Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00758

 

 

 

Т.Уын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2021/00489 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Уын “З Т Г  ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, олговорт 165.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь З Т Г  ОНӨААТҮГ-т тус газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/03 тоот тушаалаар ахлах хуулийн зөвлөхөөр ажилд орсон. Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хичээж, хангалттай сайн хэрэгжүүлж ирсэн. Байгууллагын даргын 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/1855 тоот тушаалаар Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/212, Б/213 тоот захирамжуудаар байгууллагын даргыг ажлаас чөлөөлж, О.Ггэдэг хүнийг шинээр томилсон. Миний бие дээрх хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй боловч хууль бусаар, надтай тохиролцохгүй өөр ажилд шилжүүлэн томилсон. Ажилтныг нэг ажлаас нөгөө ажилд шилжүүлэх нөхцлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 32-34 дүгээр зүйлд зохицуулсан байдаг. Гэтэл уг хуульд заасан ажилтныг шилжүүлэх нөхцөлүүд болох эрүүл мэндийн хувьд дүгнэлт гарсан, сул зогсолт, ажлын зайлшгүй шаардлага гэсэн нөхцөлүүд байгаагүй. Тушаалд байгууллагын дотоод зохион байгуулалтын хүрээнд гэж дурдсан байх боловч ажил олгогч байгууллагад бүтцийн өөрчлөлт хийгдээгүй, хуучин ажиллаж байсан. Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаал хэвээр, мөн гүйцэтгэх чиг үүрэгт өөрчлөлт ороогүй болно. Хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7.16-д хуульд заасныг зөрчиж, эрх бүхий этгээд буюу удирдлагын санаачилгаар ажилтныг шилжүүлж болохоор заасан байдаг. Уг заалтыг үндэслэн тушаалыг гаргасан байна. Мөн хариуцагч харилцан тохиролцож хүлээн зөвшөөрснөөр шилжүүлсэн гэж байх боловч энэ тухай баримтгүй бөгөөд энэ тайлбар үндэслэлгүй болно. Иймд Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/285 тоот өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнүүдээс үзвэл үндсэн цалин 55 000 төгрөгөөр зөрүүтэй, буурсан байх тул тушаал гарсан өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх 3 сарын хугацааны цалин хөлсний зөрүү 165 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Уыг байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7.16-д заасанчлан Удирдлагын санаачлага, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, ажлын нөхцөл байдлын шаардлагаар ажилтныг өөр ажил, албан тушаалд байгууллагын дотоод зохион байгуулалтын хүрээнд сэлгэн болон шилжүүлж ажиллуулж болно гэсний дагуу Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтэст ахлах хуулийн зөвлөхийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан болно. Тус байгууллагад дарга солигдсон нь үнэн. Удирдлагын зүгээс нэхэмжлэгчтэй амаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн байдаг. Улмаар ахлах хуулийн зөвлөхөөр ажиллахаар тохирч Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д талууд Хөдөлмөрийн гэрээнд гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг зааж болохоор заасан. Ажил олгогчтой тохиролцоонд хүрч хуучин ажиллаж байсан ажилд нь шилжүүлсэн байтал шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн дотоод журамд удирдлагын санаачилга, зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлт болон ажлын шаардлагаар шилжүүлж болохоор заасан байдаг. Нэхэмжлэгч өөрөө захиргаа удирдлагын дарга байсан тул бичгийн өргөдөл аваагүй бөгөөд уг хүний нөөцтэй холбоотой баримтыг бүрдүүлэх үүрэг нэхэмжлэгчид өөрт нь байдаг байсан. Тэрээр хоёр төрийн байгууллагад давхар ажил хөдөлмөр эрхэлж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Т.Уыг З Т Г  ОНӨААТҮГ-т Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилж, олговорт 165 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн цалин хөлсний зөрүүг нэмж тусган нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас 5 600 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Тодруулбал, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Анхан шатны шүүх: Хариуцагч “ажилтантай тохиролцсон”, “ажлын шаардлага” үүссэн тухай тайлбартаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй тул дээрх татгалзал үндэслэлгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Байгууллагын дарга О.Гнь нэхэмжлэгч Т.Утай амаар тохиролцоо хийж хуучин ажилд буюу ахлах хуулийн зөвлөхөөр ажиллуулахаар тохиролцож, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6/285 тоот тушаалаар шилжиж ажилласан. Амаар тохиролцсон тохиролцоо нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр "Хөдөлмөрийн гэрээ”-гээр нотлогддог. Ахлах хуулийн зөвлөхтэй байгуулсан "Хөдөлмөрийн гэрээ”-ний 5.1заасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч уг гэрээг хийсэн. Нэхэмжлэгч нь ахлах хуулийн зөвлөхөөр ажиллах байх хугацаандаа ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээг өөрөө боловсруулж батлуулсан байдаг. Нэхэмжлэгч өөрөө Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн дарга байсан хүний нөөцтэй холбоотой баримт, өргөдлийг бүрдүүлэх үүрэг нэхэмжлэгчид өөрт нь байсан гэдгийг удаа дараа шүүх хуралдааны явцад илэрхийлж байсан боловч шүүх хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Т.У З Т Г  ОНӨААТҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, олговорт 165 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Т.У З Т Г  ОНӨААТҮГ-ын даргын 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар Захиргаа, удирдлага хүний нөөцийн хэлтсийн Хууль, гэрээ эрх зүйн ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж, улмаар 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/185 дугаар даргын тушаалаар Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдон ажилласан нь зохигчдын тайлбар, дээрх тушаал, хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна. /хэргийн 5-7, 53-54 дүгээр тал/

 

            Хариуцагч байгууллагын даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/285 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.4, 1.10 дах хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлд тус тус заасныг үндэслэн Т.Уыг Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн ахлах хуулийн зөвлөхөөр шилжүүлэн ажиллуулахаар томилжээ. Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23 дугаар зүйлийн 23.2.1, 24, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. /хэргийн 8 дугаар тал/

 

            Тус байгууллагад бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлт ороогүй, нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтсийн даргын ажил тус байгууллагын бүтцэд хэвээр байгаа талаар талууд маргаагүй. Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ “ажилтантай тохиролцсон, ажлын шаардлага” гэх байдлаар тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “амаар тохиролцсон тохиролцоо нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 5.1-д зааснаар нотлогдоно” гэх агуулгаар тайлбарлажээ. Уг заалтад “Гэрээ нь талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн бүх харилцааг тодорхойлж зохицуулах бөгөөд энэхүү гэрээ байгуулагдсанаар өмнө нь бичгээр болон амаар тохиролцож хийсэн бүх гэрээ, хэлцэл хүчингүй болно” гэж заасан ба дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн ахлах хуулийн зөвлөхөөр ажиллуулахыг зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл гэрээний тус заалт нь ажилтан ажил, албан тушаалаа өөрчлөхийг зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн баримт биш болно.

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасанд нийцжээ.

 

            Нэхэмжлэгч Т.Уыг ажлаас шилжүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны 3 сарын цалин хөлсний зөрүү 165 000 төгрөгийн олговрыг хариуцагч З Т Г  ОНӨААТҮГ-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

 

            Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2021/00489 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 600 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                           ШҮҮГЧИД                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                       С.ЭНХТӨР