Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 962

 

 

М С Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Очбадрах,

шүүгдэгч М С А, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,

орчуулагч Б.Бадамцэвэл, 

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЗ/1940 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн М С Ат холбогдох эрүүгийн 1902007930275 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

      /,

 

Шүүгдэгч М С А нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай нийт 6 кг 480 грамм “өвс”, нийт 3 грамм “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Art Mongolia” урлангийн нийтийн байрандаа хадгалсан, улмаар бэлтгэсэн 0.0762 грамм “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Б.Билгүүнд өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас:

М С Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“...Шүүгдэгч М С Аийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хадгалсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ М С Аээс гаргасан гомдолд дурьдсан Майдар, Төгсөө, Адьяа, Зулаа, Тамир нараас мэдүүлэг авах ажиллагаа нь хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой гэж 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолд үзсэн атлаа тэдэнд холбогдуулж Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 200200203 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Энэ нь М С Аийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аrt Мongolia” урлангийн нийтийн байранд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хэн, хэзээ, хаанаас авч ирсэн болохыг нотолж тогтоогоогүй атлаа түүнийг хууль бусаар дээрх бодисыг хадгалсан бэлтгэсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан шаардлагыг хангаагүй байна. Мөн дээр дурьдсан Майдар, Төгсөө, Адьяа, Зулаа, Тамир гэх этгээдүүдээс зарим нэр бүхий этгээд Монгол Улсын хилээр гарсан талаарх баримт хэрэгт авагдсан ба бусад этгээдэд холбогдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй байна гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нэр бүхий гэрчийн мэдүүлэгт 2019 оны 9 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сарын 30-ны хооронд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аrt Мongolia” урлангийн нийтийн байранд ямар хүмүүс ирж, очиж байсан талаар тодорхой мэдүүлсэн атал ОХУ-ын иргэн М С Аийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэж үзэх хуульд заасан хангалттай нотлох баримт, үндэслэл хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Хоёр дугаар хавтаст хэргийн 82 дугаар талд Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолд “...яллагдагч Б.Билгүүн нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 30-ны өдөр хүртэл НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 0.0762 грамм “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, уг бодисоо 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.Эрдэнэбаярт өгсөн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба ОХУ- ын иргэн Миронов овогт Сергей Александровичээс гаргасан гомдолд дурьдсан Майдар, Төгсөө, Адьяа, Зулаа, Тамир нараас мэдүүлэг авах ажиллагаа нь хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой, ...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 296 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн ба хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй байх тул яллагдагч Б.Билгүүнд холбогдох хэргийг тусгаарлах нь зүйтэй” гэж М С А, Б.Билгүүн нарт холбогдох эрүүгийн хэргээс Б.Билгүүнийг тусгаарлаж шийдвэрлэжээ.

Шүүх яллагдагч Б.Билгүүнд холбогдох хэргийг ОХУ-н иргэн М С Ад холбогдох хэргээс тусгаарлаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

Учир нь шүүгдэгч М С Аид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэхдээ “...улмаар бэлтгэсэн шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Б.Билгүүнд өгсөн гэмт хэрэг үйлдсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүх хэргийг шийдвэрлэхэд яллагдагч “Б.Билгүүнийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан” талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай болж байх тул М С Аид холбогдох хэргээс тусгаарласан нь энэ хэргийг шийдвэрлэхэд саад болж байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл М С Аийн “...улмаар бэлтгэсэн шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны едөр Б.Билгүүнд өгсөн” гэх хэрэг, яллагдагч “Б.Билгүүний мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан” гэх хэргийг хамтад нь шийдвэрлэх нь энэ хэргийг нэг мөр бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж шүүх дүгнэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч, орчуулагч нар нь яллах дүгнэлтийг Орос хэл дээр орчуулсан орчуулга Монгол хэл дээрх яллах дүгнэлт хоёр харилцан зөрүүтэй буюу “бэлтгэсэн" гэсэн үг орчуулагдаагүй тул энэ талаарх зөрүүг арилгуулах хүсэлт гаргасныг шүүх гуравдугаар хавтаст хэргийн 49-51 дүгээр талд авагдсан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс болон Шидэт Хуур ХХК-ийн хооронд байгуулсан N°... гэрээгээр орчуулгын үнэн зөв орчуулсан эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй.

Түүнчлэн ОХУ-ын иргэн М С А нь Монгол хэл мэддэггүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж буюу өөрийн сонгосон өмгөөлөгч, орчуулагчгүй байцаалт авсан, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг шөнийн цагаар орчуулагчгүйгээр хийсэн зэрэгхууль зөрчсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байхыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т зааснаар дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул М С А-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж...” шийдвэрлэжээ. 

 

Прокурор С.Мөнхгэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Яллагдагч ОХУ-ын иргэн М С А нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан“дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай нийт 6 кг 480 грамм “өвс”, нийт 3 грамм “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аrt Мongolia” урлангийн нийтийн байрандаа хадгалсан, улмаар бэлтгэсэн 0.0762 грамм “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Б.Билгүүнд өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” заасны дагуу хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Билгүүнээс “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг М С А нь өгсөн гэж мэдүүлдэг ба тухайн үйлдэл нь гэрч А.Эрдэнэбаярын мэдүүлгээр давхар нотлогдохоос гадна яллагдагч М С А нь Б.Билгүүнд шавар өгсөн талаараа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн тул Б.Билгүүнд холбогдох хэргийг тусгаарлан түүнд холбогдох эрүүгийн 1902007940276 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн

Тус шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Билгүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн.

М С А нь шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисын талаар маргаагүй харин “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис нь Майдар, Төгсөө, Адьяа, Зулаа, Тамир нарынх гэж маргадаг ба тухайн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь Майдар, Төгсөө, Адьяа, Зулаа, Тамир нарынх мөн эсэх нь М С Аийн үйлдсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис бэлтгэсэн, хадгалсан үйлдэл болон хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, тухайн гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд олж авсан гэх шинж хамаарахгүй гэж үзэж байх тул Б.Билгүүнд холбогдох эрүүгийн 1902007940276 дугаартай хэргийг, мөн М С Аийн бэлтгэсэн, хадгалсан гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь Майдар, Төгсөө, Адьяа, Зулаа, Тамир нарынх мөн эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг бүртгэлтийн 200200203 дугаартай хэргийг тус тус нэгтгэн шалгах үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч ОХУ-ын иргэн М С Аийг ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хангах зорилгоор өмгөөлөгчөө сонгох боломжоор хангах, орчуулагчийн тусламж авах эрхээр хангасан бөгөөд яллах дүгнэлтийг Орос хэл дээр орчуулж, гардуулсан билээ.

Иймд шүүхийн захирамжид заасан орчуулгад “бэлтгэсэн" гэсэн үг орчуулагдаагүй гэх асуудал нь ОХУ-ын иргэн М С Аийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй холбоогүй тул орчуулга үнэн зөв орчуулсан эсэхийг шийдвэрлэх гэсэн шүүгчийн захирамжийн заалтыг үндэслэлгүй гэж үзсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг орчуулагч нь орчуулж өгөх боломжтой тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1940 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.  

 

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх Б.Билгүүнд холбогдох хэргийг энэ хэрэгтэй хамт шийдвэрлэж байж хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх боломжтой гэсэн үндэслэлийг захирамждаа дурдсан. Хэргийн материалтай танилцахад мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Билгүүн болон гэрч Эрдэнэбаяр нарын мэдүүлэг мөн М С Аийн өгсөн мэдүүлэг зэргээр тухайн “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Билгүүнд өгсөн нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Энэ хэргийг тусгаарласан асуудлын тухайд шүүгдэгч нь Адъяа, Зулаа, Тамир гэх хүмүүс ургамлыг өөрийнх нь амьдардаг, түр оршин суудаг Арт Монголиа гэх нийтийн байранд авчирсан, минийх биш, би мэдээгүй. Мөн Улаан-Үүд рүү яваад ирэхэд уг үйл явдал болсон гэсэн байр суурьтай мэдүүлэг өгсөн. Энэ талаарх гомдол, хүсэлтийг дээд шатны прокурор болон хяналтын шатны прокурор, шүүхэд удаа дараа өгсөн байдаг. Хэдийгээр шүүгдэгч нь ийм мэдүүлэг өгдөг боловч мөрдөн байцаалтын шатанд Арт Монголиа гэх нийтийн байрны манаач Адъяа гэх хүнээс мэдүүлэг авахад “Төгсөө гэх хүн М С Аийг байхгүй байхад нийтийн байранд ирсэн. Гэхдээ ямар нэг тортой болон цүнхтэй зүйл барьж орж харагдаагүй. Манай нийтийн байрны хяналтын камер байдаг боловч сүүлийн 1 жил ажиллааагүй” гэсэн байдаг. Мөн мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр яллагдагчаас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хяналтын прокурорт гаргасан. Уг хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж ердийн журмаар шийдвэрлэхээр тогтоосон. Үүний дараа анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй тогтворгүй мэдүүлэг өгч байсан. Хэдийгээр яллагдагч өөрийн гэм бурууг үнэн зөвөөр мэдүүлэх үүрэг хүлээхгүй боловч энэ нь ямар нэг хэмжээ хязгаартай байх ёстой гэж үзэж байна. Энэ эрх үүрэгтээ би өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй гэдгээр халхавчилж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, зориуд худал мэдүүлэг өгөх байдлаар хандаж болохгүй. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар давхар баталгаажсан эрх юм. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт худал мэдүүлэг өгөх нөхцөл байдлыг хэмжээ хязгааргүйгээр хэрэглэх эрх биш гэж ойлгож байна. Майдар болон Төгсөө нарт холбогдох хэргийг гэрчийн мэдүүлэг авахаар мөрдөн шалгах ажиллагаа явагдсан байдаг. Гэхдээ тухайн үед Баясгалангийн Тамир гэх хүн Монгол Улсын хилээр гарч явсан гэсэн лавлагаа хэрэгт авагдсан байгаа. Эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах асуудлыг тусдаа хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдалд байна. Б.Билгүүнд холбогдох хэргийн тусгаарлан шийдвэрлэсэн нь ямар нэг хууль зөрчсөн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ямар нэг саад учруулсан зүйл байхгүй гэж үзэж байна. Нэгэнт Б.Билгүүн энэ тусгаарласан хэргээрээ анхан шатны шүүхээр орж гэм буруутайд тооцогдож ял шийтгэл авсан тохиолдолд уг шийдвэр хүчин төгөлдөр болно. Зөвхөн Б.Билгүүн худал мэдүүлэг өгсөн, намайг гүтгэсэн гэсэн гомдол, хүсэлтийг М С А гаргадаг. Тухайн үед мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд тухайн Эрүүгийн цагдаагийн албаны орчуулагч, мөрдөгчийг оролцуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсон байсан. Үүнийг дээд шатны прокурор хүчингүй болгосон. Хэргийг нэгтгэх асуудлын тухайд шүүхийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, мөрдөн байцалатын шатанд Б.Билгүүн  тухайн бодисыг хаанаас, яаж авсан талаараа мэдүүлсэн бөгөөд уг мэдүүлэг нь гэрч Эрдэнэбаярын мэдүүлгээр давхар нотлогддог. Мөн Оросын Холбооны Улсын иргэн М С А тухайн бодисыг яаж гаргаж авсан, хэзээ, яаж Б.Билгүүнд өгсөн талаараа өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байгаа тул ямар нэг байдлаар хоорондоо ашиг сонирхлын зөрчилтэй, тухайн үед хэргийг тусгаарлах нөхцөл байдал үүсээгүй байсан. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоос үзэхэд харилцан эсрэг ашиг сонирхолтой мэт харагдаж байгаа боловч хэргийг прокурорт шижүүлэх үед өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргаж байсан нь нотлогддог. Иймд хэргийг тусгаарлан шийдвэрлэхэд ямар нэг байдлаар саад учруулах нөхцөл байдал гэж үзэх үндэслэл байхгүй. Түүнчлэн, орчуулгын асуудлын тухайд өмнөх шүүх хуралдаанд оролцсон орчуулагч биш өөр орчуулагч оролцож байгааг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа гэж үзэж байна...” гэв. 

 

Өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Учир нь, прокурорын эсэргүүцэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2, 1.7 дугаар зүйлд тус тус заасныг зөрчиж нэг талыг буюу яллах талыг барьж энэ хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт байгаа нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгчийн гэм буруу хангалттай нотлогдон тогтоогдож чадаагүй талаар захирамжид тодорхой тусгасан. Шүүгдэгч нь сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг хадгалсан, бэлтгэсэн, өгсөн гэсэн 3 үндэслэлээр буруутгагдсан бөгөөд уг 3 үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл прокурор эсэргүүцэлдээ “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг өгсөн гэдгийг нотолдог ч “өвс” гэх нэршилтэй ургамлыг өгсөн гэдгийг нотолдоггүй. Зөвхөн Б.Билгүүний талаар гэхэд 20-30 өргөдөл гаргаж өгсөн байдаг. Үүнтэй холбогдуулж би нэг бүрчлэн тайлбар гаргаж өгсний ихэнх нь Б.Билгүүнд юу ч өгөөгүй гэж байхад Б.Билгүүн авсан гэж хэргээ хүлээсэн гэдгээр миний үйлчлүүлэгчийг буруутгасан. Шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх ёстой гэж үзэж байна. Учир нь, М С А 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр яваад мөн сарын 23-ны шөнө Монгол Улсад орж ирсэн байдаг. Ирээд урландаа очиж үзэхэд авах юмгүй байсан. Гэтэл тухайн урланд Тамир, Ганзул /Зулаа/ гэх хүмүүс өвсийг чанаж бэлтгэж байсан. Прокурор Адъяа, Майдар гэх 5 хүнээс гэрчийн мэдүүлэг авсан гэж тайлбарладаг боловч гэрч нарыг хооронд нь хольсон. Адъяа гэх манаач байцаагдсан байтал маргасан гэж эсэргүүцэл бичсэн байна. Мөн Майдар, Билгүүн төгс зэрэг 3 хүний нэрийг дурдаж гэрчээр байцаагдах ёстой гэдэг ч 2 хүнийг огт байцаагаагүй. Майдар, Билгүүнтөгс нарын гэрийн хаяг, зургийг нь өгсөн байхад эрэн сурвалжилна гэсэн маягаар орхигдуулсан. Билгүүн, Майдар нар “энэ өвсийг Зулаа, Тамир нар авчирч чанаж байсан” гэж хэлсэн байдаг. Энэ талаар М С А гомдол гаргаж хүмүүсийг асууж өгөхийг хүссэн боловч хүсэлтийг хангаагүй. Яллах дүгнэлтэд М С Аийн ажлаа явуулах зорилгоор түрээслэдэг урлангийн байрыг “амьдардаг” гэж бичсэн байсан. Гэтэл 1 дүгээр хавтас хэргийн 148 дахь талд түүний оршин суух газрын хаягийн талаар Засаг даргын тодорхойлолт авагдсан байдаг. Гэрч Адъяа “би Орос явна, харж байгаарай гээд хэлээд захиж явсан. Тэр хойгуур Майдар гэх гэзэгтэй залуу, хэнгэрэг барьсан өндөр залуу, бас намхан залуу гээд Тамир Төгсөө нарын залуучууд байнга орж гараад байсан. Өдөр өнжөөд 6, 7 удаа ирсэн” гэж мэдүүлсэн байдаг. Эдгээр нөхцөл байдлыг анхан шатны шүүх асууж тодруулах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлтэй. Нийслэлийн прокурор Насанбатын 2 тогтоол хэрэгт авагдсан байдаг бөгөөд энэ талаар ажиллагаа огт ажиллагаа хийгээгүй, тусад нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь үндэслэлгүй гэж захирамжид дурдсаныг үндэслэлтэй гэж үзэж байна. Б.Билгүүний хувьд гэрч Эрдэнэбаярын мэдүүлэг болон өөрийнх нь “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис өгсөн үйлдэл нотлогдсон гэж үздэг. Гэтэл Эрдэнэбаярын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй. Б.Билгүүн “би Сергей гэх хүнийг өгсөн байх гэж бодсон болохоос энэ хүнийг танихгүй” гэж мэдүүлсэн байхад прокурор яаж нотолсон гэж үзсэн нь үндэслэлгүй...” гэв. 

 

Шүүгдэгч М С А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Учир нь, энэ хэрэгт гэм буруутай байж болох сэжигтэй этгээдүүдийг хайж олох, илрүүлэх ажиллагаа хийгдээгүй. Намайг Оросын Холбооны Улсад байхад Адъяа гэх нэртэй харуул намайг байхгүй хооронд 6-7 хүн орж гарч, хоносон гэдгийг гэрчилсэн. Тэдгээрийн нэг нь буюу Гансүхийн Ганзул гэх хүн өмнө ийм хэргээр баригдаж ял эдэлж байсан болохыг бид олж илрүүлсэн. Майдар гэх хүн “Ганзул одоо хүртэл хэрэглэж, бусдад худалдаж байгаа” гэж хэлдэг. Гэтэл цагдаа, мөрдөн байцаагч нар түүнийг олж илрүүлэх, ямар нэг байдлаар мэдүүлэг аваагүй. Майдар гэх хүн надад тусалж мэдүүлэг өгөх байтал цагдаа нар олж илрүүлж чадахгүй гэдэг. Би Майдартай 3 удаа тааралдаж уулзаад “чи яагаад надад туслаад бодит байдлыг яриад өгч болохгүй байгаа юм бэ” гэхэд “мөрдөн байцаагч нар над руу залгаад Сергейн эсрэг мэдүүлэг өгөөч гэж хэлсэн” гэж хэлсэн. Тэр үед Нямрагчаа гэх байцаагч энэ хэргийг шалгаж байсан. Би прокурорын эсэргүүцэлтэй санал нийлэхгүй байна. Учир нь, би Б.Билгүүнд “шавар” гэх нэршилтэй зүйлийг өөрт нь дамжуулж өгсөн гэдгээр өөрөө буруутгагдсан. Би үүнийг үгүйсгэж маргаж байхад эсэргүүцлийн 2 дахь үндэслэлд “шавар” гэх нэршилтэй бодис өгсөн гэдэгтээ маргахгүй байгаа гэж бичсэн байсан. Эндээс миний буруутай нь нотлогдож байгаа юм шиг бичигдсэн байна. Б.Билгүүнд холбогдох хэргийн шүүх хурал болохоос өмнө би Б.Билгүүнтэй нүүрэлдье гэж хэлж байсан. Нүүр тулвал би өгөөгүй гэдгийг мэдэх боломжтой. Байгаа бодит байдлыг эргүүлж миний эсрэг ашиглаж байгаа нь шударга бус байна. Мөн яллах дүгнэлтэд “бэлтгэсэн” гэх үгийг орчуулаагүй байсан. Өмнө миний татгалзсан өмгөөлөгч нар прокурортой уулзаад “бүх зүйл ангийг хасаж, 5 хоног хадгалсан гэх зүйл ангиар чамайг яллана. Тэгээд тэнсэнгээр чамайг гаргаад Орос руу буцаана” гэж хэлж байсан. Гэтэл яллах дүгнэлтэд хадгалснаас гадна Б.Билгүүнд дамжуулсан гэх зүйл анги нэмсэн. Бэлтгэсэн гэх үг яллах дүгнэлтэд байгаагүй, зөвхөн шүүх хурал дээр энэ шинжээр нэмж ялласан. Түүнчлэн намайг яллах дүгнэлтэд “Арт Монголиа” урлангийн нийтийн байрандаа мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан гэж дүгнэснийг маш том алдаа гэж үзэж байна. Учир нь, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын “Арт Монголиа” гэх газар нь хүн оршин суудаг, нийтийн байр биш, харин ажил, албаны газар гэх тодорхойлолт гарсан байхад нийтийн байр гэж үзэж ялласныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмгөөлөгч нар намайг тэнсэн аваад явах боломжтой гэж байгаа ч би гэм буруугүй гэдгээ нотлуулахыг хүсэж байна. Энэ миний амьдрал учир хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж дахин мэдүүлэг авч, хэргийг үнэн зөв шийдвэрлүүлмээр байна. Би эцэгтэйгээ адилхан урлангийн уран бүтээлч бөгөөд 2019 онд эцэгтэйгээ хамт Халхын голын ялалтад зориулан морьтой Жуковын хөшөөг хийж бэлэглэсэн. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч М С Ат холбогдуулан шүүхэд ирүүлсэн “...мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, улмаар бэлтгэсэн “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Б.Билгүүнд өгсөн...” гэх хэрэгт анхан шатны шүүхийн захирамжинд заасан “...урлангийн нийтийн байранд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хэн, хэзээ, хаанаас авч ирсэн нь болохыг нотолж тогтоох ажиллагааг хийх, Б.Билгүүний мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан үйлдлийг тус хэрэгт нэгтгэн шийдвэрлүүлэх...” ажиллагааг заавал хийх шаардлагагүй байна.

 

Мөн тус эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ОХУ-ын иргэн М С А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүгдэгч /яллагдагч/-ийн хувьд эдлэх эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой ба мөрдөн шалгах ажиллагааны үед М С А нь өөрийн хуулиар олгогдсон эрхээ эдлэж байсан байна. Түүнд яллах дүгнэлтийг орос хэл дээр орчуулж, гардуулсан байх ба яллах дүгнэлтийн орчуулгад “бэлтгэсэн" гэсэн үг орчуулагдаагүй байна гэсэн түүний тайлбараар түүний эрхийг нь хязгаарласан гэж үзэх боломжгүй.

 

Түүнчлэн оролцогч талуудын хүсэлтээр гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлгийг нь тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжтой. 

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “...М С Аийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Art Mongolia” урлангийн нийтийн байранд хадгалсан, улмаар бэлтгэсэн 0.0762 грамм “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Б.Билгүүнд өгсөн...” гэх хэргийг шүүх тухайн шүүгдэгч М С Аийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны дахин хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЗ/1940 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М С Ат холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хянан хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.   

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол М С Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДАРЬСҮРЭН

                               ШҮҮГЧ                                                      Б.ЗОРИГ

                               ШҮҮГЧ                                                      Д.ОЧМАНДАХ