Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/01503

 

М.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/02336 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Д-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Г-д холбогдох гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн Хаан банкны данснаас 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөгийг Х.Г-ийн дансанд шилжүүлсэн.

Учир нь н.Б над руу залгаж машин байна гэхээр нь очиж үзэхэд Х.Г гараашнаасаа Ланд-100 маркийн 29-59 дугаартай автомашиныг гаргаж ирсэн, ингээд үзэж шалгаад авахаар болж уг машиныг худалдан авч, төлбөр болох 10 000 000 төгрөгийг нь Х.Гн данс руу шилжүүлсэн.

Гэтэл хэдэн сарын дараа надад худалдсан автомашиныг ломбарданд тавьсан байсан гэж хэлж яриад байсан тул автомашинаа унаад очиход надад худалдсан машинаа буцааж аваад надад 10 000 000  төгрөгийг буцааж өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй тул машины төлбөрт шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Би Х.Гг танихгүй мэдэхгүй, Н.Б-ийг танина, зах дээр автомашин зардаг байсан. Анх 29-59 дугаартай автомашиныг худалдан авахаар үзэж байхад тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь байсан, банк орж мөнгөө шилжүүлжихээд гарч ирээд автомашинаа унаад явсан, маргааш нь үзэхэд тээврийн хэрэгслийн гэрчилгээ дунд хайрцагт байгаагүй тул Х.Г-д хэлэхэд Н.Б-д гэрчилгээг өгсөн гээд гэтэл надад машин худалдснаас хойш 2 хоногийн дараа надад худалдсан автомашиныг ломбарданд тавьсан байсан. Энэ талаар хэлэхэд Н.Б өөрөө зохицуулна гэж хэлсэн боловч шийдэж өгөөгүй.

Би автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг авсан байсныг мэдээгүй. Тэгээд автомашинаа буцаагаад авсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч прокурорын байгууллагаас утсаар хариу мэдэгдэхдээ иргэд хоорондын маргаан байна гэж хэлсэн. Тиймээс автомашин худалдан авахаар шилжүүлсэн төлбөр болох 10 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын 10 000 000 төгрөг нь Н.Б гэдэг хүн автомашин худалдаж аваад 10 000 000 төгрөгийг шилжүүлэг хийлгэж, үлдэгдэл 4 000 000 төгрөгт гэрээ байгуулж, зээлээрээр худалдан авсан байдаг.

Автомашин худалдан авсан Н.Б нь автомашиныхаа төлбөрийг төлөөгүй, холбогдоогүй тул тухайн автомашиныг хуулийн дагуу хураан авснаар М.Д нь цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Н.Б зээл авснаар М.Д нь Н.Б-ийн өмнөөс Х.Гн данс руу 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг.

Нэхэмжлэгч 10 000 000 төгрөгийн шаардлагын үндэслэлээ зээлсэн мэтээр нэхэмжлэлд дурдсан байдаг, энэ нэхэмжлэлд автомашины талаар огт дурдаагүй. Зохигчийн хооронд гэрээ байгуулсан, гэрээний санал илгээсэн ямар ч зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Х.Г, Н.Б хоёр түншийн харилцаатай, аман хэлцлийн дагуу 2959 УБЛ дугаартай машины урьдчилгаа төлбөрийг 10 000 000 төгрөг гэж тохирсон, үлдэгдэл 6 000 000 төгрөгт зээлийн гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлийг Н.Б-д холбогдуулан өргөдөл гаргах талаар тайлбарлаж хаасан прокурорын тогтоол гарсан байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан хариуцагч  Х.Гарьдмагнай /ЙР84071919/-с гэрээний үүрэгт шаардсан 10 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Боржгон овогт М.Даваадорж /ЧЙ72121312/-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 175 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ггаас 175 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Дид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно. Уг шийдвэрийн хувьд шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Хэргийн 21-24 дэх талд 25-29 УБЛ автомашины зээлийн гэрээ, фидуцийн гэрээний материал хавсаргасан бөгөөд уг зээлийн гэрээ фидуцийн гэрээний талууд нь Х.Г болон Н.Б нар болно. Дээрх автомашины зээлийн гэрээ, фидуцийн 25-29 УБЛ улсын дугаартай автомашиныг өмчлөлд шилжүүлэх гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт заасан нотлох баримт мөн болно.

Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Х.Гг огт танихгүй мэдэхгүй байсан гэдгээ хэлж Н.Бэс автомашин худалдаж авсан, гэхдээ гэрчилгээ нь хариуцагчийн авто ломбардын нэр дээр байсан Н.Б өөрөө үлдэгдэл төлбөрийг би өөрөө төлж зохицуулна гэж хэлээд шийдэж өгөөгүй гэсэн тайлбар нь шүүхийн шийдвэрт тусгагдсан болно /шүүхийн шийдвэрийн 1 дэх нүүр/. Дээрх тайлбар мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт заасан нотлох баримт мөн болно.

Нэхэмжлэгч нь Н.Бэс 25-29 УБЛ улсын дугаартай автомашин худалдаж авсан, төлбөрт нь 10 000 000 төгрөгийг Н.Б-ийн хэлсний дагуу харицагчийн хаан банкны 5753623965 тоот данс руу төлбөрт нь төлж шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн үндэслэл тайлбар хийсэн болно.

Гэтэл шүүх маргаан бүхий автомашиныг хэнээс хэнд худалдсан, талаарх хангалттай нотлох баримт байсаар атал тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрсөн болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн буюу зээлсэн учир шилжүүлсэн мөнгөө авна хэмээн нэхэмжлэл гаргадаг болно.

Шүүхийн зүгээс Х.Гг худалдах-худалдан авах гэрээний худалдагч тал болгож худалдан авагчаар М.Дийг болгож худалдах-худалдан авах гэрээ байгуулсан мэтээр дүгнэж уг гэрээгээ хүчин төгөлдөр хэмээн буруу дүгнэсэн.

Хавтаст хэргийн хүрээнд 25-29 УБЛ автомашины хариуцагчаас худалдан авч буй тал нь М.Д гэдгийн тодорхойлсон баримт болон ямар нэгээ худалдах-худалдан авах гэрээ огт байхгүй болно. Гэтэл гэрээ байгаа мэтээр хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэж нотлох баримтанд огт тулгаарлаагүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болно.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч нь Х.Гг огт танихгүй мэдэхгүй байсан гэдгээ хэлж Н.Бэс автомашин худалдаж авсан төлбөрт нь 10 000 000 төгрөгийг банк орж Н.Б-ийн хэлсний дагуу хариуцагчийн Хаан банкны 5753623965 тоот данс руу төлж шилжүүлсэн гэхдээ гэрчилгээ нь хариуцагчийн авто ломбардын нэр дээр байсан Н.Б өөрөө үлдэгдэл төлбөрийг би өөрөө зохицуулна гэж хэлээд шийдэж өгөөгүй, хэдэн сарын дараа автомашинаа унаад явж байтал хурааж авсан гэсэн тайлбар нь шүүхийн шийдвэрт тусгагдсан болно /шүүхийн шийдвэрийн 1 дэх нүүр/. Дээрх тайлбар мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт заасан нотлох барим мөн болно. Гэтэл уг баримтыг огт үнэлээгүй болно.

Шүүгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, талуудын хоорондын эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүйгэээр талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээг байгуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэрээнээс татгалзсан байдлаар шийдвэрлэж хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гэрчээр Н.Бг оруулах хүсэлт гаргаж хүсэлтийг шүүхийн зүгээс хангасан болно. Шүүх хуралдаан эхлэх үед захирамжийн биелэлтийг хангуулах хүсэлт өгсөн хэдий ч шүүхийн зүгээс гэрч Н.Б-ийн хаяг тодорхойгүй энэ өгсөн дугаарыг авахгүй байгаа гэсэн үндэслэлээр захирамжийг хүчингүй болгож шүүх хуралдааныг үргэжлүүлсэн болно.

Ийнхүү шүүх хуралдааныг үргэлжлүүлсэнээр шүүгчийн захирамжийн биелэлтээ хангуулаагүй, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болно. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М.Д нь хариуцагч Х.Г-д холбогдуулан 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ “талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, үүргийн зөрчилтэй холбоотой татгалзал үүссэн тул шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болох 10 000 000 төгрөгийг гаргуулна” гэх агуулгаар тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч “талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй, гэрээний харилцаа үүсээгүй” гэж маргажээ.

 

М.Д 29-59 дугаартай, Ланд-100 маркийн автомашиныг худалдан авахаар Х.Гтай тохиролцож, 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөгийг Х.Гн Хаан банк дах 5753623965 тоот данс руу шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогджээ. /хх-5 дах тал/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдан-худалдах авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн эсэх талаар талууд маргаж тохиолдолд тэдгээрийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан эсэхийг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Ийнхүү талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан баримтгүй байх тул зохигчдын хооронд үүрэг үүсээгүй гэж үзнэ.

 

Харин М.Д нь Х.Г-д 10 000 000 төгрөг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар 10 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч Х.Ггаас 10 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Дид олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасантай нийцнэ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О нь 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Н.Б-ийг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2021/09482 дугаар захирамжаар дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэн, гэрч Н.Б-ийг Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 84 дүгээр гудамж, 1235 тоот хаягаар дуудсан боловч уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй талаар баримт ирсэн байна. /хх30-37, 39-41 дэх тал/

 

2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүх хангасан тул захирамжийн биелэлтийг хангуулах хүсэлт гаргасныг шүүх гэрчээр оролцох этгээдийн мэдээллийг хүсэлт гаргагч талаас шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй болно.      

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн        167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/02336 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Э.ЗОЛЗАЯА

 

                          ШҮҮГЧИД                                         А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ