Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2021/02336

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- тоотод оршин суух, Б овогт М-ийн Д-ийн нэхэмжлэлтэй, 

хариуцагч- тоотод оршин суух, Т г овогт Х-ийн Г-д холбогдох, 

гэрээний үүрэгт 10.000.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн Хаан банкны данснаас 2019-11-17-ны өдөр 10.000.000 төгрөгийг хариуцагч Х.Г-ийн дансанд шилжүүлсэн. Учир нь Н.Б над руу залгаж машин байна гэхээр нь очиж үзэхэд хариуцагч Х.Г гараашнаасаа Ланд100 маркийн 29-59 дугаартай машиныг гаргаж ирсэн, ингээд үзэж шалгаад авахаар болж уг машиныг худалдан авч, төлбөр болох 10 сая төгрөгийг нь Х.Г-н данс руу шилжүүлсэн. Гэтэл хэдэн сарын дараа надад худалдсан автомашиныг ломбарданд тавьсан байсан гэж хэлж яриад байсан тул машинаа унаад очиход надад худалдсан машинаа буцааж аваад надад 10 сая төгрөгийг буцааж өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй тул машины төлбөрт шилжүүлсэн 10 сая төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. 

Би хариуцагч Х.Г-г бол танихгүй мэдэхгүй, Н.Б-г танина, зах дээр машин зардаг байсан. Анх 29-59 дугаартай машиныг худалдан авахаар үзэж байхад тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь байсан, банк орж мөнгөө шилжүүлжихээд гарч ирээд машинаа унаад явсан, маргааш нь үзэхэд тээврийн хэрэгслийн гэрчилгээ дунд хайрцагт байгаагүй тул Х.Г-д хэлэхэд Н.Б-д гэрчилгээг өгсөн гээд гэтэл надад машин худалдснаас хойш 2 хоногийн дараа надад худалдсан автомашиныг ломбарданд тавьсан байсан. Энэ талаар хэлэхэд Н.Б өөрөө зохицуулна гэж хэлсэн боловч шийдэж өгөөгүй. Би машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг авсан байсныг мэдээгүй. Тэгээд машинаа буцаагаад авсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч прокурорын байгууллагаас утсаар хариу мэдэгдэхдээ иргэд хоорондын маргаан байна гэж хэлсэн. Тиймээс автомашин худалдан авахаар шилжүүлсэн төлбөр болох 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын 10 сая төгрөг нь Н.Б гэдэг хүн автомашин худалдаж аваад 10 сая төгрөгийг шилжүүлэг хийлгэж, үлдэгдэл 4 сая төгрөгт гэрээ байгуулж, зээлээрээр худалдан авсан байдаг, Автомашин худалдан авсан Н.Б нь автомашиныхаа төлбөрийг төлөөгүй, холбогдоогүй тул тухайн машиныг хуулийн дагуу хураан авснаар нэхэмжлэгч М.Д нь цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Н.Бзээл авснаар нэхэмжлэгч М.Д нь Н.Б-ийн өмнөөс Х.Г-н данс руу 10 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч 10 сая төгрөгийн шаардлагын үндэслэлээ зээлсэн мэтээр нэхэмжлэлд дурдсан байдаг, энэ нэхэмжлэлд машины талаар огт дурдаагүй байгаа. Зохигчийн хооронд гэрээ байгуулсан, гэрээний санал илгээсэн ямар ч зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 

Х.Г, Н.Бхоёр түншийн харилцаатай, аман хэлцлийн дагуу 2959 УБЛ дугаартай машины урьдчилгаа төлбөрийг 10 сая төгрөг гэж тохирсон, үлдэгдэл 6 сая төгрөгт зээлийн гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлийг Н.Б-д холбогдуулан өргөдөл гаргах талаар тайлбарлаж хаасан прокурорын тогтоол гарсан байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Д нь хариуцагчаар Х.Г-г тодорхойлон татаж, түүнд холбогдуулан 2019-11-17-ны өдөр шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж /хх-1/, шаардалгын үндэслэлээ ...Н.Бхямдхан машин байна гэж хэлснээр хариуцагчаас ланд-100 маркийн 29-59 дугаартай автомашиныг 10.000.000 төгрөгөөр худалдан авсан боловч худалдсан автомашин нь ломбарданд байсан гэж тайлбар хэлснээр машинаа буцаан авсан тул автомашины төлбөрт шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулна гэж... тодорхойлсон. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...иргэн Н.Б гэдэг хүн  УБЛ дугаартай автомашиныг худалдан авч, урьдчилгаа 10 сая төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл төлбөр дээр зээлийн гэрээ байгуулж, зээл авч төлсөн бөгөөд зээлийн төлбөрөө төлөөгүй тул автомашиныг буцаан авсан, нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээний харилцаанд оролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж татгалзсан тайлбар гаргаж маргасан. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шүүх шийдвэрлэнэ.

Тиймээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг тул хэрэг шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээнд оролцож байгаа тал шаардлагаа дэмжих, шаардлагын үндэслэлийн талаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх, нотлох баримтаа өөрөө гаргах эрхтэй бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг болон хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй байх, эрх тэгш байх зарчимд үндэслэн явагддаг болно.

Нэхэмжлэгчийн тайлбараар худалдан авсан гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар иргэн Н.Б-д худалдсан гэх 29-59 дугаартай автомашины талаарх бичиг баримтуудыг хэргийн оролцогчид шүүхэд нотлох баримтаар гаргаагүй бөгөөд хариуцагч талаас гаргасан 2019-11-19-ний өдрийн зээлийн гэрээг иргэн Н.Б, З о ХХК-тай байгуулсан, тухайн компаний захирал нь хариуцагч Х.Г байх бөгөөд 6.400.000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, зээлийн төрөл нь машинаа унаад явах нөхцөлтэй гэж /хх-21-22/, 2019-11-19-ний өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээнд Toyota land gruiser 100 маркийн, 2959 УБЛ улсын дугаартай автомашиныг /хх-23-24/ үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх гэж дурджээ.

 

Дээрх гэрээнээс үзэхэд 2019-11-19-ний өдөр байгуулагдсан гэрээний зээлийн төрөл нь автомшинаа унаад явах нөхцөлтэй зээл байх бөгөөд зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдэгчид эсхүл 2959 УБЛ дугаартай машинаа худалдсан этгээдэд шилжүүлсэн гэх байдлаа, иргэн Н.Б- д тухайн автомашиныг 16.400.000 төгрөгөөр худалдсан гэх байдлаа буюу 2019-11-17-ны өдрийн 10.000.000 төгрөг нь иргэн Н.Б-д худалдсан 29-59 УБЛ улсын дугаартай автомашины төлбөр гэх тайлбараа хариуцагч тал нотлоогүй, 

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээнд үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх автомашины үнийг тусгаагүй, худалдсан гэх 2959 УБЛ улсын дугаартай автомашины өмчлөгч нь З о ХХК болж бүртгэгдсэн гэх тайлбарлаа нотлоогүй, энэ талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан, үгүйсгэсэн үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нотлох, нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. 

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримт зэргээс үзэхэд 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохигчдын хооронд 29-59 дугаартай, Ланд-100 маркийн автомашиныг худалдах, худалдан авах тохиролцоо хийгдснээр нэхэмжлэгчээс гэрээний үнэнд 10.000.000 төгрөгийг хариуцагч Х.Г-н Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар нотлогдож /хх-4/, хариуцагч тал дээрх 29-59 УБЛ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч М.Дийн эзэмшлээс хураан авсан талаар тайлбар гаргаж маргаагүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдан-худалдах авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж, хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж тус тус заасан. 

 

Иймд нэхэмжлэгчид худалдсан 29-59 УБЛ дугаартай автомашинаа хариуцагч нь иргэн Н.Б-ийн зээлийн барьцаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан машин гэх үндэслэлээр нэхэмжлэгчээс буцаан авснаар худалдах, худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй болж, худалдагч тал гэрээнээс татгалзаж худалдсан эд зүйлээ буцаан авсан талаар талууд маргаагүй тул худалдан авагч төлбөрт шилжүүлсэн зүйлээ буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлын үндэслэлээ нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан 2021-03-24-ний өдөр хоёр баримтаар төлсөн 175.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 175.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан хариуцагч Т г овогт Х-ийн Х.Г-с гэрээний үүрэгт шаардсан 10.000.000 /арван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б овогт М-ийн Д-д олгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 175.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Г-аас 175.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Дид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.




 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЯНЖИНДУЛАМ