Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01412

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01412

 

 

Б.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10ы өдрийн 101/ШШ2021/01781 дугаар шийдвэртэй, Б.Нгийн нэхэмжлэлтэй З.Шд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 191 908 002 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй, 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр З.Ш, Б.Н нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чинбат, хариуцагч З.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н нь 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр З.Штэй зээлийн гэрээ байгуулж, 65 467 ам.долларыг 3 сарын хугацаатай хүүгүй зээлсэн. Гэтэл зээлдэгч З.Ш нь гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш зээлийг төлөөгүй, 2019 оны 6 дугаар сарын 25-нд 753 ам.доллар буюу 2 000 000 төгрөг, 2019-11-01-нд 740 ам.доллар буюу 2 000 000 төгрөг, 2019-11-06-ны өдөр 1480 ам.доллар буюу 4 000 000 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл зээлдэгч З.Ш нь зээлийн гэрээний үүргээс 62 494 ам.доллар буюу Монголбанкны 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн ханш 2 750,34 төгрөгөөр тооцож 171 879 748 төгрөгийг төлөөгүй байна.Зээлдэгч З.Ш нь зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр болох 2018 оны 8 дугаар 4-ний өдрөөс анхны төлөлт хийсэн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл алданги тооцох хугацаа 436 хоног буюу уг хугацаанд 65 467 ам.долларын 50 хувь болох 32 733,5 ам.доллар буюу 90 028 254 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна.

Мөн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр З.Штэй тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээний дагуу KMCDHI18S94C36247 арлын дугаартай, 01932276 тоот гэрчилгээтэй, HYUNDAI HD-270 маркийн 71-90 УНУ улсын дугаартай, ногоон алаг өнгийн тээврийн хэрэгсэл барьцаалсан. Гэтэл 01932276 тоот гэрчилгээтэй, HYUNDAI HD-270 маркийн 71-90 УНУ улсын дугаартай, ногоон алаг өнгийн тээврийн хэрэгсэл нь гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн байх тул энэхүү барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаас татгалзаж байна.

Иймд З.Шгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 62 494 ам.доллар буюу 171 879 748 төгрөг, алданги 32 733,5 ам.доллар буюу 90 028 254 төгрөг, нийт 95 227,5 ам.доллар буюу 261 908 002 төгрөгийг нэхэмжилсэн. Талуудын хоорон 2018 оны 11 дүгээр сарын 16-нд тооцоо нийлсэн хамтын ажиллагаа гэх нэр бүхий гэрээг байгуулж, 65.467 ам.долларын зээлийн дүнгээс 27 290 ам.доллар буюу 70 000 000 төгрөгийг хасах тохиролцоо хийгдсэн тул зээлд 101 879 748 төгрөг, алданги 90 028 254 төгрөг, нийт 191 908 002 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна.

Ү-2206051729 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Ханбогд, Наадамчдын зам гудамж, 205-р байрны 16 тоот хаягт байрлах, 48,97 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.Нтэй анх 2015 онд 22 000 долларын зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчид төлбөрөө бүрэн төлсөн. Гэвч барьцаа хөрөнгөө авч чадахгүй байсан учраас мөнгө төлөөд яваад байсан. Машиныг чөлөөлж өгсөн. Үлдэгдэл 30 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах байрыг чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Уг байр нь манай нягтлан бодогчийн байр байгаа. Иймээс 30 000 000 төгрөг өгөөд байрыг чөлөөлүүлэх хүсэлттэй байна. Мөн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан гэжээ.

Б.Нтэй 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч тус гэрээний 65,467 ам.долларыг Б.Нгээс бэлэн болон бэлэн бусаар аваагүй. Нэхэмжлэгчийн 65,467 ам.долларыг З.Ш нэхэмжлэгчийн бизнесийн хамтрагч танил Б.Баясгалангаас 2006 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 29,230 ам долларыг 3 сарын хугацаатайгаар сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Энэ мөнгө яагаад 29,630 ам.доллар болсныг хариуцагч тодорхой тайлбарласан. Б.Баясгалан нь 2006 оны 6 дугаар сарын 27-ны өдөр З.Шд зээлүүлсэн 29,630 ам долларын шаардах эрхээ Б.Нд шилжүүлсэн.

Өнөөдрийн байдлаар нийт бэлэн болон бэлэн бус бартерын хэлбэрээр 156 275 000 төгрөгийн төлөлтийг хийчихсэн байгаа. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд хандсан 2020 оны 1дүгээр сарын 24-ний өдрийн ханшаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон нь ханшийн зөрүү үүсгэж байна гэжээ.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулга тодорхойгүй байна. Хариуцагч нь шаардах эрхийн тухай ярихдаа Б.Баясгалан гэх хүнд зээлсэн 29,630 ам.долларыг Б.Нд шаардах эрхийг шилжүүлсэн гэдэг агуулгаар тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Б.Н нь Б.Баясгалангийн З.Шд зээлдүүлсэн 129,630 ам.долларын шаардах эрхийг шилжүүлж аваагүй. Цаг хугацааны хувьд 2015 оны асуудал яриад байгаа болохоор З.Шгийн хувьд ойлголтын зөрүүтэй байгаа юм болов уу гэж бодож байна. Хэрэгт авагдсан 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээнд Б.Н З.Ш нарын хэн аль нь гарын үсэг зурсан байдаг. Иймээс сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өү Энд Жи ХХК-д нягтлангаар ажилладаг бөгөөд З.Ш нь Б.Баясгалантай 2015 оны 7-р сарын 3-нд 22,000 ам долларын зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний барьцаанд Ү-2206028554 дугаартай ХУД-ийн 15-р хороонд байрлах Ханс вилл Их Монгол улс гудамжны 101-р байрны 201 тоот 72,4м2 талбайтай орон сууцыг зээл төлөгдөж дуусахад буцаан шилжүүлж өгөх нөхцөлтэйгээр Б.Баясгалангийн нэр дээр шилжүүлэн барьцаалсан байдаг. Дээрхи зээлийн сарын хүү нь 6 хувь ба 1 320 ам доллар байсан зээлийн хүүг Б.Баясгалангийн хамтрагч Б.Нгийн Худалдаа хөгжлийн банкны 410045346 тоот дансанд хийхээр тохиролцсон. Улмаар З.Ш, Б.Баясгалан нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Б.Нд шилжүүлсэн байсан. Б.Н нь З.Шд 65,467 ам долларыг бодитойгоор зээлдүүлээгүй бөгөөд Б.Баясгалантай байгуулсан 22,000 ам долларын гэрээг шилжүүлж авсан. Иймд зээлийн гэрээний барьцаанд байсан Ү-2206028554 дугаартай ХУД-ийн 15-р хороонд байрлах Ханс вилл Их Монгол улс гудамж 101-р байрны 201 тоот 72,4м2 сууцыг чөлөөлүүлэхийн тулд зайлшгүй шаардлагын улмаас өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалсан тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Хангал овогт Зоригоогийн Ширнэн /НЮ77022579/-ээс зээлийн гэрээний үндсэн үүрэгт 101 879 748 төгрөг, алдангид 90 028 254 төгрөг, нийт 191 908 002 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн Элжигэн овогт Баттогтуурын Норжинсүрэн /ТЖ73100984/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 70 000 000 төгрөгөөр багасгасан болохыг дурдаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нтэй 2018-05-04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн хариуцагч З.Шгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 1 607 890 төгрөг, хариуцагчийн сөрөг шаардлагад урьдчилан төлсөн 1 078 314 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан багасгасан шаардлагад ногдох 570.950 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 101/ШЗ2020/13355 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээл олгоогүй гэж дүгнэхдээ 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 3.2-т заасныг баримталсан. Уг 3.2-т 65 467 ам.долларыг Ширнэнд бэлнээр өгөв гээд тухайн гэрээнд тусгайлан гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу бэлнээр олгосныг баримтжуулж байгааг үүгээр нотолж байна гэж тайлбарласан боловч энэ талаар шүүх огт үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Уг 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн гэрээгээр Хан-Уул дүүрэгт байрлах 48,94 м.кв орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний харилцаа 2015, 2016 онд дууссан болох нь барьцаа хөрөнгийг чөлөөлснөөс харагдана. Зээлийн гэрээний баталгаа болох барьцаа хөрөнгийг хуульд зааснаар чөлөөлж,гэрээний харилцаа дууссан. Хариуцагчийн зүгээс энэ хэрэгт ямар ч хамааралгүй компанийн асуудлыг гаргаж ярихад шүүх энэ талаар шийдвэртээ дурдаж, дүгнэсэн. Эхнэр нөхөр гэх бүртгэлтэй боловч иргэний эрх зүйн хувьд тусдаа бие даасан этгээдүүд юм. Гэтэл зээлийн гэрээтэй хамааралтай гэдэг нь юугаар нотдлогдсон нь тодорхойгүй байгаа. Хувьцаатай холбоотой асуудлыг зээлийн гэрээтэй холбоотой маргаанд хамааруулж энэ талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Бид нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа алдангийн асуудлыг тусгайлан тайлбарлаж өгсөн. 50 хувьдаа орчихсон байсан боловч 90 000 00 төгрөгөөр алдангийг тооцсон. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв харьцуулан дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч З.Шд холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээлд 62 494 ам.доллар буюу 171 879 748 төгрөг , алдангид 32 733,5 ам.доллар буюу 90 028 254 төгрөг , нийт 95 227,5 ам.доллар буюу 261 908 002 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 70 000 000 төгрөгөөр багасгаж, зээлд 101 879 748 төгрөг, алдангид 90 028 254 төгрөг нийт 191 908 002 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх1-2, 87-89/

Хэрэгт Б.Н нь 2018 оны 5 дугаар сарын 4-нд 65 467 ам.долларыг 3 сарын хугацаатай, хүүгүйгээр З.Шд зээлдүүлсэн зээлийн гэрээ авагдсан, мөн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан үйл баримт гэрээний хувь, зохигчийн тайлбараар тогтоогджээ. /1-р хх 6/

Талууд 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээгээр ам.долларыг Б.Нгээс З.Шд шилжүүлсэн эсэх асуудлаар маргажээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн эсэх асуудлаар маргаан гарсан тохиолдолд зээлийг шилжүүлэн өгснөө нотлох үүрэг зээлдүүлэгчид ногдох юм.

Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг З.Шгийн өмчлөлд шилжүүлсэн гэдгээ нотлохоор гэрээ, тооцоо нийлсэн хамтын ажиллагааны тухай гэрээ гэх бичмэл баримтуудыг гаргаснаас гадна өөрийн тайлбар, гэрчийн мэдүүлгийг иш татжээ. /1-р хх 74-75, 143/

Хэргийн 6 дугаар талд авагдсан зээлийн гэрээний 2.5-д мөнгө хүлээлгэн өгсөн авсан гэж талууд харилцан гарын үсэг зуржээ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах юм. Эрх зүйн чадамжтай насанд хүрсэн иргэн зээл 65 467 ам.долларыг бэлнээр авсан гэсэн үнийн дүнг болон гэрээний агуулгыг зөвшөөрч гарын үсгээ зурсан. Уг гэрээнд зурагдсан гарын үсгийн бичиглэл өөрийнх нь биш гэж маргаагүй. Мөн тооцоо нийлсэн хамтын ажиллагааны тухай гэрээ гэх баримтын 2.1-т 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээгээр 65 467 ам.долларыг зээлснээ дахин баталгаажуулж уг төлбөрөөс 70 000 000 төгрөг буюу 27 290 ам.долларыг хасахаар тохиролцжээ. /хх 74-75/

Дээрх 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тооцоо нийлсэн хамтын ажиллагааны тухай гэрээ нь 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээг дүгнэсэн, үлдэгдэл төлбөрийг баталгаажуулсан агуулгатай Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцсэн гэрээ байна. Түүнчлэн гэрч Б.Баясгалан ... Би З.Шд мөнгө зээлдүүлээгүй, Б.Нгээс зээлсэн гэж мэдүүлжээ. /1-р хх 143/

Дээрх бичмэл нотлох баримт, зээлдэгч З.Шгийн удаа дараа бичгээр илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл, ... одоо 30 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх өөрийнх нь тайлбар зэргийг харьцуулан дүгнэхэд зээлдэгч нь нэхэмжлэлээр шаардсан зээлийн мөнгөн хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан нь нотлогдож байх бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийг хариуцан төлөх үндэслэлтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, талуудын маргааны зүйл болоогүй үнийн дүнгийн талаар дүгнэж болохгүй, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчих юм. Нэхэмжлэгч 62 494 ам.доллараас тооцож нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд уг үнийн дүнгээс тооцон 70 000 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. /2-р хх 130-131/

Талууд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тооцоо нийлсэн хамтын ажиллагааны тухай гэрээгээр С.Ширнэнгийн төлвөл зохих зээлийн гэрээний үүргээс 70 000 000 төгрөгийн өрийг М.Золбаярт шилжүүлэхээр тохиролцсон. /хх 74-75/ Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар өр шилжиж болох бөгөөд үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өрийг хүлээн авч буй талууд гэрээнд оролцсон байх ёстой юм. Өрийг шилжүүлэн авч байгаа М.Золбаяр болон үүрэг гүйцэтгүүлэгч Б.Н, зээлдэгч С.Ширнэн нарын хоорондын гэрээгээр 27 204 ам. долларын өрийг талууд тухайн өдрөө тохиролцсон ханшаараа 70 000 000 төгрөг гэж тооцон С.Ширнэнгийн өрөөс хасахаар бичгээр тохиролцсон. /хх 74-75/

Дээрх бичмэл нотлох баримтыг үнэлж үзэхэд зээлдэгч буюу хариуцагч С.Ширнэнд 35 204 ам.доллар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцоход 96 000 811 төгрөгийн хэмжээнд гүйцэтгээгүй үүрэг үлдсэн байх бөгөөд энэ хэмжээнд нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

Талууд өмнөх гэрээг дүгнэж, үүргийн хэмжээг тодорхойлж, төлбөрийн үлдэгдлийн талаар 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулахдаа анзын талаар тохиролцоогүй, мөн гэрээгээр хариуцагч С.Ширнэнгийн зээлийн гэрээний үлдэгдэл үүргийн гүйцэтгэх эцсийн хугацааг ч тооцох боломжгүй байх тул анз гэх 90 028 254 төгрөгт холбогдох шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч нь мөн төлбөр гүйцэтгэх мөнгөний ханшны талаар маргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн үнийг тодорхойлох журмаас үзэхэд гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцохоор байна. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлөхөөр байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Өөрөөр хэлбэл, шилжүүлэн авсантай ижил төрөл, тоо, чанар, хэмжээний мөнгө буюу ам.долларыг шүүхэд хандах өдрийн ханшаар тооцон монгол төгрөгт хөрвүүлж нэхэмжилснийг зөв гэж үзнэ. Учир нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсэх үе нь ам.долларыг анх зээлдэж байсан 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр биш харин буцаан төлөх үе буюу шүүхэд хандан шаардлага гаргасан өдрийг ойлгох юм. Иймд нэхэмжлэлийн зүйл болох ам.долларыг шүүхэд хандах үеийн ханшаар тодорхойлсон нь буруу гэх гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 70 000 000 төгрөгөөр багасгаж, зээлд 101 879 748 төгрөг, алдангид 90 028 254 төгрөг нийт 191 908 002 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт нийцжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байхад анхан шатны шүүхээс уг үйлдлийг татгалзал гэж дүгнэж татгалзалыг баталж шийдвэрлэсэн нь буруу, давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулж байна. Татгалзал гэх ойлголт нь нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзахыг хэлэх юм.

Барьцааны зүйл болох Ү-2206051729 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Ханбогд, Наадамчдын зам гудамжны 205-р байрны 16 тоот хаягт байрлах, 48,97 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь иргэн Я.Батцэцэгийн өмч байна. Хэдийгээр уг барьцааны гэрээг З.Ш Я.Батцэцэгээс олгосон итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан байх боловч уг гэрээний талыг З.Ш биш харин Я.Батцэцэг гэж үзэх юм. Учир нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийх, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дах хэсэгт заасан барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох, хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болох заалтаас үзэхэд З.Шгийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүргийг Я.Батцэцэг өөрийн өмчөөр хүлээжээ.

Мөн барьцааны гэрээ байгуулж байх үед Я.Батцэцэгээс З.Шд олгосон 1 жилийн хугацаатай итгэмжлэлийн хугацаа ч дуусгавар болсон, цаашид энэ барьцааны гэрээний дагуу барьцаалуулагч буюу өмчлөгч Я.Батцэцэг нь барьцааны зүйлээр үүргийг хангахтай холбоотой асуудалд тайлбар гаргах, өөрийнхөө эрхийг эдлэх юм. Хэдийгээр хариуцагчаа тодорхойлох нь нэхэмжлэгчийн эрх боловч З.Ш барьцаалуулагчийг буюу барьцааны зүйтэй холбоотойгоор Я.Батцэцэгийг төлөөлөн тайлбар гаргах, тухайн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх эдлэх этгээд биш юм.

Түүнчлэн, Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасан өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах, салгаж үл болох эрхэд барьцааны эрх хамаарах боловч гэрээний тал биш этгээд болох З.Шд холбогдуулан гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцагч бус этгээдэд холбогдуулан шийдвэрлэх боломжгүй.Гуравдагч этгээд Я.Батцэцэгт холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй. Харин тухайн асуудлаар жинхэнэ хариуцагчид холбогдуулан шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй юм.

Дээрхт үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу зээлд 96 000 811 төгрөгийг гаргуулж үлдэх хэсгийг болон алдангид 90 028 254 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/01781/ дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан З.Шгээс 96 811 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 95 097 002 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтыг хасч,

3 гэж дугаарласныг 2 гэж, 4 гэж дугаарласныг 3 гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 607 890 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 1 078 314 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 633 435 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж, 5 гэж дугаарласныг 4 гэж, 6 гэж дугаарласныг 5 гэж, 7 гэж дугаарласныг 6 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгүй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1 187 691 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд

 

оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД