Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01527

 

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01527

 

 

Д.Э-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2021/01826 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Э-ы хариуцагч Ш.Д-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э-, хариуцагч Ш.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.Д-т 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 7 сарын хугацаатай 20 000 000 төгрөгийг хүүгүй зээлүүлсэн бөгөөд зээлийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр гэрээнд заасан. Ш.Д- нь тухайн мөнгөн хөрөнгийг бэлнээр авсан. Гэтэл зээлсэн мөнгөн хөрөнгийг төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа дуусаад 2 жил гаруй хугацаа өнгөрсөн тул хуулийн дагуу алдангийг үндсэн зээлийн 50 хувиар тооцож 10 000 000 төгрөг нэхэмжилнэ. Иймд Ш.Д-аас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 20 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Д- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Э-аас мөнгөн хөрөнгө зээлээгүй. 2012 онд Д.Э-, П.А бид гурав А.Д-аас зээл авсан бөгөөд зээлийн гэрээний барьцаанд миний орон сууц, П.А-ын орон сууц, Д.Э-ы 99119303 дугаарыг тус тус барьцаалсан. Д.Э- нь А.Д-д өөрийн гар утасны дугаарыг 20 000 000 төгрөгөөр үнэлж шилжүүлэн өгсөн бөгөөд энэ мөнгийг надаас нэхэж байна. Би дугаарыг нь зараагүй, барьцаалаагүй. Уг утасны дугаарын үнэ болох 20 000 000 төгрөгийг намайг зээлсэн гэж зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл байсан тул хуулийн шаардлага хангаагүй. Мөн зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ш.Д-аас 30 000 000 төгрөгийг гаргуулан Д.Э-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Д-аас 307 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ш.Д- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Миний бие 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан оролцож чадаагүй. Шүүх Ш.Д-аас 30 000 000 төгрөг гаргуулж Д.Э-д олгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Миний бие Д.Э-аас мөнгөн хөрөнгө аваагүй. Зээлийн гэрээг дүр үзүүлэн байгуулсан. Мөн миний бие шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцож чадаагүй. Би сахар, даралтны хамааралтай өвчний улмаас эмчилгээ хийлгэж байгаад эмчилгээгээ таслан, шүүхэд яарч ирсэн боловч хурлаас хоцорсон. Мөнгөн хөрөнгө аваагүй гэдгийг нотолж гэрч оролцуулах хүсэлттэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч Ш.Д-аас 30 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах журмаар хэрэг хэлэлцэх явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрснийг давж заалдах шат шүүх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой байна.

Эвлэрлийн гэрээгээр хариуцагч Ш.Д- нь нэхэмжлэгч Б.Э-д 20 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлөх, эхний нэг жилд сар бүрийн 10-ны өдөр 200 000 төгрөгийг, сүүлийн нэг жилд үлдэгдэл төлбөрийг 12 сард хувааж төлөхөөр эвлэрэн хэлэлцэх нөхцөлийг харилцан зөвшөөрч байна.

Зохигчдын дээрх эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2021/01826 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Ш.Д- нь нэхэмжлэгч Б.Э-д 20 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлөх, эхний нэг жилд сар бүрийн 10-ны өдөр 200 000 төгрөгийг, сүүлийн нэг жилд үлдэгдэл төлбөрийг 12 сард хувааж төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

А.ОТГОНЦЭЦЭГ