Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01578

 

 

М.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/02318 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Г-гийн хариуцагч Д.Э-т холбогдуулан гаргасан 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.Э-, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2015 оны 10 дугаар сард иргэн Д.Э-ээс Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 3806 тоот 700 м.кв газрыг эзэмшихээр худалдах, худалдан авах аман гэрээ хийн тохиролцож, нийт 3 500 000 төгрөгийг бэлнээр Д.Э-т хүлээлгэн өгсөн. Уг газрыг эзэмшихээр худалдан авахаар болж бичиг баримтуудаа Баянзүрх дүүргийн газрын албанд бүрдүүлж өгөхийн тулд нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн актыг уг газарт зрх бүхий байгууллага “Эрхэм газар” ХХК-иар хийлгэсэн бөгөөд уг газар дээр Д.Э-ийн төрсөн хүү Х.Бат-Эрдэнэ надад гагнуурчин олж өгч, хашааны хаалгыг 500 000 төгрөгөөр хийсэн. Тухайн үед газрын албанд бичиг баримтуудаа өгч, газрын гэрчилгээгээ өөрийн нэр дээрээ эзэмшихээр гаргуулая гэж Д.Э-т хэлэхэд нэр шилжих боломжгүй байна, түр хүлээж бай гэдэг хариу өгдөг байсан бөгөөд өнөөдрийг хүртэл уг газрыг худалдах, худалдан авах гэрээний дагуу М.Г- миний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй, гэрээний үүрэг биелэгдээгүй байгаа тул Д.Э-тэй байгуулсан гзрээгээ цуцалж байгаа болно. Иймд иргэн Д.Э-ээс Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 3806 тоот, 700 м.кв газрыг эззмшихээр худалдах, худалдан авахаар хийсэн гэрээ хэлцлийн дагуу төлсөн нийт 3 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би иргэн Д.Э-ээс Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 3803, 3804, 3805, 3806 тоот газруудыг эзэмшихээр худалдах, худалдан авах гэрээ хэлцэл амаар хийж 3 500 000 төгрөг өгсөн үндэслэлээр нэхэмжпэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: ...2013 оны хавар Сандэй плазад лангуу ажиллуулдаг байхдаа иргэн М.Г-тэй аман тохиролцоо хийж, 2 000 000 төгрөг авч газар зарсан болно. Ингээд газрын албан дээр очиж Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, 4 хэсэг, 15 гудамж, 3803, 3804, 3805 тоот 3 айлын газар авсан. Иргэн М.Г-гийн надаас нэхэмжилж байгаа 3806 тоот хаягт байрлах газар надад ямар ч хамааралгүй. Би 2 айлын газар өгөхөөр тохирсон боловч надаас гуйж 3 айлын газар болгосон. Иймд би иргэн М.Г-д ямар нэгэн тооцоо байхгүй. Миний бие Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд Чулуутын задгай гэх газар амьдарч байхад 2008 онд хороо болон газрын албанаас хаягжилт зохион байгуулалт хийж, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Хужирбуланд шинээр газар олголт хийж эхэлсэн. Манай гэр бүлээс 3 хүн бичүүлсэн байсан. Ингээд газар дээр шаваа тавьж хорооны хэсгийн байцаагч н.Жамъянсүрэн гэдэг хүнд газрыг эзэмших талаар нэрсээ бичүүлээд бүртгүүлсэн. Тухайн үед нэг өрхөөс нэг хүн нь төлөөлөөд миний бие өөрийн нэр, утсыг газрын албанд өгсөн байсан. 3803, 3804, 3805 тоот газрын эзэмшигч гэдгээр миний нэр бүртгэлд нь бичүүлсэн. М.Г- нь 2013 оны хавар миний нэр дээр бүртгүүлсэн газраас намайг нэрээ татаад авчихвал 2 000 000 төгрөг өгөх тухайгаа ярилцаж тохиролцсон. Энэ үеэр бэлнээр 2 000 000 төгрөгийг 3 хувааж өгсөн нь үнэн болно. 1 000 000 төгрөгийг Сандэй дээр, кадастрын зурагны үнэ 300 000 төгрөг, мөн 500 000 төгрөг, 200 000 төгрөгийг авсан. Баянзүрх дүүргийн газрын алба нь 2014 оны эхээр М.Г- бид хоёрыг дуудсан. Бид хоёрыг нүүр нүүрээр нь харуулж М.Г- нь таны нэрээр бүртгүүлсэн байгаа газрыг өөрийн нэр дээр болон гэр бүлдээ авах, гэрчилгээ болон захирамжийг гаргуулах гэж байна, та зөвшөөрч энэ хүнд шилжүүлэхэд татгалзах зүйл байна уу гэхэд зөвшөөрсөн байгаа гэж хэлсэн. 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл уг газрыг М.Г- нь өөрийн эхнэр, ээж, дүү нарынхаа хамт эзэмшиж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа 3806 тоот газрыг нэмсэн байна. Энэ нь надад ямар ч хамааралгүй юм. Иймд М.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Эрдэнэчимэгээс 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 700 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-ээс 23 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Г-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй. М.Г- нь холбогдох газрын албаар албажуулан авахаар тохиролцсон үйл явдлыг цаг хугацаагаар авч үзэхэд хариуцагч Д.Э-т 2014 оны намар хүртэлх хугацаанд 2 000 000 төгрөг өгч, талуудын хэлцэл нь 2014 онд дуусгавар болсон. Энэ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааг тооцоход гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэгч нь 2020 оны 10 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх Д.Э-ээс 800 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэт нэг талыг баримталсан байна. Мөн шүүхийн шийдвэрээс харахад нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн бөгөөд нэгэнт газрын эрхээ М.Г-гийн хамаарал бүхий хүмүүс болох Д.Алагаа, Б.Хуншагай, М.Нэргүй нарын нэр дээр цогцоор нь шилжүүлэн авсан бөгөөд зохигчдын хооронд кадастрын зураг, хорооны бүртгэлийн талаар хэн аль нь ямарч тохиролцоо хийгээгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарласан байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч М.Г- нь хариуцагч Д.Э-т холбогдуулан “2015 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 3806 тоот хаягт байрлах 700 м.кв газрын эзэмших эрхийг худалдан авахаар тохиролцож, бэлнээр өгсөн 3 500 000 төгрөгийг буцаан гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа “Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 3803, 3804, 3805, 3806 тоот газруудын эзэмших эрхийг худалдан авахаар тохиролцож, аман хэлцэл хийсэн” гэж тодруулсан байна. /хх 1, 90/

 

Хариуцагч дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 3803, 3804, 3805 тоот газруудыг манай гэр бүлийн 3 гишүүн эзэмшихээр эрх бүхий байгууллагад хүсэлт гаргасан байсан ба эдгээр 3 газрыг эзэмших хүсэлтээс татгалзаж М.Г-гээс 2 000 000 төгрөг хүлээн авсан, дээрх газар тус бүрийн эрхийг нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээдүүд хүлээн авсан, харин Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 3806 тоот хаягтай газрыг би эзэмшиж байгаагүй, уг газрын талаар нэхэмжлэгчтэй тохиролцсон зүйл байхгүй, төлбөр төлөх үндэслэлгүй” гэх агуулгаар маргажээ. /хх17-18, 124-125/

 

Зохигчдын дээрх тайлбарыг, хэрэгт цугларсан гэрч Б.Баттулга, Х.Бат-Эрдэнэ нарын мэдүүлэг /хх51-52, 110-112/, талуудын харилцан яриа бүхий бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, хэргийн 225 дахь талд авагдсан “Тодорхойлолт”, “Өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт” гэсэн баримтуудтай харьцуулан үнэлбэл, М.Г- нь Д.Э-ээс дээрх маргаан бүхий газруудыг худалдан авахаар тохиролцсон, үүнээс өмнө Д.Э-ийн хамаарал бүхий хүмүүс Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 3803, 3804, 3805 тоот газруудыг эзэмших талаар эрх бүхий байгууллагад гаргасан хүсэлтээс татгалзсан, одоо уг газруудын эзэмших эрх нэхэмжлэгчийн хамаарал бүхий хүмүүст байгаа талаарх үйл баримтууд тус тус тогтоогдсон байна.

 

Дээрх тогтоогдсон үйл баримтаас үзвэл, анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан эрх худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа гэж үзсэн нь учир дутагдалтай байх боловч талуудын Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 3803, 3804, 3805 тоот газруудыг эзэмших эрх бүхий байгууллагад гаргасан хүсэлтээ татан авахтай холбоотойгоор Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт тус тус зааснаар хуулиар хориглоогүй асуудлаар харилцан тохиролцон гэрээ байгуулсан байх бөгөөд хариуцагч нь уг гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлсэн байх тул нэхэмжлэгчийн хувьд гэрээний биелэгдээгүй үүрэг гэх агуулгаар 3 500 000 төгрөг шаардсаныг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

Түүнчлэн, хариуцагч нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 3803, 3804, 3805 тоот газар эзэмших эрх хүссэн өргөдлөө татан авахаас гадна өөр газрын кадастрын зураг хийлгэх, нэр шилжүүлэхтэй холбоотой бичиг баримт бүрдүүлэхээр нийт 800 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийж бэхжүүлсэн талуудын харилцан яриа бүхий бичлэгээр тогтоогдож байна. /хх 116-122/ Гэтэл хэрэгт хариуцагч нь нэхэмжлэгчээс дээрх зориулалтаар мөнгөн хөрөнгө авсны хариуд кадастрын зураг эсхүл хорооны бүртгэл хийлгэсэн талаар баримтгүй байх тул нэхэмжлэгч уг мөнгөн хөрөнгөө Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах эрхтэй. Талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар байгуулагдсан дээрх гэрээгээр дагалдан үүссэн үүргээ биелүүлээгүй тул анхан шатны шүүх 800 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрсөн хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч дээрх мөнгөн хөрөнгийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар дууссан гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн гомдлыг мөн хангах боломжгүй. Учир нь хариуцагч дээрх байдлаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч түүнтэй амаар байгуулсан гэрээнээс татгалзсанаар түүнд шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан авахаар шаардсан байна. Энэ тохиолдолд гэрээнээс татгалзсан хугацаанаас хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоологдох журамтай.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/02318 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  
  2.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ       

                          

                           ШҮҮГЧИД                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                           Д.ЦОГТСАЙХАН