Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 960

 

 

 

Ш.У, Б.Бнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Гантулгабат,

шүүгдэгч Ш.Уийн өмгөөлөгч Д.Чинзориг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЗ/2034 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Гантулгабатын бичсэн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 59 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл, шүүгдэгч Ш.Уийн өмгөөлөгч Д.Чинзориг, А.Баярмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ш.У, Б.Бнарт холбогдох эрүүгийн 1906057811026 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

,

 

Б.Бнь 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар                                                  хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Энэрэлтэй маргалдаж, улмаар цохих, өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Ш.Утэй бүлэглэн үйлдсэн,

Ш.У нь 2019 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Энэрэлтэй маргалдаж, улмаар цохих, өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Б.Бтэй бүлэглэн үйлдсэн, мөн дээрх гэмт хэргийг үйлдээд гарч явахдаа иргэн С.Энэрэлийн гарт байсан 270.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А7 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас:

Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ш.Уийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“...Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг үнэлж, Б.Б, Ш.У нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар энэ удаагийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдлоо. Учир нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заажээ.

Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “1.1.гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; 1.2.гэмт хэргийг хэн үйлдсэн; 1.3.гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр; 1.4.Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” гэсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих дор дурдсан зарим байдлыг гүйцэд тогтоогоогүй гэж үзэхээр байна.

Б.Бнь 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Энэрэлтэй маргалдаж, улмаар цохих, өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Ш.Утэй бүлэглэн үйлдсэн,

Ш.У нь 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Энэрэлтэй маргалдаж, улмаар цохих, өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Б.Бтэй бүлэглэн үйлдсэн, мөн дээрх гэмт хэргийг үйлдээд гарч явахдаа иргэн С.Энэрэлийн гарт байсан 270.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А7 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Уийг тус тус холбогдуулж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Энэрэлийн өгсөн: “... тэгээд би Тэмүүлэн гэх залуугийн Самсунг А7 маркийн утсыг нь гуйж аваад гадагшаа гарсан... тэгээд буцаад орох санаатай шатаар дээшээ өгсөж байхад өөдөөс бараан бор саарал өнгийн урт цамцтай, энгэрээ задгай тавьсан, доогуураа хар өнгийн өмдтэй хүүхэн, мөн араас нь улаан цагаан өнгийн цамцтай, хөндлөн зураастай цамцтай, доогуураа мөн хар өнгийн өмдтэй 2 хүүхэн хүрч ирээд үгийн зөрүүгүй шууд зодсон. Бор саарал өнгийн цамцтай хүүхэн намайг газар унасан байхад толгойн дээр баруун хөлөөрөө дэвссэн. Мөн улаан алаг цамцтай хүүхэн мөн адил нүүр лүү өшиглөн зодож байгаад гарт байсан гар утсыг маань авах гэхээр нь атгаад тавихгүй байсан чинь гарнаас татсаар байгаад авч зугтаасан...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэг,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай: “Компьютерийн dvr rw driwe e” хэсэг рүү ороход 1 гэж дугаарласан 1 хэсэг видео бичлэг бүхий file байв. эхний бичлэг рүү ороход:

  1. Цагаан өнгөтэй СД-ийг компьютерт хийж уншуулахад: 2019 оны 9 дүгээр сарын 19-ний шөнийн 01 цаг 11 минут 08 секүндэд доошоо уруудсан шатны доод талд онгорхой хаалгаар дээгүүрээ цагаан өнгийн фудволк өмссөн доогуураа хар өнгийн өмдтэй хохирогч С.Энэрэл нь баруун гараа толгойн хэсэгтэй өргөсөн, зүүн гараа чихний орчим барьж утсаар ярьсан байдалтай шатаар дээшээ өгсөх үед камерын доод хэсгээс буюу шатны дээрээс доошоо чиглэлтэй, дээгүүрээ цайвар өнгийн хувцас өмссөн, доогуураа хар өнгийн өмдтэй, зүс царай тодорхойгүй эмэгтэй С.Энэрэлийн өөдөөс очиж хоёр гараараа толгойн дээрээс нь зулгаахад С.Энэрэл баруун талын хана руу ар нуруу хэсгээрээ тулав. Энэ үед гарнаас нь цагаан өнгийн гэрэлтэй зүйл гэрэлтэж харагдав. С.Энэрэл дээр түрүүлж очсон бараан өнгийн цамцтай эмэгтэй С.Энэрэлийн үснээс хоёр гараараа татаж зулгаах үйлдэл хийж байхад шатны дээрээс буюу камерын доод хэсгээс дээгүүрээ улаан, цагаан өнгийн хөндлөн зураастай, эрээн, ханцуйгүй хувцастай, доогуураа бараан өнгийн өмдтэй, эмэгтэй шатаар доошоо бууж С.Энэрэлийн баруун талаас нь үснээс хоёр гараараа зулгааж үснээс хүчтэй угзарч баруун хажуугаар нь газар унагав.
  2. С.Энэрэлийг газар унасны дараа бараан өнгийн цамцтай, түрүүлж ирсэн эмэгтэй баруун хөлөөрөө 2 удаа С.Энэрэлийн гэдэс орчимд өшиглөж, дээр нь гарч ноцолдох үйлдэл хийхэд С.Энэрэл өөдөөс нь ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй хоёр гараараа үсээ барьж доошоо тонгойн хамгаалах үйлдэл хийж байна.
  3. 01 цаг 11 минут 26 секүндэд бараан өнгийн цамцтай эмэгтэй С.Энэрэлийн баруун гараас барьж тойрч ар нуруу хэсэгт нь гарч баруун гараараа нүүрэн тус газар нэг удаа цохив.
  4. 01 цаг 11 минут 38 секүндэд дээгүүрээ улаан, цагаан өнгийн хувцастай эмэгтэй С.Энэрэлийн урд талд гарч баруун гараараа үснээс зулгааж баруун хөлөөрөө нүүрэн тус нь хоёр удаа өшиглөөд, үснээс нь зулгааж байхад бараан өнгийн цамцтай эмэгтэй С.Энэрэлийн үснээс зулгааж татах үед улаан цагаан өнгийн эрээн цамцтай эмэгтэй С Энэрэлийг тавьж гар утсаа үзэв.
  5. 01 цаг 11 минут 42 секундэд бараан өнгийн цамцтай эмэгтэй С.Энэрэлийн үснээс хоёр гараараа зулгаан угзарч татах үед С.Энэрэл хоёр гараараа толгойгоо хамгаалж байгаа үйлдэл хийх үед улаан цагаан өнгийн цамцтай эмэгтэй С.Энэрэлийн нурууны хэсэгт баруун хөлөөрөө 3 удаа өшиглөв.
  6. 01 цаг 11 минут 50 секундэд бараан өнгийн цамцтай эмэгтэй хоёр гарын ханцуйг хойш шамалж байгаад С.Энэрэлийн зүүн талын толгойн хэсэгт баруун хөлний ул хэсгээр 4 удаа дэвсэж байгаад С.Энэрэлийн зуурч байсан гарыг нь тавиулж хаалгаар гадагш зугтсанаар бичлэг дуусав” гэх тэмдэглэл /хх 13/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Энэрэлийн өгсөн: “...Уранбилэг мөн адил нүүр лүү өшиглөн зодож байгаад гарт байсан гар утсыг маань авах гэхээр нь атгаад тавихгүй байсан чинь гарнаас татсаар байгаад авч зугтаасан... Мөрдөн байцаалтад өгсөн миний мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд:

Хохирогч С.Энэрэлийн гар утсыг авсан нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэн авахаар довтолж үйлдсэн хүндрүүлэх шинжтэй эсэх, мөн дээрмийн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдалтай эсэхийг тодруулж нягтлан шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөх эрхтэй боловч хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилж болохгүй.

Иймд мөрдөн байцаалтын ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй учир мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж...” шийдвэрлэжээ. 

 

Прокурор Ц.Гантулгабат бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан хуулийн зохицуулалтыг авч үзвэл яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх үед хэрэглэх ёстой хуулийн зүйл, заалт болох нь тодорхой, ойлгомжтой байтал яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамж гарсны дараа товлогдсон шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаас дээрх хуулийн зүйл, хэсгийг дахин баримталж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.” гэжээ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хурлаар хэргийг хянан хэлэлцээд шүүхээс гаргах шийдвэр нь зөвхөн шийтгэх эсхүл цагаатгах хэлбэртэй байх ёстойг хоёрдмол утгагүй, бүрэн тодорхой хуульчилсан байхад анхан шатны шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийн зүйл, заалт хэрэглэж, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн “хууль ёсны байх” үндсэн зарчмыг зөрчсөн зөрчил гэж үзнэ.

2. Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “...хохирогч С.Энэрэлийн гар утсыг авсан нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэн авахаар довтолж үйлдсэн хүндрүүлэх шинжтэй эсэх, мөн дээрмийн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдалтай эсэхийг нягтлан шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай...” гэжээ.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч С.Энэрэл нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Бүжгийн талбай дээр маргалдаж байхад хамт байсан хүүхнүүд нь хажуунаас барьж идчих гээд хэл амаар доромжилсон. ...тэгээд би Тэмүүлэн гэх залуугийн Самсунг А7 маркийн утсыг нь гуйж аваад гадагшаа гарсан. ...тэгээд буцаад орох санаатай шатаар дээшээ өгсөж байхад өөдөөс бараан бор саарал өнгийн урт цамцтай, энгэрээ задгай тавьсан, доогуураа хар өнгийн өмдтэй хүүхэн, мөн араас нь улаан цагаан өнгийн цамцтай, хөндлөн зураастай цамцтай, доогуураа мөн хар өнгийн өмдтэй 2 хүүхэн хүрч ирээд үгийн зөрүүгүй шууд зодсон. Бор саарал өнгийн цамцтай хүүхэн намайг газар унасан байхад толгойн дээр баруун хөлөөрөө дэвссэн. Мөн улаан алаг цамцтай хүүхэн мөн адил нүүр рүү өшиглөж, зодож байгаад гарт байсан гар утсыг маань авах гэхээр нь атгаад тавихгүй байсан чинь гарнаас татсаар байгаад аваад зугтаасан. ...би цагдаа дуудаад, мөн ах руугаа залгахад Уранбилэг миний утсыг булааж авсан. ...” гэж тус тус мэдүүлсэн байдаг.

Дээрх мэдүүлгийн эх сурвалжийг гэрч Б.Эрдэнэ-Ундрах, Г.Тэмүүлэн нарын мэдүүлэг болон камерын бичлэг зэрэг бусад нотлох баримттай өөр хооронд нь харьцуулах, нотлох, үгүйсгэх зэргээр нэгтгэн дүгнэвэл нэр бүхий хүмүүс “Генерал” баарны бүжгийн талбайд маргалдаж, улмаар баарны үүдэнд тухайн маргаанаас үүдэлтэй хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн байх ба харин Б.Б, Ш.У нарт дээрэмдэх гэмт хэргийн сэдэлт, зорилго анхнаасаа үүсээгүй болох нь тогтоогддог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.6 дугаар зүйлд “Зөрж гүйцэтгэх” тухай ойлголтыг тодорхойлсон ба дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл гэмт хэрэг гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэгт оролцоогүй бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахааргүй байна.

Тодруулбал, Б.Б, Ш.У нар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг бүлэглэн үйлдэх явцад Ш.У хохирогчийн гар утсыг булаан авч буй үйлдэл нь тусдаа бие даасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар дээрэмдэх гэмт хэргийг зорилгоороо эсхүл үйлдлээрээ нэгдэж, бүлэглэн үйлдсэн гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогддоггүй тул дээрэмдэх гэмт хэргийн хариуцлагыг Ш.У дагнан хариуцах нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЗ/2034 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

             Шүүгдэгч Ш.Уийн өмгөөлөгч Д.Чинзориг, А.Баярмаа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

Шүүгчийн захирамжид “...Хохирогч С.Энэрэлийн гар утсыг авсан нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэн авахаар довтолж үйлдсэн хүндрүүлэх шинжтэй эсэх, мөн дээрмийн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдалтай эсэхийг тодруулж нягтлан шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай байна.” хэмээн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь анхнаасаа хохирогчийн эд хөрөнгийг хүчээр авч өөртөө эдийн ашигтай байдал бий болгох санаа зорилго бүхий, субьектив шинж нь шунахайн сэдэлттэй үйлдэгддэг гэмт хэрэг. Нөгөөтэйгүүр зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд бусдын эрүүл мэндэд хохирол учруулах хэмжээний хүсэл зоригийг агуулж байдаг билээ.

Гэтэл энэ хэргийн нөхцөл байдлын хувьд Б.Б, Ш.У нар нь хохирогч С.Энэрэлтэй өмнө нь муудалцаж, харилцан маргалдан зодолдсон хувийн таарамжгүй харилцаанаасаа үүдэлтэйгээр эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулсан. Тухайн үед хохирогч нь танилынхаа утсыг авч гаран бусдыг дуудан, хүч нэмж байгааг Ш.У мэдсэн. Тиймээс л тухайн утсыг хохирогчоос салган авч, зугтсан байдаг билээ.

Энгийнээр бол суурь гэмт хэрэг нь эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг. Харин энэхүү гэмт хэргийг үйлдэх явцдаа бусдаас тусламж авах гэснийг таслан зогсоох үүднээс тухайн утсыг нь булааж авсан зүйл байх бөгөөд Ш.Уийн хувьд хохирогчийн хөрөнгийг нь авах зорилгоор хүч хэрэглэж халдсан зүйл байгаагүй юм.

Үүнийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн прокурорын зүйлчлэл тохирсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг гарсан байдал “, 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр;”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл.1’ зэрэг нотолбол зохих байдлыг тогтоосны үндсэн дээр тухайн зүйлчлэлээр хэргийг зүйлчилсэн нь зөв юм.

Нэмж хэлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх хууль ёсны болон шудрага ёсны зарчмуудыг дурдахын зэрэгцээ гэмт үйлдлийн сэдэлт, зорилго субьектив шинжийг зөв тодорхойлолгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийг хэт явцуу утгаар ойлгож болохгүй билээ.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухайд:

Шүүх хуралдаан дуусч шүүгдэгч Ш.У нь шүүхэд хандан эцсийн үг хэлэх явцад даргалагч шүүгч түүнээс тулгасан шинжтэй асуултуудыг асууж, улмаар Ш.У шүүгчийн асуултыг ойлгоогүйн үүднээс, дахин асуусан асуултанд тулгамдан сандарч хариулт өгч чадахгүй нөхцөл байдалд хүрсэн юм. Тухайн нөхцөл байдалд өмгөөлөгчийн зүгээс ганцаарчлан уулзах хүсэлтийг гарган үйлчлүүлэгчтэйгээ уулзахад тэрбээр аливаа зүйлийг ойлгох чадваргүй болсон байсан. Тэгээд шүүх хуралдааны танхимд орж ирэхэд шүүгч түүнээс дахин тулгасан асуултуудыг асууж байсан нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн бөгөөд хэргийг прокурорт буцаах үндэслэл болсон юм.

Тухайн үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүгдэгч эцсийн үг хэлж байхад түүнд асуулт тавьж болохгүй.” хэмээн хуульчилсныг ноцтой зөрчсөн зөрчил мөн.

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЗ/2034 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Ш.Уийн өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь анхнаасаа хохирогчийн эд хөрөнгийг хүчээр авч, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох санаа зорилго бүхий субьектив шинж нь шунахайн сэдэлттэй үйлдэгддэг гэмт хэрэг. Энэ хэрэг анхнаасаа их онцлогтой. Бааранд 5 эмэгтэй хамт ороод маргалдсан байсан. Б.Б, Ш.У нар утсыг нь авах зорилгоор хүч хэрэглэж хандаагүй. Суурь гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулах хүсэл зорилготой байсан. Суурь гэмт хэрэг үйлдэх явцад хохирогчийн утсыг булаан авсан. Тэр үйлдэл нь шунахайн сэдэлтэй биш таслан зогсоох зорилготой байсан. Энэ хэргийн нөхцөл байдал ийм онцлогтой байгаа учир прокурорын зүйлчлэл тохирч байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”. Гэмт хэргийн обьектив болон субьектив зэрэг бүх шинжийг агуулж байж зүйлчилдэг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрдлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нар эцсийн үг хэлж байхад шүүгчийн зүгээс тулгасан шинжтэй олон асуултыг асуусан. Шүүгдэгч Ш.У сандраад зарим асуудлыг хариулж чадахгүй болсон учир би завсарлага аваад гарч уулзахад юу болсоныг ойлгохгүй болсон байсан. Завсарлаад орж ирэхэд шүүгч хэдийд ч асуух эрхтэй гэж асуусан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын яллагч дүгнэлт, өмгөөлөгч санал, тэдгээрийг тайлбар хэлж дууссаны дараа эцсийн үг хэлэхийг шүүх хуралдаан даргалагч шүүгдэгчид зөвшөөрөх ба шүүгдэгч эцсийн үг хэлж байхад түүнд асуулт тавьж болохгүй.” гэснийг зөрчсөн. Энэ талаар гомдол гаргаж шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад энэ талаар бичигдээгүй байсан. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрс бичлэгтэй зөрж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т заасан “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол.” гэснийг зөрчсөн. Иймд шүүхийн Тамгын газарт дуу дүрс бичлэгийг хэрэгт хавсаргуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Ингээд давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргасан. Иймд та бүхнийг зөрүүтэй байгаа эсэхийг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Субьектив санаа зорилгын хувьд энэ гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна. Сэдэл зорилго өөр байсан. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх 1906057811026 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан эсэргүүцэл, гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд шүүгчийн захирамжид заасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулах үндэслэлтэй байна.

 

Б.Бийг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Энэрэлтэй маргалдаж, улмаар цохих, өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Ш.Утэй бүлэглэн үйлдсэн,

Ш.Уийг 2019 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Энэрэлтэй маргалдаж, улмаар цохих, өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Б.Бтэй бүлэглэн үйлдсэн, мөн дээрх гэмт хэргийг үйлдээд гарч явахдаа иргэн С.Энэрэлийн гарт байсан 270.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А7 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

Ш.У, Б.Бнарт холбогдох хэрэгт шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт...” зэргийг нотлон хэргийн үйл баримтыг зөв тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх”, 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” зарчимд нийцэх төдийгүй, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал мөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, Ш.У, Б.Бнарт холбогдох 1906057811026 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЗ/2034 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Гантулгабатын бичсэн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 59 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл, шүүгдэгч Ш.Уийн өмгөөлөгч Д.Чинзориг, А.Баярмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

                            ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ