Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2021/01985

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- тоотод оршин суух, Н овогт Я М-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч- давхарт байрлах, “Х х” ХХК- д холбогдох,

орон сууц захиалгаар бариулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэний алдангид 33.694.245 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  М.Н түүний өмгөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.Жшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: М бол миний аав, 2013 онд харвалт өгснөөс хойш ийм байдалтай болсон. 2019-09-12-ны өдөр хариуцагчтай 019/832 дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулахаар очиход ийм л байдалтай байсныг Х х ХХК-ийн захирал Б сайн мэдэж байсан. Тэгээд хүүхэд нь гэрээнд гарын үсэг зурж болно гэснээр би зурсан. Хүүхдүүд бид аав, ээждээ туслах зорилгоор байрны төлбөрийг бэлнээр төлвөл хямдралтай байсан тул гэрээ байгуулсан өдрөө төлбөрийг 100 хувь ээж Б Ц-ын данснаас төлсөн. Гэрээ байгуулах үед энэ байр баригдсан дулаанаа авсан, дотор засал дутуу байсан тул итгэж гэрээ байгуулсан. Гэтэл орон сууцыг 2020-08-03-нд хүлээлгэн өгсөн.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд шударгаар бүрэн биелүүлсэн. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн захиалан бариулж буй орон сууцыг 2019 оны 4-р улиралд буюу 2019-12-31-ний өдрийн дотор хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн боловч хугацаандаа орон сууцыг хүлээлгэж өгөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 263 хоногийн хугацааг хэтрүүлсэн. Түүнчлэн гэрээний 6.5-д зааснаар хариуцагч нь орон сууцыг ашиглалтанд оруулан хүлээлгэн өгөх хугацааг 45 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохгүй байх, 45 хоногоос хойш хугацаа хэтрүүлвэл хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувиас тооцон 0,5 хувьтай тэнцэх алдангийг төлөхөөр талууд тохиролцсон. Гэрээний 6.5-д заасан 45 хоногийн хугацааг тооцож үзэхэд 2020-02-14-ний өдрөөр дуусгавар болж байгаа өгөөд уг өдрөөс хойш захиалан бариулж буй орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөлгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувиас тооцон 0,5 хувьтай тэнцэх алдангийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэг үүссэн тул алдангид 33.694.245 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Я.М-ын нэхэмжлэлийг манай компаний зүгээс хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2020-02-13-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас 62-р тогтоол гарч бүх нийтийн хөл хорио тогтоосон, энэ хугацаа сунгагдсан. Энэ хугацаанд мэргэжлийн хяналтын газарт комисс ажилуулах хүсэлт гаргаснаар барилга ашиглалтад оруулах комиссын 7-р сард ирж ажиллаад дүгнэлтээ 2020-08-17-ны өдөр гаргаж өгсөн. Дэлхий нийтийг хамарсан коронавирусын цар тахалтай холбоотой ачаа тээвэр зогссоноор давагдашгүй хүчин зүйл буюу гэрээний 8.1-д хамаарч байгаа. Манай компани барилгын дотор засал, материал авчруулахаар өөр компанитай гэрээ байгуулсан боловч БНХАУ-д агаарын бохирдолоос шалтгаалан Монгол руу бараа материал ачуулж чадаагүй. Энэ талаарх баримтыг сая гаргасан боловч хүлээн авахаас татгалзаж буцаасан. Давагдашгүй хүчин зүйлийн талаар Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд хандаж гэрчилгээ гарсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс 2019-09-12-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээнд нэхэмжлэгч М гарын үсэг зураагүй, түүний хүүхэд зурсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үндэслэл болж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч “Х х” ХХК-нд холбогдуулан 2019-09-12-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу орон сууцыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүйд тооцсон алдангид 33.694.245 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-2/.

 

Дээрх шаардлагыг хариуцагч “Х х” ХХК-иас ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан хил хааснаар бараа материал хугацаандаа орж ирээгүй давагдашгүй хүчин зүйл болсон гэж татгалзаж, орон сууц захиалгаар бариулах гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг шаардлага гаргаж, маргасан /хх-79-80/.

 

Я.Мнь гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсэн алданги гаргуулах иргэний хэрэгт өөрийгөө төлөөлөн нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2021-03-03-ны өдрийн итгэмжлэлээр М.Н-д гурван жилийн хугацаатай олгож, Я.М-ын гарын үсэг хэсэгт хурууны хээ дарагдсан /хх-5/,

“Х х” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2021-05-20-ны өдрийн 021 дугаар итгэмжлэлээр Н.С-ид /хх-43/ тус тус олгосон байна.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчдын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “орон сууц захиалгаар бариулах” нэртэй 019/832 тоот гэрээ байгуулагдаж, хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 18-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа, Х аппартмент орон сууцны барилгын 8-р давхарт 32 тоотод байрлах, нийт 65,7 м.кв талбайтай, орон сууцыг 128.115.000 төгрөгөөр барьж гүйцэтгэх, захиалагч нь орон сууцны төлбөрт 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 128.115.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь дээрх гэрээ, талуудын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна /хх-6-8/.

 

Түүнчлэн дээрх гэрээнд нэг талаас Х х ХХК гэж, нөгөө талаас Я.Мгэж гэрээнд оролцогчийг тодорхойлон, захиалагч талыг төлөөлөн Я.М-ын М.Нгарын үсэг зурж, Я.М-ын эхнэр Б Ц гэрээний төлбөрийг төлснөөр гэрээний харилцаа цааш үргэлжилсэн талаар хэн аль нь тайлбарлаж, Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 13-р хороолол, /13370/ Сангийн хороо гудамж 23/2 байрны 32 тоотын өмчлөгчөөр Я.М, Б.Ц нар 2020-11-03-ны өдөр бүртгэгдсэн /хх-10/ байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, хүлээсэн үүргийн шинж чанараас үзвэл хариуцагч тал өөрийн хийсэн зураг төсөл, зардлаар барьж гүйцэтгэсэн орон сууцыг шилжүүлэн өгөх, нөгөө тал мөнгийг гэрээ байгуулсан өдрөө төлөх үүрэг хүлээсэн нь тухайн барилга дулаанаа авсан дотор засал нь дуусаагүй байсан гэж зохигч тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан буюу уг гэрээний гол нөхцөл нь хариу төлбөртэйгээр хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх явдал юм. Тиймээс худалдсан барааг шилжүүлэх болон хариу төлбөр төлөх үүргийн талаар тохиролцсон байх нь энэхүү худалдах худалдан авах гэрээний гол нөхцөл юм.

 

Уг орон сууцыг 2020 оны 08 дугаар 17-ны өдөр улсын комисс хүлээн авч /хх-57-59/, нэхэмжлэгчид 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр орон сууцыг хүлээлгэж өгсөн актад М-ын Н гэж гарын үсэг зурж /хх-81/ тус байрыг нэхэмжлэгч тал хүлээн авч, амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 1.2-т нийт талбайг 65,7 м.кв гэж тохирч, нийт үнийн 128.115.000 төгрөг гэж тусгасан байх тул 1 метр квадратын үнийг талууд тохиролцоогүй, нэхэмжлэгч уг орон сууцыг 128.115.000 төгрөгөөр худалдан авсан гэж үзэх бөгөөд хариуцагч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзэхээр бөгөөд хариуцагч тал худалдсан хөрөнгийн үнийг төлсөн эсэх талаар маргаагүй.

 

Мөн орон сууц захиалгаар бариулах гэрээнийй 6.4-т орон сууцыг 2019 оны 4-р улирлалд захиалагчид хүлээлгэн өгөхөөр, 6.5-д байр ашиглалтанд орох хугацаа 45 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд гүйцэтгэгч тал нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувиас тооцон 0,5 хувьтай тэнцэх алдангийг захиалагч талд төлнө гэж /хх-7/ тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгчийн захиалсан орон сууцыг 2020 оны 08 дугаар 17-ны өдөр улсын комисс хүлээн авч, нэхэмжлэгчид 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгсөн байх тул хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

Учир нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасан бөгөөд мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан тул хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргийн хугацаа 2019-12-31-ний өдрөөр дуусгавар болж алданги тооцох үндэслэл болсон 45 хоногийн хугацаа 2020-02-14-ний өдрөөр дуусгавар болсон байх тул мөн хуулийн 222.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй байна.

 

Мөн зохигч талуудын хооронд байгуулсан гэрээнд алданги тооцохоор харилцан тохиролцсон, хариуцагч нь үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгчийн алданги шаардсан нь үндэслэлтэй ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан.

 

Хариуцагчийн татгалзлын нэг үндэслэл болсон гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн 2021-06-23-ны өдрийн огноотой 02/286 дугаартай гэрчилгээнд Х х ХХК 2020-06-07-ны өдөр гэнэтийн буюу давагдашгүй хүчийн зүйлийн гэрчилгээ гаргуулах тухай хүсэлт гаргасан талаар болон БНХАУ-н Ляочэн хот дахь агаарын бохирдол, дэлхийн нийтэд дэгдсэн цар тахалаас урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас 2020-11-11-ний өдрөөс 2021-05-08-ны өдрийг хүртэлх хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр гэрээлэгч компаний үйлдвэрлэл зогссон, Х х ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолсон талаар дурдсан /хх-88-89/ байх боловч хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргийн хугацаа 2020-02-14-ний өдөр байна.

 

Харин Монгол Улсын Засгийн газрын 2020-02-13-ны өдрийн 63 дугаар тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад ард улс хоорондын авто зам, төмөр зам болон агаарын замаар нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020-02-15-ны өдрөөс зогсоосон, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт 2020-08-17-ны өдөр гарсан байх тул хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т “худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж зааснаар 2020-08-03-ны өдөр орон сууцыг М-ын Н-д хүлээлгэн өгсөн байх тул алданги шаардах эрх үүссэн 2020-02-15-ны өдрөөс орон сууцыг хүлээн авсан 2020-08-03-ны өдрийг хүртэлх хугацааны алдангид 21.779.550 /128.115.000х20%=25.623.000х0,5%=128.115х170хоног/ төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

Хариуцагчийн сөрөг шаардлагын үндэслэл болсон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж хоёр нөхцөлийг тодорхойлон зааснаас хариуцагч тал зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж сөрөг шаардлагын үндэслэлийг тодорхойлон тайлбарласан.

 

Зохин этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх бүхий гуравдагч этгээд тухайн зөвшөөрөл олгосон эсхүл олгохоос татгалзсан тухайгаа хэлцийн талуудад мэдээлэхээр Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан бөгөөд Я.Мгэх иргэн хариуцагч Х х ХХК-д энэ талаар мэдээлсэн эсэх нь тодорхойгүй, нотлогдохгүй байх бөгөөд талууд 2019-09-12-ны өдрийн гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй байх тул үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгэээдээр гүйцэтгүүлж болохоор Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д заасан.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “энэ хуулийн 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ” гэж заасан.

 

Я.Мнь иргэний эрх зүйн харилцаанд оролцох, хүсэл сонирхолоо илэрхийлэх боломжгүй буюу ухаан санаа саруул, хүний яриаг бүрэн ойлгоно, байрлал албадмал буюу тэргэнцэрт суудаг бие даан явах чадваргүй, хэл ээдрэнэ, ярьж, залгиж, бичиж чадахгүй гар, хөлийн булчингийн саажилттай холбоотой болохыг АУХ-н мэдрэл судлалын секторын эрхлэгч, хүний их эмч тодорхойлсон /хх-85/ байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аав, ээждээ энэхүү орон сууцыг авч өгөх зорилгоор гэрээ байгуулахаар очиход Я.Мнь тэргэнцэртэй, ярьж чадахгүй очсон болохыг тайлбарлаж, худалдан авсан орон сууцны төлбөрийг түүний ээж Б.Ц төлсөн гэх тайлбарыг хариуцагч тал үгүйсгэж маргаагүй.

 

Түүнчлэн 2019-09-12-ны өдрийн гэрээний 6.4-т гүйцэтгэгч нь орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа М.Н-д хүлээлгэн өгсөн /хх-81/, худалдан авсан орон сууцны төлбөрийг гуравдагч этгээд болох Б.Ц гүйцэтгэсэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдож байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.

 

Учир нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй оролцдог тул хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлага, татгалзлааа өөрөө нотлох, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан 2021-03-04-ний өдөр төлсөн 326.422 төгрөгийг /хх-3/, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 2021-06-18-ны өдөр төлсөн 798.525 /хх-82/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэлийн хангасан шаардлагад ногдох 266.847,5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангаагүй баримтуудыг хүлээн авахаас татгалзаж, хариуцагчид буцаан өгснөөр хариуцагч тал хүсэлт гаргаагүй, шүүх нотлох баримтаар хүлээн авсан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээтэй нэхэмжлэгч тал танилцаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэснээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.7, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х х ХХК-иас алдангийн төлбөрт 21.779.550 /хорин нэгэн сая долоон зуун далан есөн мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Я.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11.914.695 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х х ХХК, Я.М нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан “орон сууц захиалгаар бариулах” тухай 019/832 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 326.422 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 798.525 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х х ХХК-иас 266.847,5 /хоёр зуун жаран зургаан мянга найман зуун дөчин долоон төгрөг 5 мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.М-т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЯНЖИНДУЛАМ