Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2021/2183

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

нэхэмжлэгч- тоотод оршин суух, Д овогт Ч-ын Д-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- тоотод байрлах, “П” ХХК-д холбогдох,

26.764.816 төгрөг, худгийн паспорт гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, хариуцагчийн төлөөлөгч Б.С, түүний өмгөөлөгч З.Б, гэрч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.  

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д нь П ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2020-4-15 өдөр байгуулсан, уг гэрээгээр захиалагч нь түлхүүр гардан авах нөхцөлтэй байсан, амины орон сууцыг зургын дагуу хийж гүйцэтгэх байсан, гэрээний үнэ 40 сая төгрөг байсныг бүрэн шилжүүлсэн. Гэрээний 9.4-т зааснаар мөнгийг бүрэн шилжүүлсэн бөгөөд хуанлийн 24 хоногийн хугацаанд хариуцагч орон сууц барих үүрэг хүлээсэн, энэ хугацаанд барилга байгууламжийг дуусгаж өгөөгүй, гэрээнд зааснаар үе шаттай ажлыг захиалагчид акт үйлдэж хүлээлгэж өгөөгүй, 3 удаа шаардлага хүргүүлсэн байдаг. Мөн гэрээнд алдангийн талаар тусгасан талаар мэдэгдэл хүргүүлээд 6, 7 сард бороотой байгаад дээврээс дусаал гойжсон, албан мэдэгдэлд хариу өгөөгүй, барилгын түлхүүрийг хажуу айлд хүлээлгэн өгсөн байсан, дээврээс ус гоожсон бүх зүйл эвдрэл гэмтэлтэй болсон байсан тул өөр барилгын ажил гүйцэтгэгчийг сонгож засварлуулсан.

Хариуцагч гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул П ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, нэхэмжлэгчид учирсан хохиролд 26.764.816 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хохиролд барилгын компаниар ажил гүйцэтгүүлэхээр тохирч ажил хийлгэсэн ажлын зардал 26.764.816 төгрөгт дээврийг буулгахад гарсан зардал 3.785.443 төгрөг, шинээр дээвэр хийлгэсэн зардал 12.691.961 төгрөг, дусаал гоожсоноор обой, шал, таазыг шинээр хийсэн зардалд 7.535.129 төгрөг, барилгын хогийг ачуулсан 7086 төгрөг, ажиллах хүчний зардалд дээвэр буулгахад 2.116.646 төгрөг, шинээр дээвэр хийлгэсэн ажлын хөлс 2.544.078 төгрөг, дотоод заслын ажил шинээр хийлгэсэн ажлын хөлс 1.607.824 төгрөг, дээврийн ажил шинээр хийлгэсэн 12,691,961 төгрөгийн зардалд ажиллах хүч, засвар, материал, техник, дотор талд шинээр хийсэн ажилд, материал, ажиллах хүч, мехиниз, тээвэр ороод 7.535.129 төгрөг, хог хаягдлын 7086 төгрөг, 300.000 төгрөг нь ажил гүйцэтгэх компаний захиалагчийн хяналтын инженерт төлсөн төлбөр нийлээд 26.764.816 төгрөг болж байгаа гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Иргэн Д-тэй 2020 оны 4-р сард барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээний хавсралтад материал, хэмжээг заасан байгаа. Захиалагчийн захиалсан материалын дагуу хүлээлгэж өгөх зорилготой ажиллаж, 2020-6-18-ны өдөр жижиг жимхэлүүр хэдэн ажил байгааг хэлэхэд Д зусландаа гармаар байна хашаанд байгаа гэр хогоо аваад гар гэсэн шаардлага тавьсан. Тиймээс нэлээн шахаж ажилласан, гарнез өнцөг, гадна ханын өнгөлгөөний эмжээр гээд бага зэрэг засвар үлдээсэн талаар хэлж зусландаа гарахыг мэдэгдсэн байдаг.

Ажилчдын гэрийг буулгаж, бүх хогийг үүдэнд бөөгнүүлж хөрш Н ахтай тохиролцож, хогны машин хувиартай өдрөөр ирдэг байсан тул ирэх үед нь ачуулахаар тохирч үлдээсэн байдаг. Барилгыг бүрэн дуусгаж, чимэхлүүр ажил үлдээсэн болохыг нэхэмжлэгчид мэдэгдсэн, гэрээнд баталгаат хугацаа нэмсэн хугацааг тохирсон, хүн амьдраад ирэхээр жижиг зүйлс гарах нь тодорхой учраас гарсан даруйд засаж янзлахаар тохирч явсан, миний ойлгосноор зусландаа гараад бороо ихтэй байсан учраас хот руу буцсан байх, гүний хутаг гаргуулсан тул Н гуайг ороход таазнаас нь ус алдсан байсан, таазны нэг шрүп нэвт хатгах эсхүл хаялагнаас болж ийм зүйл гарсан байх. Эдгээр зүйлийг би өөрийн хөрөнгөөр засварлах талаар мэдэгдэхэд нэхэмжлэгч Д нь эхнэрийнхээ шахалтаар гэж надад хэлсэн. 40 сая төгрөгөөр байшин бариад байхад 26 сая төгрөгийн засварын зардал гаргасан гээд байдаг, биднийг гэрээний дагуу үүргээ биелүүлэх боломжоор хангаагүй, сошиалаар доромжилж, 26 сая төгрөгийн асуудал гарснаар бидний харилцаа муудсан.

Манай компаний ажилчид 6-р сарын 18-наас өмнө нэхэмжлэгчийн хашаанд гэрээ барин байрлаж, хонож ажиллаж байсан, компани үүрэгтэй байсан боловч үүргээ биелүүлэх боломжийг Д олгоогүй. Анхны тохирсон гэрээний хавсралтад байгаа материал, цахилгааны кабел тохирсон боловч засвар хийлгэхдээ дээврийн бүтээц өөрчилж тэгш налуу байсныг гурвалжин дээвэртэй болгож, дотор заслын материалыг өөрчилсөн байгаа. Тиймээс төсөв зардал нь өөр гарах нь тодорхой тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин худгийн паспорт, зөвшөөрөл зэрэг баримтыг өгөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Ч.Днь хариуцагч П ХХК, иргэн Б.С нарт холбогдуулан барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээ цуцалснаас учирсан хохиролд 26.764.816 төгрөг гаргуулах, худгийн паспорттай холбоотой зөвшөөрөл, баталгааны хуудас холбогдох бусад бичиг баримт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Б.С-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзаж, хариуцагч нь худгийн паспорт зөвшөөрөл, баталгааны хуудас баримтыг өгөхөөр хүлээн зөвшөөрч, гэрээний дагуу ажиллах боломжоор хангаагүй, гэрээгээр тохиролцсон барилгын дээвэр болон дотор заслын материалыг өөрчилсөн тул 26.764.816 төгрөгийн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Днь хариуцагч П ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх 20/04/001 дугаартай гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь өөрийн материалаар захиалагчийн эзэмших эрхийн 000707017 дугаар гэрчилгээтэй нэгж талбарын дугаар бүхийн Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 414 м.кв талбайтай газар дээр 35 м.кв талбайтай амины орон сууцны зориулалт бүхийн блокон барилгыг барьж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь барилгын ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна /хх-7-13/.

Талуудын хооронд нэг тал ажлын үр дүн буюу хувийн сууцыг хүлээлгэн өгөх, нөгөө тал хөлс төлөх үүрэг хүлээсэн хэлцэл хийгдсэн байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч Ч.Днь ажлын хөлсөнд 40.000.000 төгрөгийг гүйцэтгэгч П ХХК-ийн захирал Б.С-ын данс руу шилжүүлсэн болох нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдож, талууд ажлын хөлсний талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ “...гэрээгээр тохиролцсон хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, нэмэлт хугацаа тогтоож 3 удаа шаардлага хүргүүлсэн боловч биелүүлээгүй, хариу өгөөгүй, дээвэр цөмөрч ус гоожсоноор ханын цаас шаралж, паркетан шал хөвсийж доголдол гарсан тул гэрээг цуцалж, дээрх доголдлыг бусдаар засварлуулсан зардлыг авна” гэж шаардсаныг

хариуцагч татгалзлын үндэслэлээ “...гэрээний дагуу ажлаа бүрэн гүйцэтгэх боломжоор хангаагүй, гэрээний дагуу хийлгэсэн амины орон сууцны дээвэрийг өөрчилж, дотор заслын материалыг өөрчилж засварлуулсан зардлыг хариуцахгүй, гэрээний хугацаанд гарсан доголдлыг засварлаад явах боломжтой байхад ингэж ажиллах боломжоор хангаагүй, түлхүүрийг хөршид хүлээлгэн өгсөн зүйл байхгүй, тэнд нэг түлхүүр нь анхнаасаа байдаг, ажилчид зөрж ирсэн үед тухайн хөрш айлаас түлхүүрээ авч барилгын ажлаа үргэлжлүүлэн ажилладаг байсан” гэж тус тус тайлбарлаж, маргасан.

Хариуцагчийн гэрээгээр тохиролцсон гүйцэтгэх ажил нь өөрийн материалаар захиалагч болох Ч.Д-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 414 м.кв талбайтай газар дээр 35 м.кв талбайтай амины орон сууцны зориулалт бүхийн блокон барилгыг барьж захиалагчид хүлээлгэн өгөх бөгөөд талууд амины орон сууцны загвар хийц, бүтээцийн талаар гэрээгээр тохиролцоогүй, хэргийн 18-р талд авагдсан санал болгож буй загвар гэх зургийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс захиалсан амины орон сууц гэж тайлбарласан боловч талуудын байгуулсан гэрээнд энэ талаар тусгаагүй.

Гэрээний хавсралт 1-д заасан материалаар барилгыг барих, захиалагч үүнд өөрөө хяналт тавих, барилгыг барих ерөнхий хугацаа нь хуанлийн 1 жил 24 өдөр, барилгын ажил 2020-04-16-ны өдөр эхлэхээр гэрээний талууд тохиролцсон байх бөгөөд гэрээний хавсралт 1 нь санал болгох барилгын материалын хийц, жагсаалт гээд хийгдэх ажилд дээвэр дулаалгатай төмөр дээвэр гэж, сантехник угсралтын ажил, засал чимэглэлийн ажил гэсэн хэсгүүдтэй байхаар тохирч, захиалагч зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Гэрээний хавсралт 2-т барилгын үр дүнг хүлээлгэн өгөх, хөлс төлөх хуваарийн талаар тохирч, барилгын ажил 2020 оны 4-р сараас эхэлсэн болон бороо орсноор барилгын ажил удааширч, барилгын дээвэрийн хийц таалагдаагүй буюу хавтгай байсан, барилгын ажилчид зөрөлдөж ирээд явахдаа түлхүүрээ манайд үлдээж байсан, 2020-6-25-ны өдрөөс хойш түлхүүр нь манайд байгаад Даваасүрэнгийн хүсэлтээр бороо орсны дараа эргэж тойрч үздэг байсан, 2 хоногийн 2 удаа бороо орсны дараа ороход тааз нь нурсан, ус чийг авчихсан байсан, одоо байшинг энэ компаниас өөр хүмүүс ирж бүрэн засвар хийж, дээвэр, таазанд засвар хийж, өрөөний хаалганы байрлал сольж, пракетан шалаа солиогүй, хогны машин хугацаандаа ирээгүйгээс болж хогоо ачуулж амжаагүй байсан талаар нэхэмжлэгчийн талын хүсэлтээр оролцсон гэрч Ж.Ням-Осор мэдүүлсэн тул энэхүү гэрчид гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгсөн, орон сууцны түлхүүрийг үлдээсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд /хх-52/ болон хариуцагч талаас гаргаж ирүүлсэн байшингийн дээвэр хавтгай ногоон өнгөтэй байхад /хх-185/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлын үр дүнгийн доголдлыг арилгаж ажлыг шинээр гүйцэтгүүлсэн талаарх фото зурагт байшингийн дээвэр гурвалжин хэлбэртэй, бор өнгөтэй болж өөрчлөгдсөн /хх-156/ байна.

Мөн нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан сиди бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр 20200719, 20200725 дугаартай бичлэгүүд байх бөгөөд эрэгтэй хүний яриа болон байшингийн урд хэсэг дээврийн хэсэг, цонхны амалгаа, барилгын материалын мод, хавтан хэсгийг зэргийг харуулсан, ямар нэгэн онгорхой хэсгээр ус дусаж цаана нь хөндлөн мод харагдаж байгаа бичлэг байх бөгөөд энэхүү бичлэгт үзлэг хийх ажиллагаанд хариуцагчийн төлөөлөгч Б.С оролцсон бөгөөд гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн амины орон сууцны байшин мөн эсэх талаар ямар нэгэн тайлбар, санал гаргаагүй /хх-125-126/.

Ажил гүйцэтгэгч П ХХК нь захиалагчийн өмчлөлд ямар нэг доголдолгүй үр дүнг шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч захиалагч гүйцэтгэсэн ажлыг хүлээн аваагүй, хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй гэж шаардлагын үндэслэлээ тайлбарласан хэдий ч хариуцагчийн гүйцэтгэсэн ажилд доголдол гарснаар тухайн доголдлыг бусдаар гүйцэтгүүлсэн ажлын зардлын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар нэхэмжлэгч ажлын үр дүнг хүлээн авсанд тооцох үндэслэлтэй байна.

Түүнчлэн ажил гүйцэтгэгч нь захиалагчид өгөх мэдэгдлийг захиалагчийн гэрээнд заасан  дугаар болон захиалагчийн @mmcg.mn имэйл хаягаар илгээнэ гэж гэрээний 7.2-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчөөс барилгын ажлын тодорхой хэсэг, үе шатанд заасан ажлыг дээрх хаягаар мэдэгдэж, гэрээний хавсралт 1-д заасан материалын сонголтыг утсаар болон чатаар холбогдон авснаар дотор засал хийгдэж, барилгын ажил дуусах шатандаа орж жижиг чимэхлүүр ажил үлдсэн байсан гэх тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэж, няцаагаагүй.

Талуудын тохиролцсон дээрх гэрээний ерөнхий хугацаа хуанлийн 1 жил 24 өдөр байна гэж гэрээний 5.1-д зааснаар талууд ажлын үр дүнг хамтран хүлээлцэх, акт үйлдэн баталгаажуулж, санал хүсэлтийг шийдвэрлэхээр гэрээний 8.2-т заасан байхад захиалагч гүйцэтгэсэн ажлын доголдол гарсан талаар ажил гүйцэтгэгчид танилцуулж, мэдэгдэж, баталгаажуулж акт үйлдсэн болох нь тодорхойгүй, ажил гүйцэтгэгчид доголдлоо арилгах боломжийг олгосон гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй буюу гүйцэтгэгч компани ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлэх боломжоор захиалагч хангаагүй гэж үзэхээр байна.

Учир нь, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр захиалагч шаардлага гаргах эрхтэй.

Өөрөөр хэлбэл захиалагч ажлын үр дүн доголдолтой байвал ажил гүйцэтгэгчид гомдлын шаардлага гаргахын зэрэгцээ уг доголдлыг арилгах хугацаа тогтоож өгнө. Энэ хугацаанд ажил гүйцэтгэгч эд хөрөнгийн доголдлыг арилгаагүй, арилгах талаар өөрөөс хамаарах үйлдэл хийгээгүй бол захиалагч доголдлыг арилгах өөр арга хэрэгсэлийг сонгох эрхтэй бөгөөд энэ талаар ажил гүйцэтгэгчид мэдэгдсэн байх учиртай.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар ажил гүйцэтгэгч нь 35 м.кв талбай бүхий орон сууцны зориулалт бүхий амины орон сууцыг барьж захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээснээр гүйцэтгэсэн ажлын үр дүнг гэрээнд оролцогч талууд актаар хүлээлцээгүй боловч захиалагчийн хүлээн авсан ажлын үр дүнд гарсан доголдлыг арилгуулахаар ажил гүйцэтгэгчид нэмэлт хугацаа тогтоосон болох нь, доголдыг арилгах боломжийг ажил гүйцэтгэгчид олгосон гэх байдал нотлогдоогүй.

Харин хэргийн 29-35-р талд авагдсан 2020-05-30, 2020-06-23, 2020-07-24 өдрийн огноотой захиалагч Ч.Дгэрээний гүйцэтгэлийг хангуулах тухай гэх бичвэрийг ажил гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн болох нь нотлогдохгүй, зохигчид барилгын ажлын явцын талаар утсаар болон фэйсбүүкээр холбогдож харилцаж байсан талаар тайлбарласныг хэн аль нь үгүйсгээгүй бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид засвар үйлчилгээг үзүүлэх боломжтой болохоо мэйлээр илэрхийлж хариу өгсөн талаар тайлбар гаргасан.

Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан 2020-10-03-ны өдрийн огноотой төсөв зохиож тооцсон тайланд захиалагч Ч.Д-гийн Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, хувийн сууцны барилгын засварын ажлын төсөвийг 26.764.816 төгрөг гэж тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгчээс 26.764.816 төгрөгийн зардал гарч, ажил гүйцэтгэсэн иргэн, аж ахуйн нэгжид шилжүүлсэн гэх байдал нотлогдоогүй буюу энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй болно.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэх үндэслэл болон хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэх үндэслэл захиалагчаас доголдолыг арилгуулахаар ажил гүйцэтгэгчид шаардлага гаргасан буюу нэхэмжлэгчид 26.764.816 төгрөгийн зардал гарч хохирол учирсан гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч болох нэхэмжлэгч нь өөрийн шаардлага болон түүний үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийн хүрээнд гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй оролцоно.

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэхээр, хуулийн 71.2-т дээрх хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болохоор тус тус зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч 2020-12-28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шаардлагын үндэслэл, тайлбараа нотлох баримтыг шүүхэд гаргах эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Түүнчлэн шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхийг шүүх эдлэх бөгөөд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа ямар нэгэн байдлаар ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдах тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэмж нотлох баримт бүрдүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах хууль зүйн үндэслэлгүй ба шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.

Тиймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэнэ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй тул хариуцагчийн худгийн паспорт түүнтэй холбоотой зөвшөөрөл, баталгааны хуудас баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг зөвшөөрсөн хэсгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хохирол шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, ажлын доголдлыг бусдаар гүйцэтгүүлснээр түүнд 26.764.816 төгрөгийн хохирол учирсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 362.074 төгрөгөөс /70.200+291.874/ нэхэмжлэлийн шаардлагад ногдох 361.974 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 100 төгрөгийг төрийн сангийн данснаас, хариуцагчаас зөвшөөрсөн шаардлагад ногдох хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжэгчид тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2021/08060 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч П ХХК-нд холбогдох ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээ цуцалснаас учирсан хохиролд 26.764.816 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч П ХХК нь худгийн паспорт түүнтэй холбоотой зөвшөөрөл, баталгааны хуудас баримтыг Ч.Д-д хүлээлгэн өгөхөөр хүлээн зөвшөөрснийг баталсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 362.074 төгрөгний 361.974 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 100 /нэг зуун/ төгрөгийг төрийн сангийн данснаас, хариуцагч П ХХК-иас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжэгч Ч.Д-д тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2021/08060 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                   Д.ЯНЖИНДУЛАМ