Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2021/02273

 

 

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           нэхэмжлэгч- тоотод оршин суух, Б овогт Х-ийн Н-ийн нэхэмжлэлтэй,

           хариуцагч-, З х Ж ш -т холбогдох,

           нэг удаагийн мөнгөн тэтгэмжид 16.560.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1980 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийг төгсөөд Зэвсэгт хүчний 027 дугаар ангид 1980 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сувилагчаар, Зэвсэгт хүчний дүгээр ангид 1984 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ангийн эмнэлэгт сувилагчаар, Зэвсэгт хүчний 013 дугаар ангид 1996 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ангийн эмнэлэгт сувилагчаар ТҮЭМ-4 цалинжиж байсан. Зэвсэгт хүчинд 35 жил сувилагчаар ажиллаж байгаад 2016 оны 08 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан. Эрүүл мэндийн байгууллагад 25-аас дээш жил ажиллаад тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж авдаг журмын дагуух тэтгэмжийг З х Ж Ш одоог хүртэл олгоогүй.

Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны сайдад өргөдөл өгсний хариу ТҮЭМ-4 цалинжиж байснаа үндэслэн 16.560.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Анги төсөв санхүүг мэдэхгүй, жанжин штаб төсөв баталдаг гэсэн тул 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж гээд тэтгэвэрт гарахдаа авч байсан цалингаа үндэслэн тооцсон байгаа. Би хагалгаанд орох болоод өөрийн хүүхдэд итгэмжлэл өгсөн байсан, одоо өөрөө шүүх хуралдаанд оролцохоор ирсэн гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтооно” гэж заасан. Энэхүү зохицуулалт 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилсэн.

2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр батлагдсан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтад “Төрийн өмчийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд “тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно” гэж заажээ.

Дээрх хуулийн 2 зохицуулалтаас үзэхэд нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олгохоор хуульчилсан. 2016 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт “...чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэж заасан байсан.

Нэхэмжлэгч Х.Н нь 2016 онд Зэвсэгт хүчний  дугаар ангид хөдөлмөрийн гэрээгээр буюу төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан тул төрийн жинхэнэ албан хаагчид хамаарахгүй байсан тул нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгогдоогүй. Түүнчлэн Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9 дэх хэсэгт “Энэ хуулийн 29.5-д заасан мөнгөн тэтгэмжийг олгох журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж заасан байх бөгөөд өнөөдрийг хүртэл энэхүү журам батлагдаагүй тул зэвсэгт хүчний тусгай эмнэлэгт ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарахад нь ямар шалгуур үзүүлэлтийн дагуу олгох нь тодорхойгүй байгаа.

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хучин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хугацаанд өндөр насны тэтгэвэрт тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдөж байгаа ажилтанд Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т “...эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацааг оруулан тооцно” гэж нарийвчлан зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтанд Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 60.1, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан журмыг хамт хэрэглэж, нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан жилээр тооцож олгохоор байгаа.

Иргэн Х.Намрайн хувьд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжуудын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох эрх зүйн үндэслэлгүй байсан. Мөн одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтыг буцаан хэрэглэж, 2016 оны 08 дугаар сарын асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.

Х.Н нь Зэвсэгт хүчний 0 дугаар ангийн захирагчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Б/122 дугаар тушаалаар “өндөр насны тэтгэвэрт гарах өргөдөл гаргасан” үндэслэлээр 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон, ажлаас чөлөөлөгдсөн. Мөн захирагчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/121 дүгээр тушаалаар “Х.Н-д 2 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж”-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу олгосон байна. Нэхэмжлэгч Х.Н-г ЗХЖШ-аас ажилд томилоогүй, мөн ажлаас чөлөөлөөгүй бөгөөд иргэн Х.Н нь Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн захирагчийн тушаалаар ажилд орж, ажлаас чөлөөлөгдсөн болно. Нэг удаагийн тэтгэмжийг ажил олгогч олгохоор хууль тогтоомж, эрх зүйн актуудад нарийвчлан заасан байгаа бөгөөд ажил олгогч буюу Зэвсэгт хүчний 013 дугаар анги нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэг удаагийн тэтгэмжийг олгожээ. Шууд утгаараа З х Ж Ш нь иргэн Х.Н-г ямар нэгэн байдлаар ажлын байраар хангаагүй, цалин хөлс олгож байгаагүй, түүнийг зөвхөн Зэвсэгт хүчний 0 дугаар ангийн захирагчийн тушаалаар ажилд авч, төсвийн шууд захирагчийн хувьд цалин хөлс, тэтгэмжийг олгож байсан.

Нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний албан хаагчаар ажиллаж, хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эрүүл мэндийн ажилтанд тэтгэмж олгох журмыг сангийн болон эрүүл мэндийн сайд хамтран батлахаар зохицуулсан боловч журам батлагдаагүй байна. Нэхэмжлэгчид тэтгэмж олгохоор байвал 25 сарын хугацаатай тэтгэмж олгох боломж байгаа боловч холбогдох байгууллагын журам батлагдаагүй эрх зүйн зохицуулалт хийгдээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэгчийн ажил олгогч нь 0 анги байгаа тул манай байгууллага нэхэмжлэлд дурдсан тэтгэмжийг олгох үндэслэл байхгүй. Манай байгууллага төсвийг хуваарладаг ба 013-р ангийн захирагч нь төсвийн шууд захирагч байгаа. Төсвийн тухай хуулийн 16-р ажил олгогч нь тэтгэмжээ өгсөн, хариуцагч байгууллагаас тэтгэмж олгох хууль зүйн зохицуулалт байхгүй, хуулийг буцаан хэрэглэх боломжгүй. Иймд З х Ж Шт холбогдуулан гаргасан иргэн Х.Намсрайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Н нь хариуцагчаар З х Ж Шыг татаж, түүнд холбогдуулан нэг удаагийн мөнгөн тэтгэмжид 16.560.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1/.

 

Хариуцагч З х Ж Ш нь нэхэмжлэгч Х.Н-н ажил олгогч биш, нэхэмжлэгч нь Зэвсэгт хүчний 0 дугаар ангид хөдөлмөрийн гэрээгээр, төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан тул төрийн жинхэнэ албан хаагчид хамаарахгүй, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9-д заасан мөнгөн тэтгэмжийг олгох журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахаар заасан боловч уг журам батлагдаагүй, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтыг буцаан хэрэглэж, 2016 оны 08 дугаар сарын асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж татгалзсан тайлбар гаргаж, маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

 

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

 

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шүүх шийдвэрлэнэ.

 

Тиймээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг тул хэрэг шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээнд оролцож байгаа тал шаардлагаа дэмжих, шаардлагын үндэслэлийн талаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх, нотлох баримтаа өөрөө гаргах эрхтэй бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг болон хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй байх, эрх тэгш байх зарчимд үндэслэн явагддаг болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Учир нь, нэхэмжлэгч Х.Н нь Зэвсэгт хүчний 0 дугаар ангийн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр 2016-07-29-ний өдрийн Б/122 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 0510093 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Харин нэхэмжлэгч Х.Н нь өндөр насны тэтгэвэрт гарсантай холбогдуулан зэвсэгт хүчинд 35 жил сувилагчаар ажилласан тул нэг удаагийн мөнгөн тэтгэмжид 16.560.000 төгрөг авах эрхтэй гэж шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг эрүүл мэндийн байгууллагад 25-аас дээш жил ажиллаад тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмж авдаг журмын дагуу нэхэмжилсэн талаар тайлбарласан.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно” гэж заасан хуулийн энэхүү хэсгийг 2015-01-23, 2016-04-22, 2019-01-18-ны өдрүүдэд өөрчлөн найруулсан, хуулийн 29.3-т “нэ хуулийн 29.2, 29.5-д заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоход шаардагдах зардлыг тухайн байгууллага төсөвтөө тусгасан байна” гэж тус тус заасан байна.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар эрүүл мэндийн салбарт 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох, нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтоохоор заасан.

 

Гэтэл нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэрт гарсан 2016-07-29-ний цаг хугацаанд 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөж байсан бөгөөд уг хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчид хамаарахаар байна.

 

Харин дээрх хууль нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдснөөр хүчингүй болсон бөгөөд шинэчилсэн найруулга бүхий Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах ...эрүүл мэнд ...зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал хамаарна” гэж,

хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “...бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан.

 

Хуулийн дээрх заалтаас үзвэл нэхэмжлэгчийг тэтгэвэрт гарах цаг хугацаанд дагаж мөрдөж байсан Төрийн албаны тухай хуулиар олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламж нь төрийн жинхэнэ албан хаагчид хамаарахаар байх бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтаар нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг Засгийн газар тогтоохоор заасан хэдий ч энэхүү хуулийг 2019-01-01-ний өдрөөс дагаж мөрдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын цаг хугацаанд хамаарахгүй байна.

 

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааны зохицуулалтаар нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтоохоор заасан нь өндөр насны тэтгэвэрт гарч буй ажилтанд олгох тэтгэмжийн асуудал, нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоход шаардагдах зардлыг тухайн байгууллага төсөвтөө тусгахаар зохицуулсан.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн ажил үүргээ гүйцэтгэж хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байгууллагыг Зэвсэгт хүчний 0-р анги болохыг нэхэмжлэгч өөрөө тайлбарлаж, түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан бүртгэлийг ЗХ-ийн 013-р анги гэж хийсэн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримтаар гаргасан Зэвсэгт хүчний 013-р ангийн захирагчийн 2016-10-21-ний өдрийн Б/191 тоот тушаалаар нэхэмжлэгчид хоёр сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгож шийдвэрлэсэн байх тул З х Ж Шаас нэхэмжлэгч Х.Н нь нэг удаагийн тэтгэмжид 16.560.000 төгрөгийг шаардах эрхгүй, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэх байдал тогтоогдоогүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул хэргийн оролцогч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй оролцох тул хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 /2019 он/-т заасныг тус тус баримтлан хариуцагч З х Ж Шаас нэг удаагийн мөнгөн тэтгэмжид 16.560.000 төгрөг гаргуулахыг хүссэн Б овогт Х-ийн Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Н-н нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЯНЖИНДУЛАМ