Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01297

 

2021.08.23 №01297 Магадлал

 

Э.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/01829 дугаар шийдвэртэй

Э.Тын нэхэмжлэлтэй хариуцагч ТӨт холбогдох

ТӨ-ын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 417 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Г ТӨҮГ-ын захирлаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Т, түүний өмгөөлөгч Б.Азжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Э.Т Геологийн төв лаборатори ТӨҮГ-т 15 дахь жилдээ ажиллаж байгаад захирал Ө.О ажлаас гарах өргөдлөө өгсөн үндэслэлээр зохих хууль тогтоомжийн дагуу ТӨ (ТӨБЗГ)-ын 2019 оны 11 сарын 19-ний өдрийн 467 тоот тогтоолоор Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын захирлаар томилогдон ажиллаж байна. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн Ө.Оыг захирлаар томилсон. Э.Т намайг Геологийн төв лабораторийн захирлаар ажиллах 10 сарын хугацаанд ТӨБЗГ-аас Ө.О шүүхээр маргаан үүсгэсэн талаар, мөн намайг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахаасаа өмнө албан ёсоор мэдэгдээгүй болно. Эдгээр үйлдлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.2, 40.5, 100.1 дэх заалтууд, ТӨБЗГ-ын захирал томилж, чөлөөлөх болон захирлын ажил дүгнэх дотоод журмуудыг зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд ТӨБЗГ-ын гаргасан Э.Тыг ажлаас чөлөөлөх тухай 2020 оны 09 сарын 08-ны өдрийн 417 тоот тогтоолыг хүчингүй болгох, Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын захирлаар эргүүлэн томилуулах, ажилгүй байх хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Геологийн төв лаборатори Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Ө.Оыг ТӨ-ын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 466 дугаар тогтоолоор ажлаас нь чөлөөлж, ТӨ-ын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 467 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Э.Тыг Геологийн төв лаборатори Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар томилон ажиллуулсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 101/ШШ2020/00883 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1284 дүгээр магадлалаар Ө.Оыг Геологийн төв лаборатори Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 4-164/31523 тоот албан бичгээр дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас шаардсаны дагуу 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 417 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Э.Тыг Геологийн төв лаборатори Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, 418 дугаар тогтоолоор Ө.Оыг ажилд нь эгүүлэн томилсон. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн 162 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Золжаргал нь 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Геологийн төв лаборатори Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын ажлыг хүлээлцүүлж, ТӨ-ын 2020 оны 417, 418 дугаар тогтоолуудыг уншиж танилцуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.5, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 05/2019/21/к дугаартай контрактын 5 дугаар зүйлийн 5.2.4-т ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Э.Ттай байгуулсан контрактын гэрээг дуусгавар болгож, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ийнхүү үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу ТӨ-ын 2020 оны 417 дугаар тогтоолын 3 дахь заалтад Захирлын ажлаас чөлөөлөгдөж буй Э.Тд бололцооны дагуу өөр ажил санал болгохыг Геологийн төв лаборатори Төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралд даалгасан. Нэхэмжлэлд Ө.О шүүхээр маргаан үүсгэсэн болон ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахаасаа өмнө надад албан ёсоор мэдэгдээгүй гэжээ. Ө.Оын нэхэмжпэлтэй иргэний хэрэг шүүхээр хянагдах явцад нэхэмжпэгчийн эрх, ашиг нь хөндөгдөж буй талаар шүүхэд дурдаж байсан боловч, түүнд албан ёсоор мэдэгдэх шаардлагагүй энэ нь хувь хүний нууцтай холбоотой асуудал гэж үзсэн бөгөөд харин ТӨ-ын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 466 дугаар тогтоол хуульд нийцсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалт бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай зохицуулалт бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалт нь нарийвчлан зохицуулсан зохицуулалт бөгөөд энэ заалтыг хэрэгжүүлэхэд ээлжийн амралттай байсан, жирэмсэн эмэгтэй, ажлаас чөлөөлөгдөхийг мэдэгдэх гэсэн ойлголт хамаарахгүй. Дээрх заалтад өөрт нь шууд тусгагдснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, өөр ажил санал болох гэж тодорхой зохицуулсан. Харин Хөдөлмөрийн туай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтад бусад заалтууд хамааралтай болохыг хууль тогтоогч нар тогтоосон гэж үзэж байна. Мөн Геологийн төв лабораторийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/221 тушаалаар Энэбиш овогтой Тыг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн Стандартчилсан загвар ур чадварын сорилтын тасаг /СЗУЧСТ/-т Стандарт загвар боловсруулалтын инженерээр томилсон гэжээ.

ШҮҮХ: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч ТӨт холбогдох Э.Тыг ажлаас чөлөөлөх тухай ТӨ-ын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 417 тоот тогтоолыг хүчингүй болгох, Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын захирлаар эгүүлэн томилуулах, ажилгүй байх хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Э.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: .... Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн тул гомдолтой байна. Би 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр албан ёсоор ээлжийн амралтаа авсан бөгөөд намайг ээлжийн амралттай байхад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 417 дугаартай тушаалаар ажлаас минь чөлөөлсөн байсан ба тухайн үед миний бие 7 сартай жирэмсэн байсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 417 дугаартай тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэсэн намайг ажлаас халсан, гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан контрактын гэрээг үндэслээгүй бөгөөд шүүхээс надтай байгуулсан контрактын гэрээг үндэслэж шүүх хурал дээр огт яригдаагүй зүйлийг үндэслэсэн нь хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн байна. Мөн ТӨ нь ажилтныг ээлжийн амралттай, жирэмсэн байхад өөрт нь мэдэгдэлгүйгээр шууд ажлаас нь халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байхад шүүх энэхүү нөхцөл байдал тушаалд хамааралгүй гэж тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалсан ажилтныг эрхийг ноцтой зөрчиж байна. Миний бие өмнөх ажилтныг ажлаас буруу халсантай холбоотой хийгдэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд ямар ч хамааралгүй байтал миний эрх ашгийг шүүхийн шийдвэр биелүүлэх нэрээр шууд буюу ноцтой зөрчиж болно гэсэн хуулийн зохицуулалт огт байхгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө зааснаар ажилтантай байгуулсан гэрээ цуцалж өөр ажил санал болгохоор зохицуулсан бөгөөд энэхүү хуулийн тусгай зохицуулалтыг Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 16 дугаар зүйлд Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан заалт нь хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа шинээр томилогдсон ажилтны зөвшөөрлөөр, хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гэж үзнэ гэж тайлбарласан байтал шүүхээс энэхүү нөхцөл байдалд огт үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн. Учир нь хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ээлжийн амралттай байсан, хариуцагчийн шүүх хурал дээр өгсөн тайлбар зэргээс ажил олгогч нь ажилтнаа ажлаас халах гэж байгаа болон түүнд ямар нэгэн ажлын байр санал болгоогүй гэдэг нь тогтоогдож байхад шүүх энэхүү нөхцөл байдлыг үнэлж дүгнээгүй. Мөн намайг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойно надад огт мэдэгдэлгүйгээр намайг ажилд томилох тушаал гаргаж шүүхэд өгсөн байхад шүүхээс ажилд томилсон гэж өнгөцхөн дүгнэсэн нь миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Би ТӨтай гэрээ байгуулж ажиллаж байсан гэтэл надад ажлын байр санал болгоогүй өнөөдрийг болтол ажилд томилсон тушаалаа албан ёсоор надад өгөөгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байгаа зэрэг нь миний эрх ашиг болон Хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчиж байгаа болохыг харуулж байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй хэт нэг талыг барьсан, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал болон нотлох баримтыг зөв үнэлээгүй Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/01829 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч ТӨт холбогдуулан ТӨ-ын 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 417 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Г ТӨҮГ-ын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ТӨ-ын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 417 тоот тогтоолоор Э.Тыг Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалаас чөлөөлж, уг тушаалдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг үндэслэсэн байна. /хх.15, 148-155/

Мөн тогтоолын 3 дахь заалтад ...Захирлын ажлаас чөлөөлөгдөж буй Э.Тд бололцооны дагуу өөр ажил санал болгохыг Геологийн төв лаборатори Төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралд даалгаж, шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны. 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/00883 дугаар шийдвэрээр Ө.Оыг Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн томилсон, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1284 дүгээр магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүхийн шийдвэр хуулийн хучин төгөлдөр болсон байна. /хх-31-43/

ТӨ нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Э.Тыг Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрийн 418 дугаар тогтоолоор Ө.Оыг Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн эгүүлэн томилсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заасан бөгөөд өмнөх албан тушаалтан шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоогдсон тул ажил олгогч Э.Тыг уг албан тушаалаас чөлөөлж, өөр албан тушаал санал болгосон нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Э.Тыг ажлаас чөлөөлөх тухай ТӨ-ын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 417 тоот тогтоолыг хүчингүй болгох, Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын захирлаар эгүүлэн томилуулах, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/01829 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Ц.ИЧИНХОРЛОО