Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 96

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж, шүүгч Х.Одбаяр, С.Олзод нарын бүрэлдэхүүнтэй,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

            иргэдийн төлөөлөгч Д.Майдаржав,

           улсын яллагч Н.Пүрэвтогтох,

            хохирогч Б.Хишигбаяр, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд /ҮД:1-951/,

шүүгдэгч Т.Тэмүүлэн, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг /ҮД:0-862/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Говь Гурван Сайхан овогт Түвшинбаганы Тэмүүлэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201201060950 дугаартай, 187/2017/0027/Э индекстэй хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 13-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Орчлон хорооллын 82 дугаар байрны 09 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Говь Гурван Сайхан овогт Түвшинбаганы Тэмүүлэн /РД:УЮ89041305/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Тэмүүлэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2012 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Орчлон” хотхоны 82 дугаар байрны орцонд өөрийн найз Б.Хишигбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар гэрээсээ хутга барьж гарч ирээд Б.Хишигбаярын хэвлийн тус газарт хутгалж биед нь хэвлийн хөндий нэвтэрч нарийн гэдэс, бүдүүн гэдсийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийг нээж нарийн гэдэс, бүдүүн гэдсэнд оёдол тавьж хэвлийн хөндийг цэвэрлэсэн мэс ажилбар, хэвлийн хөндийд цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.Тэмүүлэн нь 2012 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 01 цагийн үед “Чонон бөртэ” нэртэй караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Хишигбаяртай өөрийг нь нөхөр М.Тэмүүжинд “манайд хоноогүй” гэж хэллээ гэж уурлан “чи ер нь яасан их юм ярьдаг юм бэ” хэмээн маргалдаж, уг маргаан үргэлжилсээр 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Орчлон” хотхоны 82 дугаар байрны орцонд гэрээсээ хутга барьж гарч ирэн хохирогч Б.Хишигбаярын хэвлийн тус газарт хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Т.Тэмүүлэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...Би 2012 оны 11 дүгээр сарын 06-ны орой найз Б.Хишигбаярыг уулзъя гэж гэрээс нь дуудсан. Бид хоёр караокед уулзаад ууж ярьж суусан. Хэсэг хугацааны дараа манай нөхөр намайг авахаар ирсэн. Тэгээд нөхөртэйгээ муудалцаж байгаад найз Б.Хишигбаяртай гадаа гарч маргалдсан. Машинд дотор байхдаа Б.Хишигбаяр бид хоёр маргалдаж байгаад манай гэрийн гадаа очсон. Тэгээд гэрийнхээ үүдэн дээр ирээд гэртээ оруулна, оруулахгүй гэж муудалцаж байгаад гартаа байсан хутгаараа хутгалсан. Тэгээд гэртээ орж ирээд цагдаа дуудсан. Тэгээд манай нөхөр Хишигбаярыг аваад эмнэлэг явсан. Тэгээд удаагүй цагдаа ирээд намайг аваад явсан...Би гэмтэл учруулсан...Би нийт 75.000.000 төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/          

            2. Хохирогч Б.Хишигбаярын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...2012 оны 11 дүгээр сарын 06-ны орой найз Т.Тэмүүлэн нь намайг гэртээ байхад уулзъя гэсэн. Тэгээд Т.Тэмүүлэн дуудлагын такситай манай гэрийн гадаа ирсэн. Бид хоёр манай гэрийн ойролцоо байдаг “Чонон бөртэ” гэдэг нэртэй караокед орсон. Караокед ороод бид хоёр ууж, дуулж, хоорондоо ярилцаж суусан. Тэгээд Т.Тэмүүлэнгийн нөхөр Тэмүүжин нь ирсэн. Тэгээд Т.Тэмүүлэн нөхөртэйгээ маргалдаж эхэлсэн. Энэ нь араар тавьсан, тавиагүй гэх эхнэр, нөхрийн хувийн асуудлаар маргалдаж эхэлсэн. Т.Тэмүүлэн өмнө нь нөхөртөө хэлэлгүй гадуур хонохдоо манай гэрт хоносон гээд нөхөртөө хэлчихсэн. Гэтэл нөхөр нь Т.Тэмүүлэн танайд хоноогүй биз дээ би мэдсэн гэсэн асуудлаас болоод маргалдсан. Т.Тэмүүлэн өмнө нь миний оюутны байрны 3 давхраас санамсаргүй унаж бэртсэн бэртлийг тухайн үед маргалдахдаа “барилга барьж байсан хужаа нарт биеэ үнэлж, мөнгөө авч чадахгүй болохоороо унасан” гэж хэлсэн. Тэгээд Т.Тэмүүлэнг гэрт нь хүргэж өгөөд такси дуудаад гэртээ харъя гэж бодоод явсан. Тэмүүжин бид хоёрыг машиндаа суулгаад Т.Тэмүүлэн бид хоёр машиныхаа арын суудал дээр суугаад явсан. Ингээд Т.Тэмүүлэнгийн байрны гадаа ирээд Тэмүүжин байрныхаа гадаа машинаа тавиад бид гурав хамт гэр лүү нь явсан. Тэгээд  Т.Тэмүүлэн гэрийнхээ үүдэн дээр ирээд “чи манайхаас зайл” гээд нөхрийгөө хөөж эхэлсэн. Тэгээд Тэмүүлэн гэр лүүгээ ганцаараа гүйж ороод хаалгаа хаасан. Тэмүүжин бид хоёр хаалганы гадаа үлдсэн. Энэ хооронд Тэмүүжин тамхи татаад дээшээ гардаг шатан дээр очиж суусан. Удалгүй Тэмүүлэн хаалга маш хүчтэй савж хоёр гартаа хоёр хутга барьсан гарч ирсэн. Тэгээд “нааш ир хөөе” гээд над руу дайрсан. Би тухайн үед хутга барьсан нэг гарыг нь доошлуулж зайлуулсан. Гэтэл Тэмүүлэн нөгөө гартаа барьсан хутгаараа намайг хутгалсан. Тухайн үед Тэмүүжин гэмтлийн эмнэлэгт хүргэж яаралтай тусламж үзүүлсэн...2012 онд 25.000.000 төгрөг авсан. 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 50.000.000 төгрөг, нийт 75.000.000 төгрөг авсан...Надад гомдол санал байхгүй, хохирлоо барагдуулсан гэж үзэж байна...Би хохирол төлөгдсөн гэж хүлээн зөвшөөрч байгаа. Надад одоо гомдол санал байхгүй, гэм хор арилсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 8 дугаар байрны 4 давхар байх ба уг байр нь ертөнцийн зүгээр урд зүгт харсан хаалгатай 6 давхар шар өнгийн орон сууц байх...хохирогч нь ертөнцийн зүгээр зүүн тийш харсан 9 номерын хаалганаас баруун тийш 1м хянах самбараас 30 см зайд хутгалуулсан гэх...шатаар дээш гарахад доороосоо 10 дахь шат буюу лифтний урд талбайд шатны ирмэг дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйл мөн зүйл нь лифт хүртэл цус мэт улаан хүрэн зүйл дусалсан байв...” /1хх-ийн 4-6, 9-11/

            4. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол: “...Эд мөрийн баримтаар тооцогдсон хар бариултай 2 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар хавсаргахаар тогтов...” /1хх-ийн 12/

            5. Хутганд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл: “...Хар өнгийн бариултай нийт урт нь 32 см урттай, ажлын хэсэг нь 19,5 см, бариул хэсгийн урт 12,6 см, ажлын хэсгийн үзүүр хэсэг нь үзүүр хэсгээсээ хойшоо 4 см орчим цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон meiliya /stainless steel/ гэсэн бмчигтэй хутга...Хар өнгийн бариултай 32 см урттай ажлын хэсэг нь 20,5 см урттай бариул хэсэг нь 11,5 см урттай, ажлын хэсгийн иртэй хэсэг нь хөрөөний ир мэт арзгар хутга байх бөгөөд ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй байв...” /1хх-ийн 14/

            6. Хүний биед үзлэг хийх тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...хэвлийн гол хэсэгт босоо хүйс дарсан мэс заслын мэт 20 см-ийн урт сорвитой хохирогч Б.Хишигбаяр хэвлийг нээж хагалгаа хийсний улмаас үүссэн сорви гэж тайлбарлав. Мөн дээрх босоо сорвины баруун талд баруун тийш ташуу 2 босоо зураас бүхий 7,5 см-ийн урт сорви, түүнийг истомын уут тавиад гуурс хийсний улмаас үүссэн сорви гэж тайлбарласныг...тусгав...хүйс дарсан бороо сорвины зүүн доод талд бүдэг 3 ширхэг сорви байх бөгөөд хохирогч Б.Хишигбаяр Т.Тэмүүлэнд хутгалуулсны улмаас үүссэн сорви гэж хэлснийг тэмдэглэлд тусгав...” /1хх-ийн 66-70/

            7. Гэмтэл согог судалын үндэсний төвийн өвчний түүх /1хх-ийн 147-158/

            8. Гурван гал эмнэлгийн өвчний түүх /1хх-ийн 173-179/

            9. Хохирогч Б.Хишигбаярын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр орой Тэмүүлэн над руу залгаад “уулзъя” гэхээр нь би гарахгүй маргааш өглөө 09 цагаас тоглолтын бэлтгэлтэй гэж хэлтэл “уулзъя би ганцаардаад байна хэсэг хамт байя” гэж хэлээд удалгүй таксигаар ирээд аваад бид хоёр Улсын нэгдүгээр сургуулийн урд талд байх Чонон бөртэ нэртэй караокед орсон. Ороод ойролцоогоор 1 цаг орчим дуулаад хүний 200 грамм виски уугаад сууж байтал нөхөр нь болох Тэмүүжин бүтэн нэрийг нь мэдэхгүй Болдоо гэх залуутай хамт ирсэн...Тэмүүжин надаас сарын өмнө Тэмүүлэн танайд хоноогүй тиймээ би Тэмүүлэнгийн явсан бацаантай нь уулзсан гээд байхаар нь би дуугараагүй. Тэмүүжин дахиж нилээн ууртайгаар танайд Тэмүүлэн хоноогүй биз дээ гэж хэлэхээр нь би “тиймээ хоноогүй” гээд хэлтэл Тэмүүлэн босч ирээд “чи ер нь яасан их юм ярьдаг юм бэ” гэж хэлээд намайг шууд үсдээд авсан. Тэгэхээр нь хөөе чи яагаад байгаа юм бэ гэтэл яасан ч яадаг юм гэхээр нь би зөрүүлээд үсдээд авсан. Миний цээж гэдэс рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэмүүжин дундуур орж бид хоёрыг салгаад эхнэр рүүгээ уурлаад болиоч гээд байсан. Тэгсэн чинь Тэмүүлэн “чи 3 давхараас унахдаа барилгын Хятадуудад биеэ үнэлж мөнгөө авч чадахгүй зодолдоод унасан биз дээ” гээд орилоод байсан. Тэгэхээр нь гомдоод уйлсан...байрных нь гадаа ирээд машинаа тавиад гурвуулаа хамт орц руу орсон. Дээшээ лифтээр байх 4 давхарт гараад Тэмүүлэн яг хаалганыхаа дэргэд ирээд нөхрөө хөөсөн. Тэгээд Тэмүүлэн ганцаараа байр руугаа орчихсон. Тэмүүжин уурлаад дээшээ гардаг шат руу очиж суусан. Би яахаа мэдэхгүй хаалганы ертөнцийн зүгээр зүүн хана дагуу байх шийтний дэргэд зогсож байсан. Удалгүй 1 минут ч болоогүй байхад Тэмүүлэн хаалгаа нилээн хүчтэй онгойлгож гарч ирээд хоёр гартаа хоёр ширхэг хутга барьчихсан хөөе чи нааш ир гээд шууд намайг чиглээд ирсэн. Би сандрахдаа одоо миний санаж байгаагаар би өөрөө солгой талдаа болохоор зүүн гарыг нь барьсан. Тэгтэл баруун гартаа барьсан хар өнгийн хутгаа шууд над руу гараа нилээн сунгах маягтай орж ирээд хэвлий хэсэгт хутгалсан. Юмаар дүрж байгаа нь надад яг мэдрэгдсэн. Хутгаа буцаагаад авах үед шууд доошоо нойтон юм мэдрэгдэхээр нь хартал шал нил цус болчихсон байсан. Тэмүүжин шатнаас бууж ирээд эхнэрээ түлхсэн. Яг тухайн үед миний гэдэс гүзээ цувж гарч ирэхээр нь би гараараа доороос нь тосоод бариад тогтоосон. Тэмүүжин гадагшаа намайг авч гарсныг мэдэхгүй шууд авч гараад машиндаа суулгаад Гэмтлийн эмнэлэг орсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 80-82/

            10. Гэрч М.Тэмүүжингийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Тэр хоёрыг машиндаа суулгаад гэр лүүгээ явж байхад хоорондоо маргалдаад байсан...тэр хоёрыг үлдээгээд машин руугаа очиж түлхүүрээ аваад ирсэн чинь Хишигбаярыг зодчихсон байж байхаар нь салгаад гэрийнхээ хаалгыг онгойлгосон чинь Тэмүүлэн хажуугаар орж гэр лүү оронгуутаа гэрийн хаалгыг хаачихаар нь би шатан дээр зогсож байсан. Хишигбаяр манай гэрийн хаалганы урд талд зогсож байхад гэрийн хаалга онгойгоод Тэмүүлэн гэрч ирээд Хишигбаяртай хоорондоо хаалган дээр тулах шиг болсон чинь Хишигбаяр чи намайг юугаар эсгэсэн юм бэ гэхээр нь би шатан дээрээс буугаад очсон чинь Хишигбаяр цамцаа сөхөөд үзсэн чинь хэвлийнээс нь бага зэрэг цус гарч байхаар нь би айгаад Тэмүүлэнг цааш нь түлхчихээд Хишигбаярыг дагуулж доошоо буугаад гэмтлийн эмнэлэг рүү авч явж үзүүлээд цэвэрлэгээ хийлгүүлээд гэрт нь хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 21/

            11. Гэрч Ц.Баснаагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Миний охин өөрийн найз охин Тэмүүлэнд хутгалуулаад ГССҮТ руу хүргэгдэн очсон. Намайг очих үед хагалгаанд орох гэж байна гээд хагалгаанд орсон. Эмчтэй нь уулзахад хүүхэд чинь маш хүнд байна гээд яаралтай хагалгаанд ороод 4 цаг гаруй хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 83-84/

            12. Гэрч Б.Найгальмаагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Болсон асуудлыг асуухад Хишигбаяртай хамт уусан. Тэндээс гараад охин маань гэртээ иртэл нөгөө охин нь араас нь ирээд хаалгаа онгойлго оруул гэж хэлэхэд манай охин оруулахгүй гээд түлхэлцэж байгаад гартаа хутга барьчихсан байсан болохоор хатгачихсан гэж хэлсэн...Би нөгөө хутгалуулсан охины эрүүл мэндэд анхааръя гэж бодоод тэрний араас яваад нийт 25.000.000 төгрөгийг хүн амьтнаас гуйгаад 3 хувааж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 85-86/

            13. Гэрч Б.Төгөлдөрийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Тэмүүлэн эгч хүнтэй муудалцаад “зайлаачээ, гэртээ оруулахгүй” гэх зэргээр маргалдаж байсан. Би сууж байтал Тэмүүлэн эгч гэнэт намайг нилээн чанга дуугаар дуудахаар нь би яваад очсон чинь нилээн сандарчихсан байдалтай байхаар нь яасан бэ гэж асуутал эгч нь хүн хатгачихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 91-92/

            14. Гэрч Б.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Тэгээд шөнө унтаж байтал 4 цагийн үед дүү Хишигбаярын утаснаас дуудлага ирсэн. Аваад ярьтал Хан-Уул дүүргийн цагдаагаас ярьж байна дүү чинь биедээ гэмтэл авсан байна. Гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь би ганцаараа  яваад очтол дүүг хэвтүүлчихсэн хэвлийд нь маарал боочихсон байсан. Би яасан юу болсон одоо явахгүй юм уу гэсэн чинь би босч чадахгүй байна, эмч нар эндээ байж бай, ирээд үзье гэж хэлсэн гэхээр нь хажууд нь суугаад үүр цайлгасан. Өглөө 08 цагийн орчим эмч нар ирээд ямар зовиур байна гэж асуухад Хишигбаяр аманд баас цус амтагдаад байна гэж хэлсэн. Эмч нар рентгенд харуулъя гэж хэлээд рентгенд харснаа яаралтай хагалгаанд орохгүй бол болохгүй гээд шууд хагалгаанд оруулсан...Бүдүүн нарийн гэдэс нь хатгагдсан, мөн судас хатгагдсан байна, тэр судас нь хатгагдаж өнгөрсөн аз болсон, хэрвээ зүсэгдсэн бол амь насанд аюултай гэж хэлсэн. Нарийн бүдүүн гэдсийг залгах хагалгаа хийнэ, амь насанд аюулгүй гэж тайлбарласан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 96-97/

            15. Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №498 тоот шинжээчийн дүгнэлт:

                        -2012.12.25-ны өдрийн №14922 дугаартай шинжээч эмч М.Энхбаярын өвчний түүхээр шүүх эмнэлгийн үзлэг хийсэн дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Учир нь ГССҮТөвийн өвчний түүх тусгагдаагүй байжээ.

                        -Б.Хишигбаярын биед тухайн үед хэвлийн хөндий нэвтэрч нарийн гэдэс, бүдүүн гэдсийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийг нээж нарийн гэдэс, бүдүүн гэдсэнд оёдол тавьж хэвлийн хөндийг цэвэрлэсэн мэс ажилбар, хэвлийн хөндийд цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр 2012.11.06-07-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой байна.

                        -Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

                        -Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /1хх-ийн 111-112/ 

            16. Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №638 тоот шинжээчийн дүгнэлт:

                        -ШШҮХ-н ШЭШХ-н шинжээч эмч С.Чулуунсүх, Ш.Цэцэгмаа, О.Болороо нарын 2016.04.19-ны өдрийн №498 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Учир нь Б.Хишигбаярын биед тухайн үед хэвлийн хөндий нэвтэрч нарийн гэдэс, бүдүүн гэдсийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийг нээж нарийн гэдэс, бүдүүн гэдсэнд оёдол тавьж хэвлийн хөндийг цэвэрлэсэн мэс ажилбар, хэвлийн хөндийд цус хуралт гэмтэл учирсан нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заасан амь биед аюултай шалгуур шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

                        -Б.Хишигбаярын хэвлийн гол шугамаар хүйс дарсан босоо 20 орчим см урттай сорви нь 2012.11.07-ны өдрийн хэвлийн хөндийд мэс заслын хагалгааны шархны улмаас үүссэн сорви ба энэ нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Б.Хишигбаярын хэвлийн баруун доод хэсэгт үүссэн 6х2 см орчим ташуу сорви нь мэс заслын улмаас иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Б.Хишигбаярын хэвлийн зүүн доод хэсэгт үүссэн ташуу 3х1,5 см сорви нь хурц ир үзүүртэй зүйлийн тухайлбал 2012.11.06-07-ны шөнө үүссэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас үүссэн сорви байх боломжтой.

                        -ГССШТөвийн 15750 тоот өвчний түүхэнд дурдсанаар Б.Хишигбаярын биед 2007.11.25-ны өдөр баруун сүүжний тогоо дайрсан хугарал, баруун шуу ясны хугарал, суудал ясны хугарал, хэвлийн ханын шарх гэмтлүүд учирчээ. Уг баруун сүүжний тогоо дайрсан хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тухайн үед хэвлийн шарх учирсан ба хэвлийд нэвтэрсэн, хагалгаанд орсон эсэх нь тухайн өвчний түүхэнд бичигдээгүй байна. Дээрх хэвлийн шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

                        -2016.04.19-ний өдрийн №498 дугаартай дүгнэлтийн 2 дахь хэсэгт дурдагдсан үр дагавар нь 2012.11.06-07-ны шилжих шөнө хутгалуулсан шархны улмаас үүссэн байна.

                        -Хавдар судлалын үндэсний төвийн 160284/4335 тоот өвчний түүхэнд бичигдсэнээр Б.Хишигбаяр 2015.07.22-ны өдөр хэвлийн мэс засал хийлгэж 2 талын өндгөвчний эдээт үрэвсэл буглаа, бага аарцгийн гялтангийн түгээмэл үрэвсэл, хэвлийн эрхтнүүдийн наалдцын улмаас, 2 өндгөвчийг тайруулсан нь дээрх 2007.11.25 ба 2012.11.07-ны өдөр үүссэн гэмтлүүдтэй шалтгаант холбоогүй байна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /1хх-ийн 105-107/ 

            17. Яллагдагч Т.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Дахиад нэг ухаан орсон чинь манай байрны орцонд дахиад бид гурав зууралдаж зодолдох гээд байсан. Би тэр хоёроос зугтааж гэр лүүгээ ороод гал тогооны ширээн дээр байсан хутганы хайрцагнаас хар бариултай 2 ширхэг хутга авч Хишигбаяр, Тэмүүжин нарыг айлгах санаатай гэрийнхээ хаалгыг онгойлгосон чинь Хишигбаяр манай гэр лүү орох гэж байсан юм шиг байгаа бид хоёр тулж би Хишигбаярын гэдэс рүү хатгах шиг болсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 37/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

                        Шүүгдэгч Т.Тэмүүлэн нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 138/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №498, №638 дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

             Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

            Учир нь шүүгдэгч Т.Тэмүүлэн нь 2012 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 01 цагийн үед “Чонон бөртэ” нэртэй караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Хишигбаяртай өөрийг нь нөхөр М.Тэмүүжинд “манайд хоноогүй” гэж хэллээ гэж уурлан “чи ер нь яасан их юм ярьдаг юм бэ” хэмээн маргалдаж, уг маргаан үргэлжилсээр 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Орчлон” хотхоны 82 дугаар байрны орцонд айл гэр салгах гэлээ гэсэн хувийн сэдэлтээр гэрээсээ хутга барьж гарч ирэн хохирогч Б.Хишигбаярын хэвлийн тус газарт хутгалж биед нь “хэвлийн хөндий нэвтэрч нарийн гэдэс, бүдүүн гэдсийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийг нээж нарийн гэдэс, бүдүүн гэдсэнд оёдол тавьж хэвлийн хөндийг цэвэрлэсэн мэс ажилбар, хэвлийн хөндийд цус хуралт” бүхий хүнд гэмтэл учруулсныг хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасан /танхайн сэдэлтээр, захиалгаар, онц аюултай гэмт хэрэгтэн, давтан, бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, онц харгис хэрцгий аргаар, нийтэд аюултай аргаар, тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хоёр буюу түүнээс олон хүнийг, албаны үйл ажиллагаа буюу олон нийтийн үүргээ биелүүлж байгаатай нь холбогдуулан гэх мэт/ хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүд тогтоогдоогүй болохыг тэмдэглэе.

Иймд шүүгдэгч Т.Тэмүүлэнг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд сайн дураар хохирогчид эмчилгээний зардалд 75.000.000 /далан таван сая/ төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Б.Хишигбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гэмтлийн эмнэлэгт хүргэж яаралтай тусламж үзүүлсэн...2012 онд 25.000.000 төгрөг авсан. 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 50.000.000 төгрөг, нийт 75.000.000 төгрөг авсан...Надад гомдол санал байхгүй, хохирлоо барагдуулсан гэж үзэж байна...Би хохирол төлөгдсөн гэж хүлээн зөвшөөрч байгаа. Надад одоо гомдол санал байхгүй, гэм хор арилсан...” гэж мэдүүлсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.8, 55.1.9 дэх заалтуудад заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгч Т.Тэмүүлэнд 6 жилийн хорих ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хорих ялын хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт “...түүнчлэн онц хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдсэнээс болон онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсоноос бусад эмэгтэй ялтны хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ...” гэж зааснаар шүүгдэгчийн эдлэх 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлая.

Харин түүний бага насны буюу 7 нас 8 сартай /охин Т.Эмүүжин/, 2 нас 10 сар 27 хоногтой /хүү Т.Батжин/, 1 нас 7 сар 13 хоногтой /охин Т.Үжин/ 3 хүүхэдтэй, одоо 9 сартай жирэмсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, “Хатагтай” эмнэлгийн тодорхойлолт, эхо зураг, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтчийн хуулбар /1хх-ийн 195,  197-199, 2хх-ийн 41, 42-44, 53-57, 77-79/ гэх баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно...” гэж заасны дагуу Т.Тэмүүлэнд 4 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтад тусгагдсан хэм хэмжээг заавал хэрэглэх буюу хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулна гэсэн заалт биш боловч шүүгдэгч Т.Тэмүүлэн нь 3 хүртэлх насны 2 хүүхэдтэй, 9 сартай жирэмсэн гэсэн нь уг хуулийн хэм хэмжээг хэрэглэхэд шүүхээс харгалзаж үзвэл зохих “шүүгдэгч жирэмсэн эсхүл гурав хүртэлх насны хүүхэдтэй эх...болох нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоосон байх”, “анх удаа...хүнд гэмт хэрэг үйлдсэн, в/ оногдуулсан ял нь хорих ял байх”, “хорих ялыг биечлэн эдлүүлэх нь ураг болон гурав хүртэлх насны хүүхдийн хэвийн бойжилт, өсөлт, хүмүүжилд сөрөг нөлөөлөх нь тодорхой байх” зэрэг нөхцлүүдийг хангаж байх тул хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн болно.

Өөрөөр хэлбэл хууль тогтоогчоос гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн жирэмсэн эмэгтэйн эрүүл мэнд, хэвлий дэх ургийн хэвийн нөхцөлд өсөж торних шаардлага, түүнчлэн хорих ял шийтгүүлсэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэг хүүхдээ асран хүмүүжүүлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх боломж бүрдүүлэхийн тулд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь хүнлэг бус, хэрцгий хандах, нэр төр, алдар хүндийг нь гутаах зорилго, хэлбэр агуулж болохгүй” гэж заасан Энэрэнгүй ёсны зарчимд үндэслэсэн Эрүүгийн хуульд дээр дурдсан хүмүүст хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хойшлуулах онцгой журам, Монгол Улсын 1990 оны 7 дугаар сарын 05-ны өдөр соёрхон баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1-т “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэж заасан зэргийг тус тус удирдлага болгосон болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Тэмүүлэнгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бөгөөд уг хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хар бариултай 2 ширхэг хутгыг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 77 дугаартай прокурорын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор устгасан болохыг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1,  294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч Говь Гурван Сайхан овогт Түвшинбаганы Тэмүүлэнг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Говь Гурван Сайхан овогт Түвшинбаганы Тэмүүлэнг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тэмүүлэнд оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хасч, нийт биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хорих ялын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан Т.Тэмүүлэнгийн эдлэх 4 /дөрөв/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Т.Тэмүүлэнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Т.Тэмүүлэн нь хохиролд 75.000.000 /далан таван сая/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Тэмүүлэнд 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1  дүгээр хэлтэст даалгасугай.

8.  Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.  Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Тэмүүлэнд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                               Б.БАТБОЛОР   

                         

ШҮҮГЧИД                                         Х.ОДБАЯР

 

                                                                                    С.ОЛЗОД