Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2021/01246

 

 

 

 

 2021           05            28                                                  184/ШШ2021/01246

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Амартүвшин даргалж, шүүгч Т.Батсүх, шүүгч Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 00 тоот хаягт оршин суух Б овогт А Б /00000000/,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо,00 тоот хаягт оршин суух Е овогт Э М /00000000/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 00 тоот хаягт оршин суух Е овогт Э С /000000/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар байр, 000 тоот хаягт оршин суух Ш М овогт Р Б 0000000/-д холбогдох,

Гэм хорын хохиролд 164,923,595 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Б миний нөхөр М.Э нь 1997 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө онц харгис хэрцгийгээр гэртээ байх үедээ бусдын гарт хорлогдон нас барсан. Тухайн үед нийгмийг цочроосон энэ аймшигт аллагын эзэн олдохгүй явсаар 19 жилийн дараа буюу 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн албан хаагчид Туркэд олон жил орогнож байгаад ирсэн Р.Б гэгч эмэгтэйг баривчилж уг этгээд анхны мэдүүлгээрээ хэргээ хүлээсэн.

2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоол гарч хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алсан эрүүгийн хэргийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэгсэхгүй болгож эмэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид дөнгөж очоод байсан Р.Б эрх чөлөөтэй болж суллагдсан юм. Тэр этгээд эх хүн эмэгтэй хүний хувьд надаас болон нялх багадаа түүний буруугаас болж хайртай эцгээсээ хагацаж үлдсэн 2 охиноос маань уучлалт огт гуйсангүй, ганц ч төгрөгийн хохирол төлсөнгүй ялсан баатрын дүрээр омог бардам аз жаргалтай амьдарч явна. ama

Миний бие талийгаач нөхөр Э хар багаасаа нэг ангид сурч дунд сургууль хамт төгссөн. Миний бүх амьдрал хүүхэд залуу нас энэ хүнтэй цуг өнгөрч бид хоёр охинтой эцэг эх болсон аз жаргалтай сайн сайхан амьдарч байсан. Би эр нөхрөө 1997 онд алагдсанаас хойш цэл залуугаараа бэлэвсэрч 2 өнчин охин, төрсөн ганц хүүгээ харгис алуурчны гарт харамсалтайгаар алдаж өөрийн гэх ганц ч үр хүүхэдгүй үлдсэн хадам эх эцгээ харж асрах алуурчныг хэзээ нэгэн цагт олдох болов уу гэж горьдлого тээн хүнд ачааг нуруундаа тээн амьдын тамд амьдарч ирсэн.

Талийгаачийг алах үед бидний 2 охины том нь 9 настай, бага нь 4 настай өнчирч үлдээд бусдын буруугаас болж бүх насаараа эцгийн хайрыг үзэлгүй амьдарч яваа шаналлыг юугаар хэмжих билээ. Арай гэж 19-н жилийн дараа алуурчин баригдахад бүх насаараа зовсон биднийг бүтэн 2 жил шахам цагдаа шүүхээр явуулж нэмж тамласны эцэст Монголын шүүх прокурор олон жил шударга шийтгэлээс зугтааж Монгол төр, хууль, хохирогчдоор даажигнан тохуурхаж чадсаных нь шагнал болгож 1986 оны Эрүүгийн хуулиар 19-н жилийн дараа илэрсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанд тооцож хэргийг хаасан юм.

Хэрэв алуурчин анх баригдахад анхнаасаа прокурор энэ хэрэг 1986 оны хуулиар явна, хэрэгсэхгүй болно гэсэн тогтоолоо гаргасан бол ядарсан бид хий дэмий горьдон найдаж алуурчинг тохирох ялаа авна гэж итгэж өмгөөлөгч хөлсөлж олон шатны шүүхээр явж эрүүл мэнд сэтгэл санааны хохирол нэмж амсахгүй байлаа. Би өөрөө тахир дутуугийн группт байдаг бөгөөд сарын 178,000 төгрөгөөс өөр орлого байхгүй. Гэмт хэрэгтэн чөлөөтэй болоод 3 жил өнгөрлөө. Уучлалт гуйж ирэх нь бүү хэл нүүр ном хаяг /фэйсбуук/-аар нь орж харахад огт зовж шаналсан шинжгүй харагдах юм.

Талийгаач нөхөр маань хариуцагч Р.Б гарт хэрцгийгээр амиа алдсанаас хойш 24 жилийн хугацаа өнгөрчээ. Тиймээс миний бие сэтгэл санааны гэм хохирлоо 1 жилийн 3,000,000 төгрөгөөр үнэлээд 24 жилд үржүүлж 72,000,000 төгрөгийн сэтгэл санааны гэм хорын үнийн дүн гаргасан. Э.М, Э. С нарын 24 жилийн сэтгэл санааны хохирол 72,000,000 төгрөг болсон.

Иймд Р эхнэр миний бие болон 2 охиныхоо өмнөөс оршуулгын зардал 10,864,000 төгрөг, цайллагын зардал 4,500,000 төгрөг, хүүхдүүд тэжээгчээ алдсаны тэтгэлэг зөрүү нийт 4,859,595 төгрөг, өмгөөллийн хөлс 700,000 төгрөг, гэм хор /сэтгэл санааны/ хохиролд 144,000,000 сая төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

А.Б нэхэмжлэлтэй Р.Б холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаж үндэслэл болгож байгаа эрүүгийн 727648 дугаартай хэрэгт Р.Б яллагдагчаар татагдан шалгагдаад хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр хэлэлцэн прокурорт буцаан эцэст нь Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1183 дугаартай тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэг зааснаар хэрэгсэхгүй болсон, энэхүү тогтоолд хэргийн оролцогч гомдол гаргаагүй хуулийн хүчин төгөлдөр болсон.

Харин нэхэмжлэгч А.Б үндсэн нэхэмжлэл 20,923,595 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 72,000,000 төгрөг, нэхэмжлэгч Э.М, Э.С нарын 92,923,995 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй, гэм буруугүй, Р.Бгэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол хүчингүй, Р.Б хүнийг санаатай алах гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Д.Б 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ “... Р.Б нь буруутай гэж үзэж байна, нэхэмжлэгчийн гаргасан гэм хорын хохиролд нэхэмжлэсэн мөнгийг гаргаж өгөх нь зөв гэж үзэж байна“ гэжээ.

 

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Р.Б оршуулгын зардал 10,864,000 төгрөг, цайллагын зардал 4,500,000 төгрөг, өмгөөллийн хөлс 700,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 72,000,000 төгрөг, нийт 88,064,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Э.М, Э.С нар хариуцагч Р.Б гэм хор учруулсны төлбөр буюу тэтгэмжийн зөрүү 4,859,595 төгрөг, сэтгэл санааны хохирол 72,000,000 төгрөг, нийт 76,859,595 төгрөг гаргуулах, бүгд 164,923,595 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ. /хх-1-10, 153-154, 165-166/

 

Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Р.Б гэм буруутай үйлдлийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус /сэтгэл санаанд/ хохирол учирсан” гэж, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “...Р.Б гэм буруугүй, түүнийг гэм буруутай гэж тогтоосон шүүхийн шийдвэргүй, ... хохирол төлөх хууль зүйн үндэслэлгүй, ... сэтгэл санааны хохирол ... баримтаар тогтоогдсон зүйлгүй” гэж тус тус тайлбарлан маргаж байна. /хх-53,177,193, 211/

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Р.Б 1997 оны 8 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө талийгаач М.Э амь насыг хохироосон гэх эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Р.Б хүний /М.Э/-г онц харгис хэрцгий аргаар санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 18 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, 5,458,126 төгрөг гаргуулж хохирогч Э.М олгож, бусад хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэснийг Давж заалдах шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 219 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн №1183 тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-80-99, 100-108, 142-144/

Зохигч талуудын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Р.Б нь 1997 оны 8 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө иргэн М.Элбэгзаяагийн амь насыг хохироосон, хариуцагч Р.Б бусдын амь нас хохироосон үйлдлийн улмаас нэхэмжлэгч А.Б эд хөрөнгийн хохирол учирсан үйл баримтууд тогтоогдлоо. /1-р хх-25, 196-210, 2 хх-1-11, 13-19/

Харин хариуцагч Р.Б бусдын амь нас хохироосон үйлдлийн улмаас нэхэмжлэгч А.Б, Э.М, Э.С нарын сэтгэл санаанд сэтгэл санааны хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч Э.М, Э.С нарын гэм хор учруулсны төлбөр буюу тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гаргуулах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Р.Б гэм буруутай үйлдлийн улмаас иргэн М.Э нас барсан, нэхэмжлэгч А.Б талийгаачийг оршуулга, цайллага, өмгөөллийн хөлс зэрэг зайлшгүй зардал, гэм хор учирсан байх бөгөөд түүний энэ хууль бус үйлдэл, учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хариуцагч Р.Б гэм буруу нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүх хуралдаанд өгсөн тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-223 тал/

 

Хариуцагч Р.Б гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч А.Б гэм хор учирсан байна гэж үзэхдээ иргэдийн төлөөлөгч Д.Б 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд “... Р.Б нь буруутай гэж үзэж байна, нэхэмжлэгчийн гаргасан гэм хорын хохиролд нэхэмжлэсэн мөнгийг гаргаж өгөх нь зөв“ гэсэн дүгнэлтийг харгалзан үзсэн болно. /хх-219/

Иймд хариуцагч Р.Б бусдын амь насыг хохироосон гэм буруутай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол гэдэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр зохицуулсан боловч хариуцагч тал татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1., 508.2-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй”, “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах” эрхтэй.

Нэхэмжлэгч А.Б хариуцагч Р.Б оршуулгын зардал 10,864,000 төгрөг, цайллагын зардал 4,500,000 төгрөг, өмгөөллийн хөлс 700,000 төгрөгийг шаардсан бөгөөд эдгээр хохирлыг зайлшгүй зардалд тооцож хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. /хх-20-24, 175/

Үүнд: өмгөөллийн хөлсөнд төлсөн 700,000 төгрөг, “Нэгдэлч” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №50 тоот, 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн №16 тоот “оршуулгын цайллага 1997 онд “...Мон-Арго” ХХК-ийн хоолны газар болсон, тухайн үед нь ажиллаж байсан нягтлан бодогч Т.Сэмчин, нярав Г.Эрдэнэцэцэг нарын гэрчилсэн, өнөөдрийн байдлаар буяны цайллага хийх 1 хүний 25,000-35,000 төгрөгийн үнэтэй тухай агуулга бүхий” тайлбар, Хөрөнгө үнэлгээний төвийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар Б/105 тоот “...мөнгөний өнөөгийн үнэ, цэнийн тухай, ...1997 оны 3,474,408 төгрөгийн өнөөгийн үнэ, цэнэ 9,927,099 төгрөг” гэх тодорхойлолт, мөн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “... мөнгөний ханш 7.52 дахин буурсан” гэх дүгнэлт, Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээ “...жижиг суваргатай үйлчилгээ, нөат-гүй үнэ 10,864,000 төгрөг” гэх нотлох баримтууд, нэхэмжлэгч А.Б шүүх хуралдаанд өгсөн “...тухайн үед багадаа 150 орчим хүн оршуулгын ажилд оролцсон, талийгаачтай салах ёс гүйцэтгэсэн, өнөөгийн үнэ цэнийг бусад байгууллагын үнийн саналаар нэхэмжлэсэн” гэх тайлбар зэргийг үндэслэсэн болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа “...орон сууц худалдах худалдан авах гэрээ, гэрчилгээ зэргийг нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, оршуулгын зардал, цайллага зэрэгт зарцуулсан мөнгө нэхэгдэхээр орон сууцаа зарсан гэх үйл баримтыг тогтоох зорилготой гаргаж өгсөн” гэж тайлбарласан.  /хх-145-147, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хх-148-150/

“Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан түүнээс тэтгэвэр авах эрхтэй хүүхэд, түүнчлэн эхнэрийн аль нэг нь авах эрхтэй” ба хариуцагч Р.Б нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1, 508.4.3-т зааснаар гэм хор учруулсны төлбөрийг нас барагчийн бага насны буюу насанд хүрээгүй хүүхдийг арван найман насанд хүртэл, тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон хугацаанд нөхөн төлбөр төлөх үүрэгтэй байсан боловч нэхэмжлэгч Э.М, Э.С нар нь 1997 оны 10 дугаар сараас 2011 оны 08 дугаар сарын дуустал нийгмийн халамжийн сангаар тэжээгчээ алдсаны тэтгэмжид 3,692,160 төгрөг авсан, насан /Э.М 33, Э.С 28 нас/-д хүрсэн байна. Хуулийн энэ зохицуулалтыг тайлбарлавал гэм буруутай этгээдээр нас барсан хохирогчийн хүүхдийг насанд хүртэл тэжээн тэтгүүлэх зорилготой байна. /хх16-18/,  

 

Талийгаач М.Э эхнэр А.Б, түүний охин Э.М, Э.С нар нь “дээрх үйл явдал, гэмт хэргийн улмаас сэтгэл санаа /гэм хорын улмаас сэтгэл зүйн харамсал, шаналал, өвдөлт зовиур, бухимдал/-д 144,000,000 төгрөгийн эдийн бус хохирол учирсан, сэтгэл санааны гэм хорын хохирлыг 1 жилийн 3,000,000 төгрөгөөр үнэлээд 24 жилд үржүүлэн 72,000,000 төгрөгөөр тооцсон гэжтайлбарлах боловч нэхэмжилж буй нэхэмжлэлийн үндэслэл, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй, хариуцагч Р.Б бусдын амь нас хохироосон үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарт сэтгэл санааны хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна. /1хх-1-10, 153-154, 165-166/

Сэтгэл, санааны хохирол гэдэгт ... эдийн бус гэм хорыг ойлгох бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2-т “...Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй. Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

Мөн Иргэний хууль /511/-д заасан эдийн бус хохирол гэдэгт “бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан” тохиолдлыг  тусгайлан заасан  байдаг.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх үндсэн зарчим бол диспозитив зарчим ба тус зарчим нь хэргийн оролцогч, талуудын сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцох, хариуцагч зарим хэсгийг зөвшөөрвөл түүнийг үндэслэж шүүх шийдвэрлэж болох авч хариуцагч Р.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С аль ч шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй тул энэ зарчмыг хэрэглэх боломжгүй байна.

Түүнчлэн гэм хорыг хэмжих боломжгүй бол хохирлыг шаардах эрх үүсэхгүй, хохирлын гол шинж нь тооцож, хэмжиж болохуйц байхаас гадна хууль тухайлан заасан, зохицуулсан байх учиртай.

Хууль зүйн шинжлэх ухааны салбарт хохирогчийн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэхэд хохирогч нь сэтгэл зүйч, сэтгэцийн эмчийн хяналтанд байсан эсэх, зөвлөгөө, үйлчилгээ авсан, эмчилгээ хийлгэсэн байдал, төлсөн төлбөр, баримт нь ач холбогдолтой бөгөөд уйлах, уурлах, бухимдах, харамсах зэрэг нь энэ төрлийн гэм хорыг нөхөн төлүүлэх үндэслэл болохгүй гэж үздэг байна.

 

 Иймд дээрх хууль зүйн үндэслэл, хэрэгт авагдсан баримтууд, зохигчийн тайлбаруудыг үндэслэн бусдын хууль бус, гэм буруутай үйлдлээс хүний амь нас эрсэдсэн, улмаар талийгаачийн ойр дотны буюу гэр бүлийн гишүүд, эхнэрийн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх эрх, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг арилгуулах нэхэмжлэгч А.БР, Э.М, Э.С нарын нэхэмжлэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар зарим хэсгийг буюу гэм хорын хохиролд 16,064,000 төгрөгийг хариуцагч Р.Б гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 148,895,595 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан, шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч эрхээ эдлэх боломжтой байсан бөгөөд энэ хугацаанд гэрч асуулгах, шинжээч томилуулах зэрэг аливаа хүсэлтийг зохигч гаргаагүй байна.

Мөн нэхэмжлэгч А.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өмгөөлөгч Ц.Г хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд шүүхээс нэхэмжлэгч талын эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан нэхэмжлэгч А.Б, Э.М, Э.С нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д “томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно.” гэж заасан ба зохигч иргэдийн төлөөлөгчийг оролцуулах шаардлагагүй гэдгээ илэрхийлсэн тул иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ НЬ :

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2-т заасныг баримтлан хариуцагч Р.Б 16,064,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б олгож, түүний нэхэмжлэлээс үлдэх 72,000,000 төгрөг гаргуулах хэсгийг, нэхэмжлэгч Э.М, Э.С нарын 76,859,595 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Р.Б 238,270 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               В.АМАРТҮВШИН

            ШҮҮГЧИД                                                     Т.БАТСҮХ

Б.ХИШИГБААТАР