Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2021/02070

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2021/02070

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

нэхэмжлэгч- тоотод оршин суух, М овогт Н.Д-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- тоотод оршин суух, Б овогт Ц-ын Н-д холбогдох,

үндэслэлгүй хөрөнгөжсөн 5.775.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Д, хариуцагч Ц.Н, түүний өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би 2016 оны сонгуульд нэр дэвшсэн бөгөөд хариуцагч Наранжаргал нь олон телевизтэй олон жил хамтарч ажиллаж байна, телевизэд олон танилуудтай, телевизээр сурталчилгааг хямд хийж өгнө гээд 2016 оны 5-р сард надаас 79.125.000 төгрөгийг бэлнээр цувуулж авсан боловч телевизтэй хуйвалдан хуурамч тайлан, баримт гаргаж дээрх мөнгөнөөс ихээхэн мөнгө надаас үндэслэлгүйгээр авсан. Түүний гаргасан тайлбар баримтууд илт хуурамч байсан учраас би цагдаа, прокурорт өгч шалгуулсан боловч 4 жил шалгасан болж оромдоод залилангийн гэмт хэрэг биш гэж үзсэн. Н нь 79.125.000 төгрөг бэлнээр авсан гээд тайлан бичсэн тул мөнгө авсан талаар маргаан байхгүй, надад өгсөн тайландаа Боловсрол телевизээр 2016-06-26-нд 2 удаа, 6-27-нд 2 удаа нийт 4 удаа нэг бүрийг нь 825.000 төгрөгөөр гаргасан, нийт 3.300.000 төгрөг зарцуулсан гэсэн тайлан гаргаж өгсөн. Телевизүүдээр гарсан сонгуулийн сурталчилгааны бүх нэвтрүүлгийн хуулбарыг Харилцаа холбооны зохицуулах хороо хадгалж байгаа учраас би 2017 онд хандаж лавлагаа авахад Боловсрол телевизээр 2016-06-26, 27-нд миний талаарх мэдээ, нэвтрүүлэг гараагүй гэсэн тайлбарыг ирүүлснийг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Мөн 2019 онд Харилцаа холбооны зохицуулах газраас албан бичгээр тодруулахад 2016-06-26, 27-нд нэвтрүүлэг гараагүй гэж ирсэн байдаг. Максим медиа гэдэг компаниас энэ хугацааны бичлэг авсан байна. Энэ бол хувийн компаний гаргасан мэдээлэл тул нотлох баримтад хамаарахгүй, энэ бичлэг нь харилцаа холбооны зохицуулах хорооны хяналт шалгалтаар ороогүй, мониторинг хийсэн талаарх баримтыг нотлох баримтаар ирүүлээгүй тул нотлох баримтаар үнэлэхгүй. Боловсрол телевизээс бичлэг байхгүй гэж ирсэн тул Харилцаа холбооны зохицуулах хорооны албан бичгийг баримтлах ёстой. Наранжаргал 2 минутаар 4 удаа цацсан гэж, 1 минут нь 825.000 төгрөг гэж байгаа боловч Боловсрол телевиз 2 минутаар 2 удаа гэж өгөөд 1 минут 750.000 төгрөг гэж гарсан байдаг. Мөн Боловсрол телевизтэй 2016-06-20-нд гэрээ байгуулсан байтал 5-27-нд 5 сая төгрөгийг тушаасан байдаг. Эдгээр баримтаар хариуцагчийг үндэслэлгүй мөнгө авсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан гэв. \

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 5-р сард УИХ-н сонгуульд -р тойрогт нэр дэвшигч Н.Д-ийн штабд ерөнхий менежерийн туслахаар ажилласан. Тухайн үед би нэр дэвшигчтэй холбоотой телевизээр цацагдах мэдээллийн ажлыг хариуцаж байсан. Өдөр тутамдаа би Н.Д-ийн хүү Д.Д-тай харилцдаг байсан. Н.Д-ийн нэхэмжлэлд дурдсан боловсрол тв-ийн ажилтай холбоотой би 2016-06-26-ны өдөр 1 удаагийн 2 минутын нэвтрүүлгийг 1 минутын үнэлгээг 825.000 төгрөгөөр үнэлж, 1.650.000 төгрөгөөр тохирч нийтэд түгээх, 2016-06-27-ны өдөр 1 удаагийн 2 минутын нэвтрүүлгийг 1 минутын үнэлгээг 825.000 төгрөгөөр үнэлж, 1.650.000 төгрөгөөр тохирч нийтэд түгээх нийт 2 удаагийн 4 минутын нэвтрүүлгийн үнэ 3.300.000 төгрөгийг би Дашзэвэгийн хүү Дөлбатаас авч, телевизэд бэлэн мөнгөөр төлж байсан. Тухайн үед сонгуулын зардлыг данстай уялдуулна гэж баримт бүрдүүлж өгдөг байсан. Учир нь сонгуулийн зардал хэтрэх гээд байна гэсний дагуу төлсөн мөнгөн дүнгээр биш бага үнийн дүнгээр баримт бичүүлж авч байсан. Нэхэмжлэгчийн хүү Дөлбатын зөвшөөрлөөр тухайн мөнгийг захиран зарцуулж байсан. Нэхэмжлэгч Дашзэвэгтэй ямар нэгэн харилцаанд ороогүй. Боловсрол телевизэд 5.575.000 төгрөг хувиарлагдсан бөгөөд 2016-06-11-ний өдрөөс 2016-06-27-ны өдрийн гүйцэтгэлтэй тайлан байгаа, энэхүү тайлангаар тухайн нэвтрүүлэг цацагдсан. Мөн 2016 оны сонгуулиар хөндлөнгийн мониторингийг Максим медиа ХХК нь харилцаа холбооны зохицуулах хороонд хийж өгсөн байдаг. Сонгуулийн сурталчилгаа цацсан талаарх тайлан баримт гаргаж, сонгуулийн зардлаа хэтрүүлэхгүй байхаар телевизэд төлсөн төлбөрийн дүнг бууруулж баримт бичүүлж авахуулдаг байсан. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Днь хариуцагч Ц.Н-д холбогдуулан үндэслэлгүй авсан гэж 3.300.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан /хх-1-4/ бөгөөд энэхүү шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2.475.000 төгрөгөөр нэмэгдүүлэн /хх-46/ нийт 5.775.000 төгрөг гаргуулахаар шаардаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ сонгуулийн зар сурталчилгааг телевизээр цацуулах үүргээ биелүүлээгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тодорхойлон тайлбарлаж, нэмэгдүүлэн гаргасан 2.475.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан.

 

Хариуцагч Ц.Н нь өөрийн үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК нь телевизүүдтэй хамтын ажиллагаатай харилцаатай ажилладаг тул нэхэмжлэгчийн хүү Д-ын хүсэлтээр Н.Д-ийн сонгуулийн сурталчилгааны цагийг авч, төлбөрийг штабын менежер Д.Д-аас бэлнээр авч, нэр дэвшигчийн телевизээр цацагдах мэдээллийн төлбөрт бэлнээр тушааж, сонгуулийн зардлыг хэтрүүлэхгүй, Сонгуулийн ерөнхий хороонд тайлан гаргахад хамааралтай гэж штабын менежер Д.Д, нягтлан О нарын хүсэлтээр төлбөр төлсөн баримтын дүнг бууруулан бичүүлэн авч нягтлан бодогчид өгч, нэр дэвшигчтэй холбоотой телевизээр цацагдах мэдээллийн ажлыг хариуцан ажлаа бүрэн гүйцэт хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэгчийн хүү мөнгөний зарцуулалтыг бүрэн хариуцсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн  дугаартай прокурорын тогтоолоор 2016 оны УИХ-н сонгуулийн -р тойрогт нэр дэвшигч Н.Д-ийн сонгуулийн сурталчилгааны мониторингийн тайланд сонгуулийн сурталчилгааны зардлын тооцоог багасгаж баримтыг бүрдүүлэх үүргийг ерөнхий менежер Д.Д, санхүүгийн асуудал хариуцсан М.О нар Ц.Н-д өгч байсан талаар Д.Д, М.О нарын мэдүүлсэн, түүнчлэн Н.Д-ээс гаргасан Ц.Н үндэсний телевизүүдээр яваагүй нэвтрүүлгийн мөнгө болох 11 сая төгрөг залилсан гэх гомдлын дагуу шалгаад гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол гарсан байна /хх-52-53/.

 

Нэхэмжлэгч Н.Днь Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцож, нэрээ дэвшүүлсэн болох нь зохигчийн тайлбар болон 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Медиа Боловсрол суваг ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /хх-10-13/, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 02/732 тоот албан бичгийн хоёрдугаар хавсралт буюу телевизээр нэвтрүүлсэн 2016 оны сонгуулийн сурталчилгаанд тавьсан хяналтын дэлгэрэнгүй тайлан, мэдээний хуулбар /хх-7-8/ зэрэг баримтаар, хариуцагч Ц.Н нь нэхэмжлэгчийн 2016 оны сонгуулийн сурталчилгааны ажилд оролцож байсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож, зохигчид маргаагүй.

 

Харин зохигчид “М” ХХК-ийн Боловсрол нэртэй телевизийн сувгаар 2016 оны 06 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд нэхэмжлэгч Н.Д-ийн сонгуулийн сурталчилгаа цацагдаагүй талаар маргасан.

 

“М” ХХК-тай УИХ-ын сонгуулийн 71-р тойрогт тусгаар тогнол эв нэгдлийн намаас нэр дэвшигч Д-ийн штабын менежер Д.Д 2016-06-20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нэвтрүүлэг, шторкын гүйцэтгэлийн тайланг телевиз гаргасан /хх-10-13/ байх бөгөөд Медиа боловсрол суваг ХХК-иас шүүхэд ирүүлсэн 2021-03-05-ны өдрийн албан бичигт “...2016 оны нэвтрүүлгийн дүрс бичлэгийг баримтаар гаргах боломжгүй талаар...” дурдаж, нотлох баримтаар ирүүлсэн 2016-06-21-ний өдрийн 7.000.000 төгрөгийн кассын орлогын баримт дээр Б.М гэж тушаасан /хх-40/, нэвтрүүлгийн гүйцэтгэлийн тайланд дурдсан /хх-41/ нэвтрүүлгийн гүйцэтгэлийн цаг хугацаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн нэвтрүүлгийн штрокийн гүйцэтгэл гэх тайлантай цаг минут хугацаа нь тохирч байна /хх-13/.

 

Харин нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн 2.800.000 төгрөгийн, Н.Д-ээс шторк цацалтын төлбөр гэж төлсөн баримтад Пермедиа нетворк ХХК санхүү гэсэн тэмдэг дарагдсан, 2016-06-11-ний өдрийн огноотой, 5.000.000 төгрөгийн, Эн Эс Эм Эй ХХК-аас сонгуулийн сурталчилгааний төлбөр гэж төлсөн 2021-05-27-ны өдрийн баримтад мөн П ХХК санхүү гэсэн тэмдэг тус тус дарсан /хх-14/ байна.

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2021-05-03-ны өдрийн 1/1586 дугаар албан бичигт хавсаргаж ирүүлсэн Б ХХК-ийн 2016-07-25-ны өдрийн 221 дугаартай тайланд бидний үзэж байгаагаар УИХ-ын сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн  дүгээр тойрогт нэр дэвшигч Н.Д-ийн 2016-06-29-ний өдрийн байдлаарх Сонгуулийн зардлын тайлан нь үнэн зөв толилуулагдсан байна гэж,

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны хариуцагч Ц.Н-д хаягласан 2021-04-06-ны өдрийн 02/487 дугаар албан бичигт ...радио, телевизийн хөтөлбөрийн мониторингийн бичлэгийг хадгалдаггүй ба өөрийн эфирийн бүрэн бичлэгийг 3 сараас доошгүй хугацаагаар хадгалах үүргийг тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагаар радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд хүлээлгэсэн байдаг, ...сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, радио, телевизийн эфирийн бүрэн бичлэгийг хадгалах талаар зохицуулалт тусгагдаагүй талаар тус тус дурдсан байна.

 

Сонгуулийн зардал хэтрүүлэхгүй байхаар төлбөр төлсөн баримтыг цуглуулж, гүйцэтгэлийн тайланд тусгасан гэх хариуцагчийн татгалзсан тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж, няцаагаагүй бөгөөд энэ талаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолд дурдсан, энэхүү тогтоолд гомдол гаргагч Н.Дгомдол гаргаагүй гэж тайлбарласнаар хүчин төгөлдөр болсон байна.

 

Дээрх нөхцөл байдлыг дүгнэхэд “Медиа боловсрол суваг” ХХК нь УИХ-ын сонгуулийн -р тойрогт тусгаар тогнол эв нэгдлийн намаас нэр дэвшигч Д-ийн сонгуулийн сурталчилгааг олон нийтэд цацах үүргийг хүлээж, гэрээний 4.1-д зааснаар хавсралт 1-д хөтөлбөр болон хувиар тусгагдаагүй, гагцхүү үнэ тарифийн талаар тохиролцсноор гэрээний 4.2-т заасан 7.000.000 төгрөгийг 2016-06-21-ний өдөр тухайн телевизэд төлсөн байх тул хариуцагч Ц.Н нь эрх зүйн үндэслэлгүйгээр 3.300.000 төгрөгөөр хөрөнгөжсөн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй...” гэж заасан.

 

Тиймээс нэхэмжлэгч нь “М” ХХК-ний өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хариуцагч Ц.Н-д 3.300.000 төгрөгийг шилжүүлсэн гэх байдал, хариуцагч Ц.Н нь үүрэг гүйцэтгүүлэгчид мөнгийг шилжүүлээгүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх байдал болон Н.Д, хариуцагч Ц.Н нарын хооронд үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс 2020-11-06-ны өдөр төлсөн 70.200 төгрөгнөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох 67.750 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2450 төгрөг болон татгалзсан шаардлагад төлөгдсөн 54.550 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б овогт Ц-ын Н-аас 3.300.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч М овогт Н-ийн Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Д нь нэхэмжлэлийн шаардалгын 2.475.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70.200 төгрөгнөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох 67.750 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан илүү төлсөн 2450 /хоёр мянга дөрвөн зуун тавин/ төгрөг, татгалзсан шаардлагад төлөгдсөн 54.550 /тавин дөрвөн мянга таван зуун тавин/ төгрөгийг тус тус улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.Д-т буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЯНЖИНДУЛАМ