Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2017/0287/З |
Дугаар | 401 |
Огноо | 2017-10-25 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 401
Д.Д-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Д.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхсайхан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0472 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0575 дугаар магадлалтай, Д.Д-гийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0472 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай дугаар Б/09 тоот тушаалын 3 дугаар хавсралтын Д.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Д-г урьд эрхэлж байсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Ургамал, хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.Д-д 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх хугацааны албан тушаал буурсны буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Ургамал, хорио цээр, чанарын хяналтын улсын ахлах байцаагчаас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилогдсоны цалин, хөлсний зөрүүг зохих хууль, журмын дагуу тооцон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0575 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0472 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4 гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бумаажав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/05 тоот тушаалаар тус газрын чиг үүрэг, орон тоо шинэчлэн батлагдаж, зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн нь тогтоогдсоор байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна”, 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж тус тус заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Нэхэмжлэгч Д.Д-гийн ажиллаж байсан хэлтэст улсын ахлах байцаагч-2, байцаагч-1 буюу нийт 3 ажлын байрны орон тоотой байснаас бүтэц, орон тооны өөрчлөлтөөр улсын ахлах байцаагч-1, байцаагч-1 буюу нийт 2 ажлын орон тоотой болж цөөрсөн. Ургамал, хорио цээр, стандартын хяналтын улсьн ахлах байцаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдээгүй нь үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор тогтоогддог. Иймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/05 дугаар тушаалаар тус газрын чиг үүрэг, орон тоог шинэчлэн баталж, үүнтэй холбогдуулан мөн өдрийн Б/09 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар нийт албан хаагчдыг ажлаас чөлөөлж, хоёрдугаар хавсралтаар буцаан томилж, гуравдугаар хавсралтаар нэхэмжлэгч Д.Д-г Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар шилжүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасантай нийцсэн гэж үзэж байна.
Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “захирах, захирагдах ёс”, 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн тогтвортой байх” зарчмыг алдагдуулсан, 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн”, 13.1.4-д “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх", 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 13.1.6-д “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн мэргэшлээ дээшлүүлэх”; 13.1.7-д “албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойшхи хугацаанд төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах” гэж тус тус заасныг зөрчиж 2016 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээгээ D үнэлүүлж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж, хяналтын бодлого боловсруулах чадваргүй хүнийг ажилд эргүүлэн тогтоож шийдвэрлэснийг шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэхэд хүргэж байна.
Д.Д нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтэст ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчаар 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс томилогдсон ба өнөөдрийг хүртэл хугацаанд урьд эрхэлж байгаа албан тушаалын цалин хөлсийг бууруулалгүйгээр авч байгаа болно.
Гэтэл давж заалдах шатны шүүх “хэрэгт Д.Д-гийн 2015, 2016 оны цалингийн тодорхойлолт болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 02 дугаар сараас 05 дугаар сар хүртэлх хугацаанд авсан цалингийн тодорхойлолт авагдсан байх боловч эдгээр тодорхойлолтуудаар цалингийн зөрүүг тодорхойлох боломжгүй, хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэснээс хойш цалин буурч, эөрүү гарсан байх тул цалин хөлсний зөрүүг зохих журмын дагуу тооцон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна” гэж шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/09 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын газрын ургамал хамгаалах, хорио цээрийн хяналт улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Д.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Д.Д-г Ургамал, хорио цээр, чанарын хяналтын улсын ахлах байцаагчийн үүрэгт ажлаас 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлж, цалинг 3 сар бууруулахгүйгээр олгохоор шийдвэрлэсэн дээрх маргаан бүхий 2017 оны 0/9 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасантай нийцээгүй, хууль бус захиргааны акт байна.
“Чиг үүрэг, орон тоо шинэчлэн батлах тухай” Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны “А/05 тушаалаар “Хил, хорио цээрийн хяналтын газар” нь “Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар” болж, нэр нь өөрчлөгдсөн боловч нэхэмжлэгч Д.Д-гийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн үйл баримтын тухайд хэргийн оролцогчид маргаагүй байна.
Нэхэмжлэгч нь “... орон тоо, ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж, хариуцагч нь ”...үр дүнгийн гэрээний биелэлт D үнэлгээ авсан, Агентлагийн эрх зүйн байдлын тухайн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д заасан эрхийнхээ дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн, нэхэмжлэгчийн цалин буураагүй...” гэж маргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Мэргэжлийн хяналтын газрын орон тоо шинэчлэн батлагдсантай холбоотойгоор хариуцагч маргаан бүхий 2017 оны Б/09 тоот тушаалыг гаргаж, уг тушаалын нэгдүгээр хавсралтаар нийт 139 албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсний дотор нэхэмжлэгч Д.Д хамрагдсан, хоёрдугаар хавсралтаар 127 албан тушаалтныг өмнөх албан тушаалд томилж, гуравдугаар хавсралтаар Д.Д-г Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэхээр заасан байна.
Дээрх тушаалын хоёрдугаар хавсралтын 78-д шинээр бий болсон “Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар”-т нэг албан тушаалтан буюу өмнө нь Хорио цээрийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Э.Аззаяаг томилсноос өөр албан тушаалтныг тухайн үед томилоогүй байжээ.
Харин маргаан бүхий тушаал гарснаас хойш Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/124, Б/125 дугаар тушаалуудаар Э.Уламбаатарыг “Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар”-т Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагч, Э.Солонгыг мөн газарт Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчаар тус тус томилжээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны Б/09 тоот тушаалын нэгдүгээр хавсралтад заасан ажлаас чөлөөлөгдсөн 139 албан тушаалтанд Э.Уламбаатар, Э.Солонго нар заагдаагүйгээс үзвэл, эдгээр иргэд нь бүтэц орон тооны өөрчлөлтөөс шалтгаалан маргаж буй ажлын байранд үргэлжлэн ажиллах эрх бүхий албан тушаалтан биш гэж үзэхээр байна.
Иймд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүрэг, орон тоо шинэчлэн батлагдснаар нэхэмжлэгч Д.Д-гийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “... зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч, ... албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол ...уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж заасны дагуу Д.Д нь шинээр байгуулагдсан Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газарт өмнө эрхэлж байсан албан тушаалд ажиллах эрхтэй.
Гэтэл хариуцагчаас “... 2016 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлж “D” үнэлэгдэж, ...хяналт, бодлого боловсруулах чадваргүй нь батлагдсан... албан тушаал бууруулж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн...” гэж, маргаан бүхий тушаалын үндэслэлээс зөрүүтэй тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Хариуцагчийн энэ тайлбар нь төрийн албан хаагчийн ажиллах баталгааг хангах тухай Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийг зөрчсөн хууль бус 2017 оны Б/09 дүгээр тушаалын холбогдох хэсгийг зөвтгөх үндэслэл болохгүй тул “...хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.
Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт баримталсан хуулийг зөвтгөсөн өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0575 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Л. АТАРЦЭЦЭГ