Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2021/01781

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч-  тоотод оршин суух, Э овогт Б-ын Н-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- тоотод оршин суух, Х овогт З.Ш-д холбогдох,

гуравдагч этгээд- оршин суух, У овогт Я Б бие даасан шаардлага гаргаагүй,

зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 191.908.002 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр З.Ш, Б.Ннарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгч Г.Ч хариуцагч З.Ш, түүний өмгөөлөгч Ч.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Б, түүний өмгөөлөгч Э.Ш, гэрч Г.Б, Б.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018-05-04-ний өдөр иргэн З.Ш-тэй зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээний дагуу 65.467 ам.долларыг 3 сарын хугацаатайгаар буюу 2018-08-04-ний өдрийг хүртэл хугацаанд, хүүгүйгээр зээлсэн. Гэтэл зээлдэгч З.Ш нь уг зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш зээлийг төлөөгүй бөгөөд 2019-06-25-нд 753 ам.доллар буюу 2.000.000 төгрөг, 2019-11-01-нд 740 ам.доллар буюу 2.000.000 төгрөг, 2019-11-06-ны өдөр 1480 ам.доллар буюу 4.000.000 төгрөгийн төлөлт хийсэн. Өөрөөр хэлбэл зээлдэгч З.Ш нь зээлийн гэрээний үүргээс 62.494 ам.доллар буюу Монголбанкны 2020-01-28-ны өдрийн ханш 2750,34 төгрөгөөр тооцож 171.879.748 төгрөгийг төлөөгүй байна.

Түүнчлэн, талуудын хооронд байгуулсан 2018-05-04-ний өдрийн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дах хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцно гэж заасан. Зээлдэгч З.Ш нь зээлийн гэрээний хуагцаа дууссан өдөр болох 2018-08-04-ний өдрөөс анхны төлөлт хийсэн 2019-10-14-ний өдрийг хүртэл алданги тооцож болох хугацаа 436 хоног байна. Уг хугацааны алданги бодвол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг зөрчихөөр байх тул 65.467 ам.долларын 50 хувь болох 32.733,5 амдоллар буюу 90.028.254,4 төгрөгөөр алдангийг тооцож нэхэмжилж байгаа болно. Үүнээс үзвэл зээлдэгч З.Ш-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 62.494 ам.доллар буюу 171.879.748 төгрөг, зээлийн гэрээний хариуцлагад 32.733,5 амдоллар буюу 90.028.254,4 төгрөг, нийт 95.227,5 ам.доллар буюу 261.908.002 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн, миний бие 2018-05-04-ний өдөр иргэн З.Ш-тэй “тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ”-г байгуулж, уг гэрээний дагуу KMCDHI18S94C36247 арлын дугаартай, 01932276 тоот гэрчилгээтэй, HYUNDAI HD-270 маркийн УНУ улсын дугаартай, ногоон алаг өнгийн тээврийн хэрэгсэлийг барьцаалсан.

Түүнчлэн, 2018-05-04-ний өдөр барьцааны гэрээг байгуулж, Ү-.... улсын бүртгэлийн дугаартай, ... тоот гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Ханбогд, Наадамчдын зам гудамж, 205-р байрны 16 тоот хаягт байрлах, 48,97 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхгүй байх тул дээр дурдсан барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч 01932276 тоот гэрчилгээтэй, HYUNDAI HD-270 маркийн УНУ улсын дугаартай, ногоон алаг өнгийн тээврийн хэрэгсэл нь гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн байх тул энэхүү барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаас татгалзаж байна гэжээ /1-р хх-1-2, 2-р хх-132/.

 

Нэхэмжлэгч 2021-06-10-ны өдөр шүүхэд гаргасан багасгасан шаардлагадаа: Нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд 2018-11-16-ны өдөр тооцоо нийлсэн хамтын ажиллагаа гэх нэр бүхий гэрээг байгуулж, 65.467 ам.долларын зээлийн дүнгээс 27.290 ам.доллар буюу 70.000.000 төгрөгийг хасах тохиролцоо хийсэн. Уг тохиролцооны хүрээнд хариуцагч З.Ш-тэй тооцоо нийлж, уг гэрээний үр дагавар хэрэгжсэн асуудлаар баримт үйлдэх саналыг хэд хэдэн удаа гаргаж, улмаар шүүхэд эвлэрэх саналтай байсан боловч түүний туйлбаргүй шийдвэрийн улмаас энэхүү ажиллагаа хэрэгжээгүй болно. Хариуцагч хэрэв уг гэрээний тооцоотой холбоотой баримт үйлдсэн нөхцөлд нэхэмжлэгчийн зүгээс 70.000.000 төгрөгийн шаардлагаас татгалзах бодолтой байсан хэдий ч хариуцагч З.Ш нь тооцоо нийлсэн хамтын ажиллагаа гэх гэрээний хэрэгжилтийг надад танилцуулаагүй боловч нэхэмжлэгчийн зүгээс нэгэнт гэрээ байгуулж, хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан учир түүний үр дагаварыг бүрэн ухамсарлаж гэрээний хэрэгжилтийг хүлээн зөвшөөрч үндсэн зээлд 171.897.748 төгрөг гаргуулах шаардлагаас 70.000.000 төгрөг гаргуулах хэсгээс татгалзаж, үндсэн зээлд 101.879.748 төгрөг, алданги 90.028.254,4 төгрөг, нийт 191.908.002 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. Гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ /2-р хх-130-131/.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлд хэргийн үнэн бодит байдлыг бүрэн тусгаагүй зөрүүтэй бичсэн байна. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна /1-р хх-35/. Б.Н-тэй анх 2015 онд 22.000 долларын зээлийн гэрээ байгуулсан. Б.Н эгчийн нөхөр болох н.Б  2017 оны 10-р сарын 06-ны өдөр “А Х” ХХК-д хувьцаа эзэмшигчээр орсон. Энэ нь хувьцаа эзэмшигчийн зээлийг хаах нөхцөлтэйгээр орсон 2020 оны 4-р сарын 29-ний байдлаар 62,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. Миний зүгээс нэхэмжлэгчид төлбөрөө бүрэн төлж дууссан. Гэвч барьцаа хөрөнгөө авч чадахгүй байсан учраас мөнгө төлөөд яваад байсан. Машиныг бол чөлөөлж өгсөн. Би үлдэгдэл 30,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Б.Б ахад тавьсан байр чөлөөлөгдсөн байгаа. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах байрыг чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Уг байр нь миний өмчлөлийн байр биш манай нягтлангын байр байгаа. Иймээс 30,000,000 төгрөг өгөөд байрыг чөлөөлүүлэх хүсэлттэй байна. Мөн 2018 оны 5-р сарын 4-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа: З.Ш нь нэхэмжлэгчийн нөхөр Г.Б-тай хамтын бизнесийн харилцаатай байсан. Эвлэрэн хэлэлцэх бүхий л арга хэмжээг авсан. Гэвч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байна. Тэгэхээр 2018 оны 5-р сарын 4-ний өдөр Б.Н-тэй зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч тус гэрээний 65,467 ам.долларыг Б.Н-гээс бэлэн болон бэлэн бусаар аваагүй боловч гэрээний 2.5 дахь хэсэгт 65,467 хүлээн авсан мэтээр гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Нэхэмжлэгчийн 65,467 ам.долларыг З.Ш нэхэмжлэгчийн бизнесийн хамтрагч танил Б.Баясгалангаас 2006 оны 6-р сарын 27-ны өдөр 29,230 ам долларыг 3 сарын хугацаатайгаар сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Энэ мөнгө яагаад 29,630 ам.доллар болсныг хариуцагч тодорхой тайлбарласан. Б.Б нь 2006 оны 6-р сарын 27-ны өдөр З.Ш-д надад зээлүүлсэн 29,630 ам долларын шаардах эрхээ Б.Н-д шилжүүлсэн гэж 2018 оны 5-р сарын 4-ний өдөр З.Ш-тэй 29,630 ам долларын алданги хүү хэмээн шууд автоматаар тооцож нийт үнийн дүнг өсгөж мөнгө нэхэмжилж байна.

Манай талаас нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс 30,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа энэхүү үнийн дүн дээр эвлэрч бизнесийн хамтын харилцаагаа авч үлдэхэд татгалзах зүйл байхгүй. Өнөөдрийн байдлаар нийт бэлэн болон бэлэн бус бартерын хэлбэрээр 156.275.000 төгрөгийн төлөлтийг хийчихсэн байгаа. Мөн нэхэмжлэгч шүүхэд хандсан 2020 оны 1-р сарын 24-ний өдрийн ханшаар нэхэмжлэлийн шаардлагын үнийг тодорхойлсон зүйл байгаа. Иймээс ханшийн зөрүү үүсэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага нь Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлийг мөрддөг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн асуудлыг тооцуулах шаардлага байхгүй. Хууль эрх зүйнд хувьд үр дагавар шаардах ёстой. Шаардлагатай бол хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж болно. Харин хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хэмжээнд болохгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулга тодорхойгүй байна.

Хариуцагчийн зүгээс шаардах эрхийн тухай ярьдаг ингэхдээ Б.Бгэх хүнд зээлсэн 29,630 амдолларыг Б.Н-д шаардах эрхийг шилжүүлж улмаар Б.Б-гийн өмнөөс Б.Ншаардах ёстой зээлийн гэрээний үүрэг Б.Н-д шилжчихсэн гэдэг агуулгаар тайлбарлаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт оруулаад байгааг ойлгохгүй байна. Хэрэв Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 8 дах хэсэгт зааснаар шаардах эрх шилжээгүй гэж үзэж байгаа бол гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага байхгүй. Хүчин төгөлдөр бус хэлцлийн ангилалд ч оруулах шаардлага байхгүй байна. Гэхдээ Б.Нгэх хүн Б.Б гэдэг хүний З.Ш-д зээлсэн 129,630 ам долларыг шаардах эрхийг шилжүүлж аваагүй. Цаг хугацааны хувьд 2015 оны асуудал яриад байгаа болохоор З.Ш-ийн хувьд ойлголтын хувьд зөрүүтэй болоод байгаа юм болов уу гэж бодож байна. Хавтаст хэрэгт авагдсан байгаа 2018 оны 5-р сарын 4-ний өдрийн зээлийн гэрээ нь дээр Б.НЗ.Ш хэн аль нь гарын үсэг зурсан байдаг.

Тайлбартаа миний хүсэл зориг байгаагүй би санал нийлээгүй гэж байгаа бол яагаад гэрээнд гарын үсэг зурсан юм? Хүсэж хийсэн гэдэг нь З.Ш-ийн хувьд гуравдагч этгээдээр оролцож байгаа Я.Б гэдэг хүнээс 2018 оны 5-р сарын. 4-ний өдөр итгэмжлэл авдаг. Үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгслийн барьцааны дагуу итгэмжлэл авдаг. Хэрвээ 65,467 ам долларыг аваагүй, авах зорилгогүй байсан юм бол зээлийн барьцааны асуудлыг бүрдүүлэхгүй байсан.

2018 оны 5-р сарын 4-ний өдөр зээлийн гэрээний харилцаа үүсгэж, зээлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн гэдгийг З.Ш-ийн бичгээр болоод амаар өгсөн тайлбараас шаардлагуудаа хүлээн зөвшөөрч байгаа үйл баримтаас тодорхой харагдана. Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт хамаарахгүй тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хууль зүйн үндэслэл харагдахгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээр төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг тайлбарладаг. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.1 хэсэгт зааснаар тухайн зээлийн гэрээг вальютаар хийсэн юм байна гэж үзээд хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж эрх зүйн хувьд дүгнэж байна. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн зорилт нь Монгол улсын нутаг дэвсгэрт бараа ажил үйлчилгээ үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ гэдэг асуудал яригдаж байна. Тэгэхээр Б.Н-гийн хувьд З.Ш-тэй бараа, ажил үйлчилгээ эрхлэх харилцаанд оролцоогүй зөвхөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд орсон. Улсын дээд шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг бүхэлд нь тайлбарласан тайлбар байдаг. Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлүүдэд заасан хууран мэхэлсэн, төөрөгдөлд оруулсан, хүч хэрэглэсэн зүйл байхгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Ө” ХХК-д нягтлангаар ажилладаг бөгөөд З.Ш нь Б.Б-тай 2015 оны 7-р сарын 3-нд 22,000 ам долларын зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээний барьцаанд Ү-2 дугаартай ХУД, 15-р хороонд байрлах ХансВилл Их Монгол улс гудамж 101-р байрны 201 тоот 72,4м2 талбайтай орон сууцыг зээл төлөгдөж дуусахад буцаан шилжүүлж өгөх нөхцөлтэйгээр Б.Б-ын нэр дээр шилжүүлэн барьцаалсан байдаг. Дээрхи зээлийн сарын хүү нь 6 хувь ба 1320 ам доллар байсан зээлийн хүүг Б.Баясгалангийн хамтрагч Б.Н-ийн худалдаа хөгжлийн банкны 410045346 тоот данс руу хийхээр тохиролцсон. Улмаар З.Ш, Б.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Б.Нрүү шилжүүлсэн байсан. Захирал З.Ш нь Б.Б-тай зээлийн гэрээнд анх барьцаалсан Хан-Уул дүүрэг, 15-р хороонд байрлах, ХансВилл Их Монгол улс гудамж 101-р байрны 201 тоот 72,4м2 квадрат орон сууцны захиалагч орон сууцны төлбөрийн үлдэгдэлд миксер загварын тусгай зориулалттай автомашиныг оролцуулан тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авах хүсэлтэй байсан тул дээрхи барьцааг хурдан хугацаанд чөлөөлж, захиалагчид шилжүүлэн өгөх хэрэгцээ шаардлага тулгарсан мөн дээрх орон сууцны төлбөрийн үлдэгдэлд оруулан тооцсон миксер загварын тусгай зориулалттай УНУ автомашиныг шилжүүлэн авах хүсэлтэй байсан тул өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4-р хороо, ханбогд наадамчдын зам гудамж, 205-р байр, 16 тоот хаягт байрлах 48,97 метр квадрат орон сууц, орон сууцны төлбөрт авч буй 7190УНУ улсын дугаартай миксер загварын тусгай зориулалттай автомашиныг Б-тай байгуулсан 22,000 ам долларын зээлийн гэрээний барьцаанд өгөх итгэмжлэлийг З.Ш-дхийж өгсөн.

Б.Ннь З.Шд 65,467 ам долларыг бодитойгоор зээлүүлээгүй бөгөөд Баясгалантай байгуулсан 22,000 ам долларыг гэрээг шилжүүлж авсан тул зээлийн гэрээний барьцаанд байсан Ү- дугаартай ХУД, 15-р хороонд байрлах ХансВилл Их Монгол улс гудамж 101-р байрны 201 тоот 72,4м2 орон сууцыг чөлөөлүүлэхийн тулд зайлшгүй шаардлагын улмаас өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалсан тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байгаа гэв.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ннь хариуцагч З.Ш-д холбогдуулан 2018-05-04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлд 62.494 ам.доллар буюу 171.879.748 төгрөг, алдангид 32.733,5 ам.доллар буюу 90.028.254,4 төгрөг, нийт 95.227,5 ам.доллар буюу 261.908.002 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах /1-р хх-1-2/ тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2021-06-10-ны өдөр 70.000.000 төгрөгөөр багасгаж, гэрээний үндсэн үүрэгт 101.879.748 төгрөг, алданги 90.028.254,4 төгрөг, нийт 191.908.002 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэж тодорхойлсон /2-р хх-130-131/.

 

Хариуцагч тал дээрх шаардлагыг үгүйсгэж, 2018-05-04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй, харин 2015-07-03-ны өдөр иргэн Баясгалангаас 22.000 ам.доллар зээлж, барьцаанд нь Хан-Уул дүүрэг, 15-р хороо, 101-р байрны 201 тоотын орон сууцыг барьцаалж, уг орон сууцны өмчлөлийг Баясгалангийн нэр дээр шилжүүлсэн, 2016-06-27-ны өдөр түүнээс нэмж 7000 ам.доллар зээлсэн, иргэн Б-д төлөх зээлийн гэрээний үүрэг нэхэмжлэгч Б.Н-д шилжсэн, нэхэмжлэгч өөрийн авлагаа тооцож, 65.000 ам.доллар болсон гээд өөрийн ажиллуулж байсан банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр зээлийн гэрээ хийхийг шаардахад зөвшөөрөөгүй тул иргэн Б.Н-тэй зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурвал, түүнд төлөх 65.000 ам.долларт “А” ХХК-ийн хувьцааг тооцно гэсний дагуу тус компаний 24 хувийн хувьцааг нэхэмжлэгчийн нөхөр Г.Бы нэр дээр шилжүүлж, Б.Н-тэй байгуулсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, үүнээс хойш хөрөнгө оруулалт оруулах боломжгүй болсноор нэхэмжлэгчийн нөхөр Г.Б мөнгөө нэхэмжилсэн, барьцааг чөлөөлөхийн тулд нэхэмжлэгчид мөнгө төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргаж, маргаж, 2018-05-04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-05-01-ний өдрийн итгэмжлэлээр Б.Ц-д гурван жилийн хугацаатай /хх-40/ олгосноор тэрээр 01932276 тоот гэрчилгээтэй, HYUNDAI HD-270 маркийн УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас шүүх хуралдаан дээр татгалзсан /2-р хх-132/.

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг тус тус үндэслэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн хэргийн 6-р талд авагдсан зээлийн гэрээний 2.5-д 2018-05-04-ний өдөр 65.467 ам.долларыг зээлдэгч З.Ш-д бэлнээр өгсөн гэж, 3.1-д зээлийг олгосон болон төлбөр төлсөн байдал нь хоёр талын гарын үсэг эсхүл банкны баримтаар баталгаажна гэж заасан /1-р хх-6/ байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Дээрх зээлийн гэрээнд 3 сарын хугацаатай, хүүгүй гэж тусгасан байх боловч хариуцагч энэхүү гэрээний дагуу зээлийн 65.467 ам.долларыг бэлнээр аваагүй, иргэн Б.Б-тай 2015, 2016 онд байгуулсан зээлийн гэрээний шаардах эрхийг Б.Ншилжүүлэн авсан гэж тайлбарлаж, татгалзлаа нотлохоор 2015-07-03-ны өдөр иргэн Б.Баясгалантай байгуулсан 22.000 ам.долларын зээлийн гэрээ /2-р хх-24/, 2016-06-27-ны өдрийн 29.630 ам.долларын зээлийн гэрээг нотлох баримтаар гаргаж /1-р хх-63/, эдгээр зээлийн гэрээний үүрэгт Хан-уул дүүрэг, 15-р хороо, Хансвилл Их монгол улс гудамж 101-р байрны 201 тоотод байрлалтай орон сууцыг зээлдүүлэгч Б.Б-гийн нэр дээр шилжүүлсэн талаарх Х.Б-С  хариуцагч З.Ш-д 2015-06-23-ны өдөр олгосон /2-р хх-48/ итгэмжлэл, дээрх орон сууцыг 20.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ 2015-07-02-ны өдөр Х.Б-г төлөөлж З.Ш, Б.Б нарын хооронд хийгдсэн /1-р хх-243/ гэрээ, тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөл 2015-07-03-нд Б.Б-ийн нэр дээр шилжиж, 2017-05-04-ний өдөр барьцаалбартай барьцааны гэрээгээр “М” ББСБ-н нэр дээр бүртгэгдсэн /2-р хх-22/ лавлагаа баримтыг нотлох баримтаар гаргасан.

 

Түүнчлэн, шүүх хуралдаанд хариуцагчийн хүсэлтээр оролцсон гэрч Б.Б“...нэхэмжлэгч Б.Н-тэй эгч дүүсийн хүүхдүүд, Б.Н-ийн даалгаснаар хариуцагч З.Ш-тэй зээлийн гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан, зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн ам.долларыг би зээлээгүй, Н-ээс зээлсэн байх, түүний даалгаснаар 2015, 2016 онд зээлийн гэрээ байгуулсан, барьцааны гэрээний талаар санахгүй байна, надаар нэг ч төгрөг дамжаагүй, З.Ш-тэй байгуулсан зээлийн гэрээний дагуу түүнээс ямар нэгэн мөнгө төгрөг авч байгаагүй, надад Ширнэнгээс авах авлага байхгүй, Н-дшилжүүлж байсан байх, тухайн үед Н-ээс итгэмжлэл олгосон эсэхийг сайн санахгүй байна, Н-ийн ажиллуулж байсан МББСБ-д нэг жил орчим ажиллаад гарсан талаар...” мэдүүлсэн.

 

Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” тул нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн Б.Н-ийн Голомт банкны 2105129792 тоот дансны хуулга нь 2019-03-20-2020-01-21-ний өдрийг хүртэлх хугацаатай, төгрөгийн данс байх бөгөөд хэргийн үйл баримтаар зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн буюу Б.Н-ээс З.Ш-дзээлийн гэрээний зүйл болох 65.467 ам.долларыг шилжүүлсэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

 

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шийдвэрлэнэ.

 

Нэхэмжлэгч тал хариуцагчийг 2019-06-25-нд 2.000.000 төгрөг, 2019-11-01-нд 2.000.000 төгрөг, 2019-11-06-нд 4.000.000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй боловч хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Голомт банкны ӨӨтоот дансны хуулга, хариуцагч З.Ш-ийн нотлох баримтаар гаргасан дансны хуулга зэргийг шүүх хуралдаанд шинжлэн судлуулснаар нэхэмжлэгчийн дээрх дансанд 2019-10-30-нд хариуцагчаас 500.000 төгрөг шилжүүлсэн /1-р хх-19 ар тал/, хариуцагчийн нотлох баримтаар гаргасан 2019-11-20-нд Г.Б-ы Хаан банкны дугаартай дансанд Норжоод Ширнэнгээс гэж 2.000.000 төгрөгийг /1-р хх-68/ шилжүүлсэн байх бөгөөд Хаан банк ХХК-иас ирүүлсэн 5112091247 дугаартай депозит дансны хуулгаар тухайн данс эзэмшигч нь Г.Ббайх бөгөөд /1-р хх-138/ тухайн дансны хуулгаас үзэхэд хариуцагч З.Ш-ээс 2018-04-09-нд 5.000.000 төгрөг /1-р хх-142/, 2019-03-08-нд 200.000 төгрөг /1-р хх-146/, 2019-11-20-нд 2.000.000 төгрөг /1-р хх-156/ тус тус шилжүүлсэн байна.

 

Хариуцагч З.Ш-ийн Хаан банкны депозит дансны хуулгаар Г.Б-ы 5112091247 тоот данс руу 2019-02-18-нд 1.000.000 төгрөг /1-р хх-70/, 2019-02-23-нд 1.500.000 төгрөг /1-р хх-71/, 2018-04-09-нд 5.000.000 төгрөг /1-р хх-72/, 2019-03-08-нд 200.000 төгрөг /1-р хх-73/-г тус тус шилжүүлсэн байх бөгөөд Г.Бнь нэхэмжлэгчийн нөхөр гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэж няцаагаагүй бөгөөд хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч Г.Бхүлээн зөвшөөрсөн.

 

Түүнчлэн, 2015-09-03-ны өдөр нэхэмжлэгч Б.Н-ийн худалдаа хөгжлийн банкны 410045346 дугаарын данс руу хариуцагчаас 1320 ам.долларыг Баясгалангийн зээлийн хүү гэж шилжүүлсэн /2-р хх-72/, 2015-11-05-ны өдөр баярсайхан Баясгаланд Ширнэнгийн зээлийн хүү гэж 1320 ам.долларыг /2-р хх-73/, 2015-12-04-ний өдөр мөн адил утгатай 1320 ам.долларыг /2-р хх-74/ тус тус шилжүүлсэн байх бөгөөд ийнхүү хариуцагч талын шинжлэн судлуулсан дээрх дансны хуулгаар хариуцагч З.Ш болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Б нар нэхэмжлэгч Б.Нболон түүний нөхөр Г.Б-ы данс руу 2015-09-03-ны өдрөөс хойш тодорхой хэмжээний мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Ийнхүү зохигчийн хооронд мөнгө шилжүүлээд байгаа үйл баримтыг нэхэмжлэгч тал хариуцагч З.Ш “И ББСБ”-иас 2018-06-28-ны өдөр 20.000.000 төгрөгийн зээл авахад нэхэмжлэгчийн нөхөр Г.Ббатлан даагчаар орж, өөрийн өмчлөлийн автомашиныг барьцаалсан тул энэхүү төлбөрийг Г.Баярсайханы данс руу төлж байсан, Г.Б, З.Ш нар бизнесийн хамтрагчид учир хоорондын тооцоо байсан гэж тайлбарласныг хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Б.Б-тай байгуулсан зээлийн гэрээнийн мөнгийг нэхэмжлэгчийн нөхөр Г.Б-ы хүсэлтээр түүний болон нэхэмжлэгч Б.Н-ийн данс руу шилжүүлдэг байсан гэж тайлбарлаж, “И” ХК-ийн 2020-03-12-ны өдрийн 276 дугаартай албан бичгийг нотлох баримтаар гаргасан.

 

Тухайн албан бичигт “...иргэн Г.Бтанаа, ...зээлдэгч З.Ш-ийн батлан даагчаар бүртгүүлсэн, таниас гаргасан хүсэлтийн дагуу Е18062801 тоот зээлийн гэрээний барьцаа болох УНЦ улсын дугаартай, Тоёота приус 41 маркийн автомашиныг Инвескор ББСБ ХК-ийн нэр дээр 15.000.000 төгрөгөөр тооцон шилжүүлэн авснаар батлан даалтын гэрээний үүргийг дуусгавар болгосон...” талаар дурдсан /1-р хх-247/, хариуцагч З.Ш-ээс “И ББСБ” ХК-д төлөх зээлийн 15.000.000 төгрөгийн төлбөрт тооцуулсан, Г.Б-д 2020-04-03-ны дотор төлж барагдуулах тухай бичвэр 2020-03-03-ны өдрийн огноотой /1-р хх-248/ байх бөгөөд гэрч Б.Б-гийн мэдүүлэгээр хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс нэхэмжлэгч Б.Нболон түүний нөхөр Г.Бнарт шилжүүлсэн мөнгө нь 2015-07-03-ны өдөр, 2016-06-27-ны өдөр иргэн Б.Б-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн 2015-07-03-ны өдөр Б.Б-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалж, түүний нэр дээр өмчлөлийг шилжүүлсэн Хан-уул дүүрэг, 15-р хороо, Хансвилл Их монгол улс гудамж 101-р байрны 201 тоотод байрлалтай орон сууц МББСБ-н нэр дээр шилжсэн байсныг чөлөөлөх шаардлага гарсан тул нэхэмжлэгч Б.Н-ийн хүсэлтээр 2018-05-04-ний өдөр түүнтэй зээлийн гэрээ байгуулж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа Я.Бийн өмчлөлийн орон сууц, автомашиныг барьцаалсан гэрээ байгуулсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Учир нь Хан-уул дүүрэг, 15-р хороо, Хансвилл Их монгол улс гудамж 101-р байрны 201 тоотод байрлалтай орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ 2015-07-02-ны өдөр З.Ш, Б.Бнарын хооронд хийгдсэн /1-р хх-243/-р тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөл 2015-07-03-нд иргэн Б.Баясгалангийн нэр дээр шилжиж, 2017-05-04-ний өдөр барьцаалбартай барьцааны гэрээгээр “М” ББСБ-н нэр дээр бүртгэгдэж /2-р хх-22/, 2018-05-14-ний өдөр иргэн Б.Б-ын нэр дээр худалдах, худалан авах гэрээний дагуу шилжсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа баримтаар нотлогдож байна /2-р хх-22/.

 

Мөн нэхэмжлэгч Б.Н-дтөлөх 2015, 2016 оны Б-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт түүний нөхөр Г.Б-д “А” ХХК-ийн 24 хувийн хувьцааг шилжүүлсэн гэж хариуцагч тайлбарласныг гэрч Г.Бнь “А” ХХК-ийн 24 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигч Д.Г-аас худалдан авсан, Д.Г-т төлөх төлбөрийн үүрэг байхгүй гэж мэдүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан “А” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, компаний эрх шилжүүлэх гэрээ 2017-10-06-ны өдөр Ч.Ц, Г.Бнарын хооронд хийгдсэн /2-р хх-80-81, 82/, А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдын хэлцэл гэх 2017-10-06-ны өдрийн хэлцэлд Д.Г, З.Т, Г.Бгэж гарын үсэг зурж, 51 хувийн хувьцаа эзэмшигч Д.Г нь бусад хувьцаа эзэмшигч болох З.Т, Г.Бнараас 80 сая төгрөгийг гаргуулж авах бөгөөд тус мөнгийг авснаар 51 хувийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдийн мэдэлд шилжүүлж өгнө гэж тусгасан /1-р хх-242, 2-р хх-94/ хэлцлээр үгүйсгэгдэж байна.

 

Нэхэмжлэгч Б.Н, гэрч Г.Бнар хариуцагч З.Ш-ээс авах зээлийн гэрээний үүрэгт тооцон 2019 оны 6-р сарын 19-нд өөрсдийн эзэмшлийн зуслан дээр 6мбуюу 17.000.000 төгрөгийн зуурмаг авсан, хариуцагч З.Ш-г гэрчээр оролцсон Б.Б-тай танилцуулсан, Акомпаний хувьцаа эзэмшигч н.Төмөрчөдөр, Д.Г нарыг З.Ш-ээр дамжуулан танилцаж, З.Ш-ийн тавьсан саналаар 24 хувийн хувьцааг худалдаж авсан. Анх З.Ш нь Д.Г-аас 80.000.000 төгрөг зээлж аваад барьцаанд нь “А” ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлсэн байгаад Д.Г-аас хувьцааны талыг шилжүүлэхдээ 51 хувийг Д.Г-т надад 24 хувь, н.Т-т 25 хувийг шилжүүлсэн. Д.Г-тай уулзахад би ерөөсөө энэ төсөлд оролцмооргүй байна, 51 хувийг бусад хөрөнгө оруулагч олж өгөөд миний З.Ш-гээс авах мөнгийг энэ 51 хувийн хувьцааг зарж олж өгөөч гэсэн хүсэлт тавьснаар хувьцаа эзэмшигчдийн хэлцэл хийгдсэн болохыг гэрч Г.Бмэдүүлсэн.

 

Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэх бөгөөд иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой.

 

Зохигчид “тооцоо нийлсэн хамтын ажиллагаа” гэх баримтыг 2018-11-16-ны өдөр үйлдсэн байх бөгөөд Б.Н, З.Ш, М.З гэх иргэдийн өөр хоорондын тооцооны талаар дурдсан /1-р хх-74-75/, HYUNDAI HD-270 маркийн 71-90 УНУ улсын дугаартай, KMCDH18S94C036247 арлын дугаартай тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ 2018-05-04-ний өдөр иргэн Б.Н, З.Ш нарын хооронд хийгдсэн /1-р хх-10/ байхад тухайн автомашины өмчлөл 2018-05-09-ний өдөр нэхэмжлэгч Б.Н, гэрч Г.Бнарын хүүхэд гэх О гэдэг хүний нэр дээр шилжсэн /2-р хх-114/, Б.О, М.Г нарын хооронд 2020-04-21-ний өдөр дээрх тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан /2-р хх-113/ байх боловч төлбөр мөнгийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Б өөрөө авсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан. 

 

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч 2018-05-04-ний өдрийн зээлийн гэрээний зүйл болох 65.467 ам.долларыг зээлдэгч З.Ш-дшилжүүлсэн гэх шаардагын үндэслэлээ, хариуцагч З.Ш болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Б нараас төлсөн мөнгө нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэх тайлбараа нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

Хариуцагч З.Ш 2018-05-04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй, 2015-07-03-ны өдөр иргэн Б-аас 22.000 ам.доллар зээлж, барьцаанд нь Хан-Уул дүүрэг, 15-р хороо, 101-р байрны 201 тоотын орон сууцыг барьцаалж, уг орон сууцны өмчлөлийг Б-ийн нэр дээр шилжүүлсэн, 2016-06-27-ны өдөр түүнээс нэмж 7000 ам.доллар зээлсэн байсан бөгөөд Б-гийн нэр дээр шилжүүлсэн барьцаа хөрөнгийг чөлөөлөхийн тулд нэхэмжлэгч Б.Н-ийн хүсэлтээр тухайн зээлийн гэрээг байгуулсан гэж тайлбарлан 2018-05-04-ний өдөр нэхэмжлэгч Б.Н-тэй байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Дээрх сөрөг шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар гэж хариуцагч тал тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” хүчин төгөлдөр бус байхаар заасан бөгөөд хууль зөрчсөн гэх үндэслэлд хуулийн хориглох хэмжээ хэмжээг зөрчсөн буюу тухайн төрлийн хэлцэл хийх нь хуулиар хориотой, хэлцлийн агуулга нь хуульд нийцэхгүй байхыг ойлгоно.

 

Тиймээс зохигчийн хооронд 2018-05-04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ нь хуулийн ямар хэм хэмжээг зөрчсөн, гэрээний агуулга нь ямар хуульд нийцэхгүй байгаа зэрэг нь нотлогдохгүй буюу хариуцагч сөрөг шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс 2020-02-18-ны өдөр төлсөн 1.607.890 төгрөг, хариуцагчийн сөрөг шаардлагад 2020-06-11-ний өдөр төлсөн 1.078.314,54 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

нэхэмжлэлийн багасгасан шаардлагад ногдох 570.950 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2020/13355 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдах нь зүйтэй /1-р хх-181-183/.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Х овогт З Ш- ээс зээлийн гэрээний үндсэн үүрэгт 101.879.748 төгрөг, алдангид 90.028.254,4 төгрөг, нийт 191.908.002 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн Э овогт Б.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 70.000.000 төгрөгөөр багасгасан болохыг дурдсугай.

 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н-тэй 2018-05-04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн хариуцагч З.Ш-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 1.607.890 төгрөг, хариуцагчийн сөрөг шаардлагад урьдчилан төлсөн 1.078.314,54 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан багасгасан шаардлагад ногдох 570.950 /таван зуун далан мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Н-долгосугай.

 

5. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2020/13355 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Д.ЯНЖИНДУЛАМ