Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01286

 

 

 

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01286

 

 

Б.О-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/01785 дугаар шийдвэртэй, Б.О-ны нэхэмжлэлтэй М.Н, Д.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 55,907,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Э ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагч М.Н, Д.Э, хариуцагч Д.Э-ийн өмгөөлөгч П.А, Г.Мөнхбуян, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би өөрийн төрсөн дүү М.Н, түүний нөхөр Д.Э нар Австрали улсад дуудлага худалдаагаар хямд үнээр автомашин худалдан авч, Монгол Улсад худалдан борлуулвал их хэмжээний ашиг олдог гэж надад хэлээд тусламж гуйхад нь 15 удаагийн шилжүүлгээр 54,228,000 төгрөгийг зээлдүүлсэн. Ингэхдээ Австрали болон Монгол Улсын хооронд валютын гүйлгээ хийдэг Г.Ж, Б.А, Б.Б, Б.Э нарын дансаар дамжуулахын сацуу М.Н , Д.Э нарын 504005**** тоот дансанд шилжүүлсэн. Тухайлбал, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Г.Ж ийн 512202**** тоот дансанд 5,500,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Б.А ын 502078**** тоот дансанд 3,700,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Б.Б гийн 575394**** тоот дансанд 5,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б.Э ы 503475**** тоот дансанд 3,615,000 төгрөг, 160,000.00 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Б.Б-гийн 5753940973 тоот дансанд 9,728,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 962,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 25,513,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Эдгээр мөнгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 34,228,000 төгрөгийг нэхэмжилж байсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар 34,228,000 төгрөгийг Австрали Улсаас Монгол Улс руу машин оруулж ирэн борлуулахад зориулж зээлдүүлсэн, автомашинаа худалдсаны дараа мөнгөө төлөх үүрэгтэй байсан.

Хариуцагч Д.Э, М.Н нарын визний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дуусаад Монгол Улсад ирэхэд автомашинууд гааль дээр ирсэн бөгөөд мөнгө хэрэгтэй байна гэснээр 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 962,000 төгрөгийг хариуцагч М.Н-д, 1,000,000 төгрөгөөс дээш гүйлгээ өнжиж орно гэсэн тул 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч нарын дундын дансанд 1,000,000 төгрөгөөр 3 удаа, мөн 607,500 төгрөг, нийт 3,607,500 төгрөгийг шилжүүлсэн. Түүнчлэн н.Ононбаяраас 15,000,000 төгрөгийн зээл авч М.Н-д өгсөн, энэ мөнгөөр Австралиас ирсэн автомашинуудын гаалын татвар, хураамжийг төлсөн. Ингээд 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр эхний автомашин зарагдах үеэс Д.Э , М.Н нар маргаж Д.Э дундын данснаасаа мөнгө авч зугатаасан тул 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манай гэрт ирэхдээ мөнгөө өгнө гэж хэлсэн. Би энэ хоёрт мексер захиж байсан бөгөөд нэг мексерний үнэ 60,000 төгрөгийг хасаж 19,940,000 төгрөгийг төрсөн ээж Б.Отын хамт эзэмшдэг дансанд шилжүүлснийг зээлээс төлөгдсөн гэж ойлгож байсан.

Гэтэл хариуцагч Д.Э надаас авсан зээлээ буцааж төлөхдөө гүйлгээний утгыг зээл өгөв гэж бичээд улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эх Б.Отт холбогдуулан нэхэмжлэл гаргасан тул миний бие нэхэмжлэлийн шаардлагаа 19,940,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Хариуцагч нар 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр авчирсан бүх автомашинуудаа зарж дууссан боловч хэрэлдэж, муудалцаад миний мөнгийг өгөөгүй. Тиймээс хариуцагч нараас 55,839,500 төгрөгийг нэхэмжилсэн юм.

Хариуцагч нар нэхэмжлэгчээс мөнгө зээлээч, мөнгө явуулаач гэж хүсэлтийг тавихаар нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хэлцэл байгуулагдсан болохыг илэрхийлдэг ба хэлцэл хийгдсэнээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээг амаар байгуулсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарт мөнгө шилжүүлэхдээ мөнгөн гуйвуулга хийдэг хүмүүсийг ашиглаж шилжүүлсэн ба энэ хүмүүс Австрали улсад хямд үнээр ам.доллар зардаг байсан. Хариуцагч Д.Э-ийн тайлбараар Австрали улсад байхдаа өөрийнхөө дансаар орсон төлбөрийг хүлээн зөвшөөрөөд бусад мөнгийг аваагүй гэж мэлздэг. Гэвч хариуцагч нар нэхэмжлэгчээс мөнгө авсан болох нь харилцсан зурвасаар нотлогддог.

Хэрэгт энэ талаар хариуцагч М.Н, Д.Э нарын зургийг нь тавиад та нараас энэ хоёр хүн очиж ам.доллар сольж авсан уу гэж асуухаар мөн, тийм байна гэж хариулдаг бөгөөд хариуцагч нар Австрали улсад байхдаа нэхэмжлэгчээс авсан мөнгөөрөө автомашин худалдаж аваад ашиг олсон нь хариуцагч нарын данснаас тодорхой харагддаг.

Бидний тооцоогоор нэхэмжлэгч Б.О нь хариуцагч М.Н болон Д.Э нарт 60,847,500 төгрөгийг өгсөн байна. Гэхдээ нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч нь хүлээж авсан автомашины 6,000,000 гаруй төгрөгийг хасаад 55,839,500 төгрөгийг нэхэмжилсэн юм. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагч М.Н-ын татгалзал, тайлбарын агуулга: Миний бие 2016 оноос хойш Д.Э-тэй гэр бүл болж, хамт амьдарч байгаад 2016 оны 12 дугаар сараас Австрали улсад амьдарч эхэлсэн. Нөхөр Д.Э нь Австрали улсад сурдаг оюутан, би ажиллах эрхийн визтэй байсан. Бид ажиллаж, амьдрах хугацаандаа 45,000,000 төгрөгийн хуримтлал үүсгэсэн бөгөөд тухайн үед бидэнд ямар ч автомашин, орон сууц байгаагүй тул өөрийнхөө аав, ээждээ хэлж мөнгөний тусламж нэмж аваад Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 87 дугаар байр, 37 тоот хаягт байрлах орон сууцыг худалдаж авсан ба 2018 онд Д.Э бид хоёр ярилцаад виз дуусах дөхсөн тул Монгол Улс руу буцахдаа автомашин аваад заръя гэж тохирсон юм. Ингээд 2018 оны 01 дүгээр сард ээж Б.От болон эгч Б.О нарт Автралиас автомашин аваад Монгол Улсад очиж худалдах болсон тухайгаа хэлж, мөнгө зээлээч гэж гуйсан. Энэ үед ээж, эгч хоёр кафе, ресторанаа зараад мөнгөтэй байсан тул эгч бидэнд мөнгө зээлэхдээ заримдаа гадаад руу мөнгөн гуйвуулга хийдэг компаниар дамжуулж, зарим үед Австралид амьдардаг Монгол хүний дансаар дамжуулан тэр хүмүүсээс бэлнээр очиж мөнгөө авдаг байсан. Мөнгө зээлсний хариуд эгч Б.О-д Тоёота кулюгер маркийн автомашиныг хямд үнээр авчирч өгөхийг санал болгоход эгч зөвшөөрсөн. Мөн эгчээс зээлсэн мөнгөө Монгол Улсад очоод автомашинуудаа зараад буцааж өгөхөөр тохиролцсон байсан.

2018 оны 05 дугаар сард Австрали улсаас автомашинуудыг Улаанбаатар хотын гаальд буулгаж 6, 7 дугаар сард Д.Э бид хоёр автомашинуудаа худалдан ээж, эгч хоёроос зээлсэн мөнгөнөөс 19,940,000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгөө дараагийн автомашинуудаа худалдаж дуусаад өгөхөөр тохирсон юм. 2018 оны 8, 9 дүгээр сард Австрали улсаас дараагийн автомашинууд болох Lexus RX450, Lexus Is300 болон Тоёото кулюгер маркийн автомашинууд гааль дээр буусан боловч 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Д.Э нь өөрийн ах н.Энхбатын хамт надад мэдэгдэлгүй гааль дээрээс эдгээр автомашинуудыг авч зугтаасан. Энэ үйл явдал болон бусад шалтгааны улмаас бид хоёр 2018 оны 11 дүгээр сард гэрлэлтээ цуцлуулсан. Бид нэхэмжлэгч Б.О-аас зээлсэн мөнгөө буцааж өгөх боломжтой байсан ч хариуцагч Д.Э-ийн үйлдэлтэй холбоотой үлдэгдэл төлбөрийг төлөөгүйд маргахгүй. Би хариуцагч Д.Э-д удаа дараа эгчид үлдсэн мөнгөө өгөөч, чи автомашинуудыг зарсан юм чинь төлөх ёстой биздээ гэхэд тэр намайг ална шүү, дуугүй бай, чамайг хоосон болгож чадна гэх зэргээр доромжилж хараасан.

Энэхүү 19,940,000 төгрөгтэй холбоотой асуудлын хувьд шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь хариуцагч нараас Б.От-тай хамтран эзэмшдэг дансаар хүлээн авч зарцуулсан гэдгээ хэлсэн. Тэгвэл 25,839,500 төгрөгт энэ мөнгө багтсан гэж тайлбарласан учир үүнийг хасаад хамтран үүрэг гүйцэтгэгч нар үүргээ биелүүлсэн гэж үзэж байна.

Тэгэхээр 35,899,700 төгрөг үлдсэнээс хариуцагч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт 20,785,500 төгрөгийг зөвшөөрч байна. Тиймээс 35,899,500 төгрөгөөс үүнийг хасаад үлдэх төлбөрийг хариуцагч миний бие төлөхийг зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр шийдвэрлэх боломжтой. Дундын данснаас 2,500,000 төгрөг нь нэхэмжлэгч Б.О-д өгсөн зээл биш, харин манай орон сууцны засвар хийхэд зарцуулсан бөгөөд н.Батбаярт ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт төлсөн. Д.Э дундын дансанд орсон мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Тухайн мөнгөн дүнг нэмэхэд 20,785,500 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Үүнээс нотлогдохгүй байгаа 5,500,000 төгрөг, 3,615,000 төгрөг, 3,700,000 төгрөг, 160,000 төгрөгийг би төлнө, 19,940,000 төгрөгийг дахин төлж чадахгүй гэжээ.

 3. Хариуцагч Д.Э-гийн татгалзал, тайлбарын агуулга: Би нэхэмжлэгч Б.О-аас мөнгө зээлж байгаагүй, харин нэхэмжлэгчид мөнгө зээлдүүлсэн 3,100,000 төгрөгийн тооцоо байдаг тул надад түүнд өгөх өр төлбөр байхгүй. Миний бие нэхэмжлэгчийн дүү М.Н-тай гэр бүл байсан боловч гэрлэлтээ цуцлуулж, гэр бүлийн дундын хөрөнгийг шүүхээр тогтоолгон хуваарилуулсан. Би, өнгөрсөн хугацаанд гадаадад ажиллаж мөнгө олж, эхнэр М.Н нь анагаахын их сургуулийн оюутан байсан бөгөөд нэхэмжлэгч Б.О нь намайг Австрали Улсад сургуулиа төгсөөд буцах үед автомашин захисан ба тухайн үед хүргэн нь байсан учир уг саналыг зөвшөөрсөн. Тэгээд нэхэмжлэгчээс автомашины мөнгийг татаж авсан, бусад мөнгө аваагүй, 9,070,000.00 төгрөгийг авсан ба 600,000 гаруй төгрөгөөр радиатор эвдэрсэн машин байсан тул Австрали Улсаас аваад хамт Монгол Улс руу ачуулсан. Би, нэхэмжлэгч Б.О-ы авсан 2017 оны Тоёото кулюгер маркийн автомашиныг далайн тээвэр хийлгээд Монгол Улсын хилээр орж ирсний дараа надад зээл олгосон гэж яриад мөнгө нэхээд байна гэдгийг дахин хэлье.

Нэхэмжлэлд дурдсан гүйлгээнээс н.Бумаагийн дансаар 5,000,000 төгрөг, 9,070,000 төгрөг, мөн 658,000 төгрөг, нийт 14,728,000 төгрөгийг хүлээн авсан, зөвшөөрч байна. Үүнээс бусад мөнгийг хариуцагч М.Н авсан тул төлөх ёстой.

Би нэхэмжлэгч Б.О-ны хүсэлтээр түүнд 2,500,000 төгрөг, мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.От-т 19,940,000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн. Зээлийг шилжүүлсэн гүйлгээнд зээл өгөв гэж тодорхой бичсэн байхад надаас мөнгө зээлээгүй юм шиг тайлбар гаргаж байгааг зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нь хэдэн төгрөгийг чухам хэнээс нэхэж байгаагаа тодорхойлж чадахгүй байна. Энэ маргаанд хэд, хэдэн автомашины асуудал яригддаг. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэрэгт талууд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан тул шийдвэрийг үнэлэхгүй. Тухайн хэрэгт Н ХХК нь 2 ширхэг автомашиныг Смарт импекс ХХК-иар дамжуулж захиалсан, уг автомашинуудыг хариуцагч Д.Э-гийн нэр дээр итгэмжлэл олгож 4 сард худалдан борлуулж, гэр бүлийн дундын хөрөнгөд 129,000,000 төгрөг олсон нь мэдэгдэж байна.

Мөн 36,000,000 төгрөгийг Австрали улс руу шилжүүлээд 19,940,000 төгрөгийг Б.От гэж хүнд зээлдүүлсэн ба тус мөнгөтэй холбоотой хэсгийг шүүх шийдвэрлэхдээ ногдох хувийг хариуцагч М.Н-аас гаргуулах эрхтэй гэсэн боловч шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй. Энэ манай хэрэгтэй хамааралгүй юу, хамааралтай юу гэдэг нь маргаж байгаа нөхцөл байдал ойлгомжгүй байгаа учир янз бүрээр тайлбарлаж байгаа тул тодруулж байна. Гурав дахь автомашин нь нэхэмжлэгч Б.О-ны худалдан авсан автомашин юм. Энэ автомашин н.Э-ын нэр дээр орж ирсэн бөгөөд 2,800 Австрали доллароор худалдаж авсантай талууд маргаагүй. Бодит зардлыг талууд тооцож гаргахад 15,362,650 төгрөг болж байна гэсэн.

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 онд шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө хариуцагч нараас ямар ч авлага, өглөг байхгүй гэж хэлсэн. Гэтэл шүүхийн шийдвэрээр хариуцагч Д.Э-өөс хариуцагч М.Н-д 45,000,000 төгрөг өгөөд, орон сууц өгөхгүй гэж шийдвэрлэсэнд гомдож ийм нэхэмжлэл гаргасан гэж хардаж байна. Хариуцагч М.Н-ын ээж Б.От-т зээлдүүлсэн мөнгийг хариуцагч Д.Э нь буцаагаад шаардахад эхэндээ энэ мөнгийг байхгүй болгох зорилготой байсан бол сүүлдээ нэхэмжлэгч Б.О-ы зээлийн төлбөр болгож тайлбарлаж байна. Хэрэгт 20,000,000 төгрөгийг зээлсэн үйл баримтгүй. Мөн 55,000,000 төгрөг хэзээ, хэн, хаана зээлсэн талаар тодорхой баримтгүй байхад 25,000,000 төгрөгийг хэрхэн тооцсон талаар тайлбар хэлсэнгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзвэл зөвшөөрч байгаа этгээд болох М.Н хариуцах ёстой. Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Э өд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Д.Э, М.Н хоёр гадаад явна гэж ярьж байгаад бид нарт хэлэлгүй гэрлэлтээ батлуулсан байсан. Д.Э анх манайд ирэх үед ямар ч мөнгөгүй, өртэй, Хаан банк ХХК-иас танай хүргэн юм байна, энэ хүн өр төлбөрөө төлөхгүй байгаа учир танайхаас нэхнэ гэж байсан. Ингээд 2016 оны 08 дугаар сараас эхлээд охин М.Н надаас Австрали явахад батлан даагаад өгөөч гэж гуйсаар байгаад батлан даагч болсноор энэ хоёр явсан. Орон сууц худалдан авах үед Б.О-ны автомашиныг зарсан мөнгө болон надаас 10,000,000 төгрөгийг авч,таньдаг хүнтэйгээ ярьж байрыг нь авч өгч байсан. Д.Э, М.Н нар 2018 оны 1-5 дугаар сар хүртэлх хугацаанд Австрали Улсаас 4 ширхэг автомашин Монгол Улс руу ачуулсан. Намайг Төмөр замд кафе, пабаа зарсныг мэдээд гуйсаар байгаад 60,000,000 төгрөгийг шилжүүлж авсан. Түүнээс хойш Б.О-ыг мөнгөө төлөөрэй гэхэд удахгүй төлнө л гэдэг байсан 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2 автомашин ирсэн ба зээлэнд 19,940,000 төгрөгийг миний дансанд шилжүүлэхдээ зээл хийв гэж бичсэнийг анзаараагүй. Дараа нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Э нь надад зээл өгсөн гэж гүтгэж нэхэмжлэл гаргасан байсан. Энэ зээл биш, харин хариуцагч нар нэхэмжлэгчээс авсан зээлийн төлбөрийг буцааж төлсөн гэдэг тайлбарыг өгөх байна гэжээ.

5. Хариуцагч Д.Э-ийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Б.О-д мөнгө зээлж байсан бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкны 5028329787 тоот данснаас шилжүүлж, зээлсэн 2,500,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

6. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Уг 2,500,000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч нар өөрсдийн 504005**** тоот данснаас шилжүүлсэн бөгөөд 2018 оны 06 дугаар сард Д.Э, Б.Н нар дундын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 87 дугаар байрны 37 тоот, 79 м.кв 2 өрөө орон сууцаа 4 өрөө болгож засуулахаар барилгын засалчин н.Б, н.Б нарт урьдчилгаа өгөхөөр тохиролцсон юм. Хариуцагч Д.Э-өөс мөнгө зээлж байгаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг үндэслэн хариуцагч Д.Э-өөс 12,852,920.00 төгрөг, хариуцагч М.Н аас 12,852,920.00 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,133,660.00 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Д.Э-ийн гаргасан нэхэмжлэгч Б.О-д холбогдох 2,500,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.О-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 595,437.00 төгрөг, хариуцагч Д.Э-ийн төлсөн 54,950.00 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Н-аас 143,239.05 төгрөг, хариуцагч Д.Э-өөс 143,239.05 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 8. Хариуцагч Д.Э-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг буюу нэхэмжлэгч талын хүсэл зоригт нийцүүлэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Миний бие нэхэмжлэгч Б.О-аас нэг ч төгрөг зээлж байгаагүй, Австрали улсад ажиллаж амьдарч байх хугацаанд нэхэмжлэгч Б.О нь машин авчруулах хүсэлт гаргасны дагуу клугер авто машиныг захиалан авчирч өгсөн бөгөөд бид хоёрын хоорондын харилцаанд автомашин захиалах түүний үнийг төлөх, гааль татвар төлөх харилцаа явагдсанаас өөр бусад байдлаар нэхэмжлэгчээс мөнгө зээлж байгаагүй. Б.О нь намайг төрсөн дүү М.Н-тай гэрлэлтээ цуцлуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгийг хуваах маргаанд гэрчээр оролцсон бөгөөд мөнгө төгрөгийн харилцаа байхгүй гэж гэрчийн мэдүүлэг өгч байсан билээ. Хэрэв шүүхийн дурдаад буй шиг 61,000,000 төгрөгийн өр төлбөртэй байсан бол тийм их хэмжээний зээлийн өглөг авлага байгаа талаар Б.О хэлэх байсан. Гэвч нэхэмжлэгч Б.О нь 100,000 төгрөг, 200,000 төгрөгийн өглөг авлага байгаа байх дансаа үзье" гэж хэлж байснаас үзэхэд энэхүү нэхэмжлэл нь ор үндэсгүй зүйл болох нь харагдана.

Уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй Б.От-т холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой энэ нэхэмжлэлийг түүний охид Б.О, М.Н нар зохиож гаргасан гэж үзэж байгааг дурдах нь зүйтэй. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Д.Э, М.Н нар нь баталгаатай гэр бүл бөгөөд М.Н-тай эгч дүү гэж тайлбарлаж байна. Эгч дүүсийн холбоогүй байсан тохиолдолд миний зүгээс М.Н, Д.Э нарт уг мөнгийг өгөхгүй байсан. 2018 онд Б.От бид хоёрын дансанд 100 гаруй сая төгрөгтэй байсан. Тухайн үед М.Н, Д.Э нар нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан. Миний мөнгөөр 3 автомашин авчирч, худалдан борлуулсан. Гэтэл өнөөдрийн байдлаар намайг буруутгаж байна. Тухайн үед миний авсан автомашиныг 1,000 ам.долларын үнэтэй гэх боловч эвдэрхий байсан. Хариуцагч нарын орон сууцны төлбөрийн 50 хувийг төлж байсан боловч миний зээлсэн мөнгийг худал болгон тайлбарлаж байна. Мөн Д.Э нь 120,000,000 төгрөгийг авч зугтаасан бөгөөд М.Н ыг зоддог байсан. Анх анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байхад 19,940,000 төгрөгийн материалыг хавсаргасан байдаг. Тухайн үед зээлсэн мөнгөний баримтаа хавсаргаж байна гэж үзсэн боловч өөр баримт хавсаргаж байсан. Мөн М.Н-аас салсны дараа хариуцагч нь намайг гүтгэж, мөнгө зээлсэн гэх баримтыг гаргаж өгсөн байна гэв.

10. Давж заалдах гомдолд хариуцагч Б.Нармандахын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч Д.Э-ийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад Д.Э бид хоёр нь өөрсдийн авсан мөнгөө хүлээн зөвшөөрсөн. Д.Э нь 14,728,000 төгрөгийг н.Б-гийн дансаар авснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэр бүлийн дундын дансанд Б.О-аас орж ирсэн мөнгийг авснаа хэлсэн. Мөн гадаадад хамт байхад үеийн мөнгөн гуйвуулга болон н.Ж, н.А, н.Э нараар дамжуулан мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн. Д.Э бид 2 өөрсдийн авсан мөнгөө 50, 50 хувиар хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2,500,000 төгрөгөөр байрандаа засвар хийлгэсэн. Тухайн мөнгийг Б.О-ны дансаар дамжуулан н.Б болон засварын ажилтанд өгсөн. Тухайн 2,500,000 төгрөгийг Д.Э нэхэмжилсэн боловч тухайн орон сууцыг 250,000,000 төгрөгөөр үнэлүүлж, худалдана гэж хэлсэн. Мөн Б.От-ыг 19,940,000 төгрөгийг зээлсэн гэх боловч анх 2016 оны 10 дугаар сард Австрали улс руу явахад Д.Э бид 2 дундын эд хөрөнгөгүй учраас виз гараагүй. Миний бие эх Б.От-аас тусламж гуйгаад Австрали улс руу бүх хөрөнгөө гаргаад явуулаад өг, Д.Э сургуулиа төгсөх ёстой гэж хэлсэн. Мөн эхийнхээ бүх хөрөнгө оруулгын мэдүүлгийг авч, визний газар мэдүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан. Тухайн 60,000,000 төгрөгийг Д.Э бид 2 авсан болох нь үнэн бөгөөд гадаадаас 4 автомашин авчирч, 3 автомашиныг нь худалдсан. Мөн Д.Э бид хоёрын дундын дансанд тухайн автомашинуудыг худалдан борлуулсан мөнгө байх ёстой. Тухайн мөнгийг Д.Э автомашинуудыг худалдан борлуулсан мөнгийг авч зугтсан. Б.О-ы данс руу 19,940,000 төгрөгийг шилжүүлсэн боловч 54,000,000 төгрөгийг өгөх ёстой байсан. Гэтэл Д.Э нь үлдэгдэл мөнгөө түр хүлээж байя, дахин виз мэдүүлье гэж хэлсэн. Гэтэл Б.О-д 19,940,000 төгрөгийг шилжүүлэн өгч, үлдэгдэл мөнгийг Д.Э аваад зугтсан. Хариуцагч Д.Э-ийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байна. Миний бие хүний дотор, гэдэс, цус нөжтэй ажил хийдэг бөгөөд хагалгаанаас гарч ирэхээр Б.О өдөр болгон залгасан байдаг. Нэхэмжлэгч нарт баригдаж байгаа нь би бөгөөд Д.Э биш юм. Д.Э нь банк бус санхүүгийн байгууллагын зээлд намайг үлдээгээд алга болсон. Тухайн банк бус санхүүгийн байгууллагын бүх мөнгийг би төлж барагдуулсан. Д.Э нь хариуцлага хүлээх ёстой бөгөөд би хариуцлага хүлээж, Б.О-д мөнгийг нь гаргаж өгч болохгүй байна. Миний бие Д.Э-тэй зээлсэн мөнгөө тэнцүү хувааж төлөх ёстой бөгөөд би ганцаараа төлж чадахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 11. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Миний бие Б.О-тай хамт бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Манай гэр бүл анх кафетай байсан бөгөөд тухайн газраа худалдаж, мөнгөтэй болсон. Д.Э нь мөнгөгүй байхдаа М.Н-тай Австрали улс руу явж, ажил хийх болсон. Хариуцагч Д.Э-ийн давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. Миний бие мөнгө зээлүүлсэн боловч 19,940,000 төгрөгийг өөрөө зээлсэн болгон гүтгүүлсэн учраас гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч М.Н , Д.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 55,907,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч М.Н 15,114,200 төгрөг төлөхийг зөвшөөрсөн, хариуцагч Д.Э нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч нар 2,500,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

3. Хэргийн баримт, зохигчдын тайлбараас дараах үйл баримт тогтоогдсон.

3.1. Нэхэмжлэгч Б.О-ны Хас банкин дахь 500102*** тоот данснаас 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 962,000 төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөгөөр гурван удаа, 607,500 төгрөгөөр нэг удаа, нийт 3,607,500 төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 5,820,000 төгрөг, нийт 7,782,000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдэж, хариуцагч М.Н, Д.Э нарын хамтран эзэмшдэг ХААН банкин дахь 504005**** тоот дансанд нийт 10,427,500 төгрөгийн, хариуцагч М.Н-ын Хас банкин дахь 500119**** тоот дансанд 962,000 төгрөгийн тус тус орлогын гүйлгээ хийгдсэн. /1хх 5-21/

3.2. Нэхэмжлэгч Б.О-ны ХААН банкин дахь 502832**** тоот данснаас 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 5,550,000 төгрөг, 3,700,000 төгрөг, нийт 9,250,000 төгрөгийн, 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөгийн, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3,615,000 төгрөг, 160,000 төгрөг, нийт 3,775,000 төгрөгийн, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 9,070,000 төгрөг, 658,000 төгрөг, нийт 9,728,000 төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 130,000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдэж, хариуцагч нарын хамтран эзэмшдэг 504005**** тоот дансанд 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 130,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн. /1хх 22-29, 51-54/

3.3. Нэхэмжлэгч Б.О-ны Голомт банкин дахь 180909**** тоот данснаас 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 2,835,000 төгрөг, 3,384,990 төгрөг, нийт 6,219,990 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэж, Ө.Э-гийн дансанд 2,835,000 төгрөгийн, Б.Э-гийн дансанд 3,384,990 төгрөгийн тус тус орлогын гүйлгээ хийгдсэн. /1хх 49-50/

4. Нэхэмжлэгч нийт 55,907,500 төгрөгийг хариуцагч нарт зээлдүүлсэн гэснийг хариуцагч М.Н зөвшөөрсөн, хариуцагч Д.Э 14,728,000 төгрөгийг авсан талаар маргаагүй боловч уг мөнгийг зээлээгүй, нэхэмжлэгчийн захисан машины үнэ гэж маргасан.

 5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

Зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээ нэхэмжлэгч нотлох үүрэгтэй. Анхан шатны шүүх нотлох үүргийн хуваарилалтыг буруу хийсэн буюу хариуцагч нар мөнгөн хөрөнгийг аваагүй гэх тайлбар, татгалзлаа нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

6.1. Нэхэмжлэгч нь өөрийн ХААН банкин дахь 502832**** тоот данснаас 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 5,550,000 төгрөгийг Г.Ж-оор, 3,700,000 төгрөгийг Б.А-аар, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3,775,000 төгрөгийг Э-аар тус тус дамжуулан хариуцагч нарт зээлдүүлсэн гэжээ. Хэрэгт авагдсан Б.А ын тодорхойлолтод дээрх мөнгийг нэхэмжлэгчээс авсан талаар бичсэн байх ба харин уг мөнгийг хариуцагч нарт өгсөн талаар уг тодорхойлолтод бичигдээгүй байна. /2хх-46/ Иймд энэ баримтыг үндэслэн хариуцагч нарыг нэхэмжлэгчээс 3,700,000 төгрөг зээлсэн гэж үзэх үндэслэлгүй. Мөн Г.Ж-оор шилжүүлсэн гэх 5,550,000 төгрөг, Э-аар шилжүүлсэн гэх 3,775,000 төгрөгийг хариуцагч нар авсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд дээрх 13,025,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй.

6.2. Нэхэмжлэгч Б.О-ны Голомт банкин дахь 180909**** тоот данснаас 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 2,835,000 төгрөгийг Ө.Э-гийн дансанд, 3,384,990 төгрөгийг Б.Э-гийн дансанд тус тус шилжүүлжээ. /2хх 47-48/ Эдгээр мөнгийг хариуцагч нарт шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй тул 6,219,990 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

7.1. Хариуцагч М.Н , Д.Э нарын хамтран эзэмшдэг ХААН банкин дахь 504005**** тоот дансанд нийт 10,427,500 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон, хариуцагч нар энэ талаар маргаагүй.

7.2. Нэхэмжлэгч нь өөрийн ХААН банкин дахь 502832**** тоот данснаас 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөгийн, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 9,070,000 төгрөг, 658,000 төгрөг, нийт 14,728,000 төгрөгийг Бумаагаар дамжуулан хариуцагч нарт зээлдүүлсэн гэжээ. Дээрх мөнгийг хариуцагч Д.Э-ийн Австрали дахь данс руу шилжүүлсэн талаар Дайрэкт экспресс лайн ХХК-ийн тодорхойлолт хэрэгт авагдсан ба хариуцагч нар энэ талаар маргаагүй. /2хх-12/

Дээрхээс дүгнэхэд хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 25,155,500 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдсон байна.

8.1. Хариуцагч Д.Э нэхэмжлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн 5,000,000 төгрөг нь ах Д.Э-аас авах байсан авлагыг Д.Э нь нэхэмжлэгчээр дамжуулан хариуцагчид шилжүүлсэн гэж тайлбарласан ба Д.Э-ын ХААН банкин дахь 500655**** тоот данснаас 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөгийг Э-аас Т мөнгө гэсэн гүйлгээний утгатайгаар нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн байна. /2хх-11/

8.2. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт Австрали улсаас автомашин авчруулахаар захиж, хариуцагч нар нь Тоёота клугер маркийн автомашины үнэ 1,000 австрали доллар буюу 1,884,150 төгрөг /2хх-63/, тээврийн зардал 2,800 австрали доллар буюу 5,058,620 төгрөг, гаалийн татвар 691,816.32 төгрөг, онцгой албан татвар 4,000,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 1,852,814.27 төгрөг, хил хүртэлх тээврийн хөлс 960 ам доллар буюу 1,968,599 төгрөг /3хх 21-30/, нийт 15,455,999 төгрөг зарцуулсан нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Иймд нэхэмжлэгчээс авсан 25,155,500 төгрөгөөс Австрали улсаас автомашин авчрахад зарцуулсан 15,455,999 төгрөг, Д.Э-аас авсан авлага 5,000,000 төгрөг, нийт 20,456,000 төгрөгийг хасч, үлдэх 4,699,500 төгрөгийг хариуцагч нар нэхэмжлэгчээс зээлж авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнээс хариуцагч М.Н ын өөрийнхөө дансаар авсан 962,000 төгрөгийг хасч, 3,737,500 төгрөгийг хариуцагч нар хамтран хариуцахаар байна. Иймд хариуцагч Д.Э-өөс 1,868,750 төгрөгийг, хариуцагч М.Н-аас 2,830,750 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

9. Шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт хариуцагч нар гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.

 10. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Э ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/01785 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Н-аас 2,830,750 төгрөгийг, хариуцагч Д.Э-өөс 1,868,750 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 51,208,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Б.О-д холбогдох 2,500,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч М.Н, Д.Э нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэсэн заалт нэмж,

2 дахь заалтын дугаарыг 3 гэж, 3 дахь заалтын дугаарыг 4 гэж өөрчилж,

3 дахь заалтын 54,950 гэсний дараа төгрөг, хариуцагч М.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,450 гэж нэмж, М.Н аас 143,239.05 гэснийг М.Н-аас 60,242 гэж Д.Э-өөс 143,239.05 гэснийг Д.Э-өөс 44,850 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Э-өөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 Д.БЯМБАСҮРЭН