүчингүй болгох, ******* ТӨҮГ-ын захирлаар эгүүлэн томилуулах, ажилгүй байх хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.ЦЭРЭНДУЛАМ