Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2021/01826

 

 

 

                                       2021           08           10     

                 184/ШШ2021/01826

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Э-гийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Ш.Д-д холбогдох,

 Зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуундарь нар оролцов.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э миний бие нь Ш.Дт 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 7 сарын хугацаатай 20.000.000 төгрөгийг хүүгүйгээр зээлүүлсэн бөгөөд зээлийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр гэрээнд заасан. Ш.Д нь тухайн мөнгийг бэлнээр хүлээн авсан байдаг. Гэтэл мөнгийг авснаасаа хойш надад огт төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрээд байна. Зээлийн гэрээний хугацаа дуусаад 2 жил гаруй хугацаа өнгөрсөн тул хуулийн дагуу алдангийг үндсэн зээлийн 50 хувиар тооцож 10.000.000 төгрөг нэхэмжлэх үндэслэлтэй байгаа юм. Иймд Ш.Даас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 20.000.000 төгрөг, гэрээнд зааснаар алданги 10.000.000 төгрөг нийт 30.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ш.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.Д миний бие нь Д.Эаас ямар нэгэн байдлаар бэлэн болон бэлэн бусаар 20.000.000 төгрөгийг аваагүй. 2012 онд Д.Э, П.Ариунболд бид 3 А.Долгорсайханаас зээл авсан бөгөөд зээлийн гэрээний барьцаанд Ш.Д миний байр, П.Ариунболдын байр, Д.Эы 99119303 гэсэн дугаарыг тус тус барьцаалсан. Д.Э нь А.Долгорсайханд өөрийн гар утасны дугаарыг 20.000.000 төгрөгөөр үнэлж шилжүүлэн өгсөн бөгөөд энэ мөнгөө надаас нэхэж байгаа юм. Би дугаарыг нь зараагүй, барьцаалаагүй. Уг утасны дугаарын үнэ болох 20.000.000 төгрөгийг намайг зээлсэн болгож бид хоёр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл байсан тул хуулийн шаардлага хангахгүй байна. Мөн зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь зээлийн төлбөрт 20.000.000 төгрөг, алдангийн төлбөрт 10.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийг хариуцагч Ш.Даас гаргуулахаар шаарджээ. Хариуцагч Ш.Д нь зээлийн гэрээний дагуу 20.000.000 төгрөгийг Д.Эаас аваагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Зохигчид 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Д.Э нь 20.000.000 төгрөгийг зээлдэгч Ш.Дын өмчлөлд шилжүүлж өгөх, зээлдэгч Ш.Д нь зээлийн төлбөрийг 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн дотор Д.Эд буцаан төлөх үндсэн үүргийг, мөн зээлдэгч нь зээлийн төлбөрийг буцаан төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0.3%-ийн алданги төлөх нэмэлт үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 4 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нар нь өөрсдийн шаардлага болон татгалзлаа нотлох үүрэг хүлээдэг ба энэ үүргийг шүүх хариуцагч Ш.Дт 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр тайлбарлан өгч, гарын үсэг зуруулжээ. /хх 7 дугаар тал/

Нэхэмжлэгч Д.Э нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, 20.000.000 төгрөгийг Ш.Дт бэлнээр хүлээлгэж өгсөн болохоо баримтаар нотолсон байна. /хх 4 дүгээр тал/

Харин хариуцагч Ш.Д нь зээлийн гэрээний дагуу 20.000.000 төгрөгийг Д.Эаас аваагүй учраас буцаан төлөх үндэслэлгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн боловч энэ татгалзлаа баримтаар нотолж чадаагүй.

Ийнхүү хариуцагч Ш.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг мэдсэн боловч зээл аваагүй гэх өөрийн татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй, мөн зээлийг буцаан төлсөн болохоо баримтаар нотлоогүй тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийг олгосон, мөн зээлдэгч зээлийг буцаан төлөөгүй гэж үзэх үндэслэл болно.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д: “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан тул зээлдүүлэгч Д.Э нь зээлийн төлбөр болох 20.000.000 төгрөгийг зээлдэгч Ш.Даас буцаан шаардах эрхтэй байна.

Түүнчлэн, талууд зээлийг буцаан төлөх хугацааг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байхаар гэрээний 1 дэх хэсэгт тохиролцжээ. Зээлдэгч Ш.Д нь энэ хугацаанаас хойш зээлдүүлэгч шүүхэд хандах хүртэл төлбөрөө төлөлгүй 1.089 хоногийн хугацаа хэтрүүлж, алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрөөс хэтэрсэн байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “... анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан тул зээлийн гэрээний төлбөр болох 20.000.000 төгрөгийн 50 хувиар тооцож 10.000.000 төгрөгийг зээлдэгч Ш.Д нь зээлдүүлэгч Д.Эд нэмж төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заажээ. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог байна.

Талууд зээлийн гэрээний хугацааг 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр дуусгахаар харилцан тохиролцсон байх тул энэ хугацаанаас хойш зээлийг буцаан шаардах эрх зээлдүүлэгчид үүсэх юм. Зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан тул шаардлага гаргах хуульд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хэрэгт цугларсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч Ш.Дт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар бичгээр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг тус тус баримтлан Ш.Даас 30.000.000 төгрөгийг гаргуулан Д.Эд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Даас 307.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГБААТАР