Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/01198

 

 

 

 

 

 

 

 

 

А.Баагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2021/01246 дугаар шийдвэртэй, А.Баа, Э.Мах, Э.Сгэ нарын нэхэмжлэлтэй Р.Бамд холбогдох гэм хорын хохиролд 164 923 595 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Баа миний нөхөр М.Элбэгзаяа нь 1997 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө гэртээ байх үедээ бусдын гарт хорлогдон нас барсан. Тухайн үед нийгмийг цочроосон энэ аймшигт аллагын эзэн олдохгүй явсаар 19 жилийн дараа буюу 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн албан хаагчид Туркэд олон жил орогнож байгаад ирсэн Р.Бам гэгч эмэгтэйг баривчилж, уг этгээд анхны мэдүүлгээрээ хэргээ хүлээсэн.

Би өөрөө тахир дутуугийн группт байдаг бөгөөд сарын 178,000 төгрөгөөс өөр орлого байхгүй. Талийгаач нөхөр амиа алдсанаас хойш 24 жилийн хугацаа өнгөрчээ. Иймд миний бие сэтгэл санааны гэм хорын үнийн дүнг 1 жилийн 3,000,000 төгрөгөөр үнэлээд 24 жил буюу 72,000,000 төгрөг, Э.Мах, Э. Сэлэнгэ нарын 24 жилийн сэтгэл санааны хохирол 72,000,000 төгрөг, нийт 144,000,000 төгрөг, оршуулгын зардал 10,864,000 төгрөг, цайллагын зардал 4,500,000 төгрөг, хүүхдүүд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нийт 4,859,595 төгрөг, өмгөөллийн хөлс 700,000 төгрөг, нийт 164 923 595 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаж үндэслэл болгож байгаа эрүүгийн 727648 дугаартай хэрэгт Р.Бам яллагдагчаар татагдан шалгагдаад хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр хэлэлцэн прокурорт буцаан эцэст нь Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1183 дугаартай тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэг зааснаар хэрэгсэхгүй болсон, энэхүү тогтоолд хэргийн оролцогч гомдол гаргаагүй хуулийн хүчин төгөлдөр болсон.

Харин нэхэмжлэгч А.Баагийн үндсэн нэхэмжлэл 20,923,595 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 72,000,000 төгрөг, нэхэмжлэгч Э.Мах, Э.Сгэ нарын 92,923,995 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй, Р.Бамыг гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол хүчингүй болж, Р.Бам хүнийг санаатай алах гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Иргэдийн төлөөлөгч 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Р.Бам нь буруутай гэж үзэж байна, нэхэмжлэгчийн гаргасан гэм хорын хохиролд нэхэмжилсэн мөнгийг гаргаж өгөх нь зөв гэж үзэж байна гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 508 дугаар зүйлийн 508.1., 508.2-т заасныг баримтлан хариуцагч Р.Бамаас 16,064,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Байгалмаа, Э.Мах, Э.Сгэ нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 148,895,595 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Р.Бамаас 238,270 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “...гэм хор учруулсан байна гэж үзэхдээ иргэдийн төлөөлөгч Д.Батсүрэнгийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн үзэх хуралдаанд “...Бямбадулам нь гэм буруутай гэж үзэж байна, нэхэмжлэгчийн гаргасан гэм хорын хохиролд нэхэмжилсэн мөнгийг гаргаж өгөх нь зөв” гэсэн дүгнэлтийг харгалзан үзсэн болно” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл болохгүй. Учир нь хэрэг хэлэлцсэн өдөр иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд хэргийн материал танилцаж, хэлэлцүүлэгт оролцоогүй оролцогчийн дүгнэлт шийдвэрийн үндэслэл болохгүй.

Мөн шийдвэртээ “...оршуулгын зардал 10,864,000 төгрөг, цайллагын зардал 4,500,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 700,000 төгрөгийг шаардсан бөгөөд эдгээр хохирлыг зайлшгүй зардалд тооцож хариуцагчаас гаргуулах нь зүйтэй” гэж дүгнэснийг нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Оршуулгын зардал 10,864,000 төгрөг нь баримтаар нотлогдохгүй, хэрэгт авагдсан “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээний үнэ” гэдэг нэртэй баримтын “жижиг суваргатай үйлчилгээ” НӨАТ-гүй үнэ 10,864,000 төгрөг гэсэн хэсэгт байгаа дүнгээр шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй. Учир нь энэ баримт тухайн байгууллагын 2015 онд баталсан үйлчилгээний үнэ бөгөөд энэ баримтаар талийгаачийг оршуулсан бодит, шууд зардал гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй. Цайллагын зардал 4,500,000 төгрөг нь мөн л баримтаар нотлогдохгүй, хэрэгт авагдсан “Нэгдэлч” ХХК-ийн албан бичигт тусгагдсан Т.Сэмчин, Г.Эрдэнэцэцэг нарын оршуулгын цайллага болсон гэх тодорхойлолт гэрчийн мэдүүлэгтэй адилтган үнэлэх хууль зүйн үндэслэлгүй, өнөөдрийн байдлаар буяны цайллага хийх 1 хүний зардал 25,000-35,000 төгрөг гэснийг үндэслэн оршуулгад нэхэмжлэгчийн тайлбарласнаар 150 хүн оролцсон, 1 хүний зардал 30,000 төгрөг гэж тооцоод 4,500,000 төгрөг гэж тогтоож байгаа нь хуульд нийцэхгүй. Учир нь буяны цайллага “Нэгдэлч” ХХК-нд болоогүй, 150 хүн оролцсон, 1 хүн 30,000 төгрөг гэж тооцсон нь бодит, шууд зардал гэж үзэх хангалттай баримт болохгүй.

Өмгөөлөгчийн хөлс 700,000 төгрөг нь эрүүгийн хэрэгт хохирогчийн сонгож авсан өмгөөлөгчтэй байгуулсан гэрээний үүрэг бөгөөд оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд хамаарахгүй, өмгөөлөгчөөс үйлчилгээ авсан гэрээ л хэрэгт байгаа болохоос төлбөр төлсөн баримт байхгүй. Иймд давж заалдах шатны шүүхэд хэргийг бүхэлд нь хянан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч А.Баа, Э.Мах, Э.Сгэ нар нь хариуцагч Р.Бамд холбогдуулан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус гэм хорын хохирол нийт 164,923,595 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Р.Бам нь 1997 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны 245 тоот оршин суух иргэн М.Элбэгзаяаг хутгалж амь насыг нь хохироосон болохыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 111 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 627 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 294 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 219 дугаар магадлалд дурдсан түүний өөрийнх нь мэдүүлгүүдэд үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1183 тогтоолоор Р.Бамд холбогдох эрүүгийн хэргийг 1986 оны Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагад татаж болохгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, уг тогтоолд Р.Бам нь гэм буруугүй гэдгээ тогтоолгох талаар өргөдөл гаргаагүй байна.

 

Иймд Р.Бамыг бусдын амь насыг хохироосон гэм буруутай гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

М.Элбэгзаяа болон А.Баа нар нь 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсон, тэдгээрийн дундаас 1988 оны 06 дугаар сарын 09-ний өдөр охин Э.Мах, 1993 оны 08 дугаар сарын 11-ний өдөр охин Э.Сгэ нар нь төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа гэх баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Баа, Э.Мах, Э.Сгэ нарт учирсан гэм хорын хохирлыг Р.Бам нь арилгах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нар хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохирлыг оршуулгын зардал 10,864,000 төгрөг, цайллагын зардал 4,500,000 төгрөг, өмгөөллийн хөлс 700,000 төгрөг гэж тодорхойлон шаардсаныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Нэхэмжлэгч Э.Мах нь өмгөөлөгч О.Батсүхтэй 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хууль зүйн үйлчилгээний төлбөрийн талаарх тохиролцоо нэртэй баримтаар үйлчилгээний хөлсийг 700,000 төгрөгөөр тохиролцсон, “Нэгдэлч” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 50 тоот, 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 16 тоот албан бичгээр гаргасан буяны ажлын цайллага 1997 онд хийгдсэн, өнөөдрийн үнэ цэнээр 1 хүний цайллагын төлбөр 25,000-35,000 төгрөг гэсэн тодорхойлолт, Хөрөнгө үнэлгээний төвийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар Б/105 тоот дүгнэлтээр 1997 оны 3,474,408 төгрөг нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 9,927,099 төгрөг гэсэн нотлох баримтуудыг шүүхэд гаргасан, уг баримтуудыг хариуцагч няцаагаагүй байна. /хх-20-23, 175/

 

Харин нэхэмжлэгч А.Баа, Э.Мах, Э.Сгэ нарын сэтгэл санааны хохирол 144,000,000 төгрөг, хүүхдүүд тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү 4,859,595 төгрөг гаргуулах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасанд нийцжээ. Өөрөөр хэлбэл, эдийн бус гэм хорын хохирлыг хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлөх, сэтгэл санааны буюу ёс суртахууны гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497-514 дүгээр зүйлд шаардах эрхийг зохицуулаагүй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан “Р.Бам нь буруутай гэж үзэж байна, нэхэмжлэгчийн гаргасан гэм хорын хохиролд нэхэмжлэсэн мөнгийг гаргаж өгөх нь зөв гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг үндэслэл болгосныг буруутгахгүй. Харин 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч ирээгүй, зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн санал гаргасан байна. Энэ тохиолдолд хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2021/01246 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 900 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА