Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01324

 

 

 

 

 

 

                                        ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                    иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2021/01557 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХБ ХХК-ийн хариуцагч ХБ ХХКнарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15 544 026 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцсон.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: С.О, Х.Мнар 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ХБ ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 18 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө болон хэрэглээний зориулалтаар, жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд С.О өмчлөлийн ........ 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, ...... 497 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар гэрээний үүргээ зөрчиж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 519 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Зээлдүүлэгчийн зүгээс зээлийн гэрээний хугацааг сунгах, зээл төлөх боломж олгох зэргээр хандаж байсан боловч гэрээний үүрэг биелэгдээгүй.  Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагч нараас зээл 11 499 355 төгрөг, зээлийн хүү 3 763 254 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 281 416 төгрөг, нийт 15 544 026 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг эс биелүүлвэл үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.  

 Хариуцагчийн нарын тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нар ХБ ХХК-ийн Бөмбөгөр тооцооны төвтэй 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 18 000 000 төгрөгийг жилийн 21.60 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, холимог зориулалтаар зээлдэн авсан. Хариуцагч С.Озээлийг авах үед Алтжин бөмбөгөр худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг байсан. Гэтэл зээлийн хөрөнгөөр бараа захиалж бусдад залилуулан цаашид бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. 2019 оны 8 дугаар сард “Талх Чихэр” ХК-д ажилд орж зээлийн хугацаа хэтрэлттэй боловч төлөлт хийж байсан. Гэтэл тус банкны Бөмбөгөр тооцооны төвийн захирал, эдийн засагч нар С.О зээлийн хугацаа хэтрүүлсэн гэж “Талх Чихэр” ХК-д мэдэгдсэн. С.Онь ажил олгогчийн шахалт дарамтаас шалтгаалан ажлаасаа гарч орлогогүйн улмаас зээл төлөх боломжгүй болсон. Банкны уг үйлдэл нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг ноцтой зөрчсөн. С.О ажил олгогчид банканд зээлтэй гэж мэдэгдэж, мөн түүний эцэг С.Сүрэнжав, эх Д.Ургамал нартай утсаар удаа дараа холбогдон зээлээс төлүүлсэн нь банк хуулиар хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж зээлдэгчийн зээл төлөх нөхцлийг хязгаарласан. Зээлдэгч нар үндсэн зээл 11 499 355 төгрөгийг төлнө, харин зээлийн хүү 3 463 254 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 281 416 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлдэгч нь зээлдүүлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас зээлийг төлөх боломжгүй болж, эрхэлсэн ажилгүй, эрүүл мэндийн хувьд байнгийн эмчийн хяналтанд байдаг. Үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөх боломжтой. Зээлдүүлэгч зөвшөөрсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээлийг төлөх саналтай байна гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч С.О, Х.Мнараас үндсэн зээл 11 499 355 төгрөг, зээлийн хүү 3 763 254 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 281 416 төгрөг, бүгд 15 544 026 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгө болох С.О өмчлөлийн ...... 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, С.О ........ 497 м.кв талбайтай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж албадан худалдахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 870 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч нараас 305 870 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Зээлдэгч нар Хас банкны Бөмбөгөр тооцооны төвтэй 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 18 000 000 төгрөгийг жилийн 21.60 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, холимог зориулалтаар зээл авсан. С.Онь тухайн үедээ Алтжин бөмбөгөр худалдааны төвд лангуу түрээслэн хүнсний бараа бүтээгдэхүүний худалдаа эрхлэдэг байсан бөгөөд зээл авсны дараа зээлийн төлбөрөөр бараа захиалж бусдад залилуулж цаашид бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж улмаар зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Гэвч зээлээ төлөх зорилгоор 2019 оны 08 дугаар сард “Талх Чихэр” ХК-д ажилд ороод хугацаа хэтрэлттэй боловч зээлийн төлөлт хийж байсан. Гэтэл Хас банкны Бөмбөгөр тооцооны төвийн захирал болон эдийн засагч зээлийн хугацаа хэтрүүлсэн гэж С.О ажил олгогчид мэдэгдэж улмаар ажил олгогчийн шахалт дарамтаас болж ажлаа хийх боломжгүй нөхцөл бүрдэж ажлаасаа гарч орлогогүй болсон. Нэхэмжлэгч Банкны тухай хууль болон гэрээний холбогдох заалтыг зөрчсөн.  Зээлдэгч нар зээлийг бизнес эрхэлж байхдаа авсан бөгөөд бизнесийн үйл ажиллагаа нь дампуурсан хэдий ч ажил эрхэлж төлөх гэсэн боловч банкны ажилтнуудын буруутай үйлдлийн улмаас зээлдэгч зээлийг төлөх боломжгүй болж улмаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Зээлийн гэрээний 5.1.4-д “зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон” бол банк санаачлан гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардана” гэж, 6.1-д “...эсхүл гэрээний 5.1 болон 5.2-д заасан болон хуульд заасан бусад үндэслэлээр дуусгавар болно” гэж тохирчээ.

С.О бизнесийн үйл ажиллагаа нь 2019 оны 08 дугаар сард зогссон байхад банк зээлийн гэрээний 5.1.4-д заасны дагуу гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй нь зээлдэгч нарыг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дарамтанд оруулсан. Гэрээний 6.1-д зааснаар зээлийн гэрээ дуусгавар болсон гэж үзэх бөгөөд банк Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3 дах хэсэгт заасныг зөрчсөн. Мөн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн хүүний зарим хэсгээс татгалзсан атал шүүх үүнийг тодруулахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн.  Хариуцагч нарын хувьд үндсэн зээлийн төлбөрт 11 499 355.83 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зээлдүүлэгч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 13 дугаар зүйлийн 13.1, гэрээний 5.1.4, 6.1 дэх заалтыг зөрчсөн нь зээлдэгч нарыг буруутгах үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 3 763 254.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 281 416.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч ХБ ХХК-ийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 15 544 026 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч С.О, Х.Мнар үндсэн зээлийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг тодруулж, талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг хангалттай хийгээгүй байна.

 

Хариуцагч нар 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч ХБ ХХК-аас 18 000 000 төгрөгийг холимог зориулалтаар жилийн 21.60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэн авчээ. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэх үндэслэлээ хариуцагч нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа болон бизнесийн үйл ажиллагаагаа зогссонтой холбож тайлбарласан байна.

 

2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нэхэмжлэгч бизнесийн үйл ажиллагаа зогссон талаарх баримтаа өгвөл 2019.10.19-ний өдөр хүртэлх 4 сарын зээлийн хүүг хасч өгч болно” гэж тайлбарлажээ. /хх91-92/ Хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн хүүний зарим хэсгээс татгалзсан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн гэж давж заалдах гомдол гаргасан. Нэхэмжлэгчийн шүүх хуралдааны явцад гаргасан дээрх тайлбараас нэхэмжлэгч шаардлагын зарим хэсгээс татгалзсан гэж харагдахгүй байна. Харин шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулж хариуцагчид нотлох баримт бүрдүүлэх боломж олгох нь зүйтэй байжээ. Мөн зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлд зээлдүүлэгч зүй бусаар нөлөөлөлсөн эсэх талаар талуудыг хангалттай мэтгэлцүүлээгүй байна. 

 

         Уг ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх замаар хэргийг шийдвэрлэх боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

  1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2021/01557 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

                                   

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

   

                                                 ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                    А.МӨНХЗУЛ