Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2024/00102

 

 

Б ХХК, У ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/03718 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2024/00329 дүгээр магадлалтай

Б ХХК /М ХХК/, У ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Т од холбогдох 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.24-ний өдрийн 183/ШШ2017/00671 дүгээр шийдвэрт дурдсан 382,790,202 төгрөгийн төлбөрийн үүрэг иргэн Т од шилжсэн болохыг тогтоолгох, уг үүргээ биелүүлэхийг даалгах, түүний өмнөөс төлж барагдуулсан 340,000,000 төгрөгийг Т оос гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О , өмгөөлөгч Ч , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б ХХК /М ХХК/, У ХХК нь хариуцагч Т од холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.24-ний өдрийн 183/ШШ2017/00671 дүгээр шийдвэрт дурдсан 382,790,202 төгрөгийн төлбөрийн үүрэг иргэн Т од шилжсэн болохыг тогтоолгох, уг үүргээ биелүүлэхийг даалгах, түүний өмнөөс төлж барагдуулсан 340,000,000 төгрөгийг Т оос гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.  

2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/03718 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХК /М ХХК/, У ХХК нарын хариуцагч Т од холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.24-ний өдрийн 671 дугаар шийдвэртэй 382,790,202 төгрөгийн төлбөрийн үүрэг Т од шилжсэнийг тогтоолгож, уг үүргээ биелүүлэхийг даалгаж, 340,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК /М ХХК/, У ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,071,902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2024/00329 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/03718 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.15-ны өдрийн 183/ШШ2023/03718 дугаар шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.19-ний өдрийн 210/МА2024/00329 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 болон 172.2.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна.

4.1. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, нотлох баримтыг үнэлэх талаарх хуулиар тогтоосон журмыг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр хуулийг хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

Магадлалын хяналтын хэсгийн 4.1-д Хэрэгт 2017 оны ...ГБ-2017/42 тоот Эвлэрлийн ерөнхий гэрээ ...авагдсан. Уг гэрээг нэг талаас Голомт банк ХХК, нөгөө талаас А ХХК, У ХХК, ...Ф компани..., иргэн Т нар байгуулж, талуудын хооронд үүссэн иргэн, эрүү, захиргааны хэрэг, маргаантай асуудлаа эвийн журмаар шийдвэрлэхээр тохиролцжээ. Талууд гэрээний хавсралтад нэрлэн заасан хэрэг, маргааныг хавсралтад заасан арга, хэлбэрээр шийдвэрлэж дуусгах нөхцөлийг тохирсон байна гэж дүгнэсэн атлаа хяналтын хэсгийн 7-д Ф компанийн хувьцаа эзэмшигчээр Т , М , Н нар бүртгэлтэй талаар Эвлэрлийн ерөнхий гэрээ, тус компанийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон 2017.05.01-ний өдрийн Эрх олгох тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд дурджээ... хариуцагч Т нь Ф компанийн эцсийн өмчлөгч учир нэхэмжлэлийг хариуцах үндэслэлтэй гэж нэхэмжлэгч нар үндэслэлээ тодорхойлсон. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д ... эцсийн өмчлөгчийг тодорхойлж, ...мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж үзсэн аливаа харилцан үйл ажиллагааг удирдаж, ашиг олж байгаа этгээдийг эцсийн өмчлөгч гэж тооцохоор зохицуулсан нь зохигчийн хоорондын маргаанд хамаарахгүй. Хуулийн этгээдүүдийн хооронд хийгдсэн гэрээний үүргийг тухайн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч хариуцах үндэслэлтэй эсэх харилцаа нь Иргэний хууль болон Компанийн тухай хуульд ...зохицуулагдсан. Энэ агуулгаар хариуцагч Т нь У ХХК, Ф компаниудын хувьцаа эзэмшигч болохыг нэхэмжлэгч нотлоогүйн зэрэгцээ хуульд заасан ямар үндэслэлээр дээрх компаниудын эцсийн өмчлөгчийн хувьд хариуцагч нь нэхэмжлэлийг хариуцах үндэслэлтэйг нэхэмжлэгч шүүхэд тайлбарлаагүй байна. Иймд нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд биш... гэх дүгнэлтийг хийсэн нь өөр хоорондоо зөрчилдөөнтэй, харилцан үгүйсгэсэн алдаатай байна.

Давж заалдах шатны шүүх Т өөрийн үүсгэн байгуулсан, эсхүл хувьцааг нь тусгай зориулалтын компаниар дамжуулан эзэмшдэг, эсхүл төрсөн ах, ажилтнаараа дамжуулан хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлж ирсэн А , К ХХК, У ХХК, түүний хувьцаа эзэмшигч Ф компанийн эрх ашигт нөлөөлөх эцсийн шийдвэрийг гаргаж Голомт банк ХХК-тай хэлэлцээрт орж, гэрээ хэлцэл байгуулсан буюу түүний зөвшөөрсөн нөхцөлөөр гэрээ хэлцэлд гарын үсэг зурах талаарх эцсийн шийдвэр гаргаж оролцож буй этгээдийн хувиар Эвлэрлийн ерөнхий гэрээ-ний оролцогчдын бүрэлдэхүүнд нэр нь дурдагдаж байгааг давж заалдах шатны шүүх хүлээн зөвшөөрч буй нь хяналтын хэсгийнхээ 4.1-д Эвлэрлийн ерөнхий гэрээг ..., нөгөө талаас А ХХК, У ХХК, ...Ф компани..., иргэн Т нар байгуулж, талуудын хооронд үүссэн иргэн, эрүү, захиргааны хэрэг, маргаантай асуудлаа эвийн журмаар шийдвэрлэхээр тохиролцжээ гэснээс харагдана. Гэвч эцсийн өмчлөгчийн тухай ойлголтыг зөвхөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар хязгаарлаж ойлгож, тайлбарлаж буй нь эл ойлголтоор гэрээний оролцогчид, тэдгээрийн эрх, үүргийн харилцааны тухайд үнэлэлт дүгнэлт өгч буй нь хэргийн нөхцөл байдал, үйл баримт, тэдгээрт хамаарах нотлох баримтыг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ нь процессын ноцтой зөрчил болсон ба алдаатай шийдвэр гарах үндэслэл болсон. Эцсийн өмчлөгчийн талаарх үндсэн ойлголт, гол хэрэглээ нь татварын, компани, бизнесийн харилцааг бүхэлд нь хамарсан өргөн хүрээтэй ойлголт бөгөөд энэ талаарх ойлголтын агуулга, багтаамж нэгэнтээ тодорхой болж тогтжээ. Оффшор бүтцээр дамжуулж өмчлөлийн бодит байдлыг халхавчлах эерэг болон сөрөг агуулга бүхий хүсэл зоригийн үр дагаврыг тайлбарлах зорилгоор, нуугдмал байгаа жинхэнэ ашиг хүртэгчид хуулийн үйлчлэлийг хүргэхэд зориулагдсан хуулийн арга хэрэгсэл болж хөгжсөн энэхүү ойлголт (Татварын ерөнхий хуульд тодорхойлсон)-ыг бид бүхэн нэхэмжлэлийн үндэслэлээ болгосныг шүүхүүд үл хэрэгслээ. Энэ нь магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хянуулах үндэслэл мөн. Тодруулбал, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс үүдэж дээрх алдаатай дүгнэлтийг хийсэн. Зохицуулалтуудтай харилцан уялдаанд нь хамтад нь хэрэглэнэ.

Нотлох баримтыг үнэлэх талаарх шүүхийн ажиллагааны тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх шүүхийн ажиллагааны талаарх Монгол Улсын дээд шүүхийн 2008.10.10-ны өдрийн Зөвлөмж нь нарийвчилсан зохицуулалт, тайлбарыг өөртөө агуулсан гэж ойлгоно. Зөвлөмжийн Нэгдүгээр зүйлд Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалт буюу шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэх заалтын тухай тайлбарлахдаа Шүүх хэргийн оролцогчийн ... нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг...., ингэхдээ шүүхэд зүгээр нэг баримт гаргаж өгөхийн тулд гаргаж өгч байгаа биш харин тэрээр өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлийг нотлох, өөрийн ашиг сонирхолд нийцсэн баримтыг шүүхэд гаргаж өгдөг. ... Энэ үүднээс авч үзвэл шүүх аливаа этгээдийн гаргаж ирсэн баримтад эргэлзэхгүйгээр итгэх, түүнийг үнэлэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгох нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдах ноцтой үр дагаварт хүргэдэг. ... шүүх талуудын гаргаж өгсөн аливаа тайлбар, үндэслэл, нотлох баримтад эргэлзэх эрхтэй, тэдгээрийг дэнсэлж, үнэлсний эцэст өөрийн шийдлийг гаргах үүрэгтэй... гэжээ. Улмаар, ...мөн зүйлийн 1.2-т ...тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр... үнэлнэ гэдэг нь хэргийн оролцогч хэн алины гаргаж буй үндэслэл, баримтыг анхаарах, нотлох баримтыг аль нэг талын байр сууриас биш харин маргааныг таслах хөндлөнгийн байр сууриас судалж, үнэлэх, ...тал бүрээс нь... үнэлнэ гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн судалж, үнэлнэ гэсэн үг юм. Хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй. ...Нотлох баримтыг үнэлж буй шүүх тухайн баримтыг бусад нотлох баримттай хэрхэн дүйцэж байгаа, тэдгээрийн хооронд ямар уялдаа холбоо байгаа, баримтууд бие биеэ үгүйсгэж байгаа эсэх, нэг үйл баримтыг давхар нотолж байгаа эсэхийг тус тус шалгадаг тул бодитойгоор харьцуулан үзэх гэсэн ойлголт нотлох баримтыг тал бүрээс үнэлэх ажиллагааны хэсэг болдог гэсэн байна. Зөвлөмжид ...Хуулийн мөн зүйлийн 1.3-т ... нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэдэг нь ...зөвхөн шүүгч л нотлох баримтын болон тэдгээрт агуулагдаж буй мэдээллийн үнэн зөв, бодит эсэхийг, эрх зүйн дүгнэлт өгөхөд хангалттай эсэхийг тодорхойлно. Энэхүү тодорхойлолт нь зүгээр нэг мэдрэмж, эсхүл санал биш ба харин нотлох баримтуудыг цогцоор нарийвчлан судалж, шинжилсний дүнд гарсан үндэслэл бүхий дүгнэлт билээ. Шүүгчийн дотоод итгэлийн үндэс нотлох баримтыг үнэлэх зарчмуудаас урган гарч ирдэг. Тухайлбал, ямар ч нотлох баримт шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогддоггүй, шүүх нотлох баримт бүрийг бусад нотлох баримтын адил үнэлэх ёстой г.м. Ямар нотлох баримтыг үнэн зөв гэж үзэх талаар хуульчилсан шаардлага тогтоох боломжгүй юм. Шүүх ямар нотлох баримтыг хэрхэн үнэлэх вэ гэдгийг түүнд хэн ч зааварчлах эрхгүй болно. Шүүх нотлох баримтыг гаднын ямар нэг нөлөөгүйгээр, зөвхөн хэрэгт цугларсан цогц байдлаар харьцуулан судалсны үндсэн дээр үнэлэх учиртай. Зөвхөн шүүгч нотлох баримтын үнэн зөв байдлыг тодорхойлж, түүнд агуулагдаж буй мэдээллийг бодит эсэхийг дүгнэж тогтооно... гэж тайлбарласан. Мөн зөвлөмжийн Хоёрдугаар зүйлд Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх талаар тайлбарлажээ. Тухайлбал мөн зүйлийн 2.1-д ...тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ... ... буюу тухайн маргаантай холбоотой үйл баримтыг тогтоох, эсхүл няцаах нотлох баримтыг хянан хэлэлцэх учиртай. Тийм учраас нотлох баримтын хамааралтай байдал гэдэг нь хэрэгт ач холбогдолтой байхыг тодорхойлох ойлголт юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх гэдэг нь нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлыг тогтооход ач холбогдолтой бөгөөд шалтгаант холбоотой байх шинжийг илэрхийлнэ. Эндээс үзэхэд, шүүх бүхий л баримтуудыг харьцуулан шинжилж үнэлнэ, ингэхдээ ямар ч баримтыг бусад баримтаас давуу хүчинтэй гэж үзэхгүйгээр адил хүчин гэж үзэж, гагцхүү хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлэх ёстой ажээ. Гэтэл анхан болон давж заалдах шүүх нэг үйл баримтын талаар харилцан зөрчилтэй дээрх дүгнэлтүүдийг хийсэн нь, мөн нотлох баримтыг үнэлсэн үйл ажиллагаа нь энэ талаарх тайлбараас зөрүүтэй байх тул магадлалыг эдгээр үндэслэлээр хянуулах үндэслэл мөн болно.

Магадлалын хяналтын хэсгийн 5-д ... У ХХК-ийн дээрх төлбөрийг худалдан авагч ...төлөхөөр тохиролцоогүй тул талууд эвлэрлийн ерөнхий гэрээ, түүний хавсралтад тусгайлан заагаагүй, уг төлбөрөө Т төлөх үүрэгтэй байсан... гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нар шүүхэд нотлоогүй, хэргийн баримтаар тогтоогдоогүй... гэж дүгнэсэн нь мөн нотлох баримтыг үнэлэх талаарх процессын үүргээ анхан болон давж заалдах шүүхүүд биелүүлээгүй гэж үзэх үндэслэл мөн ба энэ нь процессын ноцтой зөрчил юм. Тодруулбал, нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлээ дэмжиж нотлох баримтаар гаргасан Эвлэрлийн ерөнхий гэрээ, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор У ХХК-ийн хувьцааг худалдаж буй Ф компани ба Б ХХК-ийн хоорондох Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ түүний хавсралт 1 гэх баримт бичгүүдийг үнэлэхдээ шүүх алдаа гаргасан. Угтаа, хувьцаа худалдах гэрээний Хавсралт 1 гэх баримтаар У ХХК үргэлжлүүлэн хариуцаж төлөх өр төлбөрийг тодорхойлж жагсаасан. Тиймээс тэрхүү жагсаалтад дурдагдаагүй аливаа өр төлбөрийг хувьцаа шилжүүлсэн тэрхүү этгээд, түүний эцсийн өмчлөгч, ашиг хүртэгч этгээд хариуцах нь илэрхий буюу логикийн энгийн л нэг дүгнэлт болох нь хэнд ч ойлгомжтой. Ийм л энгийн логик дүгнэлтийг хийчих чадваргүй шүүгчид байх боломжгүй буюу үүний цаана өөр учир шалтгаан л байх боломжтой.

Анхан шатны шүүх ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... хариуцагч Т өрийг хариуцна, энэ нь гэрээний хавсралт 2-т дурдагдсан байгаа гэж тайлбарласан ... хавсралт 2 гэх баримтыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй ... , мөн ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар гэрээний хавсралтыг гаргах боломжтой, өр төлбөрийн жагсаалтад ороогүй өрийг хариуцагч Т төлөхөөр дурдсан гэсэн боловч ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч баримтыг өмнө нь өгөх, санал болгох боломжгүй байсан талаарх баримтгүй, энэ талаарх тайлбарыг хүсэлтдээ дурдаагүй тул шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хангах үндэсгүй, тайлбараа нотлоогүй гэж үзэв... гэснийг давж заалдах шүүх дээрх байдлаар зөвшөөрсөн нь мөн л үндэслэлгүй. Тодруулбал, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний 2.4-т Энэхүү гэрээний дагуу Худалдагчаас худалдан авагчид шилжүүлэн өгөх баримт бичгийн жагсаалтыг Хавсралт 2-оор оруулав гэж заасан. Эндээс харахад, хавсралт 2 гэх баримт нь компанийн хувьцаа, компанийг шилжүүлэх хүрээнд хувьцаа шилжүүлэн авагчид хүлээлгэн өгсөн аливаа биет болон биет бус хөрөнгө, эрх, шаардах эрх, бүхий л баримт бичгүүдийг нэрлэн заасан жагсаалт л байх ба уг Хавсралтаар өр төлбөрийг хэн хариуцах талаарх харилцааг огтоос зохицуулсан зүйлгүй юм. Уг Хавсралт 2 гэх баримт бичгийн манай энэ хэрэгт хамааралтай цорын ач холбогдол нь А ХХК-д төлөх 382,790,202 төгрөгийн өр төлбөрийн талаарх Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.24-ний өдрийн 183/ШШ2017/00671 дүгээр шийдвэрийг нэрлэн зааж, түүний хуулбарыг Б ХХК-д өгсөн талаар л дурдсан явдал юм. Гэтэл анхан болон давж заалдах шүүх эл Хавсралт 2 гэх баримтаар Т ын хариуцах өр төлбөрийг тодорхойлсон мэтээр дүгнэсэн, ийм агуулгатай тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хэлсэн мэтээр, улмаар уг баримтыг гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан хүсэлтийг гаргасан, ийнхүү хүсэлт гаргасан нь үндэслэлгүй талаарх дүгнэлтийг хийсэн нь хэргийн нөхцөл байдал, нэхэмжлэгч талын тайлбар, түүний үндэслэлийн талаар шүүх бодитой дүгнэлт хийж чадаагүй болохыг нь нотолж байна. Дээр дурдсанчлан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний Хавсралт 2 нь Т ын хариуцан төлөх өр төлбөрийг тодорхойлсон зүйлгүй, гагцхүү хувьцааг буюу компанийг шилжүүлэх хүрээнд хүлээлгэн өгч буй баримт бичиг, аливаа биет болон биет бус хөрөнгийн жагсаалт л байсан тул уг хэрэгт шууд хамааралгүй байсан тул нотлох баримтаар гаргах шаардлага байгаагүй. Харин шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хэдий шүүхэд гаргаж өгөөгүй ч гэсэн хариуцагчийн татгалзлын үндэслэлд холбогдуулан Хавсралт 2 гэх баримт үйлдсэн, түүнд А ХХК-ийн шүүхийн шийдвэрийн хуулбарыг хүлээлгэн өгсөн талаар дурдсаныг иш татан ярьсан болохоос бус Хавсралт 2 гэх баримт нь манай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл мэтээр ярьж хэлсэн зүйлгүй, тэгж ярьж хэлсэн мэтээр шийдвэртээ бичсэн нь алдаатай. Өөрөөр хэлбэл, энэхүү алдаатай дүгнэлтдээ үндэслэн шүүх Хавсралт 2 гэх баримтаар У ХХК-ийн А ХХК-д төлөх өр төлбөрийг Т хариуцах нь нотлогдох байсан мэтээр үзэж тус баримтыг гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Угтаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэж буй гол баримт нь Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ий Хавсралт 1 юм. Уг баримтаар У ХХК, Б ХХК-ийн хариуцан төлөх өр төлбөрийг нарийвчлан заасан ба үүнд А ХХК-д төлөх өр төлбөр хамаарахгүй. Энэ агуулгаараа нотлох баримтуудыг үнэлэхдээ шүүхүүд тайлбараас зөрүүтэйгээр хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

4.2. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасан өр шилжих талаарх зохицуулалтыг шүүх хэрэглэхдээ хэлцэл байгуулах, хэлцэл байгуулах хүсэл зоригоо илэрхийлэх, хүсэл зоригийн илэрхийллийн хэлбэрийн шаардлагын талаарх Улсын дээд шүүхийн тайлбараас зөрүүтэй хэрэглэсэн буюу А ХХК-ийн өр төлбөрийг төлөх үүрэг Ф ХХК, түүний эцсийн өмчлөгч Т од үлдсэн тухайд: Голомт банк ХК нь А ХХК, түүний эцсийн өмчлөгч Т , түүнчлэн түүнтэй хамаарал бүхий хуулийн этгээдүүдийн хооронд 2012 оноос эхэлсэн хэд хэдэн эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг эвлэрэн хэлэлцэх замаар 2017.05.01-ний өдөр эцэслэн шийдвэрлэсэн юм. Энэ хүрээнд Улсын дээд шүүхийн 2016 оны 001/ХТ2016/00897 дугаар тогтоолтой, зээлийн үүрэгт 28,825,478,52 төгрөгийг У ХХК-аас гаргуулж Голомт банк ХХК-д олгох хэрэг шийдвэрийг биелүүлэх зорилгоор Хувьцаа худалдах, худалдан авах тухай А-2 дугаар, Компанийн эрх шилжүүлэх тухай А-2 дугаар гэрээг 2017.05.01-ний өдөр байгуулж Голомт банк ХХК-ийн нэр заасан хуулийн этгээд Б ХХК-ийн өмчлөлд У ХХК-ийн хувьцааг бүхэлд нь шилжүүлсэн. Ингэснээр уг төлбөрийг барагдуулсан. Ийнхүү гэрээ байгуулахдаа У ХХК-ийн бусдад төлөх өр төлбөрийг хэн хариуцаж, хэрхэн төлөх талаар хэлэлцэн тохиролцож У ХХК өөрөө (мөн Б ХХК) хариуцах өр төлбөрийг нэрлэн заасан гэрээний Хавсралт 1 гэх баримт бичгийг үйлдсэн. Ингэснээр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон түүний Хавсралт 1-д тусгагдаагүй үлдсэн аливаа өр төлбөрийг У ХХК-ийн хувьцааг шилжүүлж Ф ХХК, түүний эцсийн өмчлөгч иргэн Т хариуцан төлөх үндсэн тохиролцоо байгуулагдсан буюу тийм үр дагавар бий болсон. Энэ үйл баримтад холбогдох өөр нэгэн баримт нь өнөөдөр маргаж буй А ХХК-д төлөх 382,790,202 төгрөгийн өр төлбөрийн талаарх Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.24-ний өдрийн 183/ШШ2017/00671 дугаар шийдвэрийн хуулбар хувийг Б ХХК-д хүлээлгэн өгсөн явдал. Мөн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний Хавсралт 2 гэх баримтад уг шүүхийн шийдвэрийг нэрлэсэн. Эндээс дүгнэхэд Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулах үед А ХХК-д өгөх өглөгийн талаар Голомт банк ХК, түүний өмнөөс У ХХК-ийн хувьцааг өөрт шилжүүлэн авч буй Б ХХК, түүнчлэн хувьцаа шилжүүлэгч талын хэн аль нь мэдэж байсан, улмаар уг өр төлбөр нь У ХХК-д үлдсэн бус харин хувьцаа шилжүүлэгч Ф , түүний эцсийн өмчлөгч Т од үлдсэн буюу тэдгээрийн хариуцан барагдуулах үүрэг болж үлдсэн нь тодорхой байна. Гэвч анхан шатны шүүх эл үйл баримтын талаар алдаатай дүгнэлт хийсэн, тодруулбал, шийдвэрийн үндэслэх хэсэгт "... У ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хавсралт 1 Өглөг товчоо тайлан, Авлагын товчоо тайлан 2017.04.30-ны тайлант үе баримтад 2017.03.24-ний өдрийн 183/ШШ2017/00671 дүгээр шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөр болох 382,790,202 төгрөг нь дурдаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд уг өр төлбөрийг хувьцаа худалдагч тал Ф ХХК буюу тус компанийн эцсийн өмчлөгч хариуцагч Т төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй хэмээн дүгнэсэн ба энэ нь илт үндэслэлгүй алдаатай дүгнэлт болсон. Анхан шатны шүүхийн энэхүү алдааг залруулах үүргээ давж заалдах шүүх биелүүлээгүй нь процессын ноцтой зөрчил мөн. Дээр өгүүлсэнчлэн гэрээний Хавсралт 1-д тусгагдсан өр төлбөрийг л У ХХК буюу Б ХХК хариуцан төлөх ба харин түүнд тусгагдаагүй аливаа өр төлбөр У ХХК-ийн хувьцааг худалдагч Ф ХХК, түүний эцсийн өмчлөгч Т хариуцан төлөх харилцааг тогтоосон. Шүүх ...Хавсралт 1-д шүүхийн дагуу төлөх өр төлбөр болох 382,790,202 төгрөг нь тусгагдаагүй болох-ыг тогтоосон хэрнээ түүнийг төлөх үүрэг Ф , Т од үүсээгүй гэж дүгнэсэн нь уг Хавсралт 1 гэх баримт бичиг, түүнд дурдагдаж буй өр төлбөрийг хариуцан төлөх этгээд нь У ХХК болохыг тогтоож буй, хэрвээ түүнд дурдаагүй өр төлбөр байвал хувьцаа шилжүүлэгч хариуцах тэрхүү үр дагаврыг бий болгож буй талаар зөв дүгнэсэнгүй. Түүнчлэн шүүх "... уг өр төлбөр Эвлэрлийн гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулах үед байсан болох нь гэрч Н ийн мэдүүлэг, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2017.03.24-ний өдрийн 00671 дугаар шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна... гэж дүгнэсэн. Энэ нь уг өр төлбөр У ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ф ХХК байх үед үүссэн болох, түүнчлэн гэрээ байгуулах үедээ уг өр төлбөрийн талаар Хавсралт 1-д тусгахгүй үлдээх замаар уг өр төлбөрийг хувьцаа шилжүүлэгчид үлдээж шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах хамгийн гол үйл баримтыг тогтоосон ач холбогдолтой. Иймд гэрээ байгуулах үед талуудын хэн алины мэдэж байсан өр төлбөрийн асуудлыг зохицуулахгүй орхигдуулсан гэж үзэх ямар ч үндэслэлгүй. Нэгэнт Б ХХК, У ХХК-ийн хариуцах өр төлбөрийн үүргийг тусгайлан дурдсан Хавсралтыг үйлдсэнээр түүнд дурдагдаагүй аливаа өр төлбөрийг гэрээний нөгөө тал Ф ХХК, эцсийн өмчлөгч Т хариуцах үүрэг хүлээсэн гэж гэрээг тайлбарлах нь цорын ганц үндэслэлтэй дүгнэлт юм.

Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.5-д Энэхүү гэрээнд гарын үсэг зурсны дараа, гэрээний хавсралт 1-д заагдсан актив хөрөнгө дутсан, эсхүл заагаагүй өр төлбөр гарч ирсэн тохиолдолд Худалдан авагчийн гаргасан шаардлагаар худалдан авагч хариуцан арилгах үүрэгтэй ... , мөн гэрээний 2.6-д Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Худалдан авагч нь худалдагчаас энэхүү гэрээний хавсралт №1-д заагдаагүй Компанийн өр төлбөр болон бусад үүрэг хариуцлагыг төлөхөд гарсан бодит зардлаа ...нэхэмжлэх боломжтой ... хэмээн тус тус зааснаас үзвэл Б ХХК, У ХХК нь гэрээний хавсралт №1-д дурдсан өр төлбөрөөс бусад өр төлбөрийг төлөх хүсэл зориггүй байсан буюу зөвхөн хавсралт №1-д дурдсан өр төлбөрийг л төлөх хүсэл зориг илэрхийлж, гэрээ, түүний хавсралтыг үйлдсэн гэж үзнэ. Энэ бүх нөхцөл байдал, тэдгээрт хамаарах үйл баримтын тухайд давж заалдах шатны шүүх Магадлалын хяналтын хэсгийн 6-д ...Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэг Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлж авч үүрэг гүйцэтгэх болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил гэж зааснаар ... А ХХК-д төлөх У ХХК-ийн үүргийг хариуцагч Т өөртөө шилжүүлэн авсан гэх баримтыг зохигч үйлдээгүй гэж дүгнэсэн нь мөн л нотлох баримтыг үнэлэх талаарх журамд нийцээгүй.

4.3. Хөөн хэлэлцэх хугацааны талаарх шүүхийн дүгнэлтийн тухайд: Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг 2017.05.01-ний өдөр байгуулснаас хойш даруй 5 жил шахмын хугацаанд буюу 2021 оныг дуусталх хугацаанд А ХХК-д төлөх 382,790,202 төгрөгийн өр төлбөрийн асуудал огтоос яригдаагүй. Энэ нь аргагүй, яагаад гэвэл өмнө өгүүлсэнчлэн уг өр төлбөрийг Ф буюу Т хариуцан төлөх ёстой, түүнчлэн 5 жил шахмын хугацаанд уг төлбөрийн талаарх асуудал дахин яригдаагүй тул бидний хувьд уг төлбөрийг Т зохих ёсоор төлж барагдуулсан гэж бодож байсан. Гэтэл Т нь уг өр төлбөрийг төлөөгүйгээр барахгүй Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.5 болон 2.6-д заасан 2 жилийн хугацаа өнгөрөхийг зориуд хүлээсэн, улмаар энэ хугацаа өнгөрсний дараа А ХХК нь шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан нөхцөл байдал тогтоогддог. Ингээд 2021 оны 7 дугаар сард анх НШГА-аас өр төлбөр төлөх талаарх мэдэгдэл ирүүлснээр уг төлбөр төлөгдөөгүй байгааг мэдсэн. Улмаар У ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, уг төлбөрийг төлсөн. Энэ талаарх 2022.05.30-ны өдрийн 05/30-01 дугаартай Шүүхийн шийдвэрийг харилцан тохирч гүйцэтгэх эвлэрлийн гэрээ, 2022.06.02-ны өдрийн 22-6/313 дугаартай "Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг нотлох баримтаар гаргасан. Иймд У ХХК, Б ХХК нь Т ын өмнөөс төлсөн дээрх төлбөрийг түүнээс шаардах эрхтэй. Энэхүү шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд шүүх ... 2017 оноос хойш гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй хэмээсэн нь алдаатай. Тодруулбал, уг үүргээ гүйцэтгэхийг шаардах шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацааг уг үүргээ биелүүлээгүй үеэс, ийнхүү биелүүлээгүй болохыг нь У ХХК, Б ХХК мэдсэн үеэс буюу 2021 оны 7 сараас тоолох учиртай. Энэ тухайд тайлбараа шүүх хуралдаанд гаргасан хэдий ч шүүх хэрэгсэхгүй, хөөн хэлэлцэх хугацааг гэрээг байгуулсан 2017.05.01-нээс эхлэн тоолж буй нь алдаатай болжээ. Т , Ф ХХК нь өр төлбөрөө төлөөгүй болохыг мэдсэн даруйдаа буюу 2021 оны 10 дугаар сард тэдгээрт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч 2021.11.03-ны өдөр 183/Ш32021/13454 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар дахин нэхэмжлэл гаргасан нь өдгөө миний эс зөвшөөрч гомдол гаргаж буй энэ шийдвэрээр шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасны дагуу 2021 оны 7 дугаар сард шаардах эрх үүссэн хэмээн үзэх учиртай. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхийн 2024.02.19-ний өдрийн 210/МА2024/00329 дүгээр Магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2024.04.18-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00441 тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г ын хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

ХЯНАВАЛ:

 6.Нэхэмжлэгч Б ХХК болон У ХХК нь хариуцагч Т од холбогдуулан 2017.03.24-ний өдрийн шүүхийн шийдвэрээр У ХХК-ийн А ХХК-д өр төлбөр барагдуулах гэрээний үүрэгт төлөх 382,790,202 төгрөгийн төлбөрийн үүрэг шилжсэн болохыг тогтоолгож, уг үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгаж, хариуцагч Т ын өмнөөс төлж барагдуулсан 340,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ ...Голомт банк ХХК болон А ХХК, түүний эцсийн өмчлөгч Т болон түүний хамаарал бүхий компаниудын хооронд үүссэн эрүү, иргэн, захиргааны хэд хэдэн маргааныг шийдвэрлэхээр 2017.05.01-ний өдөр Эвлэрлийн ерөнхий гэрээ-г байгуулсан, ...28,825,478,052 төгрөгийг У ХХК-аас Голомт банк ХХК-д олгох шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд Б ХХК-ийн өмчлөлд У ХХК-ийг шилжүүлэхээр хувьцаа худалдах-худалдан авах тухай, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг хийсэн ба У ХХК-ийн А ХХК-д төлөх 382,790,202 төгрөгийг хувьцаа худалдагч тал Ф буюу тус компанийн эцсийн өмчлөгч Т хариуцан барагдуулах үүргээ биелүүлээгүйгээс энэ өрийг түүний өмнөөс төлсөн... гэсэн агуулгаар тайлбарласан.           

7.Хариуцагч нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргахдаа ...нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, ...А ХХК-д У ХХК-ийн төлбөрийг хариуцан төлөх үүрэгтэй этгээд нь өмнөх хувьцаа эзэмшигч Ф ХХК болохыг тогтоолгох гэсэн агуулгатай байна. Гэвч энэ компанид холбогдуулж нэхэмжлэлээ гаргаагүй байна, ...2017 оны эвлэрлийн ерөнхий гэрээний дагуу шаардах эрх шилжсэн гэж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, У ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд буюу Ф ХХК байхад хариуцагчаар Т ыг тодорхойлсон нь ойлгомжгүй, ...Компанийн тухай хуульд эцсийн өмчлөгч гэж ойлголт байхгүй, ...өөрөө хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан өр төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэжээ.   

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ...2017.05.01-ний өдрийн Эвлэрлийн ерөнхий гэрээний хавсралтын 1.А талын нэхэмжлэлтэй иргэн, захиргааны болон эрүүгийн хэргийн жагсаалт, 2.Б талын нэхэмжлэл, гомдол бүхий иргэний болон эрүүгийн хэргийн жагсаалт-д А ХХК-ийн нэхэмжлэлтэй У ХХК-д холбогдох 2017.03.24-ний өдрийн шүүхийн 183/ШШ2017/00671 шийдвэртэй хэрэг тусгагдаагүй, ... мөн өдрийн №А-2 дугаартай Б ХХК, Ф ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний Хавсралт 1, 2 нь гэрээний салшгүй хэсэг болно гэсэн ба хавсралт 1-д дээрх өр төлбөр 382,790,202 төгрөг дурдагдаагүй, ...нэхэмжлэгч талаас хариуцагч Т өрийг хариуцна, энэ нь хавсралт 2-т дурдагдсан байгаа гэсэн боловч хавсралт 2 гэх баримтыг ирүүлээгүй, ...тайлбараа баримтаар нотлоогүй, ...талууд уг өр төлбөрийг гэрээ байгуулах үед мэдэж байсан, хэргийн баримтаар тогтоогдсон... гэсэн агуулгатай үндэслэл заасан байна.

9.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзэж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээхдээ ... нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хуульд заасны дагуу шүүхэд нотлоогүй, ....хэргийн баримтаар тогтоогдоогүй, ... талуудыг 2017.05.01-ний өдөр Эвлэрлийн ерөнхий гэрээ болон Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулахаас өмнө 671 дугаартай шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон, Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 382,790,202 төгрөгийг А ХХК-д төлөх У ХХК-ийн үүргийг хариуцагч Т өөртөө шилжүүлэн авсан гэх баримтыг зохигч үйлдээгүй, Эвлэрлийн ерөнхий гэрээний талууд энэ өрийг хэн хариуцахаар гэрээнд заагаагүй учир хариуцагч Т оос шаардах эрхгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. ... хариуцагч Т нь У ХХК, Ф компаниудын хувьцаа эзэмшигч болохыг нэхэмжлэгч нотлоогүйн зэрэгцээ хуульд заасан ямар үндэслэлээр дээрх компаниудын эцсийн өмчлөгчийн хувьд нэхэмжлэлийг хариуцах үндэслэлтэйг нэхэмжлэгч шүүхэд тайлбарлаагүй, нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд биш гэх хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзжээ.  

10.Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хянан хэлэлцэхэд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

11.Хэргийн баримтаас үзэхэд 2017.05.01-ний өдрийн Эвлэрлийн ерөнхий гэрээг нэг талаас Голомт банк ХХК, иргэн Д , Б , Н нар, нөгөө талаас А ХХК, У ХХК, Британийн Виржинийн арлууд улсын хуулийн этгээд Ф компани, К ХХК, П ХХК, иргэн Т нар байгуулж, талуудын хооронд үүссэн иргэн, эрүү, захиргааны хэрэг, маргаантай асуудлаа эвийн журмаар шийдвэрлэхээр тохиролцож, хавсралтад заасан хэрэг, маргааныг шийдвэрлэж дуусгах нөхцөлийг заасан байна. Эдгээр маргаанаас Улсын Дээд шүүхийн 2016.07.04-ний өдрийн 897 тогтоолоор У ХХК-аас 28,825,478,053 төгрөг гаргуулан Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлэхээр төлбөр авагчийн санал болгосон Б ХХК-тай Ф компани Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ-г 2017.05.01-ний өдөр байгуулж, Ф компани нь өөрийн охин компани болох У ХХК-ийн 100 (100 хувь) ширхэг энгийн хувьцааг 100,000,000 төгрөгөөр Б ХХК-д худалдаж, У ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрх Б ХХК-д шилжсэн үйл баримтын тухайд талууд маргаагүй байна.

12.У ХХК-аас 382,790,202 төгрөг гаргуулж А ХХК-д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2017.03.24-ний өдрийн 183/ШШ2017/00671 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч, төлбөр төлөгч нар харилцан тохиролцож 2022.05.30-ны өдрийн Шаардах эрх шилжүүлэн авсан тухай гэрээ, мөн өдрийн Эвлэрлийн гэрээ-ний дагуу У ХХК нь 340,000,000 төгрөгийг Т ХХК-д төлжээ. У ХХК-ийн дээрх төлбөрийг худалдан авагч Б ХХК төлөхөөр тохиролцоогүй, үүнээс гадна талууд эвлэрлийн ерөнхий гэрээ, түүний хавсралтад уг өрийн талаар заагаагүй тул уг төлбөрийг хариуцагч Т төлөх үүрэгтэй байсан, шүүхийн шийдвэрийг үндэслэн төлбөрийг төлсөн тул уг 340,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

13.Эвлэрлийн ерөнхий гэрээ болон Б ХХК болон Ф компанийн хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон гэрээний хавсралтад А ХХК-д төлөх У ХХК-ийн өрийг хэн хариуцах талаар заагаагүй, нөгөөтээгүүр эвлэрлийн ерөнхий гэрээнд Т ын олгосон итгэмжлэлээр Б.Батзориг оролцсон байна. Уг итгэмжлэлд заасан тодорхой маргаанд тооцоо нийлэх акт үйлдэх эрхтэйгээр эвлэрлийн ерөнхий гэрээнд оролцуулахаар төлөөлөгчийн эрхийг тодорхойлсон байна.

Түүнчлэн Ф компани нь Британийн Виржинийн арлууд улсын хуулийн этгээд байх бөгөөд хувьцаа эзэмшигчээр Т , М , Н нар бүртгэлтэй талаар Эвлэрлийн ерөнхий гэрээ, Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон энэ компанийн 2017.05.01-ний өдрийн Эрх олгох тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд дурдсанаас өөр баримт хэрэгт авагдаагүй, эдгээр баримтаар хариуцагч Т ыг энэ хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч гэж дүгнэх боломжгүй юм.

Хариуцагч Т нь Ф компанийн эцсийн өмчлөгч учир нэхэмжлэлийг хариуцах үндэслэлтэй гэж нэхэмжлэгч нар үндэслэлээ тодорхойлсон боловч хариуцагч Т нь хуульд заасан ямар үндэслэлээр дээрх компаниудын эцсийн өмчлөгчийн хувьд нэхэмжлэлийг хариуцах үндэслэлтэйг нэхэмжлэгч шүүхэд нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/03718 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2024/00329 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 2,071,902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА

                  ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ  

                                    Н.БАТЧИМЭГ  

                                    П.ЗОЛЗАЯА 

                                                  Д.ЦОЛМОН