Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01388

 

 

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01388

 

Я.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/01985 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Я.М-ын нэхэмжлэлтэй хариуцагч Х ХХК-д холбогдох орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу орон сууцыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүйд тооцсон алдангид 33 694 245 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагчтай 019/832 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулахаар очиход ийм байсныг Х ХХК-ийн захирал Б.Б сайн мэдэж байсан. Гэрээнд гарын үсэг зурж болно гэснээр би зурсан. Хүүхдүүд бид аав, ээждээ туслах зорилгоор байрны төлбөрийг бэлнээр төлвөл хямдралтай байсан тул гэрээ байгуулсан өдрөө төлбөрийг 100 хувь ээж Б.Ц-ын данснаас төлсөн. Гэрээ байгуулах үед орон сууц баригдсан дулаанаа авсан, дотор засал дутуу байсан тул итгэж гэрээ байгуулсан. Гэтэл орон сууцыг 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд шударгаар бүрэн биелүүлсэн. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн захиалан бариулж буй орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд буюу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн боловч хугацаандаа орон сууцыг хүлээлгэж өгөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 263 хоногийн хугацааг хэтрүүлсэн. Түүнчлэн гэрээний 6.5-д зааснаар хариуцагч нь орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх хугацааг 45 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохгүй байх, 45 хоногоос хойш хугацаа хэтрүүлвэл хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувиас тооцон 0,5 хувьтай тэнцэх алдангийг төлөхөөр талууд тохиролцсон. Гэрээний 6.5-д заасан 45 хоногийн хугацааг тооцож үзэхэд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр дуусгавар болж байгаа өгөөд уг өдрөөс хойш захиалан бариулж буй орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөлгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувиас тооцон 0,5 хувьтай тэнцэх алдангийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэг үүссэн тул алдангид 33 694 245 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.М-ын нэхэмжлэлийг манай компаний зүгээс хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас 62 дугаар тогтоол гарч бүх нийтийн хөл хорио тогтоосон, энэ хугацаа сунгагдсан. Энэ хугацаанд мэргэжлийн хяналтын газарт комисс ажилуулах хүсэлт гаргаснаар барилга ашиглалтад оруулах комиссын 7 дугаар сард ирж ажиллаад дүгнэлтээ 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гаргаж өгсөн. Дэлхий нийтийг хамарсан коронавирусын цар тахалтай холбоотой ачаа тээвэр зогссоноор давагдашгүй хүчин зүйл буюу гэрээний 8.1-д хамаарч байгаа. Манай компани барилгын дотор засал, материал авчруулахаар өөр компанитай гэрээ байгуулсан боловч БНХАУ-д агаарын бохирдолоос шалтгаалан Монгол руу бараа материал ачуулж чадаагүй. Энэ талаарх баримтыг сая гаргасан боловч хүлээн авахаас татгалзаж буцаасан. Давагдашгүй хүчин зүйлийн талаар Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд хандаж гэрчилгээ гарсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээнд нэхэмжлэгч Я.М гарын үсэг зураагүй, түүний хүүхэд зурсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үндэслэл болж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.7, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х ХХК-иас алдангийн төлбөрт 21 779 550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Я.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 914 695 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК, Я.М-ын нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах тухай 019/832 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 326 422 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 798 525 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 266 847,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.М-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон нь үндэслэлгүй. Учир нь орон сууцны барилга бүрэн дуусаагүй байхад захиалга өгсөн буюу талуудын хооронд орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ буюу ажил гүйцэтгэх гэрээний харилцаан үүссэн байхад маргааны үйл баримтыг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн. Бэлэн болсон орон сууцыг худалдсан бол хугацаандаа ашиглалтад оруулаагүй тухай алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн орон сууц захиалгын гэрээнд хуульд зааснаар төлөөлөх эрхгүйгээр гарын үсэг зурсан Я.М-ын хүү М.Н нь гэрээний эрх зүйн харилцаанд оролцохдоо зохих этгээдийн буюу эцэг Я.М-с хуулийн шаардлага хангасан буюу бичгээр итгэмжлэл аваагүй байсан нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байхад шүүх гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй, үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж нэхэмжлэгч талд ашигтайгаар нэхэмжлэлийн үндэслэлд тусгагдаагүй шүүх өөрийн санаачилгаар хуулийг буруу тайлбарлаж дүгнэлт гаргасан. "Х" ХХК-д давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэж Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас гэрчилгээ олгсон байхад ач холбогдол өгөлгүй Засгийн газрын бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн огноог тооцохдоо тооцооллын алдаа гаргаж 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ үргэлжилж байх хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоож бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн Монгол улсын хил хаалттай захиалсан барилгын материал орж ирэхгүй хугацаа алдсаныг тооцоолж үзээгүй. Энэ талаар гаргаж өгсөн нотлох баримтыг хүлээн авахаас татгалзсан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл болон тус барилгын дотор заслын материалуудыг нийлүүлэхээр гэрээ хийсэн компанийн байрлах БНХАУ-ын Ляочен мужийн агаарын бохирдлын эсрэг авсан арга хэмжээ, дэлхий нийтийг хамарсан цар тахал болон Монгол улсад тохиолдсон цар тахал ковид-19 хорио цээрийн дэглэм тогтоосон нөхцөл байдал давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэдгийг тус тус анхаараагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Я.М нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан гэрээгээр тохиролцсон хугацаанд орон сууцыг хүлээлгэж өгөөгүй хугацаа хэтрүүлсэн алдангид 33 694 245 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Талууд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Х ХХК нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Хүслэн аппартмент орон сууцны 8 дугаар давхарын 32 тоот 65.7 м.кв орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд хүлээлгэж өгөхөөр, Я.М нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 128 115 000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцсон байна.

 

Дээрх гэрээгээр тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Я.М нь худалдан авсан орон сууцны үнэ болох 128 115 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр бүхэлд нь хариуцагчид төлсөн, хариуцагч талаас уг орон сууцыг 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн үйл баримт талуудын тайлбар, гэрээ, орон сууц хүлээлгэж өгсөн акт, Хаан банкны 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн депозит дансны хуулга зэрэг баримтаар тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай худалдах-худалдан авах гэрээг байгуулж, орон сууцны үнийг төлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх үүссэн, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2-т заасан өмчлөгч гэж үзнэ.

 

Гэрээний 6.4-т гүйцэтгэгч нь орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд захиалагчид хүлээлгэн өгнө гэж тохиролцсон боловч 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үүрэг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Талууд гэрээний 6.5-д байр ашиглалтад орох хугацаа 45 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд гүйцэтгэгч тал нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувиас тооцон 0.5 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлөх-өөр тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Худалдагч талаас орон сууцыг худалдан авагчид хүлээлгэн өгөх хугацаа 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байсан байна. Уг хугацааг хэтрүүлсэн нөхцөл байдал нь өөрөөс нь шалтгаалаагүй болохыг хариуцагч нь Ковид-19 цар тахалын улмаас ачаа тээвэр зогссон, БНХАУ-ын Ляочэн хотын агаарын бохирдлын улмаас Монгол Улс руу бараа материал ачуулж чадаагүй гэх тайлбар үндэслэлгүй болно.

 

Учир нь Монгол улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 63 тоот тогтоолоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын авто зам, төмөр зам болон агаарын замаар нэвтрэх зөвхөн зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зогсоосон, харин уг хугацаанд авто зам, төмөр зам, агаарын тээврийн улс хот хоорондын ачаа хэвийн үйл ажиллагааг ариутгал халдваргүйжилтийн дэглэмийн хүрээнд явуулж байсан байна.

 

Түүнчлэн, хариуцагчид Худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 02/286 дугаартай гэрчилгээнд БНХАУ-ын Ляочэн хот дахь агаарын бохирдол, дэлхийн нийтэд дэгдсэн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр гэрээлэгч компанийн үйлдвэрлэл зогссон байна. Энэхүү хугацаа нь гэрээгээр хүлээсэн 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр хүртэлх хугацаанаас хойш байх тул хариуцагчийн тайлбар болон энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, орон сууц хүлээлгэн өгөх үүргийг биелүүлэх гэрээгээр тохиролцсон хугацаанаас хойно дээрх нөхцөл байдал үүсчээ.

 

Анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх 170 хоног хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэж алдангид 21 779 550 төгрөг нэхэмжлэгчид гаргуулсан нь зөв байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан дээрх орон сууц худалдах-худалдан авах гэрээнд Я.М-с итгэмжлэл олгоогүй тул төлөөлөх эрхгүй этгээд М.Н гэрээнд гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Талуудын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнд худалдагч талаас Х ХХК-ийг төлөөлж Б.Б , худалдан авагч талаас Я.М-ын өмнөөс М.Н гарын үсэг зурсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь өөрийн хүү М.Н ад өөрийн өмнөөс гэрээ байгуулах итгэмжлэл олгоогүй боловч түүний өмнөөс гэрээ байгуулсан үйлдлийг зөвшөөрсөн, энэ талаар маргаангүй байх тул уг үйлдлийг хүчин хүчин төгөлдөр гэж үзэх ба Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Талуудын хооронд байгуулагсан худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/01985 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 065 373 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ