Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2021/2234

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           нэхэмжлэгч- тоотод оршин суух, Ч Б овогт Б-ы О-н нэхэмжлэлтэй,

           хариуцагч- тоотод оршин суух, А овогт Д-ын Э,

хариуцагч- тоотод оршин суух, Ц овогт М-ын Н нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 55.839.500 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

2018.6.14-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Д.Э-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, түүний өмгөөлөгч П.А, хариуцагч Д.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, түүний өмгөөлөгч С.Э, хариуцагч М.Н, гэрч Д.Э, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ошүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн төрсөн дүү М-ын Н, түүний нөхөр Д-ын Э нар Австрали улсын дуудлага худалдаагаар хямд үнээр автомашин худалдан авч, Монгол улсад зарж борлуулвал их хэмжээний ашиг олдог хэмээн хэд хэдэн удаа би данс руу нь шилжүүлсэн. Би Д.Эөд нийт 15 удаагийн гүйлгээгээр 54.228.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд гүйлгээг Австрали, Монгол улсын хооронд валютын гүйлгээ хийдэг Г.Ж, Б.А, Б.Б, Б.Э нараар гуйвуулж явуулсан. Мөн М.Н, Д.Э нарын дундын данс болох 5040056607 тоот Хаан банкны дансаар гүйлгээ хийсэн.

Тухайлбал, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Г.Ж-ийн хаан банкны 5122022929 тоот данс руу 5.500.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Б.А-ын Хаан банкны 5020785704 тоот дансанд 3.700.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Б.Б-ийн Хаан банкны 5753940973 тоот дансанд 5.000.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Б.Э-ы Хаан Банкны 5034752784 тоот дансанд 3.615.000 төгрөг, 160.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Б.Б-ийн хаан банкны 5753940973 тоот дансанд 9.728.000 төгрөг, 2018 оны 03 дгаар сарын 21-ний өдөр 962.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 25.513.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл хожим хүчин төгөлдөр бус болсон бол уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй тул Д.Эийг үндслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн шилжүүлсэн мөнгө болох 34.228.000 төгрөгийг нэхэмжилсэн.

Нэхэмжлэлийн шаардлага болох 34.228.000 төгрөгийг Д.Эөд Австрали улсаас Монгол улс руу машин оруулж ирж худалдан борлуулахад нь зориулж зээлдүүлж, шилжүүлж байсан Д.Э, М.Н болон Б.Онарын хооронд тохирсон тохиролцооны дагуу машинаа Монгол улсад оруулж ирээд, худалдан борлуулсаны дараа Б.О-аас зээлсэн мөнгөө буцаан шилжүүлэх үүрэгтэй байсан. Нэгэнт мөнгө зээлж авсан бол буцаан төлөх, хэзээ төлөх, хүү алданги зэрэг асуудал яригдах нь тодорхой бөгөөд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу Б.Оболон Д.Э нарын хооронд мөнгө зээлдүүлсэн зээлсэн харилцаа үүссэн, харин бичгээр гэрээ байгуулаагүй, аман тохиролцоо байсан тул Д.Эөөс хүү болон алданги нэхэмжлэхгүй, зөвхөн зээлдүүлсэн мөнгөө буцаан нэхэмжилж байна.

2018-3-21-ний өдөр Э, Н нарын визний хугацаа дуусаад Монголд ирсэн байхад машинууд монголын гааль дээр ирсэн туслаач мөнгө хэрэгтэй байна гэснээр 2018-3-21-нд 962.000 төгрөгийг Нармандахад, 1сая төгрөгөөс дээш гүйлгээ нь өнжиж орно гэсэн тул 2018-5-2-нд Э, Н нарын дундын дансанд 1 сая төгрөгөөр 3 удаа, 607.500 төгрөг, нийт 3.607.500 төгрөгөөр тус тус шилжүүлсэн. Мөн О гэдэг хүнээс 15 сая төгрөгийн зээл авч Н-д өгсөн, уг зээлийг авахад би гарын үсэг зурж өгсөн байгаа. Эдгээр мөнгөөр Австралиас ирсэн автомашинуудын гаалын татвар, хураамжийг төлж байсан. Ингээд 2018-6-24-нд эхний машин зарагдах үеэс Энхтөгс, Ннар хэрэлдэж, муудалцаад Э нь дундын данснаасаа мөнгө авч зугатсан талаар хэлсэн тул 2018-6-30-ны өдөр манай гэрт ирэхдээ мөнгө төгрөгөө өгнө гэж хэлчсэн. Би энэ хоёр мексер захиж байсан тул надад нэг мексер авчирж өгөөд түүний үнэ 60.000 төгрөгийг хасч 19.040.000 төгрөгийг ээж О бид хоёрын дундын дансанд шилжүүлсэн тул би 20 сая төгрөгөө авсан гэж ойлгосон байтал Энь энэ мөнгөө ээж Отгонбаярт зээлдүүлсэн гээд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 2018-7-25-нд эдгээр хүмүүсийн авчирсан бүх машин зарагдаж дууссан бөгөөд хэрэлдэж, муудалцаж яваад миний мөнгийг өгөөгүй, би ч зээлдүүлсэн мөнгөө авч чадаагүй байтал гэрлэлтээ шүүхээр цуцлуулсан. Д.Э, М.Н нар гэр бүл байхдаа надаас 55.839.500 төгрөгийг зээлж авсан тул уг зээлийн төлбөрийг 50, 50 хувиар гаргуулах хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч Д.Э шүүхэд болон  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О-с мөнгө зээлж байгаагүй, харин мөнгө зээлдүүлж байсан 3.100.000 төгрөгийн тооцоо байгаа, харин түүнд өгөх өр төлбар байхгүй. Түүний дүү М.Н-тай гэр бүл байсан хэдий боловч гэрлэлт цуцлах, гэр бүлийн дундын хөрөнгийг шүүхээр тогтоолгон маргаж, хувиарлан шийдвэрлүүлсэн. Би гадаадад ажиллаж мөнгө олж, Б.О-ы дүү Ннь анагаахын их сургуулийн оюутан байсан. Б.Онь намайг Австрали улсад байхад захьсан машинаа хүлээж авсан атлаа үндэслэлгүй мөнгө шаардсан байна. Н-ыг би Австралид аялуулж байх үед дүүдээ явуулсан мөнгөө хүртэл эргүүлээд надаас нэхсэн байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр гэр бүлийн дундын хөрөнгийн маргаан шийдвэрлэгдсэн энэхүү хэрэгт Б.Онь гэрчээр асуугдах үед Д.Э өөрт нь өр төлбөргүй гэсэн мэдүүлгийг өгч байсан.

Түүний нэхэмжлэл нь бодит байдалд үндэслэх бус гэр бүл цуцалж, шүүх орон сууцыг надад үлдээж шийдвэрлэсэнд бухимдаж, намайг байнга дарамталж байгаатай холбогдуулан энэхүү үндэслэлгүй нэхэмжлэлийг гаргасан гэж үзэж байна. Би мөнгийг олж, Б.Н-тай хамтын дансандаа хуримтлуулж, харин намайг Монголд байхгүй байхад Б.Ннь хадгаламжийн мөнгийг Хаан банк болон Хас банкаар дамжуулан ээж, эгч нарынхаа зээл болон түрээсийг төлж 31.616.852 төгрөгийг зарцуулж байсан шудрага бус байдлыг ч шүүх дүгнэсэн. Энэхүү шийдвэрт тэд гомдол гаргаагүй.

Бодит байдалд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, талуудын хооронд нэхэмжлэгч австралиас машин захиж, Эмашин захиалж хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан, нэхэмжлэгчийн дансны хуулгаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх байдал нотлогддоггүй. Нэхэмжлэгчийн захиалсан машины мөнгөгийг нэхэмжлэгч өөрөө шилжүүлсэн. Гадаадаас машин авахад худалдан авсан төлбөр, контейнер төлбөр, машиныг монгол улсад оруулж ирэхэд нийт 5 төлбөр төлдөг тул Энь 17 сая төгрөгийг нэхэмжлэгч Б.О-ы захиалсан машины төлбөрт төлсөн. Э-ийн ах Э гэдэг хүн нэхэмжлэгч Б.О-ы машиныг хүлээн авч түүнд шилжүүлсэн тул татварын төлбөрийг түүний нэрээр төлсөн. Машин эвдрэл гэмтэлтэй ирсэн талаар тайлбарлаж байна, сэлбэгийг машин дотор хийгээд явуулахад үүнийг Эзахиалж машинд хйиж явуулсан, талуудын дундын данснаас 2018-5-7-ны өдөр клугэр засвар 400,000 төгрөг, 5-27-нд 420,000 төгрөг зарлага гарсан буюу нэхэмжлэгчийн машины засварын зардалд энэ мөнгө гарсан.

Нэхэмжлэгч 8 гүйлгээний талаар хэлж байгаа боловч Э-ийн дансанд орж ирсэн мөнгөөр нэхэмжлэгчийн машины захиалга, ач тээврийн зардал төлөгдсөн, бусад гүйлгээ нь өөр бусад хүмүүсийн данс руу шилжүүлсэн байдаг, эдгээр хүмүүс нь Э-д мөнгийг шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй тул талуудын хооронд зээлийн гэрэний харилцаа үүсээгүй. О-д захиалсан машины үндсэн үнэд 35 сая төгрөгийн төлбөр төлөгдсөн, 2018-2-24-ний өдөр 658.000 төгрөг нь тухайн машины сэлбэгэнд зарцуулагдсан. Нэхэмжлэгчийн машин урд хэсэг эвдрэлтэй байгаад сэлбэг авч ачуулсан зардал байгаа. Нармандахад шилжүүлсэн мөнгийг Эхариуцахгүй. Дундын данс руу орж ирсэн 1 сая төгрөгийг хүлээн авч машины татвар хураамжид шилжүүлсэн, 3.607.000 төгрөг орж ирсэн нь машины үнэнд орж ирснийг зөвшөөрч байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч М.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оноос хойш Д.Этэй гэр бүл болж, хамт амьдарч байгаад 2016 оны 12 дугаар сараас Австрали улсад амьдарч эхэлсэн. Д.Э нь Австрали улсад сурдаг оюутан, би ажиллах эрхийн визтэй байсан. Бид ажиллаж, амьдрах хугацаандаа 45 сая төгрөгийн хуримтлал үүсгэсэн бөгөөд тухайн үед бидэнд ямар ч машин, байр байгаагүй тул би өөрийн аав, ээждээ хэлж мөнгөний тусламж нэмж аван Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 87-37 тоот хаягт байрлах орон сууцыг худалдаж авч байсан. 2018 онд Д.Э бид хоёр ярилцаж байгаад виз дуусах дөхсөн тул буцахдаа машин аваад Монголд очиж заръя гэж ярилцсан.

Ингээд 2018 оны 01 дүгээр сард ээж Б.О болон эгч  Б.Онарт Автралиас машин аваад Монголд очиж зарах болсон тухайгаа хэлж, мөнгө зээлээч гэж гуйсан. Тухайн үед ээж, эгч хоёр кафе, ресторанаа зараад мөнгөтэй байсан. Ингээд эгч маань бидэнд мөнгө зээлж, зарим тохиолдолд гадаад руу мөнгөн гуйвуулга хийдэг компаниар, зарим үед Австралид амьдрадаг Монгол хүмүүсийн дансанд авч тэндээ тэдгээр хүмүүсээс бэлнээр авдаг байсан. Мөнгө зээлсэний хариуд эгч Б.О-д Тоёота клугер маркийн авто машин хямд үнээр авчирч өгөхийг санал болгож эгч ч зөвшөөрсөн. Мөн эгчээс зээлсэн мөнгөө Монголд очоод машинуудаа зараад буцааж өгөхөөр тохирсон юм.

2018 оны 5 дугаар сард Австрали улсаас машинууд Улаанбаатар хотын гааль дээр ирж 6, 7 сард Д.Э бид хоёр машинуудаа зарж ээж, эгч хоёроос зээлсэн мөнгөнийхөө 19 сая төгрөгийг ээж Б.О-ын дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгөө дараагийн авто машинуудаа зарсаны дараа өгөхөөр тохирсон. 2018 оны 8, 9 дүгээр саруудад Австрали улсаас дараагийн машинууд болох Lexus RX450, Lexus Is300, клугер маркийн машинууд буусан боловч 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Д.Э нь өөрийн ах Э-ын хамт надад мэдэгдэлгүй гааль дээрээс авч зугтаасан. 2018 оны 11 дүгээр сард гэр бүл цуцлуулах нэхэмжлэл шүүхэд өгч Д.Э бид хоёр гэр бүлээ цуцлуулсан. Б.О-аас зээлсэн мөнгөнөөс үлдэгдэл төлбөрөө буцааж төлөөгүй байгаа минь үнэн. Д.Эөд удаа дараа залгаж эгчид өгөх үлдсэн мөнгөө өгөөч, чи машинууд авч зарсан юм чинь төлөх ёстой биздээ гэхэд Д.Э нь намайг “ална шүү дуугай байгаарай, чамайг хоосон болгож чадна шүү” гэх зэргээр доромжилж хараадаг байсан.

Д.Э бид хоёр анх Австрали улсад байхдаа машин худалдаж авах мөнгөний эх үүсвэрээ эгч Б.О-аас зээлсэн мөнгөөр машинуудаа авсан нь үнэн, Монголд ирээд зарсан машинуудаас 19 сая төгрөгийг төлөөд үлдэх төлбөрийг дараагийн машинуудаа зараад төлөх байсан ч тухайн авто машинуудыг Д.Э ахтайгаа нийлж авсан, авсан машинуудаа ч өөрсдөө зарж мөнгийг нь авсан тул Б.О-д өгөх ёстой төлбөрийг Д.Э хариуцан төлөх ёстой гэж үзэж байна. Монголд ирээд 6 сар хүртэлх хугацаанд олон удаагийн давтамжтайгаар мөнгөө зээлж авсан байдаг. О-ы мөнгө шилжүүлээд байгаа хүмүүс нь Австарли улсад суралцдаг оюутанууд бөгөөд монгол дахь дансанд мөнгө шижлүүлж бид австралид гэрт нь очиж гар дээрх долларыг авдаг байсан.

Б.О-ы машиныг их хямдхан буюу 2000 доллараар авсан монголын гааль дээр ирэхэд дундаж үнэлгээ гаргана гээд гаалийн мэдүүлэг дээр дундаж үнийг 2800 доллар гээд машин биш сэлбэг гэж оруулахаар болсон, машины нүүр хэсэг тэр чигтээ эвдрэлтэй байсан тул гааль татварын төлбөрийн гүйлгээ нь Эбидний дундын данснаас харагдана. 2018 оны 4-р сараас эхлэж бидний дундын дансанд мөнгө орж ирсэн, Эт гэсэн гүйлгээг Эбид хоёр мобайл банкаар хийж байсан, машиныг гааль дээр Эт нэрээр хүлээн авсан. Б.О*д эвдрлэтэй машин өгнө гэж хэлээгүй, хямдхан машин өгнө, зээлсэн мөнгөний хүүнд гаалийн мөнгийг төлнө гэж хэлж байсан. Нэхэмжлэгчээс бид 2018 оны 1-р сараас 6 сар хүртэл мөнгө зээлж, Э-аар заруулсан машины мөнгө 40 сая төгрөгөөр ББСБ-д төлөх зээлээ дарсан, дараагийн машин зарсан мөнгөнөөс нэхэмжлэгчид 20 сая төгрөгийг өгөхөөр болж 19 сая төгрөг өгөхөөр болж ярьсан. 2018-7-21-ний өдрөөс 25-ны  хооронд үлдсэн клугер машин зарагдаж Эбидний дундын дансанд 130 сая төгрөг байхад Эдур мэдэн 129 сая төгрөг авснаар хэл ам болж 19.040.000 төгрөгийг О-д өгсөн байсан. Нэхэмжлэгчид өгөх мөнгийг тусдаа дансанд хадгалсан байсан нь энхтөгсийн дансны хуулгаас харагдахаар байгаа, энэ мөнгийг Эхувьдаа авч завшсан. 5 сая төгрөгийн тухайд 2017-10-05-ны өдөр би монголд байхдаа О-аас зээлсэн байсан нь миний хил гаалиар нэвтэрсэн хуулгаар харагдана, Эмөнгөгүй болсон талаар хэлсэн тул 3 сая төгрөг зээлж түүн рүү дамжуулсан. 2017 оны 12 сарын сүүлээр Австрали улсад ажлаа хийж байгаад О-аас мөнгө зээлсэн талаар хэлж энэ мөнгийг өгье гээд Э, Энар хоорондоо 5 сая төгрөгийн зээлийн асуудал байгаад Э ах нь 5 сая төгрөгийг О-ы данс руу хийсэн гэж хэлсэн. Эргүүлээд бид хоёр билетийн мөнгөгүй болоод зээл аваад яваад байсан. Олон удаагийн гүйлгээгээр зээл авсан. Нэхэмжлэгчийн нэхэж байгаа дүнгээс Сүхбаатар дүүргийн шүүх дээр шийдэгдэж байгаа 19.940.000 төгрөгийг хасаж тооцуулаад үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа: Э-ийн зүгээс өмнө нь хариуцагч М.Н-тай эхнэр, нөхрийн харилцаатай байхад зээл өгөөч гэснээр нэхэмжлэгчид 2.500.000 төгрөгийг 2018-6-14-ний өдөр шилжүүлсэн бөгөөд банкны гүйлгээний утгаас үзэхэд Э-өөс зээлэв гэж шилжүүлсэн тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Дахин 2018-7-24-ний өдөр 100.000 төгрөгийг Э-өөс гэсэн утгаар шилжүүлсэн, тухайн үед амаар харилцан тохиролцож шилжүүлсэн тул зээлийн гэрээний үүрэгт 2.600.000 төгрөгийг шаардаж байгаа гэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э-өөс энэ зээлийг авахгүй, 50, 60 сая төгрөгийн зээл өгчихөөд 2.500.000 төгрөг яасан гэж зээлхэв. Хариуцагч нар байраа бусдаар засуулахдаа миний дансаар дамжуулж энэ мөнгийг гаргасан, энэ мөнгө миний дансанд орж ирэхдээ Э, Ннарын дундын данснаас орж ирсэн, энэ мөнгийг би засвар хийсэн Б, Б нарт гаргаж өгсөн. 100.000 төгрөгийн тухайд надад байсан нүүрний комыг Энь Н-д бэлэглэхээр аваад мөнгийг нь шилжүүлсэн санагдаж байна. Тиймээс би Э-с зээл аваагүй тул зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Онь хариуцагчаар Д.Э, М.Н нарыг тодорхойлон татаж, тэдгээрт холбогдуулан 2018 оны 01-р сараас 5-р сарыг дуусталх хугацаанд 55.839.500 төгрөгийг зээлдүүлсэн гэж зээлийн гэрээний үүрэгт гаргуулахаар,

хариуцагч Д.Э нь нэхэмжлэгчид 2.600.000 төгрөгийг зээлдүүлсэн гэж зээлийн гэрээний үүрэгт гаргуулах үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасныг нэхэмжлэгч, хариуцагч нар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 1-р сараас 5-р сарыг дуусталх хугацаанд хариуцагч Д.Э, М.Н нарыг Австрали улсад амьдарч байхад тэнд валютын гүйлгээ хийдэг хувь иргэдийн данс руу төгрөгөөр мөнгө шилжүүлснийг хариуцагч нар Австрали улсад байгаа иргэдээс очиж доллараар авсан, Монгол Улсад ирсний дараа хариуцагч нарын данс руу мөнгө шилжүүлсэн тул зээлийн гэрээний үүрэгт 34.228.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан /1-р хх-1-2/ боловч 2020-11-05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилөхдөө шаардлагын дүнг 34.220.000 төгрөг гэж багасгаж шаардсан /1-р хх-113-114/.

 

Нэхэмжлэгчээс хариуцагч нар зээлийн гэрээний үүргээс 19.940.000 төгрөгийг төлсөн байсан боловч хариуцагч Д.Э нь уг төлбөрийг ээж Б.О-аас нэхэмжилж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа 21.619.500 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 55.839.500 төгрөгийг гаргуулна гэж нийт нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон /1-р хх-179/.

 

Нэхэмжлэгч тал хавтаст хэрэгт авагдсан өөрийнхөө дансны хуулга болон хариуцагч Д.Э, хариуцагч М.Н нарын банкны дансны хуулга, тэдгээртэй фэйсбүүкээр харилцсан, хариуцагч М.Н-ын нэртэй, нэхэмжлэгч Б.Оы ..нэртэй хаягаас.., ..., ....., Ө.Э гэх иргэдтэй фэйсбүүкээр харилцсан чатанд үзлэг хийсэн тэмдэглэл, Г.Ж, Б.А гэх иргэний тодорхойлолт зэрэг баримтаар зохигчдын хооронд буюу иргэн Б.О, Д.Э, М.Н нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарласан тул энэ харилцааг зохицуулах Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1заасан зохицуулалт, тус гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл, талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Хуульд зааснаар, гэрээний гол нөхцөл тохиролцоог зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг үүсгэхээр тохиролцсон байхаар тодорхойлсон.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ” гэж зааснаар хэлцэл нь тодорхой зорилго бүхий этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд тус илэрхийлэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1зааснаар нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох зохицуулалттай.

 

Тодорхой төрлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд хүсэл зоригийн үндсэн дээр эрх, үүргээ тодорхойлох агуулгатай.

Тиймээс гэрээ бичгээр бус амаар байгуулагдсан эсэхийг тодорхойлоход нотолгооны хэрэгслийн эрэмбэлэлтийн хувьд хүсэл зориг илэрхийлэгдсэн талаарх зохигчдын тайлбар чухалд тооцогдохоор байна.

 

Нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан гаргасан шаардлагын үндэслэлээ Д.Э, М.Н нар гэр бүлээр Австрали улсад амьдарч байхдаа надаас зээлсэн мөнгөө тэнд амьдарч байгаа иргэдийн монгол дахь банкны данс руу шилжүүлж, Австрали улсад байгаа иргэдээс доллараар авч байсан тул тэдгээрт зээлдүүлсэн мөнгийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон.

 

Хариуцагч Д.Э нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгчээс шилжүүлсэн 5 сая төгрөг нь ах Э-аас авах байсан авлага байсныг Э-аас О руу шилжүүлсэн, Б.О-аас шилжүүлсэн 9.070.000 төгрөг, 658.000 төгрөгөөр түүнд 2013 оны тоёота клугер маркийн машин захиалсан төлбөр болон уг автомашины сэлбэг худалдан авахад зарцуулсан, хариуцагч М.Н-ын нэхэмжлэгч Б.О-аас авсан мөнгийг би хариуцахгүй, харин би 2.600.000 төгрөгийг түүнд зээлдүүлсэн гэх тайлбар гаргаж, маргасан.

 

Хариуцагч М.Н нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан буюу түүнээс удаа дараа олон давтамжтайгаар мөнгө зээлж авсан, ингэж авахдаа Австралид байгаа доллартай иргэдийн монгол дахь банкны данс руу О шилжүүлэг хийсний дараа тухайн иргэдээс доллараар авч байсан, нэхэмжлэлийн шаардлагаас өөрт ногдох 50 хувийг зөвшөөрнө гэх тайлбарыг гаргасан.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалснаар хариуцагч Д.Э, М.Н нар Австрали улсад ажиллаж, амьдарч байсан, гэр бүл байгаад шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан, нэхэмжлэгч Б.Оболон хариуцагч нарын хооронд тодорхой хэмжээний мөнгөн шилжүүлдэг хийгддэг байсан нөхцөл байдал тогтоогдсон боловч нэхэмжлэгчээс 55.839.500 төгрөгийг хариуцагч нарт зээлдүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй.

 

Нэхэмжлэгчээс хариуцагч нартай бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй ч гэсэн тэдэнтэй фэйсбүүкээр харилцсан чат, хэд хэдэн удаа мөнгө шилжүүлсэн талаархи дансны хуулга зэргээр зээлийн гэрээ байгуулагдсаныг нотлогдоно гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч Б.О-аас хариуцагч Д.Этэй 2018-2-23-ны өдрөөс 2018-05-24-ний өдрийн хугацаанд фэйсбүүкээр харилцсан чатанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр ...эдгээр иргэдийн хооронд дуудлага хийгдсэн, О-аас хурдан хэлээрэй зээл авах гээд байна миний сэлбэгийн 14000 долларыг хас, 2018-03-12-ны өдөр Э-өөс хар өнгийн урд хэсэг нь эвдрэлтэй автомашины зургийг нэхэмжлэгч О руу илгээхэд нэхэмжлэгчээс гэрэл байгаа эсэхийг асууж хариу бичсэн, 2018-03-19-ний өдөр Э-с эгчээ мөнгөө яах вээ гэхэд нэхэмжлэгч аваачээ хэд билээ гэсэн, 2018-05-18-ны өдөр Э-с нэхэмжлэгч рүү автомашины рүль хэсэг харуулсан зураг зэргийг илгээсэн...,

хариуцагч М.Н-аас нэхэмжлэгч Б.О-тай фэйсбүүкээр харилцсан чат бүхий захианд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр ...2018-03-03-ны өдрөөс 2018-05-24-ний өдрийн хугацааны хооронд хийгдсэн дуудлага, 2018-05-03-ны өдөр Н-аас нэхэмжлэгч рүү эрт мөнгөө шилжүүлээрэй гэсэн зурвас, эгчийн машины бичлэг гээд 54 секункт бичлэг илгээсэн, 2018-05-19-ний өдөр Н-аас хар өнгийн машины зураг илгээж ямар болж вэ гэсэн чат илгээсэн... байх бөгөөд эдгээр захианд мөнгө зээлдүүлэх болон зээлэх утга агуулга бүхий зурвас илгээгдээгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч М.Н-ын jigmee гэх хаягтай фэйсбүүкээр харилцсан чатанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээг ...хаана уулзах, доллар зарах эсэх талаар харилцсан 2018-01-07, 2018-02-21-ний өдрүүдийн чат бүхий захиа,

нэхэмжлэгч Б.О-аас гэх хаягтай фэйсбүүкээр харилцсан чатанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр ...2021-02-26-ны өдрөөс эхэлсэн, 2018 оны 1, 2-р сард мөнгөн гуйвуулга хийсэн талаар сануулсан асуулт асууж энэ талаар баримт гаргаж өгөх боломжтой эсэх талаар...  харилцсан захиаг нэхэмжлэгч талаас шаардлагын үндэслэлээ нотлохоор дээрх иргэдтэй харилцсан гэж тайлбарласан.

 

Дээрх нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн баримтаар зээлдэгч нар 55.839.500 төгрөгийн үүрэг хүлээсэн, зээлдүүлэгч тал тухай мөнгийг тодорхой хугацааны дараа хууль болон гэрээнд заасны дагуу буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн гэх хүсэл зоригууд харилцан илэрхийлэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэг талын үйлдсэн баримт нь зээлийн гэрээний гол нөхцөлүүдийг нөгөө тал хүлээн зөвшөөрсөн буюу хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн, харилцан тохиролцож үүрэг хүлээснийг нотлохгүй.

 

Зээлийн гэрээ байгуулагдсан эсэх хүсэл зоригийн илэрхийллийн хувьд талууд маргаж байгаа үед нэг талын хүсэл зориг бүхий баримтаар хоёр тал харилцан тохиролцоонд хүрсэн гэж үзэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1“хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” гэх үндэслэлээр талууд хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Онь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч нарын гэрлэлт цуцлуулах маргаан бүхий иргэний хэрэгт 2020-2-17-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Энхтөгс, Ннартай өглөг авлага байхгүй,  100 болон 200,000 төгрөгийн асуудал байгаа, өөр байхгүй, дансны хуулгаа сайн харья, энэ 2-т өр байхгүй, надад авах ёстой мөнгө байсан, одоо өглөг авлага байхгүй гэж, машиныг 12,500,000 төгрөгт тооцож шилжүүлсэнтэй холбоотой хариуцагч нараас авлагаа байгаа юу гэхэд байхгүй гэж... мэдүүлсэн /2-р хх-34-35/.

 

Мөн нэхэмжлэлийн 55.839.500 төгрөгийн шаардлагад хамаарч байгаа гэх 19.940.000 төгрөгийн шаардлагын хүрээнд Д.Эийн нэхэмжлэлтэй, Б.О-т холбогдох иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2021-01-29-ний өдөр шийдвэрлэсэн /2-р хх-6-7/ байх боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021-04-16-ны өдрийн 662 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан  /2-р хх-151-153/ байна.

 

Харин хэрэгт авагдсан гаалийн мэдүүлэг, Смарт импекс компаний нэхэмжлэх гэж орчуулагдсан баримтаар нэхэмжлэгч Б.О-д захиалж шилжүүлсэн гэх 2013 оны тоёота клугер маркийн автомашины арлын болон контейнэрийн дугаар тохирч, 2018-05-04-ний өдөр гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг хөтлөгдснөөр хариуцагч нарын Хаан банкны данснаас шилжүүлэг гүйлгээний хураамжаар зарлага гарсан нь Австрали улсаас оруулж ирсэн автомашинуудын татвар, хураамж төлсөн болох нь нотлогдогдох хариуцагч нар маргаагүй.

 

Харин хариуцагч Д.Эийн нотлох баримтаар гаргасан Австрали шинэ зеландийн банк групп лимитэд гэж орчуулагдсан баримт дээрх 9248 доллар нь 2017-12-19-ний өдрийн огноотой, гүйлгээний утга бичигдээгүй байх тул нэхэмжлэгчид захиалсан машины төлбөр гэж дүгнэх боломжгүй, мөн австрали улсын гээд нэр нь орчуулагдаагүй банкны баримтаар данс эзэмшигч нь Д.Э гээд 2017-07-01-ний өдрийн эхний үлдэгдэл 203,80, 2017-12-30-ны данс хаасан үлдэгдэл 230,79 гэж бичигдсэн байна.

 

Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээний үүрэг болох мөнгө шилжүүлэх үүрэг хэрэгжсэн тохиолдолд зээлийн гэрээний харилцаа үүссэн нь тодорхойлогдох бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагч нарт 55.839.500 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн болох нотлогдоогүй тул дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.О-ы хариуцагч Д.Э, М.Н нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.О, хариуцагч М.Н нарын зүгээс зээлийн гэрээний харилцаа байсан талаар, хариуцагч Д.Эийн зүгээс нэхэмжлэгч Б.Оөөрийн захиалсан автомашины төлбөр болон тухайн автомашины сэлбэгийн үнийг шилжүүлсэн талаар шүүх хуралдаан дээр тайлбарласан тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлсэн болно.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

Хариуцагч Д.Эийн зүгээс нэхэмжлэгч Б.О-д  2018-6-14-нд 2.500.000 төгрөгийг, 2018-07-24-нд 100.000 төгрөгийг хариуцагч М.Нармандахтай хамтран эзэмшдэг Хаан банкны 5040056607 тоот дансаас шилжүүлсэн, зээлийн гэрээний үүрэгт 2.600.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч Б.Охүлээн зөвшөөрөхгүй гээд Д.Э, М.Н нар бусдаар байраа засварлуулсан ажлын хөлсийг миний данс руу шилжүүлснээр би өөрийн данснаас бэлнээр гарган авч байрны засвар хийсэн Б.Б, Р.Бнарт бэлнээр өгсөн гэж татгалзсан тайлбар гаргаж, маргасан.

 

Хэрэгт авагдсан хариуцагч Д.Э, М.Н нарын хамтран эзэмшдэг Хаан банкны 5040056607 тоот данснаас 2018-06-14-ний өдөр 2.500.000 төгрөгийн зарлага 5028329787 тоот данс руу гаргасан гүйлгээний утга нь Э-с зээлэв гэж, 2018-07-24-ний өдрийн 100.000 төгрөгийн зарлага 5028329787 тоот данс руу гаргасан гүйлгээний утга нь Э-с гэж бичигдсэн /2-р хх-71-73/ байна.

 

Гэвч тухайн дансны эзэмшигч нь хариуцагч Д.Э, М.Н нар байхад Д.Э дангаар шаардах эрхтэй болох нь, нэхэмжлэгч Б.О-тай зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь нотлогдохгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч нарын гэрлэлтийг цуцалж, дундын эд хөрөнгийн талаарх маргааныг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал, түүнийг хянасан Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2021-06-23-ны өдрийн тогтоол зэргээр хариуцагч нарын дээрх дундын дансны захиран зарцуулалтын талаар дүгнэлт хийсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул хариуцагч Д.Эийн сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Харин хариуцагч Д.Эийн 2018-06-14-ний өдөр зээлдүүлсэн гэх 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн 5028329787 тоот данс нь нэхэмжлэгч Б.О-ы Хаан банкинд эзэмшдэг данс байх бөгөөд 2.500.000 төгрөгийг нэхэмжлэгч данснаас бэлнээр авч хариуцагч нарын байрны засвар хийсэн ажилчидад өгсөн гэж татгалзсан тайлбар гаргасан боловч түүний дансны хуулгаас үзэхэд 2018-06-14-ний өдөр 2.500.000 төгрөгийн орлого орсноор уг дүнгээр зарлага гараагүй /1-р хх-25-29 тодруулсан болон зурсан тэмдэглэгээг нэхэмжлэгч өөрөө хийсэн гэж тайлбарласан/ байх тул 2018-6-14-ний өдрийн огноотой Батбаяр гэсэн нэр бичигдсэн 2.500.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2018-06-15-ны өдрийн огноотой ажил гүйцэтгэх гэрээ зэрэг баримтыг нөхөн гүйцэтгэсэн байх боломжтой байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр мэдүүлэг өгсөн гэрч Б.Батбаяр нь нэхэмжлэгч Б.О-ы ах бөгөөд хариуцагч Д.Э, М.Н нартай найз нөхдийн холбоотой гээд ...Б-ийн хамт хариуцагч нарын байранд засвар хийж, 2.500.000 төгрөгийг тухайн үед банкны картгүй байгаад Б.О-аар дамжуулж бэлнээр авсан гэж, үлдэгдэл ажлын хөлс авсан талаар санахгүй, ажил гүйцэтгэх гэрээг хариуцагч нартай гэрээ байгуулсан... талаар,

хариуцагч Д.Эийн хүсэлтээр мэдүүлэг өгсөн гэрч Д.Э нь хариуцагч Д.Эийн төрсөн ах гээд ...хувиараа автомашины худалдаа эрхэлж, хилээр импортоор машин оруулж ирэн зардаг, 2018 оны хавар өөрийнх нь нэрээр орж ирсэн хар машиныг нэхэмжлэгч Б.О-д өгсөн, Э-өөс зээлсэн байсан 5 сая төгрөгийг түүний заасан данс болох О-ы данс руу шилжүүлсэн, нэхэмжлэгч Б.О-д ирсэн машиныг түүний харилцагчаар засварлуулж, би контейнэрээ онгойлгож өгөөд гаалийн байцаагч өөрөө ирж үздэг, энэ хооронд би бүрдүүлэлт хийхээр явдаг, гаалийн байцаагч шалгаж үзэхэд хариуцагч нар байсан, хилээр оруулж ирж байгаа машин хэзээ ч бүрэн бүтэн ирдэггүй, ЭАвстрали улсад 4 жил гаруй хугацаанд сурсан, Ннь гэрлэлтээ батлуулаад сүүлийн 2 жилийн хугацаанд 2-3 удаа явсан, Б.О-д өгсөн автомашин ачсан контейнэр дотор хэдэн машин байсан талаар санахгүй... талаар тус тус мэдүүлсэн.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Эийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул хэргийн оролцогч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй оролцох тул хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 595.437 /329.390+266.047/ төгрөг, хариуцагч Д.Эөөс төлсөн 59.500 /54.950+4550/ төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Дээрх хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж, ямар хэрэг хянан шийдвэрлэх гэж байгаа талаар зарлан мэдэгдэж, шүүх хуралдааны ирцийг шалгаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т зааснаар татгалзан гаргах эрхтэйг тайлбарлан өгч татгалзал байгаа эсэхийг асуухад хариуцагч Д.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар татгалзахгүй гэж хариулснаар хуульд заасан журам, дэгийн дагуу шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаанд оролцогчдод эрх үүргийг тайлбарлахад хэргийн оролцогчид дахин тайлбарлах шаардлаггүй гэснээр хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан гаргах хүсэлт, нотлох баримт байгаа эсэхийг асууснаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт буюу сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага зэрэг нь үндсэн нэхэмжлэлд харилцан тооцогдох эсэхийг бусад оролцогчийн санал, тайлбарыг сонсмогц шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т зааснаар шийдвэрлэж шүүгчийн захирамж гарсан.

 

Хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хангах эсэхийг шийдвэрлэх бөгөөд ингэж хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хариуцагч Д.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар гаргасныг хүлээн авах үндэслэлгүй.

 

Учир нь, шүүх хуралдааныг хуульд заасан журам, дэгийн дагуу хэргийг агуулгаар нь хэлэлцэхээс өмнө шүүгчээс татгалзах татгалзал байгаа эсэхийг асуухад хариуцагч Д.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар татгалзахгүй гэж хариулсанаас хойш шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах хүртэлх хугацаанд хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарсан, хэргийн оролцогчийн хүсэлтийг хангаагүй үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болгож буй явдал нь шүүхэд тулган шаардалт тавьсан, шүүх хуралдааныг хойшлуулах, шүүн таслах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзнэ.

 

Тиймээс шүүгчийг татгалзан гаргах талаар хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт тухайн зохицуулалтад буюу хэргийг агуулгаар нь хэлэлцэж эхлэхээс өмнө татгалзахгүй гэж хариулсан бөгөөд энэ үед татгалзах хүсэлт гаргасан бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4, 92.6-д зааснаар шийдвэрлэх бөгөөд мөн хуулийн 105-д зааснаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэж шүүгчийн захирамж гарсны дараа гаргасан татгалзлыг хуульд заасан дэг журмыг зөрчин мөн хуулийн 92-р зүйлд заасан үндэслэлд хамааруулан шийдвэрлэх боломжгүй.

 

Шүүгчийг татгалзах хэргийн оролцогчийн хүсэлт гаргах үе шат өнгөрснөөр хэргийн оролцогч дуртай үедээ эсхүл шүүх хуралдааны аль ч үе шатанд шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан бол шүүх уг хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлд зааснаар татгалзан гаргах хүсэлт гарвал шүүх хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлүүлэх л журамтай.

 

Мөн шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг шүүх тухайн хэргийг хэлэлцэх ажиллагаанаас өмнө асуух хуульд заасан журам нь шүүх хуралдааныг дээрх үндэслэлээр хойшлуулах боломж, нөхцлийг урьдчилан тогтоосон бөгөөд харин шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос бус шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахгүй тул хариуцагч Д.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчээс татгалзсан хүсэлтийг шүүх хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Э, М.Н нараас 55.839.500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Оы үндсэн, нэхэмжлэгч Б.От-аас 2.600.000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Д.Эийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 595.437 төгрөг, хариуцагч Д.Эийн төлсөн 59.500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЯНЖИНДУЛАМ