Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 179

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Тэмүүлэнд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Т.Тэмүүлэнгийн өмгөөлөгч Ц.Одончимэг,

хохирогч Б.Хишигбаяр,

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж, шүүгч Х.Одбаяр, С.Олзод нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Хишигбаярын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2012 0106 0950 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Говь Гурван Сайхан овогт Түвшинбаганы Тэмүүлэн, 1989 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Орчлон хорооллын 82 дугаар байрны 9 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УЮ89041305/;

            Т.Тэмлүүлэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, 2012 оны 11 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнийн 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Орчлон” хотхоны 82 дугаар байрны орцонд өөрийн найз Б.Хишигбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар гэрээсээ хутга барьж гарч ирээд Б.Хишигбаярын хэвлийн тус газар хутгалж, биед нь хэвлийн хөндий нэвтэрч нарийн болон бүдүүн гэдсийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийг нээж нарийн гэдэс, бүдүүн гэдсэнд оёдол тавьж хэвлийн хөндийг цэвэрлэсэн мэс ажилбар, хэвлийн хөндийд цус хуралт бүхий хүнд гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Т.Тэмүүлэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Тэмүүлэнг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Т.Тэмүүлэнг 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Т.Тэмүүлэнд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хорих ялын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан Т.Тэмүүлэнгийн эдлэх 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Т.Тэмүүлэнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Т.Тэмүүлэн нь хохиролд 25.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Тэмүүлэнд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгаж, Т.Тэмүүлэнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Хишигбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны дараа Т.Тэмүүлэн хийсэн хэрэгтээ гэмшиж, уучлал хүсэхийн оронд эцэг, эх нь утсаар залган “20.000.000 төгрөг багадаад байна уу, муу гуйлгачин минь ална шүү” гэх мэт элдэв янзаар доромжлон дарамталж, сэтгэл санааны хүнд байдалд оруулсан. Одоо хохирогч би айдастай тайван бус байдалд амьдарч байна. Иймд миний хохирол гомдлыг барагдуулж, Т.Тэмүүлэнд хариуцлага тооцож, энэ хэргийг дахин шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдааны дараа Т.Тэмүүлэнгийн ээж над руу утсаар ярьж дарамталсан. Гэмтэл авч насаараа хохирсон байхад намайг Т.Тэмүүлэнд ял өгүүлсэн юм шиг зүйл ярьсан. Би Т.Тэмүүлэнгээс эрүүл мэндэд учирсан хохирлоо гаргуулмаар байна. Түүний ээж над руу утсаар ярьж доромжилж, дарамтлан сэтгэл санааны хүнд байдалд оруулсан. Өмнөх шүүх хуралдаанд архидан согтуурч, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн бол ялаас чөлөөлөхгүй гэж хуульд заасан асуудал яригдаагүйд гомдолтой байна...” гэв.

Ялтан Т.Тэмүүлэнгийн өмгөөлөгч Ц.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Б.Хишигбаярын давж заалдах гомдолд дурдсан үндэслэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүйн зэрэгцээ анхан шатны шүүх хохирогчийн ярьж байгаа шиг нөхцөл байдалд хэргийг шийдвэрлээгүй, Т.Тэмүүлэнд ял оногдуулахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөв хэрэглэсэн, хэргийн зүйлчлэл тохирсон. Уг гэмт хэрэг хувийн сэдэлтээр үйлдэгдсэн байдаг. Хохирогчийн тухайд давж заалдах гомдолдоо учирсан хохирлыг иргэний журмаар шийдвэрлэсэн байдал руу нилээд хандаж гомдол гаргасан. Үүнд тайлбар хэлэхэд, шүүх Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсгийг баримталж иргэний журмаар хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх нөхцөл байдал байхгүй тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Н.Пүрэвтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Т.Тэмүүлэнгийн зүгээс Б.Хишигбаярыг дарамталсан гэх асуудал байгаа бол тусад нь гомдол гаргаж шалгуулах боломжтой. Энэ нь уг хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй. Хохирогч иргэний журмаар шүүхэд хандаж хохирол төлбөр гаргуулах эрхтэй тул хохирол төлбөрөө нэхэмжлэх эрх нь нээлттэй. Т.Тэмүүлэн 7, 2, 1 настай, 3 хүүхэдтэй. Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед жирэмсэн байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан нь хууль зөрчөөгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                      ХЯНАВАЛ:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцээгүй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан бөгөөд заавал хойшлуулахыг хуульчилсан зохицуулалт биш юм.

  Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, хохирогчийн хохирол төлбөр төлөгдсөн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан эсэхийг бүрэн гүйцэд нягталсны эцэст шүүгдэгчийн хувийн байдал, амьдрал ахуйг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийг хэрэглэх эсэхэд дүгнэлт өгөх байтал хохирогчийн хохирол, биеийн байдал, гомдол саналыг харгалзалгүйгээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хууль ёсны ба үндэслэлтэй гэж үзэхгүй.

           

Т.Тэмүүлэн нь хохиролд 2012 оны 11 дүгээр сард Б.Хишигбаярыг хутгалсан үйлдлээ дарагдуулахын тулд 25.000.000 төгрөг өгч байсан байх бөгөөд үүнээс хойш хохирогч Б.Хишигбаярын биеийн байдал муудаж 4 удаа хагалгаанд орсон, мэргэжлээрээ ажиллах боломжгүй болсон, гэмтлийн зэрэг нь хүнд болох нь тогтоогдсон, энэ хэргийн улмаас хохирогчийн бие болон сэтгэл санаанд учирсан хор уршиг арилаагүй, хохирогч гомдол санал ихтэй байна.

            Иймд хохирогч Б.Хишигбаярын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Тэмүүлэнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Тэмүүлэнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол Т.Тэмүүлэнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                         ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ