Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 0575

 

2017 оны 8 сарын 15 өдөр                   Дугаар 221/МА2017/0575                          Улаанбаатар хот

        Д.Д-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бумаажав нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0472 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Д.Д-гийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0472 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” дугаар Б/09 тоот тушаалын 3 дугаар хавсралтын Д.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Д-г урьд эрхэлж байсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Ургамал, хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.Д-д 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх хугацааны албан тушаал буурсны буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Ургамал, хорио цээр, чанарын хяналтын улсын ахлах байцаагчаас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилогдсоны цалин хөлсний зөрүүг зохих хууль, журмын дагуу тооцон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт импорт, хил хорио цээрийн хяналтын газарт Ургамал, хорио цээр, чанарын хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан иргэн Д.Д-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0472 дугаар шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан баримтуудыг дутуу үнэлж, холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн маргаан бүхий актын талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй байна гэж үзэж байна.

... Д.Д нь 2016 оны үйл ажиллагаа, үр дүнгийн гэрээний биелэлтээр 63.8% буюу D үнэлэгдсэн. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “D” буюу дутагдалтай гэсэн үнэлгээ авсан албан хаагчийн “албан тушаалын цалинг бууруулах, дутагдаж буй мэдлэг ур, чадвар олгох сургалтад хамруулах” гэж заасны дагуу Д.Д-г Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах... халах” гэж заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 2017 оны Б/09 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар нэр бүхий албан хаагчдыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон бусад харъяа газруудад шилжүүлэн ажиллуулахаар шийдвэр гаргасан.

Д.Д одоо Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтэст ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагчаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа н.Э-ын оронд томилогдон ажиллаж байгаа нь нэхэмжлэгч тухайн ажлын байран дээр ажиллахыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарах Д.О-ны оронд жинхлэн томилон ажиллуулах боломжтой талаар 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 02-01/1791 дугаар албан бичиг ирүүлсэн. /Хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан/

... Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны Б/09 дугаар тушаалын 7 дахь заалтад “Албан тушаалын ангилал буурч шилжсэн, томилогдсон албан тушаалтнуудын урьд эрхэлж байсан албан тушаалын цалинг 3 сарын хугацаатай буруулахгүйгээр олгох”-ыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад үүрэг болгосон.

Мөн Д.Д нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтэст ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагчаар 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс томилогдсон ба өнөөдрийг хүртэл хугацаанд урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг бууруулалгүйгээр авч байгаа болно. /Цалингийн санхүүгийн баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан болно./

Энэ хугацаанд Д.Д-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нь тасалдалгүй бичигдсэн болно.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлж, хууль зүйн үр дагаврын хувьд зөрчилтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 128/ШШ2017/0472 дугаар шийдвэр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Д-гээс “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/09 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/05 дугаар тушаалаар тус газрын чиг үүрэг, орон тоог шинэчлэн баталж, үүнтэй холбогдуулан мөн өдрийн Б/09 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар нийт албан хаагчдыг ажлаас чөлөөлж, хоёрдугаар хавсралтаар буцаан томилж, гуравдугаар хавсралтаар зарим албан хаагчдыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны мэдэлд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэхдээ Хил, хорио цээрийн хяналтын газрын Ургамал, хорио цээр, стандартын хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан нэхэмжлэгч Д.Д-г Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Д.Д нь төрийн албан хаагчийн 2016 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээгээ “D” үнэлүүлж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж, хяналтын бодлого боловсруулах чадваргүй нь батлагдсан тул “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-д заасны дагуу албан тушаал бууруулсан” гэж маргаж байна. Гэвч захиргааны байгууллагаас маргаан бүхий Б/09 дүгээр тушаалыг гаргахдаа нэхэмжлэгчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон талаар заагаагүй, дээрх журам болон Төрийн албаны тухай хуулийн 19, 23 дугаар зүйлийн холбогдох заалтыг хэрэглээгүй, албан тушаал бууруулах хуульд заасан ямар үндэслэл бүрдсэн болох нь тодорхойгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “хариуцагч Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д заасан албан тушаал бууруулах эрх хэмжээнийхээ хүрээнд Д.Д-г шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх “хариуцагч тушаалд заагаагүй шалтгаан үндэслэлээр маргаж буй нь буруу” гэж дүгнэсэн нь зөв байна.

Нөгөөтэйгүүр, “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 6.7-д зааснаар гэрээний биелэлтийг дүгнэх “Илтгэх хуудас”-нд талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болох байтал хэрэгт авагдсан Д.Д-гийн 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн үнэлгээг түүнд танилцуулж, гарын үсэг зуруулаагүй байхаас гадна дараагийн шатны дарга нь менежерийн дүгнэсэн 87 оноо буюу “В” үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дурдалгүйгээр үнэлгээг “D” болгож бууруулсан нь ойлгомжгүй, ямар учраас бууруулан тооцсон үндэслэл, шалтгаан нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй. 

Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн ... 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт ..., Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны А/05 дугаар тушаалыг тус тус үндэслэсэн байх боловч

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсанаар  нэхэмжлэгчийн ажиллаж байсан Ургамал, хорио цээр, стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн орон тоо хасагдаагүй төдийгүй тус албан тушаалд Э.С, Э.У нарыг томилон ажиллуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/09 дүгээр тушаалын Д.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.

Хэрэгт нэхэмжлэгч Д.Д-гийн 2015, 2016 оны цалингийн тодорхойлолт болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 02 дугаар сараас 05 дугаар сар хүртэлх хугацаанд авсан цалингийн тодорхойлолт авагдсан байх боловч эдгээр тодорхойлолтуудаар цалингийн зөрүүг тодорхойлох боломжгүй, хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэснээс хойш цалин нь буурч, зөрүү гарсан байх тул цалин хөлсний зөрүүг зохих журмын дагуу тооцон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин хариуцагч “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/09 дүгээр тушаалыг гаргахдаа тушаал гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалт, тушаал гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг заасан байх тул шүүхийн шийдвэрт баримталсан хуулийн зүйл заалтыг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0472 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН