Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2021/00505

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэгт бүртгэлтэй ч, Хан-Уул дүүрэгт оршин суух, Х овогт Ч-ийн Ш -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, “А-А ” ХХК-д холбогдох,

Дутуу олгосон цалин, нэмэгдэл, алдангид нийт 171.318.570 төгрөг гаргуулах, 2019 оны 6-10 дугаар сарын дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл 1.366.100 төгрөгийг нөхөн төлөхийг даалгах, ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 44.060.191 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Ч.Ш 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тус компани “Сентрал Монголиа Эйрвиз” ХХК нэртэй байхаас эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулж, Агаарын хөлгийн засвар үйлчилгээний техникч, инженер, техникийн захирал гэсэн гурван албан тушаалуудыг хавсран гүйцэтгэхээр тохиролцон ажилд орсон. 2008 онд компанийн нэр өөрчлөгдөж  “А-А ” ХХК нэртэй болсон бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажиллаж, улмаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Учир нь “А-А ” ХХК 2014 оноос эхлэн компанийн нөхцөл байдал муу байгаа шалтгаанаар ажилчдын үндсэн цалинг дутуу олгоод зогсохгүй, ээлжийн амралт болон илүү цагийн цалин хөлсийг олгоогүй, нийтээр амрах баярын өдөр удаа дараа ажиллаж байсан ч нөхөж амраагаагүй бөгөөд цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олгоогүй. Энэ талаар холбогдох хүмүүст удаа дараа хэлж мэдэгдэж байсан. Ажил олгогч, удирдах албан тушаалтнуудын зүгээс ямар ч дорвитой арга хэмжээ авч байгаагүй. Түүнчлэн хамгийн сүүлд 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2007 оны үйл ажиллагааны шагнал хэмээн компанийн зүгээс ажилчдад урамшуулал олгоход миний бие урамшуулалд 25.308 ам долларыг авсан билээ. Үүнээс компанийн захирал Л.Нямбаярын шаардсаны дагуу байгууллагын фондод 8.509 ам долларыг бэлнээр, баримт үйлдэн өгсөн болно. Үүнээс хойш урамшуулал жил бүр олгогдох байснаа больсон тул компанитай гэрээ хийж зээл авч орон сууц худалдан авсан ба уг төлбөрөөс байгууллагын фондод хадгалуулсан 8.509 ам долларыг хасаж тооцон орон сууцны төлбөрт тооцуулан өгөх хүсэлтээ удаа дараа гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй учир cap бүрийн цалингаас суутгал хийлгэж байрны төлбөрөө төлсөөр ирсэн.

Мөн сүүлийн саруудад нийгмийн даатгалыг дутуу төлж хөдөлмөрийн гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлээгүй тул дутуу олгогдсон цалин, ээлжийн амралтын мөнгө, илүү цаг ажилласны цалин болон ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал зэргийг гаргуулж өөрийн хохирлыг барагдуулахаар удаа дараа мэдэгдэж албан бичиг явуулж байсан боловч одоог хүртэл шийдвэрлэж өгөөгүй байгаа юм. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө уулзаж ярилцах гэхээр шийдвэртэй хариу өгдөггүй, утсаа авдаггүй нөхцөл байдлаас шалтгаалан хэд хэдэн удаа албан ёсны мэйлээр нь хүсэлтүүдээ тавьж байсан боловч мөн шийдвэрлэж өгөөгүй. Шүүхийн өмнө эвийн журмаар шийдвэрлэх бүхий л арга хэмжээг авч хамгийн сүүлд 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Монгол шуудангаар дамжуулан албан ёсны хүсэлтээ илгээснийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан боловч хариу өгөлгүй 17 хоноод байна. Дээрх нөхцөл байдал миний амьдрал ахуйд удаан хугацааны туршид нөлөөлж байсан, цаашид ч нөлөөлөхөөр байсан тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн боловч өнөөдрийг хүртэл хүсэлтийг минь шийдвэрлээгүй Үндсэн хуулиар олгогдсон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах зэрэг эрхийг маань удаа дараа ноцтой зөрчсөн тул цаашид тус компанид ажиллах хүсэл эрмэлзэл, итгэх итгэлийг минь үгүй болгосон юм. Иймд дараах шаардлагыг шүүхэд гаргасан болно.

1.Нэхэмжлэгчийн үндсэн цалин нэг сард 1.900 ам доллар бөгөөд цалин хөлсийг олгох өдрийн Монгол банкны ханшаар төгрөгт тооцон шилжүүлэхээр гэрээнд заасан. 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр cap дуусталх хугацаанд тус компанийн зүгээс дутуу олгосон үндсэн цалингийн зөрүүг тооцвол 73.743.831 төгрөг,

Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-т ажилтны цалин хөлсийг хугацаандаа олгоогүй бол хожимдуулсан хоног тутам 0,3 хувийн алданги тооцно гэж заасан. Ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх 184 хоногийн хугацаанд алданги тооцоход 36.871.915 төгрөг байх тул нийт 110.615.740 төгрөг гаргуулна.

2.Нэхэмжлэгчийн 2014 - 2019 оны хооронд ажилласан нийт илүү цаг 805 цаг байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасны дагуу үндсэн цалинг 1,5 дахин нэмэгдүүлж тооцсон. Нэхэмжлэгчийн үндсэн цалин 1.900 ам доллар, нэг цагт 11 ам долларын цалин хөлс болно. Илүү ажилласан 805 цагийг хуульд заасан 1,5 дахин нэмэгдүүлж тооцвол 13.282,5 ам доллар, 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Монголбанкны ханшаар нийтдээ илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 36.999.990 төгрөг байна.

3.2008 онд олгосон 25.308 ам долларын урамшууллаас байгууллагын фондод үлдээсэн 8.509 ам доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн Монголбанкны ханшаар төгрөгт шилжүүлж 23.702.840 төгрөгийг гаргуулна. Хариуцагч энэ мөнгийг зээлийн төлбөрт тооцож суутгасан гэж байгаа ч удаа дараа хүсэлт өгөхөд шийдвэрлээгүй, зээлсэн мөнгөнөөс хасч суутгаагүй тул энэ шаардлагаа дэмжиж байна.

4.2019 оны 6-10 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг үндэслэлгүйгээр бууруулан төлсөн.  2019 оны 6 дугаар сараас эхлэн цалин хөлсийг нэг сард 500.000 төгрөг болгон бууруулсан асуудал зөвхөн хариуцагч байгууллага нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг багасгах зорилгоор бууруулсан. Нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч цалин хөлс бууруулсан асуудал биш болно. Мөн сүүлд нөхөж тооцон олгосон гэдгийг гэрч шүүхэд мэдүүлсэн байгаа.  Иймд авах ёстой 1.900 ам доллараас тооцвол 2019 оны 6-10 дугаар сарын хооронд нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 1.366.100 төгрөг байх тул уг мөнгийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү.

5.Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2019 оны 10 дугаар сарын 22-нд захиргаанд өгсөн ч одоо болтол халагдсан тушаал гаргаж өгөөгүй. Тушаал гарсан гэх боловч гардуулаагүй болно. Мөн ажлаа хүлээлгэн өгөөгүй гэсэн тайлбар үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаар мөн өдрөө хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдоно. Иймд ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахыг даалгах шаардлагаа дэмжиж байна.

Нэхэмжлэгчид цалин хөлс бэлнээр олгосон тухай баримтыг зөвшөөрөхгүй. Уг баримт дах гарын үсэг нэхэмжлэгчийнх биш. Сүүлд цалинг нөхөж олгосон гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна. Илүү цагийн тухайд хэрэгт хуулбар хувиар авагдсан баримтаар бүрэн тогтоогдож байгаа. Гэрч Ш.Уртнасангийн шүүхэд өгсөн мэдүүлгээс харвал санхүүгийн баримтыг хариуцагчид эх хувиар өгсөн гэж мэдүүлсэн, мөн цалин хөлсийг цаг тухайд нь олгодоггүй байсан нь тогтоогдох тул баримт байхгүй тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч гурван хүний орон тоонд ажиллаж байсан бөгөөд ганцаараа ам доллараар цалинжаагүй, олон ажилтан доллараар цалинждаг байсан тул нэхэмжлэгчийг хэт давраасан тухай тайлбар үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд нэхэмжлэгчийг чөлөөлөх тушаал гардуулаагүй тул 2020 оны 3 дугаар сар хүртэл тус байгууллагад ажиллаж байсан гэж үзнэ. Шүүхэд хандаагүй ч захиргаандаа удаа дараа хандаж байсан тул хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй гэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Ч.Ш “А-А ” ХХК-тай гэрээ байгуулж, 93.510.000 төгрөгийг хүүгүй сар бүрийн цалингаас тогтмол 500.000 төгрөг төлөх нөхцөлөөр зээлсэн нь үнэн. Энэ төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн цалингаас хасуулан төлсөөр ирсэн. Үүнийг цалингийн тооцооны хуудас болон байрны төлбөрийг төлж буй санхүүгийн тооцооноос харж болно. Одоогийн байдлаар үлдэгдэл 50 гаруй сая төгрөг байх бөгөөд олгогдоогүй хөдөлмөрийн хөлсийг алданги, фондод үлдээсэн мөнгөө гаргуулан авсны дараа төлнө. Хариуцагч байгууллага хөдөлмөрийн хөлсөө олон сар, жилээр бүрэн гүйцэд олгоогүй алдаг оног өгч байгаагаас улбаалан тухайн байрны үлдэгдэл хуримтлагдан үлдсэн. “А-А ” ХХК үүргээ биелүүлэх тохиолдолд байрны үлдэгдэл төлбөрийг бүрэн барагдуулах болно. Цалингаа хугацаанд нь өгөөгүй хураагдаж өр үүсгэсэн учраас хөдөлмөрийн гэрээний хүрээнд хариуцлага хүлээх ёстой. Төлөгдөх ёстой тодорхой хэмжээний төлбөрүүд байгаа боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан хэмжээнд биш үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнээс бага байх тул харилцан тохиролцох замаар тогтоож болно. Энэ мөнгөн дүнгээс 8.509 ам доллар суутгаагүй тул хасч тооцон үлдэгдэл гарах ёстой гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “А-А ” ХХК нь 2004 онд Чимэддорж овогтой Ш ыг техникийн албанд техникчээр авч, улмаар инженер техникийн захирлаар дэвшүүлэн ажиллүулсан билээ. Тус компани 2011 оноос парк шинэчлэл хийн европын холбооны улсын 2 ширхэг нисдэг тэргийг авч ажилласан. 2013 оноос Монгол орны эдийн засгийн нөхцөл байдал муудаж нислэгийн тоо багасч компанийн эдийн засаг сэргээгүй байгаа нь үнэн. Ажиллагсдын цалин хөлсийг америк доллараар тооцон нийгмийн даатгалд тайлагнан нөхөн олгож явсан. Ч.Ш-ын хүү манайд хамтран нисгэгч хийж байсан Ш.Ононг франц улсын академид явах үед данс тооцоонд ажилласан цагийн бүртгэгдсэн байсан цалинг бүрэн дуусгасан байдаг.

Нэхэмжлэгч 2004 оноос тус байгууллагад ажиллаж эхэлсэн боловч 2017 онд өндөр насны тэтгэвэрт гарч ажлаас халагдсан. Дараа нь ажлаас халагдсаны дараа дахин өмнөх цалин хөлсөөр 1.900 ам доллараар тооцон Хөдөлмөрийн гэрээг байгуулж ажиллаж байсан. Энэ үед төгрөгөөр цалинжуулах санал тавьсан ч зөвшөөрөөгүйгээс тохиролцож чадаагүй байдаг. 2019 оны 10 дугаар сарын 22-нд өргөдлөө өгөхөд нэхэмжлэгчид ажлаа хүлээлгэн өгч, нягтлантай тооцоо хийгээд тушаалаа гаргуулж аваарай гэж түүнд хэлсэн байдаг. Гэвч тэрээр 2019 оны 11 сард танайхаас мөнгө авах ёстой гэсэн тайлбар хэлж, мэссэж бичсэн. Уг компани 2 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд нэг нь гадаад улсад байдаг. Бүх санхүүгийн баримтыг нягтлан нөгөө хувьцаа эзэмшигчтэй тохиролцсон үндэслэлээр Гүйцэтгэх захиралд өгдөггүй байсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар олж авсан болно.

Нэхэмжлэгчийг 2019 оны 11 дүгээр сарын 19-нд түүний хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлөх тухай Гүйцэтгэх захирлын тушаал гарсан байгаа болно. Гэхдээ нэхэмжлэгч холбогдох баримт, онгоцны засварын баримт гэх зэрэг өөрийн хариуцаж байсан холбогдох баримтуудыг бүрэн хүлээлгэн өгөөгүйгээс түүний халагдсан тушаалыг захиргаа гардуулж өгөөгүй байгаа болно. Ажилд хүлээлцсэн акт хэрэгт баримтаар байгаа ч ажлаа бүрэн өгөөгүй нь харагдана. Хэрэв ажлаа бүрэн хүлээлгэн өгчихвөл тушаал өгөхөд татгалзах зүйлгүй.

- 2018 оны 9 сараас өмнө үндсэн цалин дутуу олгосон асуудал бий. Тухайн байгууллагын ажлын онцлог, нислэг, нисдэг тэрэгтэй холбоотойгоор тийм асуудал байсан ч 2018 оны 9 дүгээр сард бүрэн дуусгаж тооцсон. Тус компанийн ажиллагсдын ажилласан цагийн бүртгэлийг Ч.Ш өөрөө хөтлөн захирлаар баталгаажуулж, санхүүд гарган өгч, цалинг тооцуулдаг байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацаа хэтэрсэн болно. Цалин хөлс дутуу олгоогүй, хугацаа хэтрүүлсэн тул алданги тооцох үндэслэлгүй.

Дараагийн шаардлага болох илүү цагийн хөлсний тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, 78.3-т ажилтантай тохиролцож баяр ёслол, нийтээр амрах өдөр ажиллуулсан тохиолдолд ажилтныг өөр өдөр биеэр нөхөн амраах, эсхүл ээлжийн амралтад нэмж тооцон амраахаар заасан. Хэрэв амраагаагүй бол нэмэгдэл хөлс яригдана. Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журмаар ажилтныг биеэр нөхөн амраахаар тусгагдсан болно. Хариуцагч байгууллагын ажлын онцлог, нислэгийн хуваариас шалтгаалж нислэг ихтэй, зуны цагт ажилтнуудыг илүү цагаар ажиллуулах тохиолдол байдаг ч нислэг багассан өвлийн цагт ажилтнуудыг биеэр нөхөн амраадаг байсан. Энэ тухай гэрчийн өгсөн мэдүүлгүүдээр нотлогдоно. Хэрэгт авагдсан баримтад нөхөн амраасан гэж өөрийнх нь бичсэнээр тогтоогдоно. Мөн илүү цаг, баяр ёслол, амралтын өдрийг нислэггүй үед нөхөж амраах үйл ажиллагааг Ч.Ш өөрөө гардан зохион байгуулдаг байсан хүн. Ажлын онцлогоос хамаарч гадаад улсад сургалтад суух явдал байсан. Тэрээр өөрийн Казакстанд сургалтад явдаг байсан хугацааг илүү цагаар ажилласанд тооцож өөрөө бичсэн, улмаар илүү цаг хэмээн нэхэмжилж байгаа болно. Түүнчлэн энэ шаардлага Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаа хэтэрсэн.

-Байгууллагын фондод үлдээсэн 8.509 ам долларын тухайд зээлд тооцох хүсэлт 2016 онд өгснийг шийдээгүй байсан тул 2018 онд дахин хүсэлт өгснөөр тушаал гаргаж түүний компаниас авсан зээлийн төлбөрт тооцон суутгасан болно. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан.

-Нийгмийн даатгал дутуу төлсөн тухайд тус байгууллагад 4-5 өндөр насны тэтгэвэртээ гарсан хүн ажилладаг. Тус компани 2 онгоцтой ч эвдэрсэн тул үйл ажиллагаагаа тогтвортой явуулахгүй байгаа болно. Байгууллагын санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан 2019 оны 6 дугаар сараас эхлэн тэдний цалинг сард 500.000 болгон бууруулах санаачилга өөрсдөө гаргаж ирүүлсний дагуу тушаал гарч бууруулж олгосон. 2019 оны 9 сараас сул зогсолт хийж байгаа.  Гэвч нэхэмжлэгч 2020 оны 5 дугаар сард бүтэн цалинг аваад явсан байсан тул уг мөнгөнөөс тооцогдох ёстой. Хэргийн тооцоо хийсэн баримт шаардлага хангахгүй тул шүүхээс санхүүгийн эх баримтуудыг авсан болно. Гэрч Ш.Уртнасан түүнийг цалингийн талаар гомдол гаргаагүй, гаргаж байгаагүй гэдгийг мэдүүлсэн, бүр 5 сая төгрөг түүнд илүү олгосон болох нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоно. Энэ хэрэгт хуульд заасан гомдол гаргах 3 сарын хугацааг аль ч тохиолдолд тооцоход хэтэрсэн байгаа бөгөөд хугацааг сэргээх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус компанид техникийн захирал ажилтай Ч.Ш 2011 оны 10 дугаар сард 93.510.000 төгрөг өөрийн худалдан авч байгаа байрны төлбөрт төлөхөөр тус компаниас хүүгүй зээлж авсан байдаг. Уг мөнгийг цалин хөлснөөс суутгах замаар боломжтой үед төлж дуусгахаар тохиролцсон. Эхний сард 300.000 төгрөг төлсөн. 2018 оны 3 дугаар сар дуустал сар бүр 500.000 төгрөг цалин хөлснөөс суутгуулан 27.010.000 төгрөг төлсөн байдаг. 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Ч.Ш ын хүсэлтээр байгууллагад үлдээсэн гэх фондын мөнгө 8509 ам долларыг төгрөгт шилжүүлж 20.439.809 төгрөг, мөн цалингийн үлдэгдэл 2.000.000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцуулж, нийт 49.449.809 төгрөгийн зээлийг хааж, үлдэгдэл 44.060.191 төгрөгийг төлөөгүй ажлаа орхин явсан тул зээлийн үлдэгдэл 44.060.191 төгрөгийг Ч.Ш аас гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ч.Ш “А-А ” ХХК-д холбогдуулан 2004 оны 10 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны дутуу олгосон цалин 73.743.831 төгрөг, түүнд ногдох алданги 36.871.915 төгрөг, 2014-2019 оны хоорондох илүү цагийн нэмэгдэл хөлс 36.999.990 төгрөг, байгууллагын фондод үлдээсэн 8.509 ам доллар буюу 23.702.840 төгрөг, нийтдээ 171.318.570 төгрөг гаргуулах, 2019 оны 6-10 дугаар сарын дутуу төлөгдсөн 1.366.100 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах, ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 44.060.191 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

1.Нэхэмжлэгч Ч.Ш 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс “Сентрал Монголиа Эйрвэйз” ХХК-д  Ми-8 нисдэг тэрэгний ашиглалтын техникчээр ажиллаж эхэлснээр талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн, “Сентрал Монголиа Эйрвэйз” ХХК компанийн нэр өөрчлөгдөж “А-А ” ХХК нэртэй болж 2008 оны 4 дүгээр сарын 28-нд улсын бүртгэлийн гэрчилгээг шинэчилж авсан, улмаар нэхэмжлэгч 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс “А-А ” ХХК-д техникийн захирал, ашиглалтын инженер, нисэх механикчаар ажиллаж байгаад “хуульд зааснаар өндөр насны тэтгэвэр авах” эрх үүссэн үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/17 тоот тушаалаар чөлөөлөгджээ. Дахин мөн өдрөө 02/17 тоот тушаалаар техникийн захирал, агаарын хөлгийн засвар үйлчилгээний инженерээр томилогдож, хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн даатгалын дэвтрийн хуулбар дах тэмдэглэгээ, компанийн гэрчилгээ, 2017 оны 01/17, 02/17 тоот тушаал, хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдож байхаас гадна дээрх үйл баримтуудад зохигчид маргаагүй.  /1хх 7-8, 23-27, 101, 176-177/

1.Ажлаас чөлөөлсөн тушаал гаргахыг даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр захиргаанд ажлаас чөлөөлөгдөх тухай бичгээр өргөдөл гаргасан үйл баримтад зохигчид маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд ажилтны болон ажил олгогчийн хэн алины санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцлахаар, хэрэв ажилтны өөрийн сайн дурын үндсэн дээр гэрээ цуцлах тохиолдолд өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй байхаар энэ тохиолдолд гэрээ цуцлагдсанд тооцно гэж мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зохицуулсан. Түүнчлэн ажил олгогчтой тохиролцож уг хугацаанаас өмнө гэрээг цуцалж болохоор мөн зүйлийн 39.2-т тус тус заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24, 43 дугаар зүйлд зааснаас үзвэл Ажил олгогч ажилтныг ажилд авах, ажлаас халах явдал эрх зүйн үр дагавар үүсгэх факт болохын хувьд тухай бүрт энэ тухай бичгийн шийдвэр гаргах шаардлага тавигдана. 

Хариуцагч 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэр гарсан хэмээн шүүх хуралдаанд тайлбарлаж байх боловч дээрх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. Улмаар ажилтан ажлаа зохих ёсоор хүлээлгэж өгөөгүй үндэслэлээр тушаалыг гардуулж өгөөгүй хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хэрэгт баримтаар зохигчдын ажил хүлээлцсэн 4 хуудас баримт авагджээ. Уг баримтад 2019 оны 10 дугаар сарын 21, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хэмээн тэмдэглэснээс үзвэл дээрх өдрүүдийн хооронд талууд ажлыг хүлээлцсэн, мөн ийнхүү хүлээлгэн өгөхдөө зарим эд зүйл, баримт бичиг зэргийг бүрэн хүлээлгэж өгөөгүй болох нь уг баримт дах тэмдэглэгээ, гэрч Ү.Жамсрангийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /1хх 195-198, 2хх 74-79/ Гэвч нэхэмжлэгч ийнхүү бүрэн хүлээлгэн өгөөгүй явдал Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар ажилтан ажлаа орхих, гэрээ цуцлагдсанд тооцох хуулийн үндэслэлд хамааралгүй болно. Хэрэв ажилтан хариуцуулсан баримт бичиг, эд  зүйлийг зохих ёсоор бүрэн хүлээлгэн өгөөгүйгээс ажил олгогчид хохирол учирсан гэж үзвэл уг асуудлаа жич шийдвэрлэвэл зохино.

 Зохигчид ажил хүлээлцэх хугацааг харилцан тохиролцож тогтоогоогүй байх тул нэхэмжлэгчийн өргөдлөө өгсөн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 30 хоногийн дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлагдсан гэж үзнэ. Иймд шүүх ажлаас чөлөөлсөн тушаал гаргахыг даалгах тухай нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хангах нь зүйтэй.

2.2004 оны 10 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны дутуу олгосон цалин 73.743.831 төгрөг, түүнд ногдох алданги 36.871.915 төгрөг гаргуулах, 2019 оны 6-10 дугаар сард дутуу төлөгдсөн 1.366.100 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн нэг сарын үндсэн цалин 1.900 ам доллар болох нь зохигчдын маргаангүй тайлбар болон хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ, тушаал зэргээр тогтоогдож байна. /1хх 7-8, 2хх 44/

Нэхэмжлэгч ажилд анх орсон 2004 оны 10 дугаар сараас хойшхи хугацааны үндсэн цалингийн зөрүү хэмээн нэхэмжлэлдээ дурдсан ч 2014 оны 7 дугаар сараас хойшхи хугацаагаар тооцооллыг гаргаж нэхэмжилсэн хэмээн шүүх хуралдааны явцад тайлбарласан тул шүүх энэ хүрээгээр тооцон шийдвэрлэх нь зүйтэй.  

Хариуцагч цалин хөлсийг нөхөн олгосон, түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлав. Зохигчид хэн алин нь захиргаа цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тухай бүрт тооцон олгодоггүй, хоцроодог байсан үйл баримтад маргаагүй тул шүүх цалин хөлсийг он тус бүрээр нэгтгэн тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт баримтаар нэхэмжлэгчийн 2014 оны 7 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны Голомт банк дах дансны хуулга, 2014 оны 01 дүгээр сараас хойшхи хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, түүнчлэн хариуцагч байгууллагын 2014 оны 7 дугаар сараас 2018 оны 7 дугаар сар хүртэлх, мөн 2019 оны 7 дугаар сарын ажилтнуудад олгосон цалингийн тооцоолол, бэлэн мөнгө олгосон баримт зэрэг авагдсан. /1хх 12-22, 28-31, 142, 163, 168-173, 199-250, 2хх 1-19, 47, 92-107 /

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн тухайн сарын монгол төгрөгт шилжүүлсэн цалин хөлсний дүнгээс хуулийн дагуу төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын дүнг хасч тооцон олгогдвол зохих цалин хөлсийг бодитоор нэхэмжлэгчид олгосон мөнгөн дүнтэй харьцуулбал дараах байдалтай байна.

-2014 оны 7-12 дугаар сард нийт цалин хөлс 26.748.981 төгрөг, үүнээс нийгмийн даатгалын шимтгэл 1.152.000 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 2.517.698 төгрөгийг тус тус хасвал олговол зохих хөлс 23.079.282 төгрөг байна.

Зохигчид олговол зохих цалин хөлснөөс 2011 оноос эхлэн 2018 оны 3 дугаар сар дуусталх хугацаанд сар бүр 500.000 төгрөгийг ажилтны байгууллагаас авсан зээлийн эргэн төлөлтөд тооцон суутгал хийхээр харилцан тохиролцсон үйл баримтад маргаагүй тул захиргаа ийнхүү цалин хөлснөөс суутгасан явдал Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй гэж үзнэ. 

Иймд дээрх хугацааны олговол зохих хөлснөөс суутгалыг хасвал 20.079.282 /23.079.282 - 500.000*6сар/ төгрөг байна. Хэрэгт авагдсан тухайн саруудын цалингийн дэлгэрэнгүй тооцооноос үзвэл захиргаа 2014 оны 7 дугаар сард 534.533 төгрөг, 12 дугаар сард 600.000 төгрөгийг буюу сар бүр суутгагдах 500.000 төгрөгөөс илүү хэмжээгээр тооцон суутгаж 19.945.665 төгрөгийг олгогдохоор тооцсон. /1хх 200-201, 210-211/ Гэвч тухайн саруудад нийт 8.115.055 төгрөгний цалин хөлс дансаар олгосон болох нь нэхэмжлэгчийн Голомт банкны дансны хуулгаар тогтоогдож байна. Иймд 2014 онд цалин 11.830.610 /19.945.665-8.115.055/ төгрөгийг дутуу олгожээ.

Хэрэгт 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1.000.000 төгрөг бэлнээр олгосон баримт авагдсан, уг мөнгөн дүнг цалин хөлсөнд тооцогдоно гэж хариуцагч тайлбарлаж байх боловч уг баримтын утга хэсэгт “хоёр хүний билет ачаа” гэж тусгагдсан байх тул нэхэмжлэгчид олговол зохих цалин хөлснөөс хасч тооцох үндэслэлгүй болно. /1хх 168, 169/

            -2015 онд нийт цалин хөлс 49.339.519 төгрөг, үүнээс хуулийн дагуу төлбөл зохих нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар, болон тохиролцсон сар бүрийн суутгалыг хасч тухайн жилд 37.218.683 төгрөг олгогдохоор тооцжээ. Хариуцагч 2015 оны 11 дүгээр сард 500.000 төгрөг бус 550.000 төгрөг суутгасан, харин 12 дугаар сард суутгалыг хасч тооцоогүй байх тул шүүх хасч тооцвол бодитоор нэхэмжлэгчид тухайн жилд бодитоор гарт олгогдох дүн 36.718.683 төгрөг байна. /1хх 230-233/ Тухайн жилд дансаар 26.839.686 төгрөг олгосон байх тул хариуцагч 2015 онд  9.878.998 /36.718.683 төгрөг -26.839.686 төгрөг/ төгрөгийг дутуу олгожээ.

            -2016 онд нийт цалин хөлс 50.489.456 төгрөг, үүнээс хуулийн дагуу төлбөл зохих нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар, болон тохиролцсон сар бүрийн 500.000 төгрөгний суутгалыг хасч тухайн жилд 37.916.711 төгрөг олгогдохоор тооцжээ. Сар бүрийн цалингийн дэлгэрэнгүй хуулгаас үзвэл хариуцагч 2016 оны 1 дүгээр сард 500.000 төгрөг суутгахаас 700.000 төгрөг суутгасан, харин 2016 оны 3 дугаар сард ээлжийн амралтыг өмнөх сард тооцсоноос суутгалыг хасч тооцоогүй байх тул хасч тооцвол нэхэмжлэгчид бодитоор гарт олгогдох дүн 37.416.711 төгрөг байна.  Үүнээс тухайн жилд дансаар 16.644.167 төгрөг олгосон байна. Мөн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр 680.000 төгрөг олгосон болох нь баримтаар тогтоогдож байна. /1хх 168/  Захиргаа ажилтанд тухайн жилд 20.092.544 /37.416.711-16.644.167-680.000/ төгрөгийн цалин хөлсийг мөн олгоогүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бэлнээр мөнгө хүлээн аваагүй, хэрэгт авагдсан бэлэн мөнгөний баримтууд дах гарын үсэг нэхэмжлэгчийнх биш гэж маргаж байх боловч дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар хүсэлт гаргаагүй болно.

             -2017 онд нийт цалин хөлс 64.554.386 төгрөг, үүнээс хуулийн дагуу төлбөл зохих нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар болон тохиролцсон сар бүрийн 500.000 төгрөгний суутгалыг хасч тухайн жилд 50.161.184 төгрөг олгогдоно. Ажил олгогч тухайн жилд дансаар 26.999.200 төгрөг, бэлнээр 2017 оны 01 дүгээр сарын 05-нд 8.000.000 төгрөг, 6 дугаар сарын 19-нд 4.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 21-нд 100.000 төгрөг, нийт 39.099.200 төгрөг олгожээ. /1хх 163,172,173/ Иймд тухайн жилд 11.061.984 /50.161.184-39.099.200/ төгрөгний цалин хөлс дутуу олгосон байна.

-2018 онд нийт цалин хөлс 50.928.415 төгрөг, үүнээс хуулийн дагуу төлбөл зохих нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татварыг хасвал 43.689.895 төгрөг болно. Үүнээс эхний 1, 2, 3 дугаар сард тохиролцсон сар бүрийн 500.000 төгрөгний суутгалыг, түүнчлэн 2018 оны 4 дүгээр сард сахилгын шийтгэлээр 910.886 төгрөг хасч тооцогдсноор тухайн жилд гарт олгох дүн 41.279.009 /43.689.895- 500.000*3сар - 910.886/ төгрөг байна.

Нэхэмжлэгчид тухайн жилд дансаар 54.294.050 төгрөг, түүнчлэн 2018 оны 9 дүгээр сарын 21-нд 8.000 ам доллар буюу тухайн өдрийн Монголбанкны нэг ам долларын төгрөгтэй харьцах албан ханш 2.512,27 төгрөгөөр тооцвол 20.170.160 төгрөг олгожээ. /1хх 142,170,171/ Нэхэмжлэгч дээрх 8.000 ам долларыг хүлээн авсанд маргаагүй ч  харин өөрийн цалин бус хүү Ш.Ононгийн цалин тул хасч тооцох үндэслэлгүй гэж тайлбарлаж байх боловч уг баримтын утга хэсэгт “Ш ын цалин” гэж тэмдэглэгдсэн тул дээрх тайлбар үндэслэлгүй гэж үзнэ. Түүнчлэн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 10/18 тоот тушаалд “олгогдоогүй цалингийн үлдэгдэл 2.000.000 төгрөгийг зээлээс хасч тооцох”-оор заасан байх тул уг дүнг олгогдсон цалин хөлсөд оруулж тооцох нь зүйтэй. /1хх 167/ Иймд тухайн жилд олговол зохих хөлс 41.279.009 төгрөг, харин олгосон хөлс 76.464.210 төгрөг / 54.294.050 + 20.170.160 + 2.000.000/ төгрөг байна.

Өмнөх 2014-2017 онд дутуу олгосон нийт хөлс 52.864.136 /11.830.610+ 9.878.998+ 20.092.544 +10.061.984/ төгрөгнөөс 2018 онд илүү олгосон хэсгийг хасвал нийтдээ 2018 он дуусах хугацааны байдлаар захиргаа ажилтанд олговол зохих хөлснөөс 17.678.935 төгрөгийг /76.464.210 - 41.279.009 -52.864.136 / олгоогүй болох нь тогтоогдож байна.

-2019 оны тухайд: Тус байгууллагын захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 20/18 тоот тушаалаар ажилтнуудыг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралт эдлүүлж, улмаар 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нэг сарын хөдөлмөрийн хөлсний 40 хувьтай тэнцэх хэмжээгээр цалинжуулахаар, мөн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 08/19 тоот тушаалаар компанийн санхүү тогтворжих хүртэл хугацаагаар 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоолгон ажиллаж буй нэхэмжлэгч болон нэр бүхий 4 ажилтанд нэг сард 500.000 төгрөгийн хөлс олгохоор, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 14/19 тоот тушаалаар мөн өдрөөс компани сул зогсолт хийсэн үндэслэлээр ажилтнуудын цалин хөлсийг үндсэн цалингийн 40 хувиар тооцон олгохоор тус тус шийдвэрлэжээ. /1хх 180,182,183, 2 хх 24/

Нэхэмжлэгч 08/19 тоот тушаал бодитоор цалин хөлсийг бууруулах зорилгоор гараагүй зөвхөн холбогдох татвар, шимтгэлийг бууруулах үүднээс гаргасан, цалин хөлс хуучин хэвээр олгогдох ёстой, нөхөн олгосон болох нь дансны хуулга, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно хэмээн тайлбарлав. Хариуцагч санхүүгийн хүндрэлээс шалтгаалж ажилчдын зөвшөөрлийн дагуу цалин хөлсийг бууруулж олгосон, улмаар сул зогсолт хийсэн гэж тайлбарлав.

Хэрэгт баримтаар авагдсан 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ажилчдын хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч цалин хөлс бууруулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, уг баримт дах гарын үсэг мөн гэдэгт маргаагүй. /1хх 178-179/ Түүнчлэн дээрх гурван тушаалаар зөвхөн нэхэмжлэгчийнхээс гадна бусад ажилтнуудыг цалин хөлсийг бууруулахаар шийдвэрлэсэн, энэ гурван тушаалд гомдол гаргаж байсан баримтгүй тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй гэж үзнэ. Мөн ажил олгогч байгууллага цалин хөлсийг цаг тухай бүрт олгодоггүй, хоцорч олгодог үйл баримтад зохигчид маргаагүй, нэхэмжлэгчийн дансаар сүүлд хэдий хугацааны олгоогүй цалин хөлсийг нөхөж олгосон болох нь тодорхойгүй тул 2019 оны 6 дугаар сараас хойшхи хугацаанд цалинг нөхөн олгосноор цалинг бодитоор бууруулаагүй болох нь тогтоогдоно гэсэн тайлбар үндэсгүй. Гэрч Ш.Уртнасан “2019 оны жилийн эцсийн тайланг гаргахад Ч.Ш ын зөрүү мөнгийг хангалттай олгоогүй байсан” гэж, гэрч Ү.Жамсран “өөрт нь сүүлд нөхөж өгсөн, Ч.Ш ын хувьд мэдэхгүй” гэж, гэрч Ч.Нэргүй “над нөхөж олгоогүй, Ч.Ш ын хувьд мэдэхгүй” гэж тус тус өөрөөр мэдүүлсэн, гэрчүүдийн дээрх мэдүүлгийг дэмжих бичгийн баримт хэрэгт авагдаагүй тул шүүх мэдүүлгийг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх боломжгүй гэж үзэв.

 Нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс тухайн жилийн ээлжийн амралтаа эдлэх талаар хүсэлт гаргасан, түүний нийгмийн даатгалд 2018 оны 12 дугаар сард цалин 7.935.847 төгрөг гэж тэмдэглэгдсэн, 2018 оны 20/18 тоот тушаалаар “ээлжийн амралтын дараа үргэлжлүүлэн 2019 оны 3 дугаар сарын 15 өдрийг хүртэлх хугацаанд үндсэн цалингийн 40 хувиар тооцож хөлс олгохоор заасан /нэхэмжлэгч 1.900 ам доллар*40%=760 ам доллар/ тул 2019 оны 01 дүгээр сард 728.494 төгрөг, 2 дугаар сард 2.002.820 төгрөг, 3 дугаар сард 3.070.589 төгрөгийн цалин хөлс олгогдохоор тусгагдсныг тухайн саруудад цалин дутуу гэж үзэх боломжгүй гэж үзлээ.  /1хх 30, 182-184/  Мөн 2019 оны 9 дүгээр сард тухайн жилийн ээлжийн амралтын олговор олгогдсноор  3.688.9660 төгрөг, 9 дүгээр сарын 18-ны өдрөөс ээлжийн амралт эдлэхтэй холбогдуулан 10 дугаар сард 200.000 төгрөг, 11 дүгээр сард 320.000 төгрөгөөр цалин хөлс тооцогдсон, нэхэмжлэгч 10 дугаар сарын 22-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр ажлаа үргэлжлүүлэн хийгээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул 11 дүгээр сард Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320.000 төгрөгөөр тооцогдож бичигдснийг буруутгах боломжгүй. /1хх 164, 181 2хх24/ 2019 оны 1-11 дүгээр сард нийгмийн даатгалын дэвтэрт бичигдснээр нийт цалин хөлс 22.324.572 төгрөг, үүнээс хуулийн дагуу төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл /11,5%/, хувь хүний орлогын албан татварыг /10%/ хасвал 18.305.526 төгрөг бодитоор гарт олгогдоно. Тухайн жилд нэхэмжлэгчид дансаар нийт 27.551.321 төгрөг олгосон байх тул илүү хэсгийг өмнөх оны дутуу олгогдсон хэсгээс хасч тооцох нь зүйтэй.

Дээрх бүгдийг нэгтгэвэл захиргаа ажилтанд олговол зохих хөлснөөс нийтдээ 8.433.140 /27.551.321 - 18.305.526 - өмнөх үлдэгдэл 17.678.935/ төгрөгийн цалинг дутуу олгосон болох нь тогтоогдож байна.

Гэвч Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх”-аар, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байснаас хойш гурван сарын дотор гомдлоо гаргах”-аар тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч тус шүүхэд 2020 оны 4 дүгээр сарын 27-нд нэхэмжлэл гаргасан,  шүүхэд энэ асуудлаар урьд хандаж байгаагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгчид хамгийн сүүлд түүний дансаар 2019 оны 8 дугаар сарын 29-нд цалин хөлс олгосон, түүнчлэн тэрээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2019 оны 10 дугаар сарын 22-нд захиргаанд гаргасан, шүүх Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 22-нд гэрээ цуцлагдсан гэж үзсэн тул уг хугацаанаас хойш тоолсон ч тэрээр хуульд заасан гомдол гаргах хуульд заасан гурван сарын хугацааг хэтрүүлжээ. Түүнчлэн ажил олгогчид хандаж байсан явдал хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан, түр зогссон гэж үзэх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх сэргээн тогтоож, хэргийг шийдвэрлэхээр зохицуулсан ч нэхэмжлэгч хугацаа сэргээлгэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй, хүндэтгэн үзэх өөр бусад шалтгааны талаар дурдаагүй болно. 

Иймд нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүх цалин хөлсний зөрүү гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүнд ногдох алданги гаргуулах, түүнчлэн 2019 оны 6-10 дугаар сард дутуу төлөгдсөн 1.366.100 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгоно.

 

3.2014-2019 оны хооронд илүү ажилласан 805 цагийн нэмэгдэл хөлс 36.999.990 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “нийтээр амрах баярын өдөр ажиллуулсан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлж олгоно” гэж, “илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан  ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно” гэж мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д тус тус заажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нийтээр амрах баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдрүүдэд удаа дараа ажиллаж байсан ч нөхөн амраагаагүй, нэмэгдэл хөлсийг олгоогүй гэж тайлбарлан Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар “илүү цаг 805 цаг” ажилласан үндэслэлээр шаардав. Ажлын онцлогоос хамаарч нийтээр амрах баярын өдөр, эсхүл долоо хоногийн амралтын өдөр, илүү цагаар ажиллуулах тохиолдол байсан үйл баримтад зохигчид маргаагүй. Харин ажлын шаардлагаар ажиллуулснаа биеэр нөхөн амраасан, түүнчлэн илүү цаг ажилласныг нотлох баримтгүй, хэрэгт авагдсан баримт хуульд заасан шаардлага хангаагүй тул шүүх үнэлэх боломжгүй гэж хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарлав.

Хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 02 дугаар сарын 26-нд тус байгууллагын ажилчдын илүү цагийн бүртгэл авагдсан, уг баримтад “Ч.Ш , 2017 оны илүү цаг 181, 2018 оны 2 сард илүү цагийг суутгасан байдал 168 цаг, үлдэгдэл цаг 13” гэж бичигдсэн, мөн 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны ажилчдын цагийн бүртгэл нэгтгэсэн баримтын доод хэсэгт “Ч.Ш ын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 9 дүгээр сарын 25 хүртэлх хугацаанд ажилласан 69 цагийг тооцон оруулсан болно” хэмээн нэмж гараар бичиж, гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч энэ хүртэлх хугацаанд илүү цагийн нэмэгдэл хөлс шаардах үндэслэлгүй. /2хх 48, 52 / Үүнээс хойшхи хугацаанд хамаарах цагийн бүртгэлийн баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдаагүй. 

Нэхэмжлэгч энэ шаардлагаа нотлохоор ажлын цагийн бүртгэлийн хуулбарыг баримтаар ирүүлж, улмаар баримтыг захиргаанаас шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргасныг тус шүүхийн 2020 оны 181/ШЗ2020/07964 дүгээр шүүгчийн захирамжаар хангасан, хариуцагчаас баримтыг “өөрт байхгүй, нэхэмжлэгч авч явсан” үндэслэлээр ирүүлээгүй, улмаар тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2020/13450 дугаар шүүгчийн захирамжаар баримтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулахаар шийдвэрлэсэн ч, нотлох баримтыг хариуцагчаас гаргуулах боломжгүй тухай хариуг ирүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан хуулбар баримтуудаас тус байгууллагын захирал “Л.Нямбаяр”-ын гарын үсэг зурагдсан, тамга дарагдсан баримтыг тухайн үед гаргаж байсан үйл баримтад хариуцагч удаа дараагийн шүүх хуралдааны явцад маргаагүй тайлбар өгч байсан тул шүүх баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэх нь зүйд нийцнэ гэж дүгнэсэн болно.

Нэхэмжлэгч 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 5 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 27 цаг, 8 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд 13 цаг тус тус илүү цагаар ажилласан болохыг тухайн сарын цагийн бүртгэлд баталгаажуулсан байх тул нэхэмжлэгч нийт 40 цаг илүү ажилласан болох нь тогтоогдож байна гэж үзэв. /1хх 79,84/ 2019 оны 7, 8 дугаар сарын цагийн бүртгэлийн баримтад хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал баталгаажуулж гарын үсэг зурсан байх хэдий ч уг баримтуудын зарим хэсэг уншигдах боломжгүй байгааг дурдав.  /1хх81,82/

Хэдийгээр нэхэмжлэгч шаардах эрхтэй ч дээр дурдсантай мөн адил Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар шаардах эрхээ алдсан тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

4.Байгууллагын фондод үлдээсэн 8.509 ам доллар буюу 23.702.840 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ч.Ш т 2008 онд үйл ажиллагааны шагнал хэмээн 25.308 ам долларын урамшуулал олгосон, уг мөнгөнөөс 8.509 ам долларыг “байгууллагын фонд” нэрээр хариуцагч байгууллага авсан үйл баримтад зохигчид маргаагүй.

Уг мөнгийг зээлийн төлбөрт тооцуулахаар удаа дараа хүсэлт гаргасан ч шийдвэрлээгүй тул буцаан гаргуулна гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлав. Хариуцагч уг мөнгийг хүсэлтийн дагуу зээлд тооцсон гэж маргав.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу дээрх 8.509 ам долларыг түүний байгууллагаас авсан зээлийн төлбөрт хүсэлт гаргах өдрийн Монгол банкны ханшаар 20.439.809 төгрөгөөр тооцон хассан болох нь тогтоогдож байна. Иймд энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгов. /1хх 38,39,42,167/

 

5.Зээлийн гэрээний үүрэгт 44.060.191 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            2011 оны 10 дугаар сард талууд хэн алин нь гэрээг бичгээр байгуулаагүй ч нэхэмжлэгч 93.510.000 төгрөгийг орон сууц худалдан авахад зориулж хариуцагч байгууллагаас зээлсэн, нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтад тус тус маргаагүй. Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4-т “эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцох”-оор заасан тул тухайн өдөр зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар гэрээ байгуулагдсан, зээлийн харилцаа үүссэн гэж үзнэ. 

Түүнчлэн ажил олгогчоос сар бүр олгох цалин хөлснөөс суутгах замаар зээлийг эргэн төлөхөөр амаар тохиролцсон үйл баримтад маргаагүй. Харин зээлд төлсөн болон үлдэх үнийн дүнгийн хэмжээнд тус тус маргаж байна.  

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д  “зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заасан, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр захиргаанд гаргасан хүсэлтэд “зээлийн үлдэгдлийг цалингаас суутгах асуудлыг түр хойшлуулах талаар” дурдсан, улмаар 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 10/18 тоот тушаалаар “цалин хөлс олголт жигдэртэл суутгалыг түр зогсоох”-оор тусгасан, түүнчлэн зээл олгосноос хойш 2018 оны 3 дугаар сар дуусах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч эргэн төлөлт хийж байсан үйл баримтад маргаагүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.4-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. /1хх 41, 167/

Хэрэгт баримтаар 2014 оны 7 дугаар сараас хойшхи хугацааны цалин хөлснөөс суутгасан баримтыг ирүүлж, уг хугацаанаас өмнөх 2011-2014 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлтийн талаарх баримтыг хэн алин нь ирүүлээгүй болно. Иймд шүүх хуралдааны явцад “анх 2011 оны 10 дугаар сард 300.000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сар дуусталх хугацаанд сар бүр 500.000 төгрөгийг цалингаас суутгах замаар зээлд хүлээн авсан” тухай хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн тайлбараар шийдвэрлэх нь зүйтэй.

 

Түүнчлэн сар бүр 500.000 төгрөг цалин хөлснөөс суутгах замаар төлөхөөр тохиролцсон ч 2014 оны 7 дугаар сард 534.533 төгрөг, 2014 оны 12 дугаар сард 600.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сард 550.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сард 700.000 төгрөг тус тус зээлийн төлбөрт тооцон суутгасан болох нь дээр дурдснаар тогтоогдсон тул илүү хэсгийг төлсөн зээлд тооцож, үлдэгдлээс хасах нь зүйтэй. /1хх 201, 211, 231, 235/

Мөн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хүсэлтийн дагуу “байгууллагын  фонд”-од үлдээсэн 8.509 ам доллар буюу 20.439.809 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд тооцсон үйл баримт тогтоогдсон тул мөн хасч тооцно. /1хх 167/

Дээрхийг нэгтгээд зээл олгосноос хойш цалин хөлснөөс суутгах замаар хүлээн авснаа зөвшөөрсөн дүнг тооцон үзвэл 37.800.000 төгрөг /2011 оны 11 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сар дуустал 75 сар *500.000 төгрөг + 2011 оны 10 сард төлсөн 300.000 төгрөг/, үүн дээр зөрүү, фондод үлдээсэн мөнгийг нэмж тооцвол  нэхэмжлэгч зээлд 58.424.342 төгрөг / 37.800.000 + 20.439.809 фонд +184.533 зөрүү/ төлсөн болох нь тогтоогдож байна.

Иймд үлдэх 35.085.658 төгрөгийг /93.510.000 - 58.424.342/ нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Шүүх хуралдааны явцад хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээ төрсөн” үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж байх боловч хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хүсэлт шийдвэрлэсэн явдал “үндэслэл бүхий эргэлзээ” гэж үзэх боломжгүй, түүнчлэн энэ хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуралдааны дэг, журмын дагуу гаргаагүй тул уг хүсэлтийг хүсэлтийн хэмжээнд үзээгүй, хэргийг шийдвэрлэсэн болно.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар Ч.Ш тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай эрхийн акт гаргахыг хариуцагч “А-А ” ХХК-д даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар цалин хөлсний зөрүү нийт 171.318.570 төгрөг гаргуулах, 2019 оны 6-10 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу 1.366.100 төгрөгийг нөхөн төлөхийг даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ш аас 35.085.658 /гучин таван сая наян таван мянга зургаан зуун тавин найман/ төгрөг гаргуулж, хариуцагч “А-А ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 8.974.533 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.084.742 төгрөг, хариуцагчийн төлсөн 327.251 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 7.250 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 333.378 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ