Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2021/00489

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг, Мөрөнд бүртгэлтэй ч, Баянзүрх дүүрэгт оршин суух, Д овогт Т-ийн У-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин байрлах, “З Т Г ” ОНӨААТҮГ-д холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, олговорт 165.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Миний бие “З Т Г ” ОНӨААТҮГ-т тус газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/03 тоот тушаалаар ахлах хуулийн зөвлөхөөр ажилд орсон. Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хичээж, хангалттай сайн хэрэгжүүлж ирсэн. Байгууллагын даргын 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/1855 тоот тушаалаар Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан. Гэвч Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/212,  Б/213 тоот захирамжуудаар байгууллагын даргыг ажлаас чөлөөлж, оронд нь О.Ганбаатар гэдэг хүнийг шинээр томилсон. Удалгүй өрөөндөө дуудаж “тэтгэмж аваад хэлтсийн даргын ажлаа өг эсхүл өмнө эрхэлж байсан ажилдаа оч” гэсэн. Миний бие дээрх хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй боловч хууль бусаар, надтай тохиролцохгүй өөр ажилд шилжүүлэн томилсон.

Ажилтныг нэг ажлаас нөгөө ажилд шилжүүлэх нөхцөлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 32-34 дүгээр зүйлд зохицуулсан байдаг. Гэтэл уг хуульд заасан ажилтныг шилжүүлэх нөхцөлүүд болох “эрүүл мэндийн хувьд дүгнэлт гарсан”, “сул зогсолт”, “ажлын зайлшгүй шаардлага” гэсэн нөхцөлүүд байгаагүй. Тушаалд байгууллагын дотоод зохион байгуулалтын хүрээнд гэж дурдсан байх боловч ажил олгогч байгууллагад бүтцийн өөрчлөлт хийгдээгүй, хуучин ажиллаж байсан Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаал хэвээр, мөн гүйцэтгэх чиг үүрэгт өөрчлөлт ороогүй болно.

Хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7.16-д хуульд заасныг зөрчиж, эрх бүхий этгээд буюу удирдлагын санаачилгаар ажилтныг шилжүүлж болохоор заасан байдаг. Уг заалтыг үндэслэн тушаалыг гаргасан байна. Мөн хариуцагч харилцан тохиролцож хүлээн зөвшөөрснөөр шилжүүлсэн гэж байх боловч энэ тухай баримтгүй бөгөөд энэ тайлбар үндэслэлгүй болно. Иймд “З Т Г ” ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/285 тоот өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгож,  урьд эрхэлж байсан Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнүүдээс үзвэл үндсэн цалин 55.000 төгрөгөөр зөрүүтэй, буурсан байх тул тушаал гарсан өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх 3 сарын хугацааны цалин хөлсний зөрүү 165.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.У ыг байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7.16 “Удирдлагын санаачлага, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, ажлын нөхцөл байдлын шаардлагаар ажилтныг өөр ажил, албан тушаалд байгууллагын дотоод зохион байгуулалтын хүрээнд сэлгэн болон шилжүүлж ажиллуулж болно” гэсэн заалтын дагуу Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтэст ахлах хуулийн зөвлөхийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан болно. Тус байгууллагад дарга солигдсон нь үнэн. Удирдлагын зүгээс нэхэмжлэгчтэй амаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн байдаг. Улмаар ахлах хуулийн зөвлөхөөр ажиллахаар тохирч Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д талууд Хөдөлмөрийн гэрээнд гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг зааж болохоор заасан. Ажил олгогчтой тохиролцоонд хүрч хуучин ажиллаж байсан ажилд нь шилжүүлсэн байтал шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн дотоод журамд удирдлагын санаачилга, зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлт болон ажлын шаардлагаар шилжүүлж болохоор заасан байдаг. Нэхэмжлэгч өөрөө захиргаа удирдлагын дарга байсан тул бичгийн өргөдөл аваагүй бөгөөд уг хүний нөөцтэй холбоотой баримтыг бүрдүүлэх үүрэг нэхэмжлэгчид өөрт нь байдаг байсан. Тэрээр хоёр төрийн байгууллагад давхар ажил хөдөлмөр эрхэлж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Т.У  “З Т Г ” ОНӨААТҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад ажилд эгүүлэн тогтоолгох, олговорт 165.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч Т.У  “З Т Г ” ОНӨААТҮГ-т 2018 оны 8 дугаар сараас “хууль, гэрээ эрх зүйн ахлах ажилтан”-аар ажиллаж эхэлснээр зохигчдын хооронд Хөдөлмөрийн харилцаа үүссэн, улмаар тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/185 тоот тушаалаар түүнийг “Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн дарга”-ын ажилд томилж, гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын маргаангүй тайлбараар тогтоогдож байна. /хх 5-7/

Тус байгууллагын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/285 тоот тушаалаар түүнийг захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргын ажлаас чөлөөлж, захиргаа удирдлага хүний нөөцийн хэлтсийн ахлах хуулийн зөвлөхийн ажилд шилжүүлэн томилжээ. /хх 8/

Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасныг баримталсан байх бөгөөд тушаалын үндэслэлийг “ажилтантай тохиролцсон”, “ажлын шаардлага” гэж хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлав. Тушаалд ажилтныг нэг ажлаас нөгөө ажилд шилжүүлэх талаар зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 32-34 дүгээр зүйлийн холбогдох хэсгийг баримтлаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлж болно.” гэж заажээ. Тус байгууллагад бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлт ороогүй,  нэхэмжлэгчийн ажиллаж байсан “хэлтсийн дарга”-ын ажил тус байгууллагын бүтцэд хэвээр байгаа, гүйцэтгэх чиг үүрэгт өөрчлөлт ороогүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан маргаангүй тайлбараар тогтоогдож байна. Иймд хуулийн дээрх зохицуулалтад заасан ажилтныг түр шилжүүлэх урьдач нөхцөл болох байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал үүсээгүй байна. Түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл болох “эрүүл мэндийн шалтгаанаар”, эсхүл “сул зогсолтын улмаас” ажилтныг шилжүүлэх нөхцөл үүсээгүй байна. 

Хариуцагч “ажилтантай тохиролцсон”, “ажлын шаардлага” үүссэн тухай тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй тул дээрх татгалзал үндэслэлгүй.

Иймд тус байгууллагын Б\285 тоот тушаал үндэслэл бүхий болж чадаагүй байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан “захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн дарга”-ын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчтэй байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ болон Б/185, Б/285 тоот тушаалаас үзвэл урьд эрхэлж байсан “...хэлтсийн дарга”-ын үндсэн цалин 1.210.000 төгрөг, харин шилжүүлсэн “ахлах хуулийн зөвлөх”-ийн үндсэн цалин 1.155.000 төгрөг байх тул дээрх хоёр ажлын цалингийн зөрүү 55.000 болох нь тогтоогдож байна.

Иймд Б/285 тоот тушаал гарсан өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх 3 сарын цалин хөлсний зөрүү 165.000 төгрөг гаргуулахаар шаардсан нь тооцооллын хувьд алдаагүй, хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна энэ талаар хариуцагч маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн цалин хөлсний зөрүүг нэмж тусган нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод нөхөн оруулав.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шуудангийн байгууллагаар дамжуулан тус шүүхэд ирүүлсэн, шүүх ирүүлсэн шууданг 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч Ковид-19 цар тахалтай холбогдуулан 24 цагийн дараа битүүмжлэлийг нээснээр бүртгэлд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэсэн, гомдол хөөн хэлэлцэх хугацааны талаар зохигчид маргаагүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Т.У ыг “З Т Г ” ОНӨААТҮГ-т Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилж, олговорт 165.000 /нэг зуун жаран таван мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн цалин хөлсний зөрүүг нэмж тусган нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас 5.600 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ