Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2021/01557

 

 

 

 

 

 2021           07            01                                                  184/ШШ2021/01557

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Е гудамж, Х төв байр хаягт байрлах “Х Б” ХХК /000000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороо, Д00 дугаар гудамж, 00 тоот хаягт оршин суух, Ш овогт С О /00000000000/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороо, Д00 дугаар гудамж, 00 тоот хаягт оршин суух, Ш овогт Х М /000000/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 15,544,026 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлд 2021 оны 04–р сарын 09–ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Иргэн С.О, Х.М нар нь Х 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 000000000 дугаартай зээлийн гэрээ байгуулан 18,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгө болон хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2018 оны 8 дугаар сарын 14, 15-ны өдөр зээлдэгч С.О Х  дахь 00000000 тоот дансанд 18,000,000 төгрөгийг шилжүүлэн зээлийг олгосон.

Зээлдэгч нар нь банктай байгуулсан 000000000 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны хуваарьт өдрөөс хойш төлөөгүй ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 519 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х зүгээс зээлийн гэрээний хугацааг сунгаж зээл төлөх боломжоор хангаж, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. 000000000 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 0000000000-00 дугаартай барьцааны гэрээгээр дараах хөрөнгийг барьцаалсан.

-С О өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн 000000000 дугаар гэрчилгээтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Д00 дүгээр гудамж, 00 тоотын 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар,

-С О эзэмшлийн, нэгж талбарын 000000000 дугаар, 0000000000 дугаар гэрчилгээтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Д00 дугаар гудамж, 00 тоотын 497 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлий үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 000000000 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн төлбөр, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн байдлаарх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна.

Төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 11,499,355 төгрөг, зээлийн үндсэн хүү 3,763,254 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 281,416 төгрөг, нийт 15,544,026 төгрөгийг хариуцагч С овогтой О, Х овогтой М нараас гаргуулах, хариуцагч нар нь сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй, зээлдэгч нар нь Х ТТ-тэй 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 000000000 дугаартай зээлийн болон мөн өдөр 000000000-00 дугаартай барьцааны гэрээ байгуулж 18,000,000 төгрөгийг жилийн 21.60 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, холимог зориулалтаар зээл авсан.

Хариуцагч С.О нь тухайн зээлийг авах үед Алтжин бөмбөгөр худалдааны төвд лангуу түрээслэн ажилладаг байхдаа холимог зориулалтаар буюу бизнесийн зориулалтаар зээл авсан. Гэтэл банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлд хэрэглээний зориулалтаар зээл авсан гэсэн нь үндэслэлгүй.

С.О нь тухайн үедээ Алтжин бөмбөгөр худалдааны төвд лангуу түрээслэн хүнсний бараа бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг байсан бөгөөд зээл авсаны дараа зээлийн төлбөрөөр бараа захиалж бусдад залилуулж цаашид бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж улмаар зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн болно. Гэвч зээлээ төлөх зорилгоор 2019 оны 8 дугаар сард Талх Чихэр ХК-д ажилд ороод зээлээ хугацаа хэтрэлттэй боловч төлөлт хийж байсан. Гэтэл Х Бөмбөгөр тооцооны төвийн захирал болон эдийн засаг зээлээ хугацаа хэтрүүлсэн гэж С.О ажил олгогч буюу Талх Чихэр ХК-д мэдэгдэж улмаар ажил олгогчийн шахалт дарамтаас болж уг ажлаа зээлээ төлөх боломжгүй нөхцөл бүрдэж ажлаасаа гарч орлогогүй болж зээлийг төлөх боломжгүй болсон.

Нэхэмжлэгч банкны дээрх үйлдэл нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг ноцтой зөрчсөн, мөн С.О ажил олгогчид зээлтэй талаар мэдэгдсэнээс гадна түүний эцэг С.С, эх Д.У нартай утсаар удаа дараа холбогдон зээл төлөхийг шаардаж зээлээс төлүүлсэн байгаа нь банк хуулиар хүлээсэн үүргийг ноцтой зөрчсөн, зээл төлөх нөхцөлийг хязгаарласан.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйл /гэрээ цуцлах нөхцөл/-ийн 5.1.4-д “зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон” бол банк санаачлан гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардана” гэж, мөн гэрээний 6.1-д “эсхүл гэрээний 5.1 болон 5.2-д заасан болон хуульд заасан бусад үндэслэлээр дуусгавар болно” гэж тохирчээ.

Зээлдэгч нарын хувьд үндсэн зээл 11,499,355 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүүгийн төлбөр 3,463,254 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 281,416 төгрөгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болно.

Энэхүү зээлийн үндсэн төлбөрийг 2021 оны 12 сард 3,500,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сард 4,000,000 төгрөг, 2023 онд үлдэх 3,999,355 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч байгаа болно.

Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь зээлдүүлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас зээлээ төлөх боломжгүй, ажил хийж зээл төлөх байсан боловч зээлдүүлэгч нь хууль болон гэрээгээ ноцтой зөрчиж ажил олгогчид мэдэгдэж улмаар ажил олгогчийн дарам шахалтын улмаас ажлаас гарч өнөөдрийн байдлаар эрхэлсэн ажилгүй, эрүүл мэндийн хувьд байнгын эмчийн хяналтанд байдаг, эмчилгээ хийлгэж байгаа тул үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч дээр дурдсан хуваарийн дагуу төлөх боломжтой болно. Хэрэг зээлдүүлэгч буюу барьцаалагч банк зөвшөөрсөн тохиолдолд зээлдэгч буюу хариуцагч нар нь барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээлийг төлөх хүсэлтэй байна гэв.    

 

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч С.О, Х.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,544,026 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...гэрээг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр банк цуцласан, гэрээний үүргээ биелүүлэх шаардсан, хариуцагч хэвийн төлнө, үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул цуцлаагүй өдий хүрсэн” гэж,

хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч “...үндсэн зээлийн төлбөрт 11,499,355 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүүгийн төлбөр 3,463,254 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 281,416 төгрөгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, бизнесийн үйл ажиллагаа зогссон байхад гэрээг цуцлаагүй,“ гэж тайлбарлаж, маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Зохигч буюу зээлдүүлэгч Х ХХК, зээлдэгч С.О, Х.М нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар ...2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан №000000000 дугаартай “зээлийн гэрээ”, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан №000000000-00 дугаартай “барьцааы гэрээ”-гээр 18,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын жилийн 21.60 хувийн хүүтэй зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлд С.О өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-000000000 дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн 000000000 дугаар гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Д00 дүгээр гудамж, 00 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, С.О эзэмшлийн нэгж талбарын 000000000 дугаар, 000000000 дугаар гэрчилгээтэй, Сонгиноахйрхан дүүргийн 00 дүгээр хороо, Д00 дугаар гудамж, 00 тоот хаягт байрлах 497 м.кв талбайтай эзэмших эрхтэй газраас үүргийн гүйцэтгэлийг хангах, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаан гаргасан зохигчийн тайлбараар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс иргэнтэй холимог зориулалтаар зээл олгосон, зээлдэгч нар гэрээний хугацаанд болон хэтэрсэн хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зэрэг үйл баримт тогтоогдлоо. /хх 9-11, 12-25/

Зээлийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр, гэрээний нэг тал нь мөнгө зээлдүүлэх санал гаргаж, нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр байгуулагддаг хоёр талт гэрээ бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг, хүүгийн хамт тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Хэрэв хугацаа хэтрүүлбэл зээлийг төлж дуусах хүртэл хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээдэг онцлогтой.

Хэрэгт авагдсан дээрх баримт, хариуцагчийн тайлбар зэрэг баримтаар зээлдэгч С.О, Х.М нь зээлдүүлэгч Х ХХК-иас 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 18,000,000 төгрөгийг авсан, зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймээс талуудын хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс иргэн С.О, Х.М нартай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Иргэний хууль /452.1, 452.2/-д ... Зээлдүүлэгчээс олгосон зээл нь хүүтэй байж болно, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно,

Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасныг баримтлан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

С.О итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь “...ажил олгогч буюу Талх Чихэр ХК-д мэдэгдэж улмаар ажил олгогчийн болон зээлдүүлэгчийн шахалт дарамтаас болж уг зээлээ төлөх боломжгүй нөхцөл бүрдэж ажлаасаа гарч орлогогүй болж зээлийг төлөх боломжгүй болсон” гэж тайлбарлах боловч баримтаар тайлбар тогтоогдохгүй байна.

Үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэдэг нь зээлдэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн хорин хувиас хэтрүүлэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцож төлнө гэж,

мөн зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй хугацаа, хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг,

мөн ...гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсон хувиар тооцож төлөхийг тус тус ойлгоно.

Зээлдэгч уг гэрээний 1.5-д зааснаар зээлийн үйлчилгээний 1.00 хувийн шимтгэлийг зээлдэгч төлнө гэж, 4.1-д ... зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ нь зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувьтэй тэнцэх нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтэрсэн хоногоор тооцно гэж тохиролцжээ. /хх-9-11/,

Зээлдүүлэгчийн гэрээгээр шаардсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээ болон Иргэний хуульд нийцсэн, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувиас хэтрээгүй байна.

2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан №000000000 дугаартай “зээлийн гэрээ”, мөн өдрийн №000000000-00 дугаартай “барьцааы гэрээ”-ний хугацаа 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр дуусах боловч “зээлийн гэрээ”-ний 5 дугаар зүйлд зааснаар нэг талын санаачлагаар буюу Х ХХК-ийн санаачлагаар гэрээг цуцалсан байна.

 Дээрх гэрээний хугацаа болон хэтрүүлсэн хугацаанд хариуцагч үүргээ биелүүлээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, зээлдэгч бизнесийн үйл ажиллагаа зогссон, ажил эрхэлж зээлийн төлөлтөө хийх гэсэн боловч зээлдэгч талаас болоод ажлаасаа халагдсан зэрэг үйл баримт тогтоогдоогүй тул зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйд хүндэтгэн үзэх болон давагдашгүй хүчин зүйл, зээлдүүлэгчийн үйлдэл нөлөөлөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч С.О, Х.М нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байна. Мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч С.О, Х.М нарааас үндсэн зээлийн төлбөр 11,499,355 төгрөг, зээлийн үндсэн хүү 3,763,254 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 281,416 төгрөг, нийт 15,544,026 төгрөг гаргуулж, С.О өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-000000000 дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн 000000000 дугаар гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Д00 дүгээр гудамж, 00 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, С.О эзэмшлийн нэгж талбарын 000000000 дугаар, 0000000000 дугаар гэрчилгээтэй, Сонгиноахйрхан дүүргийн 00 дүгээр хороо, Д00 дугаар гудамж, 00 тоот хаягт байрлах 497 м.кв талбайтай эзэмших эрхтэй газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 305,870 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч С.Ол, Х.М нараас үндсэн зээл 11,499,355 төгрөг, зээлийн хүү 3,763,254 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 281,416 төгрөг, бүгд 15,544,026 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгө болох С.О өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-000000000 дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн 000000000 дугаар гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Д00 дүгээр гудамж, 00 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, С.О эзэмшлийн нэгж талбарын 000000000 дугаар, 000000000 дугаар гэрчилгээтэй, Сонгиноахйрхан дүүргийн 00 дүгээр хороо, Д00 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах 497 м.кв талбайтай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж албадан худалдахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,870 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч нараас 305,870 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       В.АМАРТҮВШИН