Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2024/00109

 

 

С ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/05327 дугаар шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/00353 дугаар магадлалтай    

С ын нэхэмжлэлтэй,

Т эд холбогдох

19,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг       

хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С  нь хариуцагч Т эд холбогдуулан 19,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/05327 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Т ээс 9,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341,900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 166,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/00353 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/05327 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.30-ны өдрийн 101/ШШ2023/05327 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.21-ний өдрийн 210/МА2024/00353 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь зээлийн гэрээний харилцаанд ороогүй бөгөөд хүсэл зоригийн хувьд нэхэмжлэгч нь миний нөхөр болох Д тай харилцаанд орсон байдаг. Гэвч түүний зүгээс намайг хууль эрх зүйн мэдлэггүйг ашиглан дүр үзүүлсэн хэлцэл байгуулж тухайн хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн хариуцагчаас зээлийн гэрээний хүү гаргуулахаар шаардаж анхан шатны шүүхээс хүү төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний хуулийн шаардлага хангасан эсэх хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх талаар, талуудын хооронд хамтран ажиллах болон өөр гэрээний харилцаа үүссэн эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Мөн нэхэмжлэгч С  нь нөхөр Д тай хамтран ажиллаж самар түүх зорилгоор өөрөөр нь дамжуулан түүнд өгсөн 8,000,000 төгрөгөөс буцаан 2021.11.05-ны өдөр Хаан банкны өөрийн эзэмшлийн данснаас түүний төл гэсэн данс болох тус банкны данс руу 7,000,000 төгрөгийг төлсөн атал тухайн төлсөн мөнгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоогүй нь анхан шатны шүүхээс нотлох баримтыг бүрэн үнэлээгүй хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс мөн л зөв дүгнэлт хийгээгүй байна. Хамгийн гомдолтой нь миний нөхөр тус өдрийн шүүх хуралд 8,000,000 төгрөгийг гаргаж хамтарч ажиллаж хариуд нь өөрийн машиныг барьцаалсан үнэн болохыг хүлээн зөвшөөрсөн болохоос нэхэмжлэлийн шаардлагаас 9,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаагүй бөгөөд энэ талаар буруу ойлгон хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.30-ны өдрийн 101/ШШ2023/05327 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.21-ний өдрийн 210\МА2024\00353 тоот магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Улсын дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчийн 2024.04.25-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00480 тогтоолоор хариуцагч Т ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч С хариуцагч Т эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,500,000.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба “...2021.06.24-ний өдөр гэрээ байгуулан, 31-10 УБХ улсын дугаартай автомашиныг унаж явах нөхцөлтэйгөөр 3 сарын хугацаатай, 1 сарын 500,000 төгрөгийн хүүтэйгээр 8,000,000 төгрөг зээлүүлсэн, мөн ...2021.09.19-ний өдөр 10,000,000 төгрөг зээлүүлсэн. Нийт 19,500,000 төгрөг гаргуулна” гэжээ.

7.Хариуцагч Т  “...би С аас зээл авч байгаагүй, ...энэ талаар манай нөхөр мэднэ, ... нөхөр Д , С хоёрын хооронд хийгдсэн хэлцэл, ...нөхрийг хөдөө байхад нь над руу ярьснаар энэ гэрээ хийгдсэн, ...2021.11.05-ны өдөр 7,000,000 төгрөгийг С ын өгсөн данс буюу Д т шилжүүлсэн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргасан.

8.Анхан шатны шүүх “... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д нэхэмжлэгч С аас 8,000,000 төгрөгийг эхнэр Т ийн дансаар хүлээн авсан, уг зээлийг Т ээс шаардаж авахаар харилцан тохиролцсон буюу 8,000,000 төгрөгийн тухайд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, ... 3 сарын хүү төлөх үүрэгтэй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 9,500,000 төгрөгийг гаргуулах хэсгийг хангасан. Харин нэхэмжлэгч С хариуцагчийн дансанд 2021.09.19-ний өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч үүнийг зээлийн гэрээний харилцаа гэж дүгнэх боломжгүй, энэ мөнгө нь нэхэмжлэгч болон Д  нарын хооронд самар түүхтэй холбоотой үүссэн зардал гэж үзээд 10,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.   

9.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ “...анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн, ...хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үнэлж нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан” гэжээ.

10.Хариуцагч Т ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, уг гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

11.Т  нь “...нэхэмжлэлийг хариуцах этгээд биш харин түүний нөхөр Д  зээл авсан” гэж, мөн “... нэхэмжлэгч С  нь нөхөр Д тай хамтран ажиллаж самар түүх зорилгоор өөрөөр нь дамжуулан өгсөн 8,000,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг 2021.11.05-ны өдөр түүний төл гэсэн данс руу төлсөн атал энэ мөнгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоогүй нь нотлох баримтыг бүрэн үнэлээгүй хэргийг шийдвэрлэсэн...” гэсэн агуулгыг хяналтын журмаар гаргасан гомдолдоо заажээ.

12.Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд С, Т нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон зээлийн мөнгийг өөрийнхөө дансаар хүлээн авсан үйлдлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хоёр шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг хэрэглэсэн нь зөв. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д  нь эхнэрийнхээ дансаар дамжуулан 7,000,000 төгрөгийг Ж т өгсөн нь тэдний хооронд үүссэн өглөг, авлага байсан гэх агуулгаар шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

13.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/05327 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/00353 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 167,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                Н.БАТЧИМЭГ

                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                             Д.ЦОЛМОН