| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0096/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/97 |
| Огноо | 2017-04-07 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2017/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж шүүгч Н.Нямсүрэн, М.Эрдэнэ-очир нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Иргэдийн төлөөлөгч З.Лхагвадорж
Хохирогч О.Б-
Хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу, Г.Баянбилэг
Шүүгдэгч Х.Л- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Л-д холбогдох Эрүүгийн 201622000448 тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х.Л-,
Шүүгдэгч Х.Л- нь 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг Зүүн хоолойн дунд матуу гэх газар иргэн О.Б-тэй маргалдсаны улмаас толгойн тус газар нь дурангаар цохиж бие махбодид нь “дух ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрхи цус хуралт, тархины няцрал” бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Х.Л- нь 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг Зүүн хоолойн дунд матуу гэх газар иргэн О.Б-тэй маргалдсаны улмаас толгойн тус газар нь дурангаар цохиж бие махбодид нь “дух ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрхи цус хуралт, тархины няцрал” бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч О.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 06 сарын 29-ний өдөр 21 цаг 30 минутын үед Их хурлын сонгуулийн саналаа өгчихөөд гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд манай хүүхэд хонь майлалдаад байна гээд хурганууд нь алга болсон байна гэсэн. Тэгээд би гэрийнхээ гаднаас эхнэрийн хамт хургаа харахаар айлуудаар явсан. Эхлээд Бат гэдэг айлын хонинд хургаа харсан. Манай хонинд Батын хонинд байхгүй болохоор нь Шаравдорж гэдэг айлын гадаа нь очиж өөрийн хургануудаа асуусан чинь танай хонь манай хонинд байхгүй гэж хэлсэн. Тэгээд Шаравдорж гэдэг айлын гадаа Наранбаатар, Шаравдорж, Шаравдоржийн эхнэр, манай эхнэр бид хэд байж байсан чинь Х.Л- ирээд манай хонинд 7 хурга, 2 эр хонь байгаа гэсэн. Тэгэхээр нь эхнэртэйгээ хамт Хадмандалын хонь руу очсон. Тэгээд хоньруу нь дөхөж мотоциклио тавьчихаад эхнэр бид хоёр явган хонь руу нь очсон. Хонинд очиход манай 6 хурга, 2 эр хонь хонины захад байсан. Тэгээд хонинууд дотор байсан өөрийн хургаа хонь руу орж туусан. Тэгээд туугаад явж байтал Х.Л- хүрээд ирсэн. Х.Л- ирэнгүүтээ хонь засчихсан байхад хонь үймүүллээ гээд унаж явсан мориноосоо бууж намайг заамдаж аваад хүзүү хоолойноос маажиж боосон. Тэгэхээр нь би мөрлүү нь түлхээд тавиулсан. Тэгээд тавиулчихаад эргэх гэтэл нэг хатуу юмаар толгой руу цохисон. Тэгээд миний толгой айхтар өвдөж би газарт сөхөрч унасан. Миний толгойноос маш их цус гарч байсан. Намайг газарт уначихсан байхад Х.Л- миний нуруу руу дахиад хатуу юмаар цохисон гэх мэдүүлэг, /хх-ийн 30-34-р тал/,
Гэрч О.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 06 сарын 29-ний орой дүү О.Б-ийн гэрт очсон тэгсэн чинь манай дүү эхнэрийн хамт хонь хургаа хайх гээд явсан байсан. Тэгээд миний санаа зовоод би хойноос нь гол дагаад уруудаж явсан. Тэгсэн чинь миний урдаас Шаравдорж гэдэг хүн ирсэн. Тэгээд Шаравдорж надад О.Б-г Мандалынхан зодоод толгойг нь хага цохичихлоо гэж хэлсэн. Би тэгж хэлэхээр нь О.Б- хаана байна гэж асуусан. Шаравдорж тэнд голын зах дээр байгаа гээд байгаа газарт нь очсон. Тэгээд очиход манай дүү, Д-, Мандал, Мандалын эхнэр нар басйан. Тэгээд дүүгээ харсан чинь толгойноос нь цус гоожчихсон даавуугаар боосон байдалтай байж байсан. ....Тэгээд би О.Б-д өөрийнхөө мотоциклийг унуулаад Идэрхангайгийнх руу явуулсан. Тэгээд би Мандалаас дээлнийхээ бүснээс гарыг нь тавиулж зугатааж гүйгээд Идэрхангайгийнд буюу О.Б- дээр очсон. Намайг О.Б- дээр очиход О.Б- Идэрхангайгийн гэрийн гадаа мотоцикль дээр гараараа толгойгоо барьчихсан миний мотоциклийн бензиний банк маш их цус болчихсон байсан. Би О.Б-г чи явж чадах уу гэж асуусан. О.Б- чадах байх гэж надад хэлсэн. Тэгээд би О.Б-гийн мотоциклийг тавьсан газраас нь аваад Д- О.Б- хоёртой хамт О.Б-гийн гэр лүү явсан. О.Б-гийнд очоод түргэн дуудсан. Сумын төвөөс эмчийг Батсайхан гэдэг хүнээр машинтай авчруулсан. Сумын төвөөс эмч ирээд О.Б-гийн цусыг тогтоох гээд оёо тавьсан. Тэгээд манай дүүг сумын төврүү аваад явсан гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р тал/,
Гэрч О.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 06 сарын 29-ний орой дүү О.Х- манай гэрт ирж О.Б-ийг хүнд зодуулсан талаар хэлээд бид хоёр мотоцикльтой О.Б-ийн гэрт очсон. Тэгээд очоод би Батсайхан гэдэг найз руугаа утсаар ярьж түргэний эмч аваад О.Б-ийн гэрт ирээрэй гэж хэлсэн. Мөн сумын хэсгийн төлөөлөгч рүү утсаар хэлсэн гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38-р тал/,
Гэрч Ц.Д2йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Нөхөр бид хоёр Х.Л-гийн хонины нэлээн наана мотоциклио тавьчихаад алхаж очиход манай 6 хурга, 2 хонь наана нь ялгарчихсан байсан ба нэг хурга нь байхгүй байсан. Тэгээд нөхөр бид хоёр хонин дунд нь орж нэг хургаа ялгаж аваад бусадтай нь нийлүүлэх гээд хоёр талаас нь туугаад хойноос нь аргал шидээд явж байсан чинь Х.Л- морьтой давхиж ирээд та нар яасан дээрэлхүү новшнууд вэ яагаад хургаа хөнгөлчихсөн байхад хонь мал үймүүлээд байгаа юм бэ гээд мориноосоо буугаад манай нөхрийн дээлний баруун талын мөрөн дээрээс бариад авсан. Тэгсэн чинь манай нөхөр Х.Л-г хойш нь түлхээд барьж байсан гарыг нь тавиулсан. Тэгсэн чинь Х.Л- хүзүүнээсээ зүүсэн байсан цагаан өнгийн нарийхан оосортой дуранг толгойноосоо сугалж аваад манай нөхрийн толгойн зүүн урд хэсэгт цохисон. Тухайн үед манай нөхрийн толгойноос нь цус гараад доошоо суусан гэх мэдүүлэг, /хх-ийн 39-42-р тал/
Гэрч Т.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 06 сарын 29-ний өдөр манайх өөрийн хургаа хөнгөлсөн юм. Манайх хургаа хөнгөлөхдөө хашаатай газар бараадаж өөрийн хаваржааны хашаан дээр очиж хөнгөлсөн. Манайхыг хаваржаан дээр хургаа хөнгөлж байхад хэнийх нь мэдэгдэхгүй 5-6 ширхэг хэнз хурганууд манай хурганд нийлчихсэн байсан. Тухайн үед би хэний хурганууд гэдгийг мэдээгүй. Тэгээд эзэн гэх хүн ирэхгүй болохоор нь эзэнгүй хаваржаан дээр хурганууд аваачаад яах вэ гэж бодоод өөрийн гэр лүү өөрийнхөө хургануудтай нийлүүлээд туугаад гэрийн хажууд орхисон. Тэгээд нэлээн орой болж байхад буюу оройн 22 цагийн орчимд өөрийн хоёр дахь хүү болох Х.Л-г аавын хүү хөнгөлсөн хургануудаа үзчихээд ирээд хэвтэж байвал босгоорой гэж хэлээд Х.Л-г хургандаа явуулсан. ...Харин намайг гэртээ хэвтэж байхад манай 6 настай хүү Далайжаргал нь гаднаас орж ирээд аав агаа хүнтэй барилдаад байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би гэрийн хаалгаар шагайгаад харсан чинь манай хүү Х.Л- дээр хоёр хүн байгаа харагдаж байсан. ...Тэгээд би өөрийн мотоциклийг асаагаад очсон чинь манай хүү Х.Л-гийн хөл дээр нь Билэгээ, цээжин дээр нь эхнэр Д- нь дарчихсан байсан. Тэгээд би очоод юу болж байна гэсэн чинь тэд нар босоод ирсэн. Тэгээд миний толгойд О.Б-ийн өмнө нь хүнтэй маргалдаад шүүх цагдаа болсон асуудал нь санагдаад би О.Б-г чи миний араар суучих гэсэн чинь О.Б- миний мотоциклийн араар суучихсан. Тэгээд би хөдөлж явах замдаа хоёулаа шууд хэсгийн төлөөлөгч дээр очье гэсэн чинь О.Б- миний араар сууж явж байснаа мотоцикль дээрээс шууд үсрээд буучихсан. Тэгээд буцаад өөрийн мотоцикль дээрээ очсон. Би араас нь очсон ба намайг араас нь очиход О.Б- толгойгоороо шар юм боочихсон эхнэр нь О.Б-гийн толгойноос нь цус гараад байна гэж байсан. Тэгээд би дахиад О.Б-г төв рүү явья гэсэн чинь О.Б- надад Мандал ахаа яах юм бэ гээд явж өгөхгүй цус нөжөө угаая гээд байсан. Тэгээд О.Б- бид хоёр явган гол руу явсан бөгөөд явж байхдаа бид хоёр ам зөрөхдөө зөрөөд эвээ олохдоо олоод гол орсон. Гол дээр очоод О.Б-г гараа угаагаад сууж байхад О.Б-гийн ах Хүрлээ ирсэн гэх мэдүүлэг, /хх-ийн 43-45-р тал/
Гэрч Ц.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тэгээд нэлээн байж байтал манай бага хүү болох Далайжаргал гаднаас орж ирээд агаа хүнтэй барилаад байгаа юм болов уу гээд гэрт орж ирсэн. Тэгээд Хадмандал хаалгаар шагайж хараад мотоциклио асаагаад шууд яваад өгсөн. Тэгээд би гэрээс гараад хартал манай хүүхдийн дээр нь хоёр хүн гарчихсан цохиод байгаа бололтой байсан. Тэгээд би наанаас нь очих санаатай гүйж явсан чинь манай нөхөр Хадмандал мотоцикль дээрээ суучихсан манай нөхрийн араар О.Б- сууж байгаа харагдсан. Тэгээд манай нөхөр мотоцикльтойгоо хөдлөөд явсан чинь О.Б- мотоциклиос нь үсэрч хоёр хөл дээрээ үсэрч буугаад эргээд О.Б- өөрийн мотоцикль байгаа газартаа очсон. ...Тэгээд нэг их удалгүй О.Б-ийн эхнэр Д- надад дуран авчирч өгөөд танай хүүхэд чинь манай нөхрийг зодчихлоо гэсэн гэх мэдүүлэг, /хх-ийн 46-48-р тал/
Гэрч Ч.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Намайг үхрээ саагаад сааль сүүгээ боловсруулчихаад оройн 22 цагаас 23 цагийн хооронд өөрийн хадам эгч Оюуны гэрт ороод сууж байсан чинь Х.Л-гийн дүү Лхагвасүрэн Оюун эгчийн гэрт уйлчихсан орж ирсэн. Тэгээд бид хоёр юу болсон бэ гэж асуухад уйлаад юу хэлж байгаа үг нь сайн ойлгогдохгүй байсан. Тэгээд бид хоёр Лхагвасүрэнд чиний хэлж байгаа үг чинь ойлгогдохгүй байна чи уйлахгүй хэлээч гэсэн чинь агааг хүн зодчихлоо гээд байгаа ч юм шиг агаа хүн зодчихлоо гээд байгаа ч юм шиг ерөөсөө ойлгогдохгүй байсан. Тэгээд би энэ хүүхэд юу хэлээд байгаа юм бол гадаа юу болоод байгаа юм бол гэж бодоод гадаа гарсан чинь О.Б-ийн эхнэр Д- манай гэр лүү ирж явсан. Д- манай гэрийн үүдэнд ирээд Хангай байна уу гэж асуухаар нь би идэрхангай байхгүй байна сонгуулийн хороон дээр байгаа гэсэн чинь Х.Л- О.Б- хоёрыг зодолдсон гэх шиг болоод Шаравдорж ахын гэрийн тийшээ явсан гэх мэдүүлэг, /хх-ийн 49-51-р тал/
Гэрч Г.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тэгээд О.Б- Х.Л-гаас хургаа асуусан чинь Х.Л- манай хонинд байна лээ гэж хариулж байсан. Тэгээд О.Б- эхнэрийнхээ хамт Х.Л-гийн хонь руу мотоциклиор явсан. Араас нь Х.Л- морьтойгоо хоньруугаа явсан. Тэгээд нэлээн хэсэг хугацааны дараа Д- шаравдоржийн гадаа гүйж ирээд та манайд очоод Эрхэмээ ахыг дуудаад өгөөч О.Б- явж чадахаа байчихлаа гэж хэлж байсан Тэгээд Шаравдорж Эрхэмээд хэлэхээр явах шиг болсон гэх мэдүүлэг, /хх-ийн 55-57-р тал/,
Шүүгдэгч Х.Л-гийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Би О.Б-ийг цохиогүй. Би ухаан алдсан байсан. Намайг шууд мориноос татаж унагааснаас болж би ухаангүй байдалтай байсан. О.Б-д учирсан хохиролыг бол би мэдэхгүй. Би хүн цохиогүй гэх мэдүүлэг,
Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, /хх-ийн 17, 23-р тал/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Р.Ням-Осорын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 353 дугаартай ... 1. О.Б-ийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. О.Б-ийн биед дух ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрхи цус хуралт, тархины няцрал, духны зүүн хэсэгт шарх бүхий гэмтэл тогтоогдоо. 3. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт, /хх-ийн 67 –р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Л-г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 201622000448 дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дуранг устгаж, 1 ширхэг дээл, 2 ширхэг цамц, 1 ширхэг алчуур, 1 ширхэг даавуун уут зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч О.Б-д буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Л- нь хохирогч О.Б-д 3.000.000 төгрөг төлсөн болох нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Төрийн банкны орлогын мэдүүлгээг тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Л-гаас 3.610.500 төгрөг гаргуулж хохирогч О.Б-д олгохоос шүүгдэгчийн төлсөн 3.000.000 төгрөгийг хасч 610.050 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан /хх-ийн 106-р тал/ аймаг хооронд зорчсон тасалбар.., шатахуун олгосон баримт, таксигаар үйлчлүүлсэн тухай тамга, тэмдэггүй баримт /хх-ийн 108-111-р тал/, мөн таксигаар үйлчлүүлсэн дараагийн баримтад Бямбадоржийн Отгонбаяр гэсэн тэмдэг бүхий баримт, 2016 оны 7 дугаар сарын 08-нд хөдөлмөрийн гэрээг хохирогч О.Б- нь Н.О-, Г.О- нартай хийсэн боловч хөлсийг хэзээ тушаасан нь тодорхойгүй /цалин хэлбэрээр нь/ энэ талаар баримтгүй, мөн 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хөлсөөр ажиллах гэрээг хийсэн боловч нотариатчаар батлуулаагүй тул Г.Дамдинд 2.500.000 төгрөгийн цалин хөлс өгсөн гэх Төрийн банкны орлогын мэдүүлэг, ХААН банкнаас хохирогчийн эх Ч.Б-ийн 5.028.300 төгрөгийн зээл, зээлийн хүү, 2 портер түлээний мөнгө 600.000 төгрөгийн баримт зэргийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй эмчилгээний зардалтай холбогдох шууд зардалд тооцоогүй болно.
Улсын дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах” тайлбарын 6.1.3-т “Гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учирсан бол гэм буруутай этгээд Иргэний хуулийн 505, 506 дугаар зүйлүүдэд зааснаар хохирогчийн эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдснаас олох байсан орлогын хэмжээгээр хохиролыг нөхөн төлнө. Олох байсан орлогын хэмжээг авах байсан цалин, орлого, авсан тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүгээр тооцох тул хөдөлмөрийн чадвар алдсан этгээдийн тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг ихсэж, багасах тохиолдолд гэм хор учруулсан төлбөр төлнө” гэж заасан байна.
Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэжээ.
Харин гэмт хэргээс улбаатай боловч тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй бусад хохиролын асуудлыг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхгүй байхаар тайлбарласан болно.
Хохирогч О.Б- нь өөрийн сонгон авсан өмгөөлөгчтэй харилцан тохиролцож төлсөн өмгөөллийн хөлс нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд заасан төр хариуцан гаргах Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Хатгин овогт Х.Л-г бусдын бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар Х.Л-г 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Х.Л-д оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дуранг устгаж, 1 ширхэг дээл, 2 ширхэг цамц, 1 ширхэг алчуур, 1 ширхэг даавуун уут зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч О.Б-д буцаан олгохыг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар Х.Л-гаас 610.500 /зургаан зуун арван мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч О.Б-д олгож, нотлох баримтаа бүрдүүлж 10.471.950 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Л-д урьд авсан батлан даалтад өгөх таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Н.НЯМСҮРЭН
М.ЭРДЭНЭ-ОЧИР