Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2021/02318

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.Г-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Э-д холбогдох,

 

3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Итгэл, хариуцагч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.  

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Г, түүний өмгөөлөгч П.Итгэл нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Би 2015 оны 10 дугаар сард иргэн Д.Э-ээс Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан тоот 700 м.кв газрыг эзэмшихээр худалдах, худалдан авах аман гэрээ хийн тохиролцож, нийт 3,500,000 төгрөгийг бэлнээр Д.Э-т хүлээлгэн өгсөн. Ийнхүү уг газрыг эзэмшихээр худалдан авахаар болж бичиг баримтуудаа Баянзүрх дүүргийн газрын албанд бүрдүүлж өгөхийн тулд нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн актыг уг газарт эрх бүхий байгууллага “Эрхэм газар” ХХК-аар хийлгэсэн бөгөөд уг газар дээр Д.Э-ийн төрсөн хүү Х.Бат-Эрдэнэ надад гагнуурчин олж өгч хашааны хаалга гагнуулан өгч худалдан авсан газрын хашаа барьж үүдний хаалга 500,000 төгрөгөөр хийсэн. Тухайн үед газрын албанд бичиг баримтуудаа өгч, газрын гэрчилгээгээ өөрийн нэр дээрээ эзэмшихээр гаргуулъя гэж Д.Э-т хэлэхэд нэр шилжих боломжгүй байна, түр хүлээж бай гэдэг хариу өгдөг байсан бөгөөд өнөөдрийг хүртэл уг газрыг худалдах, худалдан авах гэрээний дагуу М.Г миний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй, гэрээний үүрэг биелэгдээгүй байгаа тул Д.Этэй байгуулсан гэрээгээ цуцалж байгаа болно. Иймд иргэн Д.Эээс Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан тоот, 700 м.кв газрыг эзэмшихээр худалдах, худалдан авахаар хийсэн гэрээ хэлцлийн дагуу төлсөн нийт 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Би иргэн Д.Э-ээс Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан  тоот газруудыг эзэмшихээр худалдах, худалдан авах гэрээ хэлцэл амаар хийж 3,500,000 төгрөг өгсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна” гэв.

 

Хариуцагч Д.Э, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Би 2013 оны хавар Сандэй плазад лангуу ажиллуулдаг байхдаа иргэн М.Г-тэй аман тохиролцоо хийж, 2,000,000 төгрөг авч газар зарсан болно. Ингээд газрын албан дээр очин Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, 4 хэсэг, 15 гудамж, тоот 3 айлын газар авсан болно. Иргэн М.Г-гийн надаас нэхэмжилж байгаа  тоот хаягт байрлах газар надад ямар ч хамаагүй. Би уг хүнд 2 айлын газраар тохирсон боловч надаас гуйж 3 айлын газар болгосон. Иймд би иргэн М.Г-д ямар нэгэн тооцоо байхгүй. Миний бие Баянзүрх дүүргийн 12  дугаар хороонд Чулуутын задгай гэх газар амьдарч байхад 2008 онд хороо болон газрын албанаас хаягжилт зохион байгуулалт хийж, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Хужирбуланд шинээр газар олголт хийж эхэлсэн юм. Манай гэр бүлээс 3 хүн бичүүлсэн байсан юм. Ингээд газар дээр шаваа тавьж хорооны хэсгийн байцаагч Жамъянсүрэн гэдэг хүнд газрыг эзэмших талаар нэрсээ бичүүлээд бүртгүүлсэн. Тухайн үед нэг өрхөөс нэг хүн нь төлөөлөөд миний бие өөрийн нэр, утсыг газрын албанд өгсөн байсан. тоот газрын эзэмшигч гэдгээр миний нэр бүртгэлд нь бичүүлсэн юм. Тухайн үед газар авч байгаа хүмүүс эхлээд хашаагаа бариад хаалганы дугаар авдаг байсан. Би мөнгөний боломж муу тул хашаа бариагүй байсан. Сандэй плаза дээр гутлын лангуу ажиллуулж байхад М.Г нь хамтран амьдрагч Дариймаа гэдэг хүнтэйгээ уулзахаар ирэх үедээ таны нэрээ бүртгүүлээд байгаа 3 газрыг чинь үзье гэхээр зөвшөөрсөн. Ингээд М.Г нь 2013 оны хавар миний нэр дээр тоот гэж бүртгүүлсэн газраас намайг нэрээ татаад авчихвал 2,000,000 төгрөг өгөх тухайгаа ярилцаж тохиролцсон болно. Энэ үеэр бэлнээр 2,000,000 төгрөгийг 3 удаа тасалж өгсөн нь үнэн болно. 1,000,000 төгрөгийг Сандэй дээр, кадастрын зурагны үнэ 300,000 төгрөг, мөн 500,000, 200,000-аар авсан. Баянзүрх дүүргийн газрын алба нь 2014 оны эхээр М.Г бид хоёрыг дуудсан. Бид хоёрыг нүүр нүүрээр нь харуулж М.Г нь таны нэрээр бүртгүүлсэн байгаа газрыг өөрийн нэр дээр болон гэр бүлдээ авах, гэрчилгээ болон захирамжийг гаргуулах гэж байна, та зөвшөөрч энэ хүнд шилжүүлэхэд татгалзах зүйл байна уу гэхэд зөвшөөрсөн байгаа гэж хэлсэн. Нэхэмжлэгч М.Г бид хоёрын анхны тохиролцоо нь би нэрээ бүртгүүлсэн байгааг татах, М.Г гэрчилгээ болон захирамжийг өөрийн нэр дээр хуулийн дагуу бүрдүүлж авах талаар тохиролцсон юм. 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл уг газрыг М.Г нь өөрийн эхнэр, ээж, дүү нарынхаа хамт эзэмшиж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа 3806 тоот газрыг нэмжээ. Энэ нь надад ямар ч хамааралгүй юм. Нэхэмжлэгч нь тэр хавийн бүхий л газрыг томруулж явж байгаа бөгөөд бидний тохиролцоогүй, мэдэхгүй газрыг нэхэмжлэлдээ нэмж оруулсан нь маш ойлгомжгүй, үнэнд нийцээгүй асуудал байна. Харин миний өмгөөлөгч Т.Мөнхтуяагийн 99092958 дугаарын гар утас руу яриад хариуцагч Д.Э-ээс ямар ч мөнгө, төгрөг авахгүй, 3806 тоот газар дээр байгаа айлыг нүүлгээд өгчих хэрэгтэй байна гэсэн байдлаар тохиролцох санал тавьсныг өмгөөлөгч эсэргүүцсэн болно. Нэхэмжлэгч нь хууль бус үйлдэл хийж шүүхэд нэхэмжлэл гаргасан нэрээр нэхэмжлэлд оролцогч биш хүнийг газрыг бидэнтэй тохиролцоно гээд байгаа нь ямар ч хуулийн үндэслэлгүй болно. Иймд М.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

 

Шүүх хуралдаанаар зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Д.Э-т холбогдуулан 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 2015 онд амаар хийсэн худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан тоот хаягт байрлах эзэмшлийн 4 газрыг нэр дээр шилжүүлж өгөөгүй, газрын бичиг баримт гаргуулж өгөөгүй, мөн хариуцагчид газар худалдах эрх байгаагүй гэх үндэслэлээр гэрээг цуцалж, шилжүүлсэн 3,500,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй тохирсны дагуу Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан тоот хаягт байрлах 3 газрыг эзэмшихээр бүртгүүлсэн байсан нэрээ татаж үүргээ биелүүлсэн учир нэхэмжлэгчээс авсан 2,000,000 төгрөгийг буцааж төлөх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь тухайн газруудын эзэмших эрхийн гэрчилгээг гэр бүлийн гишүүдийнхээ нэр дээр авсан, тоот газартай холбоотой гэрээ хийгээгүй, түүнд хамааралгүй, мөн 3,500,000 төгрөг аваагүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүсэх бөгөөд мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан.

 

Дээрх маргаанд талууд ямар хүсэл зоригоо хэрхэн илэрхийлсэн, хэрхэн хүчин төгөлдөр болсон талаар маргаж байх тул шүүх дор дурдсанаар дүгнэлт өгөх нь зүйтэй.

 

Зохигчдын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй байх ба хэрэгт авагдсан гэрч Б.Баттулга, Х.Бат-Эрдэнэ нарын мэдүүлгээс үзэхэд талууд 2014 оны 5, 6 дугаар сард газар шилжүүлэх асуудлаар хэлэлцэж, улмаар Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байрлах газарт очиж үзэж байсан, мөн нэхэмжлэгч тухайн газарт хашаа барьсан үйл баримт тогтоогдож байна /хх-51-52, 110-112/.

 

Дээрх цаг хугацаанд хариуцагчид газар эзэмшүүлэх эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй, гэрээ, гэрчилгээ олгогдоогүй байсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Харин хэрэгт авагдсан 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Х.Чимигмаа, М.Лхагвамандах, М.Хосбаяр нарын өргөдлийг бүртгэн хүлээн авсан талаарх Баянзүрх дүүргийн газрын албаны тодорхойлолтууд /хх-225/, зохигчдын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр утсаар ярьсан бичлэгийг бэхжүүлсэн тэмдэглэл /хх-116-123/, газар дээр үзлэг хийсэн тэмдэглэл /хх-133-141/ зэрэг баримтуудыг харьцуулан үзвэл талуудын хэлцэл хийгдэх үед хариуцагчтай хамаарал бүхий этгээд буюу гэр бүлийн гишүүд нь одоогийн байршлаар Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 4 хэсэг, 65 гудамж, тоот хаягт байрлах газруудыг эзэмшихээр газрын албанд хүсэлтүүдээ гаргасан үйл баримт байсан гэж үзэхээр  байна.

 

Хариуцагч нь дээрх хүсэлтүүдээсээ татгалзан харьяалах хороо болон газрын албан дээрээс нэрээ татан авсан, үүний төлөө нэхэмжлэгч төлбөр төлсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгч болсон үйл явдлынх нь хувьд үгүйсгээгүй, энэ талаар нэхэмжлэгчийн нотлох баримт болох талуудын утсаар ярьсан бичлэгт тусгагдсан байх боловч газрын хууль тогтоомжийн дагуу хариуцагчид газартай холбоотой эрх үүсээгүй байсан, газрын баримт бичгийг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулж өгөөгүй гэж маргасан.

 

Монгол улсын аливаа иргэн нь газар эзэмших хүсэлт гаргах эрхтэй бөгөөд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, газрын хэмжээ, зааг, байршилыг тодорхойлж, нэгж талбарыг харуулсан тойм зургаа гарган тухайн шатны Засаг даргад хүсэлтээ гаргах зохицуулалттай тул хариуцагчид хуулийн энэ зохицуулалтын хүрээнд газар эзэмшихтэй холбоотой эрх үүссэн гэж үзнэ. Үүнээс гадна мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж зааснаас үзвэл аль нэг этгээдийн өмнө гаргасан хүсэлтийн шийдвэрлэлт дараагийн этгээдийн хүсэлтэд нөлөөлж болох үр дагавартай байна.

 

Иймээс талуудын тохиролцоогоор Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 4 хэсэг, 65 гудамж, тоот хаягт байрлах газруудыг эзэмшихээр газрын албанд гаргасан хүсэлтүүдээсээ хариуцагч татгалзах, нэрээ татан авах, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч төлбөр төлөх үүрэг тус тус талуудад үүссэн гэж дүгнэх үндэстэй. Харин нэхэмжлэлд тоотуудаас гадна  тоот газрын талаар хариуцагч үүрэг хүлээсэн гэж тусгасан хэдий ч ийм байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.

 

Дээрх харилцаа нь хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын дагуу үүссэн байх бөгөөд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан эрх худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна.

 

Хэргийн баримтаар хариуцагчийг Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 4 хэсэг, 65 гудамж, тоот хаягт байрлах газруудыг эзэмшихээр газрын албанд гаргасан хүсэлтүүдээсээ татгалзаагүй, нэрээ татаагүй буюу үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, тухайн газарт нэхэмжлэгч өөрөө хашаа барьсан, барилгын суурь эхлүүлснээ хүлээн зөвшөөрсөн, мөн дурдсан газруудыг нэхэмжлэгчийн ээж, эхнэр, дүү болох Д.Алагаа, Б.Хуншагай, М.Нэргүй нар эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 3,500,000 төгрөг шаардсаныг хангах үндэслэлгүй.  

 

Харин хариуцагч нь кадастрын зураг гаргаж өгөхөөр 300,000 төгрөг, мөн тодорхой зориулалт тайлбарлаагүй 500,000 төгрөг тус тус нэхэмжлэгчээс авснаа хүлээн зөвшөөрсөн ба зохигчдын ярианы бичлэгт тусгагдсан “... Минжүүрдоржийн охин, хүү хоёрынхоо нэр дээр байгаа газраа шилжүүлж өгөөч гээд таниас гуйгаад та 500,000 төгрөг аваад хороон дээр ... нэрийг нь шилжүүлээд өгье гээд явсан тэгээд алга болчихсон ...” /хх-119/ гэх нэхэмжлэгчийн яриаг баримтаар үгүйсгээгүй. Мөн 2014 оны 05, 06 дугаар сард нотариатаар гэрчлүүлсэн М.Г, М.Нэргүй нарын иргэний үнэмлэхийн хуулбар болон фото зургуудыг шүүхэд нотлох баримтаар гаргасан /хх-226-227/.

 

Үүнээс үзэхэд хариуцагч нь газар эзэмших хүсэлтүүдээсээ татгалзан нэрээ татан авахаас гадна Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал тодорхойлсон хорооны бүртгэлийн баримт, мөн газрын хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг зэргийг нэхэмжлэгчийн буюу түүний заасан этгээдийн нэр дээр бүрдүүлэх нэмэлт үүрэг хүлээсэн байх боловч уг үүргээ зохих ёсоор биелүүлсэн байдлаа шүүхэд нотлох баримтаар нотлоогүй.

   

Шүүхийн журмаар гаргуулсан Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 4 хэсэг, 65 гудамж, тоот хаягт байрлах газруудын хувийн хэргээс үзэхэд Д.Алагаа, Б.Хуншагай, М.Нэргүй нарын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хүсэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн засаг даргын 2015 оны А/562 дугаар захирамж, гэрээ, гэрчилгээгээр газар эзэмшүүлсэн байх ба хувийн хэрэгт хариуцагчийн бүрдүүлсэн гэж үзэх баримт бичиг авагдаагүй /хх-195-221/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу зохигч нь өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд шүүх хэрэгт авагдсан талуудын баримтууд болон тайлбарыг бүх талаас нь харьцуулан үзсэнээр кадастрын зураг, хорооны бүртгэлийн баримт бүрдүүлэхээр авсан 800,000 төгрөгийг /300,000+500,000/ хариуцагчаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй гэж дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Э-с 800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-ээс 23,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Г-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА