Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2024/00093

 

“Х” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/03099 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/00355 дугаар магадлалтай,

“Х” ХК-ийн нэхэмжлэлтэй

“А” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 178,669,161,353 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, Ч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л, Д, хариуцагчийн өмгөөлөгч Ч, Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХК хариуцагч “А” ХХК-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 178,669,161,353 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/03099 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас 151,717,660,683 төгрөг болон 9,043,861.09 ам.долларыг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 347,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох

- ... зэргийг тус тус худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Нэхэмжлэлээс “А” ХХК-ийн эзэмшлийн, ... даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 906,032,708 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-иас 905,892,308 төгрөгийг гаргуулж “Х” ХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/00355 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/03099 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 461,329,772 төгрөг, нэхэмжлэгчээс мөн төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, Ч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь заалтад заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтад заасны дагуу хяналтын гомдол гаргах үндэслэл бүрдсэн тухайд.

Х болон “А” ХХК хооронд байгуулагдсан 2014.12.12-ны өдрийн ... дугаартай “... гэрээ”-ний дагуу “А” ХХК-ийн эзэмшлийн .... орлого, “А” ХХК-ийн эзэмшлийн, ... орлогыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан.

Тодруулбал, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлосон ашигт малтмал, түүний борлуулалтын орлого, ирээдүйд орж ирэх орлого нь холбогдох хууль тогтоомж болох Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт “барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийн үр шим барьцааны зүйл байна.” гэж, мөн “Х” ХК болон “А” ХХК хооронд байгуулагдсан 2014.12.12-ны өдөр ... тоот “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээ”-ний 2.1 дэх хэсгийн хүснэгтийн 7 дахь мөрөнд “... тоот тусгай зөвшөөрөлтэй талбайгаас олборлосон ашигт малтмал, түүний борлуулалтын орлого” гэж тус тус тодорхойлсны дагуу хууль ёсны барьцаа хөрөнгөөр баталгаажсан гэсэн үг юм.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус банкны зүгээс анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор 2022.08.29-ний өдрийн №181/ШЗ2022/11159 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардсан нэхэмжлэлийн шаардлагын дүнгийн хэмжээгээр ... битүүмжлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага авч тогтоол үйлдэж битүүмжилсэн.

Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн “хайгаад олохгүй байгаа” ... тн хүдрийн баяжмалыг шийдвэр гүйцэтгэх байгууллага битүүмжлэн холбогдох ажиллагааг хийсэн байхад уг үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх дүгнээгүй ба ийнхүү дүгнээгүй нь хуулийг нэг мөр, зөрүүгүй хэрэглэсэн гэсэн үг биш юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан. Хоёр шатны шүүх хоёулаа шийдвэр, магадлалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хуульд үндэслээгүй байгаа нь зөрүүгүй гэсэн үг биш болно.

Өөрөөр хэлбэл хоёр шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн нь зөрүүгүй мэт харагдавч энэ нь ИХШХШТХ-ийн 172.2.1-д заасан үндэслэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх зөрүүгүйгээр хуулийг буруу хэрэглээд байхад үүнийг Улсын дээд шүүх зөрүүгүй л байвал хууль зөрчсөн, эс зөрчсөн нь хамаагүй гэж үзэж болохгүй юм.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4 дэх заалтад заасны дагуу хяналтын гомдол гаргах үндэслэл бүрдсэн тухайд.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.4 дэх хэсэгт “Барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нөхцөл бий болсон тохиолдолд барьцаалагч нь энэ хуулийн 92 дугаар зүйлд заасан эрхийг эдэлнэ” гэж, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн шаардах эрх үүсэж улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Тодруулбал, нэхэмжлэгч болох “Х” ХК нь 2023.03.15-ны өдрийн №5/2479 албан тоотоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага хоёр агуулгатай байсан ба нэгт: “...барьцааны гэрээгээр заасан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлон гаргаж авсан ... тн хүдрийн баяжмалаар л үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах”, хоёрт: “...” гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгчийн “Говь-Алтай аймаг, Цээл сум, Баянчандмань өндөр нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлосон 1,000,000 тн хүдрийн баяжмал зэргээр үүргийн гүйцэтгэх хангуулах, нийт ашигт малтмалыг захиран зарцуулахгүй байх, аливаа хэлцэл хийхгүй байхыг “А” ХХК-нд даалгах” гэсэн шаардлагыг анхан шатны шүүх хангаагүй. Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...тн хүдрийн баяжмалыг олборлосон гэх баримт хэрэгт авагдаагүй тул ... үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй байна ... даалгах шаардлага нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан барьцааны зохицуулалтад нийцэхгүй тул хэрэгсэхгүй болгох үндэстэй” гэж дурдсан.

Харин давж заалдах шатны шүүхийн магадлалд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд барьцааны гэрээ байгуулсан байна гэж дүгнэсэн. Мөн түүнчлэн “хэрэгт ... авагдаагүй” гэх үндэслэлээр уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Давж заалдах шатны шүүхэд дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгоогүй тул буцаах” гэжээ.

Дээрхээс дүгнэж үзвэл холбогдох барьцааны гэрээ байгуулагдсан байна, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр, магадлалдаа дүгнэсэн, нэхэмжлэгч энэ эрхийнхээ хүрээнд нэхэмжлэл гаргасан, хариуцагч барьцааны гэрээ байтуулсан, барьцааны зүйл түүний үр шим буюу орлого, ашигт малтмалаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудал дээр маргаагүй.

Маргаан бүхий ... тн хүдрийн баяжмалын талаар нэг талаас 2014.12.12-ны өдрийн ... дугаартай ... гэрээнд заасан ашигт малтмалын талбайгаас олборлосон ашигт малтмал, түүний орлого гэж барьцааны зүйлийг тодорхойлсон, нөгөө талаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бидний зүгээс гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.29-ний өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардсан нэхэмжлэлийн шаардлагын дүнгийн хэмжээгээр ... битүүмжлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага авч тогтоол үйлдэж битүүмжилсэн гэсэн хоёр төрлийн арга хэрэгслээр шаардах эрхээ баталгаажуулсан.

Ийнхүү арга хэмжээ аваад байхад барьцаалуулагч нь барьцаа болон шийдвэр гүйцэтгэх байгууллагын битүүмжилсэн тогтоолыг үл хайхран барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд бодитой саад учруулж байгаа.

Барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоох зорилгоор Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.4 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргахад 157.4-ийг хэрхэн ойлгож, хэрэглэх вэ, энэ заалтын дагуу барьцаалуулагчийн барьцааны эрхээ саадгүй хэрэгжүүлэх нөхцөлийг хангахад энэхүү хуулийн зохицуулалтыг хэрхэн тайлбарлах, хэрхэн ойлгох талаар хууль хэрэглээг тогтоох шаардлагатай байна.

Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...даалгах шаардлага Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан барьцааны зохицуулалтад нийцэхгүй тул хэрэгсэхгүй болгох үндэстэй” гэжээ. Давж заалдах шатны шүүх нь энэхүү хууль хэрэглээнд өөрийн дүгнэлтийг хийгээгүй. Эндээс үзэхэд анхан болон дааж заалдах шатны шүүхүүд Иргэний хуулийн 157.4 дэх заалтыг нэг мөр ойлгоогүй, хууль хэрэглээ нийтлэг байдлаар тогтоогүй байна.

Мөн анхан шатны шүүхээс ... баяжмалыг олборлосон баримт хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэсэн. Энэ талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар хүдрийн баяжмалыг битүүмжилсэн тухай баримт хэрэгт авагдсан талаар өмнө дурдсан. Ашигт малтмал олборлосон баримт хэрэгт авагдсан эсэх нь Иргэний хуулийн 157.4 дэх хэсэгт заасан нөхцөл журмыг үгүйсгэх хууль эрх зүйн үндэслэл болох уу, Иргэний хуулийн 157.4 дэх хэсэгт заасан хуулийн уг зохицуулалт заавал ашигт малтмал олборлосон байх урьдач нөхцөлийг хангасан байхыг шаардаж байна уу гэх асуудал юм.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дагуу бодит байдал дээр ... тн хүдрийн баяжмал байхгүй байсан тул нэхэмжлэлийн шаардлага хангахгүй орхилоо гэж үзье. Хожим нь .... тн эсхүл өөр хэмжээгээр хүдрийн баяжмал олборлож бодитой байгаа нь тогтоогдвол шүүхэд дахин энэ асуудлаар хандах уу. Нэг талаас энэ үйл баримтыг дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа үндэслэлээр нэхэмжлэл хүлээн авахгүй. Нөгөө талаар одоо нэхэмжлэл гаргах, ирээдүйд олборлоод гарч ирэх баяжмалаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах хоёрын хооронд эрх зүйн ямар үр дагавар үүсэх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Энэ тохиолдолд эрх зүйн хувьд ялгаагүй гэж үзэж байна.

Учир нь бид барьцааны гэрээгээр барьцаалсан тусгай зөвшөөрөл, түүнээс олборлосон ашигт малтмалыг барьцааны зүйл гэж үзнэ гэж гэрээнд заасан. Одоо энэхүү маргаж буй маргааныхаа хүрээнд шүүхийн шийдвэр гагуулахгүй бол ирээдүйд төмрийн хүдэр олборлохыг хүлээх, олборлоод гарсны дагуу шүүхэд хандана гэвэл барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж амжихгүй буюу боломжгүй. Өөрөөр хэлбэл барьцаалуулагч хүдрээ бусдад худалдан борлуулах хангалттай хугацаа үүснэ гэсэн үг юм. Энэ нь Иргэний хуулийн барьцааны тухай зохицуулалт, талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээнүүдийн зорилго, мөн чанарыг алдагдуулах юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар банк, банк бус санхүүгийн байгууллагад, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн татварын өрийг хураах зорилгоор татварын албанд барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй” гэж, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт “барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийн үр шим барьцааны зүйл байна” гэж, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “...барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн зүйлийн 153.2 дахь хэсэгт “Барьцааны эрх үүссэнээр тухайн этгээд үүргийн гүйцэтгэлийг шаардах давуу эрх эдэлнэ”, 154 дүгээр зүйлийн 154.4-т “Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ” гээд, 156 дугаар зүйлийн 156.1-д "Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж тус тус заасан.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгинн барьцааны тухай хуулиар барьцааны зүйлийн үр шим өөрөө барьцааны зүйл байхаар тодорхой хуульчилсан. Өөрөөр хэлбэл барьцааны зүйл болох хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл, уг барьцааны зүйлийн үр шим болох ашигт малтмал нь мөн адил барьцааны зүйл бөгөөд түүнээс үүргийн гүйцэтгэл хангуулах хууль эрх зүйн боломжтой.

Дээрх хуулийн зүйл заалтууд, хууль зүйн фактыг үндэслэн бид Иргэний хуулийн 9-д заасны дагуу иргэний эрх зүйн хамгаалалт хүссэн. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх” гэж заасан. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүх нь иргэний эрх зүйн хамгаалалтыг бидэнд үзүүлэхгүй байна.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заасан байдаг. Энэ тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө одоо бодитой оршин байна уу гэдгийг шалгадаггүй. Үүнтэй адилаар ашигт малтмал олборлосон эсэхийг заавал шалгах хууль зүйн зохицуулалт байхгүй ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлон, барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа талаар хангалттай дурдсан.

Дээр дурдсан үндэслэл, шалтгаан, нөхцөл байдлаас улбаалан нэхэмжлэгч болох Хны зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4 дэх заалтад “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасныг үндэслэн өмнө дурдсанчлан барьцаалагч нь барьцааны эрхээ хэрхэн хэрэгжүүлэх, түүнчлэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа тохиолдолд тухайн саадыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.4 дэх хэсгийг хэрхэн ойлгож, хэрэглэх, энэхүү хуулийн зохицуулалтыг хэрхэн тайлбарлах, хэрхэн ойлгох талаар хууль хэрэглээг тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа тул уг хяналтын гомдлыг гаргаж байгаа болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн барьцааны гэрээгээр заасан ... үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах”, “... захиран зарцуулахгүй байх, аливаа хэлцэл хийхгүй байхыг “А” ХХК-нд даалгах” шаардлагуудыг ханган өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, Ч нарын гаргасан гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.04.18-ны өдрийн 001/ШХТ2024/00444 дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч “Х” ХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 178,669,161,353 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “...“А” ХХК нь Хтай 2013.12.24-ний өдөр ... тоот гэрээ тус тус байгуулсан, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож “А” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, өмчлөлийн барилга, ашиглах болон эзэмших эрхтэй газар зэрэг нийт 30 нэр бүхий хөрөнгүүдийг барьцаалсан.

...Иймд хариуцагч “А” ХХК-аас 2013.05.20-ны өдрийн ... тоот Зээлийн гэрээний үүрэгт 64,635,677.59 төгрөг, Монгол банкны эх үүсвэрт шилжүүлэхээс өмнөх зээлийн хүүний үлдэгдэл 3,859,861.09 ам.доллар, 2013.12.24-ний өдрийн ... тоот Зээлийн гэрээний үүрэгт 87,081,982,830.65 төгрөг, Монгол банкны эх үүсвэрт шилжүүлэхээс өмнөх зээлийн хүүний үлдэгдэл 5,184,000 ам.доллар, нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал болох 347,500 төгрөг, нийт 151,718,008,183.24 төгрөг болон Монгол банкны эх үүсвэрт шилжүүлэхээс өмнөх зээлийн хүүний үлдэгдэл нийт 9,043,861.09 ам.долларыг гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулж өгнө үү...” гэж тодорхойлсон,

Хариуцагч тайлбартаа: “...“А” ХХК нь Х-тай 2013.05.20-ны өдөр ... тоот, 2013.12.24-ний өдөр ... тоот Зээлийн гэрээнүүдийг байгуулсан. ...2013.05.20-ны өдөр байгуулсан ... тоот зээлийн гэрээг байгуулахаас өмнө 6 удаа зээлийн гэрээ байгуулж зээл авсан байсан ба зарим зээлүүд хугацаа хэтрэлттэй буюу эргэн төлөлтийн график зөрчилтэй байсан. Хны зүгээс банкны үйл ажиллагааны зохистой шалгуур үзүүлэлтээ барих үүднээс буюу тухайн хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлж хаах зорилгоор 2013.05.20-ны өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 ам.доллар олгосон.

... тоот Зээлийн гэрээний тухайд: Х нь энэхүү 30,000,000 ам.доллараас өмнөх зээлийн гэрээний 28,067,078.93 ам.долларын төлбөрийг хааж, үлдэх 1,932,921.07 ам.долларыг л “А” ХХК-д зориулалтын дагуу олгосон байдаг. Хны зээл олгох замаар зээл төлүүлсэн энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байна.

Бидний зүгээс өмнөх зээлүүдийн болон тэдгээрт ногдох хүүг нэгтгэж шинэ зээлийн гэрээ үүсгэх замаар олгосон буюу хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний дагуу олгосон 30,000,000 ам.долларт ногдох хүүний төлбөрийг төлөх үндэслэлгүй.

... тоот Зээлийн гэрээний тухайд: ...Х нь энэхүү 30,000,000 ам.долларын зээлийг олгохдоо зээлдэгчийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд зориулсан бус, харин өөрийн болон холбоотой этгээдийн эзэмшиж байсан ... (“А” ХХК-ийн толгой компани)-ийн хувьцааг худалдах зорилгоор буюу хувьцааны төлбөрийг төлүүлэх зорилгоор олгосон байдаг. Х нь ...-ийн хувьцааг худалдах зорилгоор зээл олгосон энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 болон 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулсан байна.

Иймд Хнаас хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 30,000,000 ам.доллар болон түүнд ноогдох хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Иргэний хуулийн 56.5-д заасны дагуу зээлийн хүүнд төлсөн төлбөрийг хасаж тооцвол 30,000,000 ам.доллар -5,508,000 ам.доллар -6,574,221.12 ам.доллар (17,760,730,595 төгрөг төлбөр төлөгдсөн өдрийн албан ханшаар тооцож төгрөгт хөрвүүлэв) = 17,917,778.88 ам.долларын үлдэгдэлийг ...-д буцаан төлөхөөр байна...” гэж тайлбарласан.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: “...Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ... тоот Зээлийн гэрээ болон нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүд, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ... тоот Зээлийн гэрээ болон нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, хуулийн хүчин төгөлдөр байна. Хариуцагч тал нь зээл, зээлийн хүүгийн тооцоолол, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй тул баримт тайлбарын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Харин нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал болох 347,500 төгрөг нь хариуцагчийн зээлийн гэрээний үүргээ зөрчсөнтэй шууд шалтгаант холбоотой гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй, ...Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлагын тухайд нэр бүхий зарим барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн талаарх тэмдэглэгээ байхгүй тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3-д зааснаар хүчин төгөлдөр бус байна. Иймд эдгээр хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно, ...хариуцагчийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайгаас 1,000,000 тн хүдрийн баяжмал олборлосон гэх баримт хэрэгт авагдаагүй,  ...мөн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлосон нийт ашигт малтмалыг захиран зарцуулахгүй байх, аливаа хэлцэл хийхгүй байхыг “А” ХХК-д даалгах шаардлага нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан барьцааны зохицуулалтад нийцэхгүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэж дүгнэсэн бол,

Давж заалдах шатны шүүх “...Анхан шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ. “...2014.12.12-ны өдөр байгуулагдсан ... тоот Барьцааны гэрээгээр зээлийн гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор ... талбайгаас олборлосон орлого болон ашигт малтмал, түүний борлуулалтын орлогыг барьцаалсан байна.

Хэрэгт ... хэмжээ тодорхойгүй байхад шүүх ... тн хүдрийн баяжмалыг олборлосон гэх баримт хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Давж заалдах шатны шүүхэд дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгоогүй...” гэж дүгнэжээ.

 8. Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийн хүрээнд хэлэлцэж, гомдлын магадлалыг эс зөвшөөрсөн хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

9. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл: талууд  2014.12.12-ны өдрийн ... тоот Барьцааны гэрээгээр хариуцагчийн эзэмшлийн ... барьцаалжээ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь ...барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 154 дүгээр зүйлийн 154.1-д зааснаар хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж, 154.4-т барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно, энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжснээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ гэж тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч нь дээрх барьцааны гэрээг үндэслэн тухайн  талбайгаас олборлон авсан ...тн хүдрийн баяжмалаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг анхан шатны шүүх “...тухайн талбайгаас ... тн хүдрийн баяжмал олборлосон гэх баримт хэрэгт авагдаагүй...” гэх үндэслэлээр холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх “...тухайн талбайгаас олборлосон ашигт малтмалын хэмжээ тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу...” гэх үндэслэл заажээ.

Зохигчийн хооронд байгуулсан барьцааны гэрээ нь талуудын зээлийн гэрээний үүрэгтэй салшгүй холбоотой бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тул тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлосон хүдрийн баяжмалаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйилйн 154.1.4-т зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хэрэгжих учиртай байна.

Иймд тухайн талбайгаас олборлосон хүдрийн баяжмалын хэмжээг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал биш гэж үзнэ.

10. Дээр дурдснаар хариуцагчийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлосон хүдрийн баяжмалын хэмжээг тогтоолгох үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д нийцээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоос магадлалыг эс зөвшөөрсөн хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт цугларсан баримтын хүрээнд хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/00355 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, Ч нарын гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Х” ХК-аас 2024.03.29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                             ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                    Н.БАЯРМАА

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД