Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01322

 

 

 

 

 

 

                                    ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/01797 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХБ ХХК-ийн хариуцагч Г.Б, Г.Б, Т.М, Ж.Ннарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 20 995 863 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн, хариуцагч Г.Б, Г.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат, хариуцагч Т.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэцэцэг, түүний өмгөөлөгч А.Сандагдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцсон.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч Ж.Т нь 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус банкнаас 30 000 000 төгрөг жилийн 30 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдэн авсан. Г.Б, Г.Б нар 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр банктай Ж.Тийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулах баталгаа болгож ...байрны 4 тоот үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан батлан даалтын гэрээг байгуулсан. Зээлдэгч нь зээлийн төлбөрт нийт 9 254 137 төгрөг төлж, үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 20 745 863 төгрөг байна. 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 694 000 төгрөг төлөгдсөн. Зээлдэгч Ж.Т 2009 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нас барснаас хойш нэхэмжлэгчийн зүгээс өв залгамжлагч болон батлан даагч нараас зээлийн төлбөрийг нэхэмжилж байсан. 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Г.Баялагмаа, Б.Баярцэцэг, Г.Эрдэнэцэцэг, Т.Сайнзаяа, Т.М, Ж.Н нараас Улсын дээд шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 465 дугаар тогтоолыг үндэслэж нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Зээлдэгчийн эхнэр Г.Эрдэнэцэцэг банкууд дахь үлдэгдэл мөнгө, “Бөөний худалдаа” ХК-ийн 182 ширхэг хувьцааг өвлөж авч, өвлөсөн хэмжээгээр банкинд төлсөн. Ж.Н нь 3 000 000 төгрөгийн дүрмийн сан бүхий Х О ХХК-ийг, мөн Т.М нь ...694 м.кв эзэмших эрхтэй газрыг тус тус өвлөн авсан учир өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ. Харин Сонгинохайрхан дүүрэг дэх 20 000 м.кв талбайн кадастрын зураг гарсан боловч эрх олгогдоогүй тул уг хөрөнгийг өвлөх хөрөнгө гэж үзэх боломжгүй.  Иймд 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 09/193 дугаар зээлийн гэрээний үүрэг 20 745 863 төгрөгөөс өвлөгч Ж.Нээс 3 000 000 төгрөг, өвлөгч Т.Мгээс 12 175 100 төгрөг, үнэлгээний зардал 250 000 төгрөг, нийт 12 425 100 төгрөг, батлан даагч ... нараас батлан даалтын гэрээний дагуу 5 570 763 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09/193 дугаар батлан даалтын гэрээнд заасан Улсын бүртгэлийн Ү-2204025032 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан гудамж хаягт байрлах улсын бүртгэлийн 0214232 дугаартай, нэгж талбарын 18641321768612 дугаартай зуслангийн зориулалттай 700 мкв газар зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Нийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.  Ж.Таас 3 000 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө өвлөн аваагүй. Х О ХХК-ийн асуудлыг цэгцлэх зорилготой түрээслэн үйл ажиллагаа явуулдаг байсан агуулахыг чөлөөлж ажилчдын цалинг өгч компанийг татан буулгасан. Тус компанийг 2007 онд 12 000 000 төгрөгийн зээл авч Ж.Н, Ж.Т нар хамтран байгуулж байсан. Компанид үндсэн хөрөнгө байгаагүй, ашиг хүртсэн зүйлгүй. Зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэл үндэслэлгүй. Компанийн хөрөнгө болох Зил-130 маркийн автомашиныг агуулахын түрээсийн төлбөрт О.Найдансүрэн гэдэг хүнд өгсөн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэцэцэгийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон өмгөөлөгч А.Сандагдуламын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  Уг зээлийг авах үйл ажиллагаанд хариуцагч нар оролцоогүй. Ж.Т нь Г.Баялагмаатай 2004 оноос хойш нас барах хүртлээ хамтран амьдарч байсан. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах гэр бүлийн хамтын эзэмшлийн зориулалттай зуслангийн газрыг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК үнэлж 2 776 000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон. Иргэний хуулийн 129.2, 515.2 дах хэсэгт заасны дагуу гэр бүлийн нэг гишүүнд ногдох хөрөнгийн хэмжээгээр тооцож, 2 776,0:4=694 000 төгрөгийг 2016 онд Хаан банк ХХК-д төлсөн тул зээлийн төлбөрийг төлөгдсөн гэж ойлгож байсан. Гэтэл 2016 оноос хойш 5 жилийн хугацаанд ХБ ХХК-аас зээлийн төлбөр барагдуулалтын тухай мэдэгдэж байгаагүй атлаа газрыг 2019 оны үеийн зах зээлийн ханшаар үнэлүүлж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд зээлийн төлбөрийг тухайн үед өвлөсөн гэж үзэж буй хөрөнгийн ногдох хэмжээгээр цаг хугацаанд нь төлж барагдуулан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байгаа учраас үлдсэн бүх төлбөрийг хариуцагч Г.Баялагмаа төлж барагдуулах ёстой гэжээ.  

Хариуцагч Г.Баялагмаа, Б.Баярцэцэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбатын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  Зээлдэгч Ж.Т нь 2009 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан, түүний эхнэр Г.Эрдэнэцэцэг банкууд дахь үлдэгдэл мөнгө, “Бөөний худалдаа” ХК-ийн 182 ширхэг хувьцааг, дүү Ж.Н нь Х ХХК-ийг, охин Т.М ...694 м.кв эзэмших эрхтэй газрыг тус тус өвлөн авсан учир өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хариуцах үүрэгтэй. Харин Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороонд байрлалтай, 2000 м.кв талбай бүхий газрын кадастрын зураг гарсан боловч эзэмших эрх олгогдоогүй газар өвлөгдөөгүй үлдсэн байгаа учир өвийг хүлээн авсан гэж үзэх эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв өвлөгч нар өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлагаа хүлээсэн тохиолдолд хариуцагч нарын зүгээс Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.2-т заасны дагуу үүргээ биелүүлэхэд татгалзах зүйлгүй. Г.Б нар өвлөгдөх эд хөрөнгөөс өв хүлээж аваагүй бөгөөд гэрээний дагуу нөхөн төлөгдөөгүй хэсгээр хариуцлага хүлээнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 5 570 763 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.2.1, 528 дугаар зүйлийн 528.1, 535 дугаар зүйлийн 535.2, 461 дүгээр зүйлийн 461.2-т тус тус зааснаар хариуцагч Ж.Нээс 3 000 000 төгрөг, хариуцагч Т.Мгээс 5 191 600 төгрөг, хариуцагч Г.Б нараас 5 570 763 төгрөг, нийт 13 762 363 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 983 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.Б нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09/193 дугаартай батлан даалтын гэрээгээр барьцаалсан ........ 4 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 52.67 м.кв талбайтай, хоёр өрөө үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж, хариуцагч Ж.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөг, хариуцагч Т.Мгээс улсын тэмдэгтийн хураамжид 98,016 төгрөг, шинжээчийн зардалд 125,000 төгрөг, хариуцагч Г.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 104,082 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 333,130 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтохын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.  Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өвлөгч Т.М нь өвлүүлэгчийн ..... 694 мкв эзэмших эрхтэй газрыг өвлөж авсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу “Мөнх Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/01 тоот албан тоотоор ирүүлсэн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Т.Мгийн дээрх өвлөж авсан хөрөнгийг 12 175 100 төгрөгөөр үнэлж нэхэмжлэгчийн хувьд уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон. Гэтэл шүүхээс Т.М нь эзэмших эрх бүхий дээрх газрыг 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өвлөж авсан байх тул энэ цаг хугацаанд дахь буюу “Мөнх Эстимэйт” ХХК- ийн 2010 оны 02 дугаар сарын зах зээлийн ханшийн үнэлгээг 5 885 600 төгрөг гэж үнэлсэн хэмжээгээр өвийг хэмжээг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д заасныг буруу тайлбарлаж дүгнэсэн гэж үзэхээр байна. Тухайн өвлөгчийн өвлөж авсан хөрөнгийн үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар “Мөнх Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ буюу 12 175 100 төгрөгөөр тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч буюу өвлөгч Т.Мгээс 12 175 100 төгрөг, үнэлгээний зардалд 250 000 төгрөг нийт 12 425 100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

      Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ХБ ХХК хариуцагч Ж.Нээс зээлийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг, Т.Мгээс 12 175 100 төгрөг, үнэлгээний зардалд 250 000 төгрөг, нийт 12 425 100 төгрөг, хариуцагч Г.Б, Б.Б нараас батлан даалтын гэрээний дагуу 5 570 763 төгрөг тус тус гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг ....... 70-р байр 4 тоот 52.67 м.кв 2 өрөө орон сууц, ......700 м.кв газраар хангуулахаар нэхэмжилснээс хариуцагч Г.Б, Б.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, бусад нь эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тухайн эрх зүйн маргаанд хамааралтай хуулийн заалтыг баримтлаагүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ.

 

Ж.Т нь 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч ХБ ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 30 000 000 төгрөг жилийн 30 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд Г.Б, Б.Б нарын өмчлөлийн .......... 52.67 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан байх боловч үүрэг зохих ёсоор биелэгдээгүй байна. /хх11-14/

 

Зээлдэгч Ж.Т 2009 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нас барж, түүний өмчлөлийн “БХ” ХК-ийн 182 ширхэг хувьцаа, Худалдаа хөгжлийн банк дахь ...... тоот дансны үлдэгдэл 106.05 юань, мөн ......... тоот дансны үлдэгдэл 5.71 ам.доллар, “ТБ” ХХК-ийн 102100060301 тоот дансны үлдэгдэл 233 774 төгрөгийг түүний эхнэр Г.Э 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 9011100080 улсын бүртгэлийн дугаартай 2827301 регистрийн дугаартай “Х-О” ХХК-ийг дүү Ж.Н 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдөр, .............. газар эзэмших эрхийг нас барагчийн хүүхэд Т.М 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр тус тус өвлөн авсан байна. /хх27, 34, 93, 139/

 

Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй талаар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан. Иймд мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 515.2 дах хэсэгт зааснаар нас барагч Ж.Тийн өвийг хүлээн авсан өвлөгч нар өвлөн авсан хөрөнгийн хувь хэмжээгээр хариуцна.

Хариуцагч Ж.Нээс зээлийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг, хариуцагч Г.Б, Б.Б нараас батлан даалтын гэрээний дагуу 5 570 763 төгрөг тус тус гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг .......... 70-р байр 4 тоот 52.67 м.кв 2 өрөө орон сууцаар хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн. “Х О” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор 3 000 000 төгрөгийн дүрмийн сантай тус компанийн 100 хувийн хувьцааг өвийн журмаар хариуцагч Ж.Нд шилжүүлэн, компанийн захирлаас Ж.Тыг чөлөөлж, хариуцагч Ж.Нийг томилсон байна. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд зохих өөрчлөлтийг оруулж, компанийн 100 хувийн хувьцааг хариуцагч Ж.Н эзэмшиж байна. /хх90-99/ Шүүх хариуцагч Ж.Нийг 3 000 000 төгрөгийн дүрмийн сан бүхий “Х О” ХХК-ийг өвлөн авсан, энэ хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээх үндэслэлтэй гэж зөв дүгнэсэн. Хариуцагч Г.Б, Б.Б нарын хувьд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна. Анхан шатны шүүхийн уг шийдвэрт зохигчдын хэн аль нь гомдол гаргаагүй.

 

Харин хариуцагч Т.Мгээс 12 425 100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “хариуцагч нь ........  694 м.кв эзэмших эрхтэй газрыг өвлөн авсан тул өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээх ёстой. “Мөнх Эстимэйт” ХХК-ийн 2020.01.07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр газрыг 12 175 100 төгрөгөөр үнэлсэн тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, мөн үнэлгээчний хөлс 250 000 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.  Хариуцагч нь “2012 онд газар эзэмших эрхийг 2 776 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дагуу гэр бүлийн нэг гишүүнд ногдох 694 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргадаг.

 

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүгчийн захирамжаар маргаан бүхий дээрх газрын 2010 оны 2 дугаар сар болон 2019 оны 12 дугаар сарын зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор “Мөнх-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон байх ба шинжээч тус газрын 2010 оны 2 дугаар сарын байдлаар зах зээлийн ханшийг 5 885 600 төгрөгөөр, 2019 оны 12 дугаар сарын байдлаар зах зээлийн ханшийг 12 175 100 төгрөгөөр тус тус тогтоосон байна. /хх111-118/

 

Маргаан бүхий газрыг 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Т.М өв залгамжлалын гэрчилгээгээр өвлөн авсан байх тул тухайн үеийн газрын үнэлгээний ханш болох 5 885 600 төгрөгийн хэмжээгээр хариуцагч Т.Мгийн өвийн хэмжээг тогтоосон нь үндэслэлтэй байна. Хариуцагчаас зээлийн төлбөрт өмнө нь төлсөн 694 000 төгрөгийг хүлээн авсан өвийн дүн болох 5 885 600 төгрөгөөс хасч 5 191 600 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.  

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасны дагуу шинжээчийн зардалд төлсөн 250 000 төгрөгийн тал хувь буюу 125 000 төгрөгийг хариуцагч Т.Мгээс гаргуулах нь зүйтэй. Шүүх энэ талаар зөв дүгнэсэн.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/01797 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “ ... 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.2.1, 528 дугаар зүйлийн 528.1 ...” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 128 686 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО                                                                                                            

                                                    ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА                                                                                                                                    

                                                                                                        А.МӨНХЗУЛ