Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01296

 

 

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01296

 

Н.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/02070 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Д-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Н-д холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн 3 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Д , хариуцагчийн өмгөөлөгч Э.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Д нь 2016 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ба Ц.Н үүнтэй холбоотой телевизүүдээр гаргах сурталчилгааг өөрийн танилын хүрээнд хямд хийж өгнө гэснээр 2016 оны 5 дугаар сард нэхэмжлэгчээс 79 125 000 төгрөгийг бэлнээр хэсэгчлэн авсан.

Гэвч хийсэн гэх ажлын тайландаа Боловсрол телевизээр 1 удаагийн 825 000 төгрөгийн үнэ бүхий сурталчилгааг 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 2 удаа, 6 дугаар сарын 27-ны өдөр 2 удаа, нийт 4 удаа хийлгэж 3 300 000 төгрөг зарцуулсан гэж тусгасан нь худал байсан.

Энэ талаар 2017 онд Харилцаа холбооны зохицуулах хорооноос хандаж лавлагаа авахад Боловсрол телевизээр 2016 оны 6 дугаар сарын 26, 27-ны өдөр Н.Д-ийн талаар мэдээ, нэвтрүүлэг гараагүй гэсэн тайлбар ирсэн. Ц.Н 2 минутаар 4 удаа цацсан, 1 минут нь 825 000 төгрөг гэж байгаа боловч Боловсрол телевиз 2 минутаар 2 удаа гэж өгөөд 1 минут 750 000 төгрөг гэж гарсан байдаг.

Мөн Боловсрол телевизтэй 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан атлаа 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 5 000 000 төгрөгийг тушаасан байдаг. 2019 онд Харилцаа холбооны зохицуулах газраас тодруулахад 2016 оны 6 дугаар сарын 26, 27-ны өдөр нэвтрүүлэг гараагүй гэж ирсэн байдаг. Максим медиа гэдэг компаниас авсан бичлэг нь Харилцаа холбооны зохицуулах хорооны хяналт шалгалтаар ороогүй, мониторинг хийсэн талаар баримтгүй тул үнэлэхгүй. Энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, 4 жил хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан боловч залилангийн гэмт хэрэг биш гэж үзсэн.

Иймд хариуцагчийг үндэслэлгүй мөнгө авсан гэж үзэж байгаа тул 3 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Н нь 2016 оны 5 дугаар сард УИХ-ын сонгуулийн 71 дүгээр тойрогт нэр дэвшигч Н.Д-ийн штабд ажиллах үедээ нэр дэвшигчтэй холбоотой телевизээр цацагдах мэдээллийн ажлыг хариуцсан.

Нэр дэвшигчтэй холбоотой нэвтрүүлгийг Боловсрол телевизээр 1 минутын 825 000 төгрөгийн үнээр 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1 удаа 2 минутаар, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр мөн ижил хугацаагаар, нийт 4 минутын нэвтрүүлгийг 3 300 000 төгрөгөөр хийлгэх болж мөнгийг Н.Д-ийн хүү Д.Д-с авч, телевизэд бэлнээр төлсөн.

Сонгуулийн зардал хэтрэх гээд байна гэснийх нь дагуу төлсөн мөнгөн дүнгээр биш бага үнийн дүнгээр баримт бичүүлж авсан. Өдөр тутамд Н.Д-ийн хүү Д.Д-тай харилцаж, түүний зөвшөөрлөөр мөнгийг захиран зарцуулсан.

Нэхэмжлэгч Н.Д тэй ямар нэгэн байдлаар гэрээний харилцаанд ороогүй. Боловсрол телевизэд 5 575 000 төгрөг хуваарилагдсан ба 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн гүйцэтгэлтэй тайлан бий. Энэхүү тайлангаар тухайн нэвтрүүлэг цацагдсан. Мөн 2016 оны сонгуулиар хөндлөнгийн мониторингийг Максим медиа ХХК нь харилцаа холбооны зохицуулах хороонд хийж өгсөн байдаг.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б овогт Ц.Н /ХЛ82111201/-аас 3 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч М овогт Н.Д /ХД57021773/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Д нь нэхэмжлэлийн шаардлагын 2 475 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгнөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох 67 750 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан илүү төлсөн 2450 төгрөг, татгалзсан шаардлагад төлөгдсөн 54 550 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.Д т буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Н.Д Ц.Н-д мөнгө өгч, Ц.Н зурагтын мэдээ гаргах үүрэг хүлээсэн байхад шүүх тэдгээрийн хооронд үүрэг үүсээгүй гэж буруу үндэслэл гаргасан. Энэ талаарх тайлбараа шүүх хуралдааны дараа гаргасан шийдвэртээ хэлээгүй. Шүүгч шийдвэрээ тайлбарлаагүй, мөн Ц.Наас зурагтаар мэдээ гаргах үүрэг хүлээгээгүй, телевиз хүлээсэн биз дээ гэж хариултыг нь бэлдсэн асуулт асуусан. Ц.Н 2 удаа мэдээ гаргасан гэсэн хуурамч тайлан гаргасан тул хохирол барагдуулах нь шударга ёсонд нийцнэ.

Хэрвээ ийм худал тайлан гаргаагүй бол телевизээс 5 жилийн өмнө хохирлоо нэхэмжлэх байсан. Телевиз 2 удаа мэдээ гаргаагүй нь Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээлэлд тодорхой байхад Ц.Н мөнгөө телевизээс нэхэмжлээгүй нь телевизийн ажилтантай хуйвалдсан нь тодорхой байна. Телевиз бас гарсан гэж худал хэлсэн Ц.Н ингэж худал тайлан гаргаж 3 000 000 төгрөг завшсан нь Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр нотлогдоно. Телевизэд мөнгө орсон эсэх талаар үзлэг хийлгэх хүсэлт гаргасан байхад шүүх хангаагүй. Мөнгө тушаасан бичиг хэн ч хийж өгч болно. Ц.Н-д мөнгөө алдчихаад 5 жил цагдаа, шүүхээр явж байхад дахиад би шүүхээр явах нь шударга биш байна. Энэ маргаан бол гэм хорын асуудал тул 3 шүүгч хянах ёстой. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Ц.Н-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Сонгуулийн сурталчилгааг Боловсрол телевизээр 2016 оны 6 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд нийт 4 удаа нэвтрүүлсэн гэж худал тайлан гаргаж үндэслэлгүйгээр мөнгө авсан гэж тайлбарласан, хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд эс зөвшөөрч Н.Д тэй гэрээний харилцаанд ороогүй, сонгуулийн ажилтай холбоотойгоор түүний хүү Д.Д-тай өдөр тутамд харилцаж, түүний зөвшөөрлөөр мөнгийг зарцуулдаг байсан, Боловсрол телевизэд 5 575 000 төгрөг хуваарилагдсан ба тайланд тусгагдсанаар нэвтрүүлэг цацагдсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан маргажээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар Медиа боловсрол суваг ХХК-ийн /Боловсрол телевиз/ 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Д-бийн сонгуулийн сурталчилгааны төлбөр 7 000 000 төгрөг гэх гүйлгээний утгатай Кассын орлогын ордер /хх 42/ баримттай нэхэмжлэгч танилцаж тэрээр уг баримтыг эргэлзээтэй гэж үзэж үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх тухайн баримт хуурамч эсэхийг шүүх тогтоох боломжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь /хх 67-71/ буруу болжээ.

 

Энэ нь хэргийн оролцогчийн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан эрхийг зөрчсөн байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулах буюу нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийх эрх хуулиар олгогдоогүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн дүгнэлт өгөх замаар шийдвэрийг зөвтгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/02070 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ