Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2021/01797

 

 

 

 

 

 

 

 

 

    2021        06         11                                     101/ШШ2021/01797         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, хаягт байрлах, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, У овогт Г.Б,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Н овогт Г.Б,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Ш овогт Т.М,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот хаягт оршин суух, Ш овогт Ж.Н нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 20,995,863 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г,

Хариуцагч Ж.Н,

Хариуцагч Г.Б, Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,

Хариуцагч Т.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч А.С,    

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ззэлдэгч Ж.Т нь 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус банкны Үйлдвэр комбинат тооцооны төвөөс 09/193 дугаар зээлийн гзрээ байгуулан 30,000,000 /гучин сая/ төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн.

Тус зээлийг иргэн Г.Б, Б.Б нь 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09/193 дугаар батлан даалтын гэрээгээр Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоот Улсын бүртгэлийн Ү-0 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр зээлдэгчийн нэрийн өмнөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулахаар батлан даалтын гэрээ байгуулсан болно.

2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09/193 дугаар зээлийн гэрээний хугацаа дуусаад тухайн зээлийг авснаас хойш зээлийн төлбөрт нийт 9,254,137 төгрөг төлөгдсөн бөгөөд үндсэн зээлийн төлбөр 20,745,863 төгрөг төлөгдөөгүй байгаа болно.

2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тухайн зээлийн дансанд 694,000 төгрөг төлөгдсөн болно.

Зээлдэгч Ж.Т нь 2009 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан бөгөөд нас барсанаас нь хойш нэхэмжлэгчийн зүгээс өв залгамжлагч болон батлан даагч нараас зээлийн төлбөрийг нэхэмжилж байсан боловч Улсын дээд шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 465 дугаар тогтоолд “Шүүх хууль ёсны өвлөгч болох 3 хариуцагчаас өвлөж авсан хувьцааны үнийг адил тэнцүү хариуцуулж шийдвэрлэсэн байх боловч Т.М-н өвлөж авсан газар эзэмших эрхийн талаар дүгнэлт өгөөгүй, өвлөгч Ж.Н-н өвлөн авсан өвийн хэмжээ тодорхой бус, улмаар өвлөгч нарын хүлээх үүргийн хэмжээ бүрэн тогтоогдоогүй тул батлан даагчийн нөхөх хариуцлага хүлээх үүргийг ч тодорхойлох боломжгүй байжээ.” гэж дүгнэсэн.

2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Г.Б, Б.Б, Г.Э, Т.С, Т.М, Ж.Н нараас Улсын дээд шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 465 дугаар тогтоолыг үндэслэж нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2020/12326 дугаар захирамжаар зээлийн гэрээний үүргийг батлан даалтын гэрээний дагуу нөхөх хариуцлагын хэмжээгээр, эсхүл өв залгамжлагч нарын өвлөн авсан өвийн хэмжээгээр, хэнээс нь хэрхэн тооцож нэхэмжилж байгаагаа тодорхойлоогүй гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзасан.

Зээлдэгч Ж.Т нь 2009 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан, түүний эхнэр Г.Э банкууд дахь үлдэгдэл мөнгө, “Бөөний худалдаа” ХК-ийн 182 ширхэг хувьцааг өвлөж авсан, үүнийг өвлөсөн хэмжээгээр банкинд төлсөн. Ж.Н нь 3,000,000 төгрөгийн дүрмийн сан бүхий “ХО” ХХК-ийг өвлөн авсан, учир өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг, мөн охин Т.М нь Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамжид байрлах .... нэгж талбарын дугаар бүхий 694 м.кв эзэмших эрхтэй газрыг тус тус  өвлөн авсан учир өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээх учиртай гэж үзэж байна.

Харин Сонгинохайрхан дүүрэг дэх 20,000 м.кв талбайн кадастрын зураг гарсан боловч эрх олгогдоогүй тул уг хөрөнгийг өвлөх хөрөнгө гэж үзэх боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж дараах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.2-т “Үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд өвлөгч нь өвлөсөн хөрөнгийн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хариуцах бөгөөд батлан даагч нь нөхөн төлөгдөөгүй хэсгээр хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу тодорхойлж хариуцагч нарт холбогдуулан нэхэмжилж байна.

2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09/193 дугаар зээлийн гэрээний үүрэг 20,745,863 төгрөгөөс өвлөгч Ж.Н-с 3,000,000 төгрөг, өвлөгч Т.М-с 12,175,100 төгрөг, үнэлгээний зардалд 250,000 төгрөгийн хамт нийт 12,425,100 төгрөг, батлан даагч Г.Б, Б.Б нараас батлан даалтын гэрээний дагуу 5,570,763 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байгаа болно.

Өмнө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхийн журмаар Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, 0 гудамжид байрлах ..... нзгж талбарын дугаар бүхий 694 м.кв эзэмших эрхтэй газрыг шинжээч томилж үнэлүүлэхэд гарсан шинжээчийн зардал 250,000 төгрөг гарсан болно.

Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09/193 дугаар батлан даалтын гэрээнд заасан Улсын бүртгэлийн Ү-0 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө, Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, 0 гудамж хаягт байрлах улсын бүртгэлийн .... дугаартай, нэгж талбарын ..... дугаартай зуслангийн зориулалттай 700 мкв газар зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Н нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд миний зүгээс талийгаач Ж.Т-с 3,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө өвлөн авсан зүйл байгүй болно.

“ХО” ХХК-ийн асуудлыг цэгцлэх зорилготой түрээслэн үйл ажиллагаа явуулдаг байсан агуулахыг чөлөөлж өөрөөсөө мөнгө гарган ажилчдын цалинг өгч компанийг татан буулгасан болно. Тус компанийг 2007 онд би 12,000,000 төгрөгийн зээл аван талийгаачтай хамтран байгуулж байсан бөгөөд компанид үндсэн хөрөнгө байгаагүй бөгөөд түүнээс би ашиг хүртсэн зүйл огт байхгүй болно.

Мөн нэхэмжлэлийн үндэслэл болсон уг зээлийн гэрээг талийгаач 2009 онд байгуулж байсан бөгөөд 2012 оны 03 дугаар сард гэрээний хугацаа дуусч аль эрт хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд олон жилийн дараа надаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Энэ компанийг үүсгэн байгуулахад манай хашаа, байшинг барьцаалаад Капитрон банкнаас зээл авсан байсан бөгөөд банкны өр болох 19,000,000 төгрөгийг барьцааны хөрөнгөөр төлж барагдуулсан, одоо орох оронгүй болчихоод байна. 

Компанийн хөрөнгө гэж Зил-130 маркийн автомашин байсныг агуулахын түрээсийн төлбөрт О.Н гэдэг хүнд тооцоод өгсөн.

Иймд миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч А.С-н хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн төлбөр барагдуулах иргэний хэрэг нь 2011 оноос хойш шийдвэрлэгдэлгүй 10 гаруй жил болж байна.

Талийгаач Ж.Т нь хамтран амьдрагч Г.Б-н хамт 2009 онд “Х” ХХК-иас зээл авсныг тус банкны Хан-Уул дүүрэг дэх салбарын зээлийн эдийн засагч 2010 оны эхээр утсаар ярихад анх мэдсэн бөгөөд бид энэ зээлийг авах үйл ажиллагаанд огт оролцоогүй болно.

Ж.Т нь Г.Б-тай 2004 оноос хойш 2009 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нас барах хүртлээ хамтран амьдарч байсан бөгөөд тэр хоёр 2008 онд Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хорооллын 0 дугаар байрны 0 тоот 2 өрөө байрыг худалдан авсан гэдгээ Г.Б нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөхдөө хэлсэн байдаг.

“Х” ХХК-иас зээл авахдаа Г.Б дээрх байраараа батлан даалтын гэрээ байгуулсан юм билээ.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байх гэр бүлийн хамтын эзэмшлийн зориулалттай зуслангийн газрын тухайд 2012 оны 12 сард “Х” ХХК-иас хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК үнэлгээ хийж, 694 м.кв газар эзэмших эрхийн үнийг 2,776,000 төгрөг гэж тогтоосон байдаг. 2015 онд гарсан хяналтын шатны шүүхийн тогтоолд “Т.М-н газар эзэмших эрхийн талаар дүгнэлт өгөөгүй” гэж заагаад ашиглах боломжгүй эвдэрхий модон байшин, нэг тал хашааны тухай дурьдаагүй байсан. Өвлөж авсан газар эзэмших эрх, зээлийн төлбөрийн талаар хуулийн өмгөөлөл, туслалцаа үзүүлэх газраас асууж тодруулахад “Та нар шүүхийн тогтоолд заасан өвийн хэмжээгээр “Иргэний хууль”-ийн холбогдох зүйл заалтын дагуу зээлийн төлбөр барагдуулах үүрэгтэй” гэж зөвлөсний дагуу Монгол улсын “Иргэний хууль”-ийн 129.2-д “Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна”, 515.2-д “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу тооцож, 2,776,0:4=694,0 мянган төгрөгийг 2016 онд “Х” ХХК-д төлсөн.

Энэ талаараа “Х” ХХК-ийн хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэнтэй тухайн үед уулзаж хэлээд баримтыг нь өгч байсан. Банкны хуулийн ахлах мэргэжилтэн нь тэр үед өгсөн материалыг үзэж хараад ямар нэгэн тайлбар хэлээгүй авсан ба түүнээс хойш ч бидэнтэй холбогдоогүй учир зээлийн төлбөрийг төлөгдсөн гэж өдийг хүртэл ойлгож ирсэн. /нотлох баримтыг хавсаргав/

Гэтэл 2016 оноос хойш 5 жилийн хугацаанд “Х” ХХК-ийн талаас зээлийн төлбөр барагдуулалтын тухай бидэнтэй нэг ч удаа холбогдож ярьж мэдэгдэж байгаагүй хирнээ 2019 оны үеийн зах зээлийн ханшаар үнэлүүлээд 12,425,100 төгрөг гаргуулах, уг газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

Талийгаач 2009.11.14-ний өдөр нас барсан, 30,000,000 төгрөгийн зээл авсан гэдгийг банкнаас 2010 оны 2 сард бидэнд мэдэгдсэн байх, уг зээлээс 9,000,000 төгрөг төлсөн гэсэн, компанийх нь дансанд байсан 6,000,000 гаруй төгрөг суутгасан гэж хэлсэн. 

Иймд зээлийн төлбөрийг тухайн үед өвлөсөн гэж үзэж буй хөрөнгийн ногдох хэмжээгээр цаг хугацаанд нь төлж барагдуулан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байгаа учраас үлдсэн бүх төлбөрийг хариуцагч Г.Б төлж барагдуулах ёстой гэв.

 

Хариуцагч Г.Б, Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Х” ХХК нь Г.Б, Б.Б, Г.Э, Т.М, Ж.Н нарт холбогдуулан Зээлийн гэрээний үлдэгдэл 20,995,863 төгрөг гаргуулах, батлан даалтын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах гэсэн шаардлагатай нэхэмжлэлийг гаргасан. Уг иргэний хэрэгт хариуцагч Г.Б, Б.Б нарын зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.

Энэхүү нэхэмжлэлийг “Х” ХХК нь 3 дахь удаагаа шүүхэд гаргаж байгаа. Анх 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг 3 шатны шүүх хэлэлцэж, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 465 дугаар тогтоолоор өв залгамжлалын асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Үүний дараа Г.Б-н зүгээс Батлан даалтын гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 07 дугаар сард нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагч “Х” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж, 3 шатны шүүхээс “Х” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 465 дугаар тогтоолд заасан нөхцөл байдал арилаагүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Зээлдэгч Ж.Т нь 2009 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан, түүний эхнэр Г.Э банкууд дахь үлдэгдэл мөнгө, “Бөөний худалдаа” ХК-ийн 182 ширхэг хувьцааг, дүү Ж.Н нь “ХО” ХХК-ийг, охин Т.М Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамжид байрлах ..... нэгж талбарын дугаар бүхий 694 м.кв эзэмших эрхтэй газрыг тус тус өвлөн авсан учир өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хариуцах учиртай.

Харин Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороонд байрлалтай, 2000 м.кв талбай бүхий газрын кадастрын зураг гарсан боловч эзэмших эрх олгогдоогүй газар өвлөгдөөгүй үлдсэн байгаа учир өвийг хүлээн авсан гэж үзэх эсэх нь тодорхогүй байна. Хэрэв өвлөгч нар өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлагаа хүлээсэн тохиолдолд хариуцагч нарын зүгээс Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.2-т заасны дагуу үүргээ биелүүлэхэд татгалзах зүйлгүй.

Г.Б, Б.Б нар өвлөгдөх эд хөрөнгөнөөс нэг ч зүйл өвлөж аваагүй бөгөөд гэрээний дагуу нөхөн төлөгдөөгүй хэсгээр хариуцлага хүлээх учиртай.

Иймд нэхэмжлэгч Х ХХК-ийннэхэмжлэлийн шаардлага болох 5,570,763 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Г.Б, Б.Б, Т.М, Ж.Н нарт холбогдуулан

Зээлийн гэрээний үүрэгт өвлөгч Т.М-с 12,175,000 төгрөг, үнэлгээний зардал 250,000 төгрөгийн хамт 12.425.100 төгрөг, Ж.Н-с 3,000,000 төгрөг,

Батлан даагч Г.Б, Б.Б нараас 5,570,763 төгрөг гаргуулах,

үүргийн гүйцэтгэлийг батлан даалтын гэрээний хөрөнгө, өвлөн авсан эзэмших эрхтэй газраар хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

 

“Х” ХХК нь 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр №09/193 дугаартай зээлийн гэрээг Ж.Т-тай байгуулж, 30,000,000 төгрөгийг, жилийн 30 хувийн хүүтэй, 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл буюу 18 сарын хугацаатай зээлдүүлсэн, зээлдэгч Ж.Т нь зээлийг, хүүгийн хамт тогтоосон хугацаанд эргүүлэн төлөх, тогтоосон хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон болох нь зээлийн гэрээ, зээл төлөх хуваарь, гэрээний зүйл 30,000,000 төгрөгийг хүлээж авсан зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.

 

/хх-ийн 10-12, 14-15 тал/

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр №09/193 дугаартай батлан даалтын гэрээгээр Г.Б нь зээлдүүлэгч “Х” ХХК болон Ж.Т нарын хооронд байгуулсан 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №09/193 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэж баталж, хэрэв зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг хүлээх, энэ гэрээнд заасан хөрөнгө болох Г.Б, Б.Б нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 52.67 м.кв талбайтай, хоёр өрөө үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүрэн хариуцах, уг гэрээ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдах хүртэл хугацаанд хүчинтэй байх, уг гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тохиолдолд батлан даагч нь хүлээсэн үүргээсээ чөлөөлөгдөхгүй байхыг тусгасан байна.

Түүнчлэн уг гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа нь Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж заасантай нийцжээ.

/хх-ийн 12 тал/

 

Дээр дурдсан байдлаас үзэхэд талуудын байгуулсан зээлийн болон батлан даалтын гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг батлан даалтын гэрээнд дурдсан хөрөнгөөр хангуулахаар тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан шаардлага хангасан байна.

 

Зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч Ж.Т-с үндсэн зээлд 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1,917,497,26 төгрөг, 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 636,423.22 төгрөг, 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 5,493,777.35 төгрөг,

зээлийн хүүд 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 172,602.74 төгрөг, 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1,453,676.78 төгрөг, 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 676,752.65 төгрөг, 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 2,729,006.63 төгрөг тус тус төлөгдсөн,

Г.Б-с 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 145,000 төгрөг, Г.Э-с 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 290,088.79 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 77,350 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 694,000 төгрөг тус тус төлсөн үйл баримт тогтоогдож байх ба дээрх зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 20,745,863.38 төгрөг болжээ.

 

/хх-ийн 15 тал/

 

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1, 240.1.2-т: “үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан” бол үүрэг дуусгавар болохыг зааснаас үзэхэд зээлдэгч Ж.Т 2009 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан байх тул түүний зээлдэгчийн өмнө хүлээсэн үүрэг мөн өдрөөр дуусгавар болсон байна. 

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д: “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх“,

520.1.2-т: “энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ”-г хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байхаар заасан.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар 2009 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан Ж.Т-ийн “Бөөний худалдаа” ХК-ийн 182 ширхэг хувьцаа, Төрийн банкны .... тоот данс дах 233,774 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны ..... тоот данс дах 106.05 юань, тус банкны ..... тоот ам.долларын харилцах данс дах 5.71 ам.доллар /Таван доллар далан нэгэн сент/-ийг эхнэр болох Г.Э 2015.12.25-ны өдөр, Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, 694 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийг хүүхэд болох Т.М 2010.02.24-ний өдөр, .... улсын бүртгэлийн дугаартай, 2827301 регистрийн дугаартай “ХО” ХХК-ийг Г.Э, хүүхэд Т.М, Т.С нар өвлөхөөс татгалзсан тул дүү болох Ж.Н 2010.02.01-ний өдөр тус тус өвлөн авсан болох нь тогтоогдож байна.

/хх-ийн 75-109 тал/

 

Үүнээс үзэхэд Ж.Т-н дээр дурдсан эд хөрөнгө, эрхийг Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар түүний эхнэр Г.Э, хүүхэд Т.М, дүү Ж.Н нар өвлөн авсан гэж үзнэ.

 

Харин Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо, 361 гарамд .... нэгж талбарын дугаар бүхий 20000 м.кв газар нь Кадастрын зургийн мэдээллийн санд иргэн Ж.Т-ын нэр дээр бүртгэлтэй боловч уг газрыг эзэмших эрхийг Дүүргийн Засаг даргын захирамжаар баталгаажуулаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй болохыг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба тодорхойлсноос үзэхэд уг газрыг өвлөгдөх эд хөрөнгө, эрх гэж тодорхойлох боломжгүй байна. 

 

/хх-ийн 80 тал/

 

Түүнээс гадна Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2-т заасан хугацаанд  өвлөгч нар өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргасан болох нь тогтоогдохгүй байх тул тэднийг өвлөхөөс татгалзсан гэж үзэхээр байна.

 

Хуульд заасны дагуу Г.Э, Т.М, Ж.Н нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2-т тус тус зааснаар Ж.Т-н хууль ёсны өвлөгч болох нь тогтоогдож байх тул тэд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 515.2-т тус тус зааснаар өөрсдийн өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ.

 

“Х” ХХК нь зээлдэгч Ж.Т-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт өвлөгч нарын өвлөн авсан өвийн хэмжээгээр тооцон Ж.Н-с 3,000,000 төгрөг, Т.М-с 12,175,000 төгрөгийг, үнэлгээний зардал 250,000 төгрөгийн хамт 12.425.100 төгрөг, батлан даагч Г.Б, Б.Б нараас 5,570,763 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч Ж.Н нь 3,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө өвлөн аваагүй тул, хариуцагч Т.М нь 2012 онд газар эзэмших эрхийг 2,776,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дагуу гэр бүлийн нэг гишүүнд ногдох 694,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус зөвшөөрөхгүй маргаж, хариуцагч Г.Б, Б.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна.

 

“ХО” ХХК нь 2004 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөгийн дүрмийн сантай байгуулагдсан, гүйцэтгэх удирдлагыг Ж.Т хэрэгжүүлж байсан, уг компанийн 100 хувийн хувьцааг өвийн журмаар Ж.Н өвлөн авч, 2019.10.02-ны өдрөөс тус компанийн 100 хувийн хувьцааг эзэмшигч, уг хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлж байгаа болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа, түүнд хавсарган ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.

 

/хх-ийн 89-109 тал/

 

Үүнээс үзэхэд Ж.Н-г 3,000,000 төгрөгийн дүрмийн сан бүхий “ХО” ХХК-ийг өвлөн авсан, энэ хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээх үндэслэлтэй гэж үзнэ.

 

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШЗ2019/19003 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, 0 гудамж хаягт байрлах, ..... нэгж талбарын дугаартай, 694 м.кв эзэмших эрхтэй газрын зах зээлийн үнийг 2010 оны 02 дугаар сар болон одоогийн байдлаар тогтоох шинжээчээр “МЭ” ХХК-ийг томилжээ.

 

Шинжээчээр томилогдсон  “МС” ХХК нь дээрх газрын 2010 оны 02 дугаар сарын зах зээлийн ханшийн үнэлгээг 5,885,600 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын зах зээлийн ханшийн үнэлгээг 12,175,100 төгрөг гэж тогтоосон дүгнэлтийг гаргасан.

 

/хх-ийн 111-118 тал/

 

Нэхэмжлэгч нь дээрх газрын 2019 оны 12 дугаар сарын зах зээлийн ханшийн үнэлгээг 12,175,100 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тооцож Т.М-н өвийн хэмжээг тодорхойлсон байх ба хариуцагч Т.М нь 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “ХҮ төв” ХХК нь 2012.12.07-ны өдрийн байдлаар газар эзэмших эрхийг 2,776,000 төгрөгөөр үнэлсэн 424 дугаар бүхий үнэлгээний тайлангийн дагуу гэр бүлийн нэг гишүүнд ногдох 694,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан.

 

“ХҮ төв” ХХК нь Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 7686 дугаартай захирамжийн дагуу дээрх газарт буй 29,5 м.кв талбай бүхий зуслангийн байшинг 485,000 төгрөг, 19.5 м хашааг 61,000 төгрөг, газар эзэмших эрхийн үнэ 2,776,000 төгрөг, нийт 3,322,000 төгрөг гэж тогтоожээ.

 

/хх-ийн 58-60 тал/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Т.М нь эзэмших эрх бүхий дээрх газрыг 2010.02.24-ний өдөр өвлөн авсан байх тул энэ цаг хугацаан дах буюу “МС” ХХК-ийн 2010 оны 02 дугаар сарын зах зээлийн ханшийн үнэлгээг 5,885,600 төгрөг гэж үнэлсэн хэмжээгээр өвийн хэмжээг тогтоох үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагч нь дээрх газрын үнэд тооцож 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 694.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөнтэй зохигч маргаагүй бөгөөд өвлүүлэгчээс Т.М-н өвлөн авсан газар эзэмших эрхийн үнэ 5,885,600 төгрөгөөс дээрх 694,000 төгрөгийг хасч тооцон, 5,191,600 төгрөгийн  хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т: “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ” гэж заасан байх ба өвлүүлэгчийн дээр дурдсан газар эзэмших эрхийг Т.М нь 5,191,600 төгрөгийн хэмжээгээр өвлөн авсан, энэхүү өвлөсөн хөрөнгийн хэмжээгээр өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хүлээх үндэслэлтэй байх тул уг газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Иймд Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.2-т: “Үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд өвлөгч нь өвлөсөн хөрөнгийн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хариуцах бөгөөд батлан даагч нь нөхөн төлөгдөөгүй хэсгээр хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу өвлөгч Ж.Н-с 3,000,000 төгрөг, өвлөгч Т.М-с 5,191,600 төгрөг, батлан даагч Г.Б, Б.Б нараас 5,570,763 төгрөг, нийт 13,762,363 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,983,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Батлан даагч Г.Б, Б.Б нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даалтын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй тул тэдний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 52.67 м.кв талбайтай, хоёр өрөө үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т: “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж байх тул нэхэмжлэгчийн шинжээчийн зардалд төлсөн 250,000 төгрөгийн тал хувь буюу 125,000 төгрөгийг хариуцагч Т.М-с гаргуулан олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

/хх-ийн 110 тал/

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.2.1, 528 дугаар зүйлийн 528.1, 535 дугаар зүйлийн 535.2, 461 дүгээр зүйлийн 461.2-т тус тус зааснаар хариуцагч Ж.Н-с 3,000,000 төгрөг, хариуцагч Т.М-с 5,191,600 төгрөг, хариуцагч Г.Б, Б.Б нараас 5,570,763 төгрөг, нийт 13,762,363 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож,

нэхэмжлэлийн шаардлагаас Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, 0 гудамж хаягт байрлах, ..... нэгж талбарын дугаартай, 694 м.кв эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах болон 6,983,500 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.Б, Б.Б нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09/193 дугаартай батлан даалтын гэрээгээр барьцаалсан

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 52.67 м.кв талбайтай, хоёр өрөө үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар

хариуцагч Ж.Н-с улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөг, хариуцагч Т.М-с улсын тэмдэгтийн хураамжид 98,016 төгрөг, шинжээчийн зардалд 125,000 төгрөг, хариуцагч Б.Б, Г.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 104,082 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож,

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 333,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЦОЛМОНГЭРЭЛ